| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2021/03427/И |
| Дугаар | 102/ШШ2022/01028 |
| Огноо | 2022-03-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2022/01028
| 2022 оны 03 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2022/01028 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ММТТХХТББ
Хариуцагч: Ц.Б
2013 оны 07 дугаар сарын 29-ний 10/03 тоот гэрээг хүчингүйд тооцож, 4 дүгээр давхрын 4003, 4004 тоот талбай, 2 дугаар давхрын 2005, 2013 тоот талбай, 1 дүгээр давхрын 1020, 1013 тоот талбай, В1 давхрын В017 тоот талбайтай өрөөг албадан чөлөөлүүлж 109.959.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Э, Н.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ММТТХХТББ нь хариуцагч Ц.Бд холбогдуулан 2013 оны 07 дугаар сарын 29-ний 10/03 тоот гэрээг хүчингүйд тооцож, 4 дүгээр давхрын 4003, 4004 тоот талбай, 2 дугаар давхрын 2005, 2013 тоот талбай, 1 дүгээр давхрын 1020, 1013 тоот талбай, В1 давхрын В017 тоот талбайтай өрөөг албадан чөлөөлүүлж, гэрээний үүрэгт 109.959.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч ММТТХХТББ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Н.Б нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хавтаст хэрэгт байгаа 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 10/03 тоот гэрээг хариуцагч тал Сүхбаатар дүүргийн шүүхэд нотлох баримтаар өгч хэрэг шийдэгдэн тэр хэргээс бид хуулбарлан авч энэ хэрэгт нотлох баримтаар өгсөн. ММТТХХТББ нь Ц.Бтэй анхлан худалдах, худалдан авах гэрээ хийж тодорхой хөрөнгүүдийг худалдсан. Энэ гэрээний дагуу Ц.Б төлбөрөө төлөөд явж байсан. Гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчийн өмчлөлд байх 7 талбайг байр ашиглалтанд орсон өдрөөс эхлэн хариуцагчийн мэдэлд шилжүүлэн өгч тэрээр өнөөдрийг хүртэл ямар нэг төлбөр тооцоо, хохирол алдагдал өгөлгүй, өөрийн өмч мэт дураар ашигласаар ирсэн. Иргэн Ц.Б нь 10/03 тоот худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлд 80.000.000 төгрөг өгч, үлдэгдэл 109.959.000 төгрөгийн төлбөрийг төлөхөөс зайлсхийж янз бүрийн болзол, шалтаг тоочин маргаан мэтгэлцээн үүсгэсээр өнөөдрийг хүрсэн. Ц.Б нь манайтай гэрээ хийсэн мөртлөө өөр нэг хуулийн этгээдтэй давхар гэрээ хийгээд түүнийгээ манайд нийлүүлээд ер нь бол шударга өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн шүүхэд гарган маргаан шийдэгдсэн. Тус шийдвэрээр Ю ХХК буюу Ц.Бгийн ганцаараа өмчилдөг компаний нэр дээр тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг захиалсан, тодорхой хэсгийг нь төлсөн, ер нь бол шударга эзэмшигч, өмчлөгч мөн байна гэдгийг тогтоосон. Шүүхийн шийдвэр дээр ММТТХХТББ-нд 270.000.000 төгрөгийг төлсөн, 130.000.000 төгрөгийг У ХХК-нд төлсөн гэдэг шийдвэр байгаа. Шүүх манайд төлсөн төлбөрийг зүгээр заагаад орхисон. Хариуцагч нь шүүх шударга өмчлөгчөөр тогтоогоод үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ өг гэсэн тул та нар шилжүүлж өг гэж маргадаг. Манайх Ц.Бгээс төлбөрөө аваагүй тул нэхэмжлэл гаргасан. Хариуцагч тал болохоор шударга өмчлөгчөөр шүүх тогтоосон учир та нарт эрх байхгүй гэдэг. Мөнгөө төлөхгүйгээр бусдын өмчийг хууль бусаар авах гээд байгаа асуудал юм. Ц.Б нь хөрөнгийг өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд бидний зүгээс ямар нэгэн саад учруулаагүй. Иймд 2013 оны 07 дугаар сарын 29-ний 10/03 тоот гэрээг хүчингүйд тооцож, үлдэгдэл төлбөр 109.959.000 төгрөг гаргуулж, 4 дүгээр давхрын 4003, 4004 тоот талбай, 2 дугаар давхрын 2005, 2013 тоот талбай, 1 дүгээр давхрын 1020, 1013 тоот талбай, В1 давхрын В017 тоот талбайтай өрөөг албадан чөлөөлж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч талын зүгээс ММТТХХТББ-ын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хавтаст хэрэгт 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 10/03 тоот гэрээ байхгүй. Байхгүй гэрээг шүүх хүлээж аваад иргэний хэрэг үүсгэсэн. Ямар нэг байдлаар шүүх ичихгүй шийдэх байх. 4 дүгээр давхрын 4003, 4004 тоот талбай, 2 дугаар давхрын 2005, 2013 тоот талбай, 1 дүгээр давхрын 1020, 1013 тоот талбай, В1 давхрын В017 тоот талбайтай өрөөнүүдийг Ц.Б гэдэг хүний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлнэ гэдэг асуудал байгаа. Шүүх үзлэг хийж, үзлэгээр Ц.Б талбайнуудыг эзэмшдэггүй гэдгийг тогтоосон гэж харж байна. Эзэмшээгүй хүнээс талбай чөлөөлүүлнэ гэдэг ойлголт байхгүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар сая Ю ХХК-ийг өмчлөгчөөр тогтоосон гэлээ. Энэ талаар шүүхийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэртэй. Маргаж буй үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой маргаан шүүхээр шийдэгдсэн. Өмчлөгчөөр Ц.Б тогтоогоогүй харин Ю ХХК тогтоогдсон. Энэ хэрэгт хоёр хариуцагч байсан. ММТТХХТББ, У ХХК нь энэхүү барилгын хамтран захиалгач, зарим хэсгийг У ХХК, зарим хэсгийг нь ММТТХХТББ хариуцаж байсан. Ю ХХК нь төлбөрөө бүрэн төлж, гэрээнийхээ үүргийг биелүүлсэн тул шүүхээс өмчлөгчөөр тогтоосон. Ц.Б жинхэнэ хариуцагч биш. Энэ үйл баримт шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл 109.959.000 төгрөгийн төлбөр төлөгдөөд дууссан гэдгийг шүүх тогтоосон. 109.959.000 төгрөгийг ямар үндэслэлээр нэхэмжилж байгааг тодруулах тухай хүсэлт гаргасан боловч ямар нэг байдлаар тодруулга, тайлбарыг нэхэмжлэгч ирүүлээгүй. Шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэл тогтоогдож байгаа тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс 2014 оны 07 дугаар сарын 29-ний №10/03/ Талбай захиалгын гэрээ /оффис, үйлчилгээний 13 давхар барилга/, ... 4 дүгээр давхар 4004, 4003, 2013, 2005, 1020, 1013, В017 тоот хаягт байршилтай талбайтай Худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд,
Хариуцагчаас 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн дугаар 181/ШШ2021/00.. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал, 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоол, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Дугаар 181/ШЗ2022/0... Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, Дугаар 181/ГХ2022/00... Шүүхийн гүйцэтгэх хуудас,
Хариуцагчийн хүсэлтээр .. худалдааны төвд байрлах 1020, 1013, 2013, 2005, 4003, 4004, В-017 тоотод үзлэг хийх, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, ММТТХХТББ-ын Улсын бүртгэлийн гэрчилгээ, Н.Бгийн ХХБ-ны дансны хуулга, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга гэх баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь шаардах эрхээ манайд байхгүй, Сүхбаатар дүүргийн шүүхээс шийдвэрлэгдсэн хэргээс хуулбарлан авсан гэрээний дагуу хариуцагч төлбөрөө төлж байсан. Ц.Б өөр нэг этгээдтэй давхар гэрээ хийж Сүхбаатар дүүргийн шүүхэд хандаж, шүүхээс маргаан бүхий объектын шударга өмчлөгчөөр тогтоож, манайд төлсөн төлбөрийг зүгээр заагаад орхисон тул төлөгдөөгүй төлбөрийг нэхэмжилнэ,
хариуцагч нь маргаж буй үл хөдлөх хөрөнгийн төлбөрийг бүрэн төлж, маргаан шүүхээр шийдэгдэж, өмчлөгчөөр Ю ХХК-ийг тогтоосон тул Ц.Б жинхэнэ хариуцагч биш. Энэ үйл баримт шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт тул хэргийг хэрэгсэхгүй болгох гэсэн үндэслэлээр тодорхойлж, үгүйсгэсэн байна.
2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ММТТХХТББ, Ц.Б нар Талбай захиалгын гэрээ байгуулж, гэрээгээр худалдан авагч тал зоорийн давхарт 18 тоот 21.4 мкв, 1 давхарт 13, 20 тоот 36.1 мкв, 2 давхарт 8, 13 тоот 38.84 мкв, 4 давхарт 3, 4 тоот 37,4 мкв нийт 133.74 мкв талбайг 189.959.200 төгрөгний үнэтэйгээр авах, гэрээний төлбөр тооцоог гэрээ байгуулахад гэрээний үнийн дүнгийн 3%, 2014 оны 01 дүгээр сарын 15-наас 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл тодорхой хувиар, үлдэх 5%-ийг улсын комисс хүлээн авснаар төлж барагдуулахаар тохиролцжээ.
Ц.Б нь Ю ХХК-ийн захирал бөгөөд Ю ХХК нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ММТТХХТББ, У ХХК-нд холбогдуулж Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо их тойруу гудамжинд байрлах .. буюу .. үйлчилгээ, оффисын зориулалттай цогцолбор барилгын зоорийн давхарын В017 тоот 16.97 мкв, 1 давхрын 1013 тоот 13.49 мкв, 1020 тоот 15.02 мкв, 2 давхарын 2004 тоот 18.84 мкв, 2013 тоот 13.29 мкв, 4 давхарын 4003 тоот 17.63 мкв, 4004 тоот 17.91 мкв, 7 давхарын 7005 тоот 14.03, 7006 тоот 79.05 мкв, 7007 тоот 53.73 мкв, 7008 тоот 24.41 мкв, 7010 тоот 14.16 мкв, 7011 тоот 27.69 мкв, 7012 тоот 17.76 мкв, 7030 тоот 12.36 мкв, 7031 тоот 16.81 мкв, 5 давхарын 5005 тоот 34.06 мк, 5006 тоот 39.04 мкв талбай бүхий оффисын үйлчилгээний зориулалттай өрөөнүүдийг Ю ХХК-ийн өмчлөлд салган бүртгүүлж өмчлөх эрхийг шилжүүлэхийг ММТТХХТББ, У ХХК-нд даалгах, гэрээний хэрэгжилтийг дүгнэх, үлдэгдэл тооцоог барагдуулах актын дагуу 27.060.960 төгрөгийг У ХХК-иас гаргуулах, бетон зуурмагын үнэ 15.000.000 төгрөг, ажил гүйцэтгэсэнтэй холбоотой гарсан зардал 129.983.300 төгрөг, өмгөөллийн хөлс 16.000.000 төгрөгийг ММТТХХТББ-иас гаргуулах үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч ММТТХХТББ нь Ю ХХК-нд холбогдуулан Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Их тойруу гудамжид байрлах ... барилга буюу .. үйлчилгээ оффисын зориулалттай цогцолбор барилгын зоорийн давхарын В-017 тоот, 1 давхрын 1013 тоот, 1020 тоот, 2 давхарын 2005 тоот, 2013 тоот, 4 давхарын 4003, 4004 тоот, 7 давхарын 7006 тоот, 7007 тоот, 7008 тоот, 7010 тоот, 7011 тоот, 7012 тоот, 7013 тоот, 7030 тоот, 7031 тоот талбайг тус тус Ю ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
Тус шийдвэрээр ММТТХХТББ нь Ю ХХК-тай 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 003 дугаартай Талбай захиалгын гэрээг байгуулж ММТТХХТББ нь оффис үйлчилгээний 13 давхар барилгын зоорийн давхарт 18 тоот 21.4 мкв, 1 давхарт 13, 20 тоот 36.1 мкв У ХХК, 2 давхарт 8, 13 тоот 38.84 мкв, 4 давхарт 3, 4 тоот 37.4 мкв, 7 давхарт 5-12 тоот 243 мкв нийт 376.64 мкв талбайг шилжүүлэх, Ю ХХК нь 500.999.200 төгрөг төлөхөөр тохиролцож, энэхүү гэрээнд заагдсан талбайнууд зоорь болон үйлчилгээний 1, 2, 4 оффисын 7 дугаар давхаруудын талбайг У ХХК-тай байгуулсан 532 дугаартай захиалгаар зохиомжлогдсон барилга барих, бариулах тухай гэрээ болон 15/001 дугаартай барилгын дотор цахилгаан, холбоо дохиоллын ажил гүйцэтгэх гэрээнүүдээр тус тус баталгаажуулж дээрх 2 гэрээний дагуу шилжүүлсэн 243 мкв талбайг 7005-7012 тоот гэж тодруулж, үлдэх В0181, 1013, 1020, 2008, 2013, 4003, 4004 тоотууд буюу 133.74 мкв талбайг ММТТХХТББ нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэг хүлээж, Юу Эс Би ХХК-наас 133.74 мкв талбайн үнэд 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 100.000.000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 16.000.000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 14.000.000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 10.000.000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 10.000.000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 70.000.000 төгрөг нийт 220.000.000 төгрөгийг хариуцагч ММТТХХТББ-нд шилжүүлсэн байна.
Гэрээ байгуулах үед барилгын талбайн хэмжээ, дугаарлалт тодорхойгүй, янз бүрээр хийгдэж байсантай холбоотойгоор гэрээний хавсралт барилгын зургийг оруулж, 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 003 тоот гэрээ нь барилгын дотоод цахилгаан, дохиолол шугам сүлжээний ажлыг хийж байсан Ю ХХК-тай барилга дээр нэг л гэрээтэй болъё гээд тухайн үед Ц.Б, Ж.Отгонбаяр, н.Шинэсар, Н.Б нар ярилцаад энэ гэрээг хийсэн талаар хариуцагч, гэрч Ж.Отгонбаяр нар мэдүүлж, тайлбарласан байна.
Мөн ММТТХХТББ нь Гурван талт хамтран ажиллах 010012 тоот гэрээний дагуу эзэмших барилгын зоорь, 1, 2, 4, 7 давхаруудаас талбай авахтай холбоотойгоор өмнөх гэрээнүүдтэй нэгтгэж, 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр №003 дугаартай Талбай захиалгын гэрээг байгуулж гэрээний зүйлээс УХХК-тай байгуулсан №00532 дугаартай захиалгаар зохиомжлогдсон барилга барих, бариулах тухай гэрээний дагуу шилжүүлэх барилгын 7 давхарын талбайнууд болон №15/001 дугаартай Барилгын дотор цахилгаан, холбоо дохиоллын ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлэх барилгын 7 давхарын талбайг хасаж, зоорийн давхарт 18 тоот, 1 давхарт 13, 20, 2 давхарт 8, 13, 4 давхарт 3, 4, 7 давхарт 9, 12 тоот талбайнууд үлдэж байгаа тул эдгээр талбайнуудыг хөрөнгө оруулж авахаар тохиролцож, В1 давхарын зохион байгуулалтын В017 тоот, 2 давхарын зохион байгуулалтын 2008 тоотыг 2005 тоот болгож дугаарыг өөрчилж, Ю ХХК нь 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №003 дугаартай Талбай захиалгын гэрээний дагуу барилгын В1 давхарын 017 тоот 16.97 мкв, 1 давхарын 1013 тоот 13.49 мкв, 1020 тоот 15.02 мкв, 2 давхарт 2005 тоот 18.84 мкв, 2013 тоот 13.41 мкв, 4 давхарт 4003 тоот 17.63 мкв, 4004 тоот 17.91 мкв, 7 давхарт 7012 тоот 17.76 мкв талбайнуудыг хөрөнгө оруулж авахаар тохиролцож Н.Бгийн Хаан банк, Худалдаа хөгжлийн банкны дансанд тус тус нийт 220.000.000 төгрөг шилжүүлсэн, Ю ХХК, У ХХК нар нь 2014 оны 07 дугаар сарын 2-ний өдөр №00532 дугаартай Захилагаар зохиомжлогдсон барилга барих, бариулах тухай гэрээний дагуу Ю ХХК-иас шилжүүлсэн 237.100.000 төгрөгийн тооцоог баталгаажуулсан бөгөөд дээрхи Н.Бгин дансанд төлсөн төлбөртэй давхардаагүй байна.
Иймд Ю ХХК нь 003 тоот Талбай захиалгын гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо их тойруу гудамжид байрлах барилга буюу .. үйлчилгээ, оффисын зориулалттай цогцолбор барилгын В1 давхарын 017 тоот 16.97 мкв, 1 давхарын 1013 тоот 13.49 мкв, 1020 тоот 15.02 мкв, 2 давхарт 2005 тоот 18.84 мкв, 2013 тоот 13.41 мкв, 4 давхарт 4003 тоот 17.63 мкв, 4004 тоот 17.91 мкв, 7 давхарт 7012 тоот 17.76 мкв талбайнуудын өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрхтэй тул хариуцагч ММТТХХТББ-нд дээрх талбайнуудын өмчлөх эрхийг Ю ХХК-нд шилжүүлэхийг даалгаж, ММТТХХТББ-ыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасны дагуу өмчлөгчийн шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй тул Ю ХХК-нд холбогдуулан гаргасан зоорийн В-017 тоот, 1 давхрын 1013 тоот, 1020 тоот, 2 давхарын 2005 тоот, 2013 тоот, 4 давхарын 4003, 4004 тоот, 7 давхарын 7006 тоот, 7007 тоот, 7008 тоот, 7010 тоот, 7011 тоот, 7012 тоот, 7013 тоот, 7030 тоот, 7031 тоот талбайг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Тус шүүхийн шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болж, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн дугаар 181/ШШ2021/00.. шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн... дүгээр магадлалыг албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. /хх-43-73,142-145/
Нэхэмжлэгч ММТТХХТББ-ын нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Бд холбогдох 2013 оны 07 дугаар сарын 29-ний 10/03 тоот гэрээг хүчингүйд тооцож, 4 дүгээр давхрын 4003, 4004 тоот талбай, 2 дугаар давхрын 2005, 2013 тоот талбай, 1 дүгээр давхрын 1020, 1013 тоот талбай, В1 давхрын В017 тоот талбайтай өрөөг албадан чөлөөлүүлж, гэрээний үүрэгт 109.959.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой үйл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тул хариуцагч Ц.Бд холбогдох нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь Ц.Бтэй байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 10/03 тоот гэрээг хүчингүйд тооцох шаардлагаа үлдэгдэл төлбөр 109.959.000 төгрөг гаргуулахын тулд, талбайг чөлөөлүүлэхийн тулд бичсэн гэсэн тайлбараас дүгнэхэд энэ нь шаардлага бус дээрх хоёр шаардлагын үндэслэл гэж үзсэн болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэгээр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо их тойруу гудамжид байрлах ...барилга буюу .. үйлчилгээ, оффисын зориулалттай цогцолбор барилгын В1 давхарын 017 тоот, 1 давхарын 1013 тоот, 1020 тоот, 2 давхарын 2005 тоот, 2013 тоот, 4 давхарын 4003 тоот, 4004 тоот, 7 давхарын 7012 тоотод Ю ХХК нь худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа болох нь тогтоогдсон болно.
Хариуцагчид холбогдуулж гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, Шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дугаар 102/ШЗ2021/1...захирамжийн хариуцагч Ц.Бгийн эд хөрөнгө буюу мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүн 109.959.000 төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн 2 дахь заалтыг хүчингүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Ц.Бд холбогдох 2013 оны 07 дугаар сарын 29-ний 10/03 тоот гэрээг хүчингүйд тооцож, 4 дүгээр давхрын 4003, 4004 тоот талбай, 2 дугаар давхрын 2005, 2013 тоот талбай, 1 дүгээр давхрын 1020, 1013 тоот талбай, В1 давхрын В017 тоот талбайтай өрөөг албадан чөлөөлүүлж, гэрээний үүрэгт 109.959.000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч ММТТХХТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 777.945 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дугаар 102/ШЗ2021/16275 захирамжийн хариуцагч Ц.Бгийн эд хөрөнгө буюу мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүн 109.959.000 төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн 2 дахь заалтыг хүчингүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА