Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2021/ДШМ/022

 

Г.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Яллагдагч Г.Н , түүний өмгөөлөгч Б.Бурмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар В.Ундрах-Оргил нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 2021/ШЗ/95 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлээр Г.Н ад холбогдох эрүүгийн 1914005930069 дугаар хэргийг 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, овогт Г.Н, 1988 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, урьд 2008 оны 10 дугаар сарын 29-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,

2011 оны 08 дугаар сарын 03-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хувьд ногдох эд хөрөнгөнөөс 50.000 төгрөг хурааж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж , мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан  харгалзаж байсан,

2012 оны 05 дугаар сарын 21-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5-д зааснаар 2011 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №113 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим ял болох 1 жил 9 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож байсан,

2012 оны 11 дүгээр сарын 20- нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-т зааснаар 3 жил, 2 сарын  хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2-т зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар шийтгэж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар ялыг багтааж, нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2-т зааснаар сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх  тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялын зарим болох 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 жил 2 сар 1 хоногийн хорих ялаар тогтоож байсан,

2015 оны 11 дүгээр сарын 06-нд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хорих ялын зарим нь болох 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг өршөөн хэтрүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй,

Г.Н  нь 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ......... тоотод оршин суух иргэн С.Д гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад их хэмжээний буюу 54.136.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Г.Н ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл шүүгдэгч Г.Н ад холбогдох хэрэгт цугларсан болон шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудын хүрээнд шүүх эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй дараах үндэслэл тогтоогдов. Үүнд:

1/ Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №512 дугаартай шинжээчийн ...иргэн С.Д гийн эзэмшлийн хулгайд алдагдсан гэх үнэт зүйл нийт 48000000 төгрөгийн үнэлгээтэй... ногоон дарь эх бурхан /ойролцоогоор 5 лан цул алт орсон/   ...гэх  дүгнэлт / 2-р хх-ийн 93-94/,

Хохирогч С.Д гийн шүүхийн хэлэлцүүлэгт.... Г.Н ын шүүх хуралдаанд гаргаж өгсөн манай алдсан ...Ногоон дарь эх.... бурхан байна,... бурханы ар талд мөр нь дээр байдаг залаа байхгүй байна... гэх мэдүүлэг

Шүүгдэгч Г.Н ын шүүхийн хэлэлцүүлэгт....С.Д гийн гэрээс  мөнгөн хазаар 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, хурган дээл 1 ширхэг, хөөрөг 1 ширхэг, жижиг шар өнгийн бурхан 1 ширхэг зэргийг авсан,... бурханыг би өөрөө авсан, бусад эд зүйлийг тэр 2 хүнд өгсөн,... би бурханыг зарж борлуулах гэж аймгаас 3-4км зайтай ууланд нуусан, бурханыг авчирах гэж Отгоо гэх найзынхаа мотоциклийн авч явсан,... бурханы жижиг хэсгийг хугалж алт мөнгөний дарханаар хайлуулахад алт биш байна гэсэн, тэгээд гаргаж өгч байгаа.. гэх мэдүүлэг зэргээр үзэхэд хохирогч С.Д гийн алдагдсан ...Ногоон дарь эх ....бурханыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн тул шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийн зөрүүг арилгах, уг бурханы мөн эсэх талаар тодруулах үүднээс үүндээс холбогдох хүмүүсээс / алт мөнгөний дархан ,  Отгоо гэх, тухайн алдагдсан бурханы ард талд мөр нь дээр залаа байсан  эсэх/   гэрчээр мэдүүлэг авах

2/ Монголын мэргэшсэн үнэлгээчийн 15060087 дугаартай шинжээчийн /Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №518 дугаар/  үнэлгээний тайлан тусгай зөвшөөрөлтэй этгээд гаргаснаас гадна уг тайлан нь тухайн хөрөнгийн үнэлгээний үнийг тогтоосон үнэ цэнэ, зохих үндэслэл бүхий, тодорхой байдлаар зах зээлийн үнэ ханшаар тооцож гаргасан үнэлгээг үндэслэл болгож шийдвэрлэх боломжгүй байна.

Учир нь Хөрөнгийн үнэлгээ / ногоон дарь эх бурхан/  нь  хууль зүйн үндэслэл, нотлох баримтын эх сурвалжгүйгээр зөвхөн / хохирогчийн мэдүүлгээр / хэлбэрийн төдий, таамагласан шинжтэй хийж буй нь хууль тогтоомжид нийцэхгүй байна.

Түүнчлэн шүүгдэгч Г.Н аас шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Д гийн алдагдсан гэх... Ногоон дарь эх... бурханыг гаргаж өгсөн тул хуулийн дагуу үнэлгээ хийхэд шаардагдах нотлох баримтуудыг бүрэн гүйцэд цуглуулж бэхжүүлэх, мөн хохирогчийн хулгайд алдсан / ногоон дарь эх бурхан/ -ыг эд зүйлийг дахин үнэлүүлэх нь  шүүх хуулиар олгогдсон эрх хэмжээ, чиг үүргийн хүрээнд хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоолгох буюу хохирогч, шүүгдэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэгдсэнээс гадна тусгай мэдлэг шаардсан шинжээчээр дахин дүгнэлт гаргуулах, мөн хохирогч С.Д гийн алдагдсан гуулин аяга 2 ширхэг шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй байх тул гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг бүрэн бодитойгоор тогтоолгох 

3/ Шүүгдэгч Г.Н аас шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн...Ногоон дарь эх... бурханы эд мөрийн баримтаар тооцож хурааж авах, мөн тухайн бурханыг нуусан гэх газарт үзлэг хийхээс гадна  мөрдөн шалгах бусад ажиллагаа хийлгэх шаардлагатай байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-т... энэ хууль засан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн хууль ёсны болон шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримталж  ажиллах шаардлагатай бөгөөд үүнтэй холбоотойгоор дээр дурдсан асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул шүүгдэгч Г.Н ад холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Н.Амарсанаа 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаар эсэргүүцэлдээ:

Шүүгчийн захирамжинд дурдсан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичиж байна.

1. Шүүгчийн захирамжид “Шүүгдэгч хохирогч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах” талаар дурдаж, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгийг иш татсан байна. Шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийн аль хэсэг нь яаж зөрөөд байгаа нь шүүгчийн захирамжаас ойлгомжгүй байна.

Иш татсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээс шүүхийн хэлэлцүүлгийн явцад            гаргаж өгсөн бурхан нь хулгайд алдсан гэх бурхан мөн болох нь нотлогдсон. Харин бурхны ар талд мөр нь дээр нь байдаг залаа байхгүй талаар хохирогч мэдүүлж, бурхны жижиг хэсгийг хугалж алт мөнгөний дарханаар хайлуулахаар өгсөн талаар шүүгдэгч мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл бурхны иж бүрдэл хэсгийн зарим нь дутуу болох нь хохирогчийн мэдүүлгээр, дутаасан шалтгааныг шүүгчдэгчийн мэдүүлгээр мэдүүлсэн ба    дээрх мэдүүлгүүдэд зөрүү үүсээгүй байна.

Бурхны жижиг хэсгийг алт мөнгөний дархнаар хайлуулахад “алт биш байна” гэж дархны хэлсэн нь хайлуулсан жижиг хэсгийн тухайд болохоос биш бурханд бүхэлд нь алт байхгүй гэж ойлгохгүй ба дархны хэлснийг шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт хэлснээр хохирогчийн “ойролцоогоор 5 лан цул алт орсон” гэх мэдүүлэгтэй зөрж байна гэж үзэхгүй.

Нэгэнт шүүх дээр гаргаж өгсөн бурханд орсон үнэт металлын орц, нийт үнэлгээг дахин шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах замаар бурханд хэр хэмжээний алт орсон нь тодорхой болох боломжтой байхад хэргийн шийдвэрлэлтэнд ач холбогдолгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй юм. Харин дархан Отгоо гэгчийг дахин асуух нь хэрэгт ач холбогдолгүй бөгөөд тэрээр бурхны жижиг хэсгийг хайлуулж үзснээр бүтэн бурхны орцонд алт байгаа эсэхийг мэдүүлэх боломжгүй, бурхны жижиг хэсгийг хайлуулснаас бурханд өөр ямар, ямар хэсэг байсныг гэрчлэх боломжгүй ажиллагаа юм.

2. Шүүгчийн захирамжид “Энх нахиа” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн алдагдсан бурхныг үнэлсэн үнэлгээ нь нотлох баримтын эх сурвалжгүйгээр зөвхөн хохирогчийн мэдүүлгээр, хэлбэрийн төдий, таамагласан шинжтэй” гэж дурджээ.

Хулгайд алдагдсан эд зүйл биетээрээ байхгүй байдаг учир ижил төрлийн эд зүйл эсхүл тухайн хулгайд алдагдсан эд зүйлийн зураг болон хохирогч, гэрч нарын мэдүүлгээр онцлох шинжүүдийг бүрэн тусгаж үнэлгээ хийлгэхээс өөр аргагүй байдаг.

Хохирогчийн хулгайд алдсан бурхан нь төрлийн шинжээр тодорхойлогдох бус, нэг бүрийн шинжээр тодорхойлогдох, гар хийцийн эдлэл бөгөөд үнэлгээ хийлгэх үед эд зүйл биетээрээ байхгүй байсан тул эд зүйлийн шинж байдлыг хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нарийн тодруулсны үндсэн дээр шинжээч томилж дүгнэлт гаргуулсныг дурдах нь зүйтэй..

Нэгэнт хулгайд алдагдсан эд зүйлийг шүүх хурлын үеэр биетээр нь гарган өгч дахин үнэлгээ хийх шаардлага үүссэн тохиолдолд уг ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8, 35.21 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу шүүхээс шинжээч томилж, дүгнэлт гаргуулах боломжтой ажиллагаа юм.

Хохирогч мэдүүлгийн эх сурвалжаа нарийн, тодорхой зааж, мэдүүлж байсан нь шүүгдэгч хулгайд алдсан эд зүйлийг шүүх хурлын үеэр гаргаж өгөх үед хохирогчийн мэдуулсэн алдагдсан эд зуйлийн шинж чанартай шууд таарч байсан зэргээр нотлогдоно.

Харин үнэлгээ хийлгээгүй гэх 2 гуулин аягыг бусад эд зүйлүүдээс тусад нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 567 дугаартай шинжээчийн дүгнэлтээр шинжилгээг хийлгэж нийт 36.000 төгрөгөөр үнэлсэн баримт хэрэгт байхад шүүхээс анхаарч үзээгүй байна.

Шүүгчийн захирамжид “Шүүгдэгч Г.Н аас шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Ногоон дарь эх бурхныг эд мөрийн баримтаар тооцож хураан авах, тухайн бурхныг нуусан гэх газарт үзлэг хийх” гэж дурджээ.

Хэдийгээр уг бурхан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлд заасан эд мөрийн баримтын шинжийг хангаж байх боловч шүүгдэгч шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн тул мөрдөн шалгах ажиллагааны үед эд мөрийн баримтаар тооцох боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Уг бурхан нь нэг талаас эд мөрийн баримт боловч нөгөө талаас гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж үзнэ. Уг эд зүйлийг хэрэв шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тохиолдолд хохирогчид буцаан олгож, хохирлоос хасуулж шийдвэрлэх ба заавал эд мөрийн баримтаар тооцуулахын тулд хэргийг прокурорт буцаах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцэхгүй юм. Ингэснээр ямар нэгэн өөрчлөлт гарахгүй ба тухайн эд зүйлийг эцэстээ хохирогчид өгч, зөрчигдсөн эрхийг сэргээх ажиллагаа л удааширна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрхийн дагуу шүүх хурал дээр уг эд зүйлийг гаргаж өгсөн тохиолдолд шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой юм.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2020/ШЗ/95 дугаартай захирамж нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Өмгөөлөгч *******тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Бурханыг дахин үнэлүүлэх, мөн Г.Н  нь Баагий, Уугий гэх хоёр хүнтэй н.Долгормаагийн гэрт орсон гэдэг тул эдгээр нөхцөл байдлуудыг заавал тогтоох шаардлагатай байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.       

     ТОДОРХОЙЛОХ нь:

  Прокурорын бичсэн эсэргүүцэлд үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасны дагуу давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг прокурорын эсэргүүцлийн үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад:

Г.Н ыг 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаанчулуут 5 дугаар багийн 20-19 тоотод оршин суух иргэн С.Д гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад их хэмжээний буюу 54.136.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ. / 1 дүгээр хавтаст хэргийн 15-17, 235-237 дугаар тал/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 7-д зааснаар яллагдагч Г.Н ын гаргаж өгсөн “ногоон дарь эх бурхан”-ыг оролцогчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нотлох баримтаар тооцуулж, шүүх хуралдаанд шинжлэн судлуулах эрхтэй байна.

Энх нахиа ХХК-ийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн №439 дүгээр дүгнэлтээр “...ногоон дахь эх бурхан-48.000.000 төгрөг, хурган дээл-1.500.000 төгрөг, мөнгөн аяга-800.000 төгрөг, шинэ цагийн мөнгөн аяга-250.000 төгрөг, мөнгөн хазаар-3.000.000 төгрөг, халтар манан хөөрөг-450.000 төгрөг, мөнгөн ээмэг-25.000 төгрөг, мөнгөн зүүлт, колон-50.000 төгрөг, нийт 54.100.000 төгрөгийн...” хохирол учирсан гэж дүгнэлт гаргажээ. /1 дүгээр хавтаст хэргийн 122-123 дугаар тал/

Тус шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.Д гийн алдсан ногоон дарь эх бурханыг 48.000.000 төгрөгөөр буюу ногоон дарь эх бурхан биетээрээ байгаагүй учир хохирогч С.Д гийн “...ногоон дарь эх бурхан нь шүдэнзний хайрцагны хэмжээтэй манай нөхрийн эцэг эхээс 1980-аад онд нөхөр бид хоёрт өвлөгдөж ирсэн 5 лан хэмжээтэй алт орсон алтан бурхан байсан...” /1 дүгээр хавтаст хэргийн 65-68 дугаар тал/ гэх мэдүүлгийг үндэслэн тухайн үеийн Монгол банкны алт, мөнгөний ханш зэргийг харгалзан алдагдсан ногоон дарь эх бурханыг 48.000.000 төгрөгөөр үнэлсэн байдаг.

Анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаан дээр яллагдагч Г.Н  нь алдагдсан ногоон дарь эх бурханыг биетээр нь хүлээлгэн өгч, шүүх хуралдаанд оролцогчдын саналаар шүүх тус ногоон дарь эх бурханыг хураан авсан байна.

Ногоон дарь эх бурхан биет байдлаар шүүх хураан авсан байх бөгөөд хоёр мөрний дээр байрлах навч мэт хэлбэртэй зүйлийг хугалсан, баруун мөрөн дээр байрлах нэг ширхэг навч хэлбэртэй зүйл байхгүй, зүүн мөрөн дээрх навч хэлбэртэй зүйлийн хугархайг хүлээлгэн өгсөн. Навч мэт зүйлүүдийн дээр залгаа толгой хүзүүний араар дээр байрласан сарвагар босоо хэлбэртэй зүйл байхгүй зэргээр ногоон дарь эх бурхан нь хохирогчийн анхны мэдүүлгүүдээс зөрүүтэй байгаа тул тухайн эд зүйлийг дахин үнэлүүлэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхөөр байна.

Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлж, шинжээчийн дүгнэлт гаргахаар хуульчилсан бөгөөд тухайн ногоон дарь эх бурханы хувьд өмнө нь биетээрээ байхгүй байсан тул дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулах нь зайлшгүй хийгдэх шаардлагатай ажиллагаа бөгөөдЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар дээрх ногоон дарь эх бурхан нь тухайн хэргийн эд мөрийн баримт байх бөгөөд эд мөрийн баримтаар тооцож, хураан авах, тухайн бурханыг нуусан газарт үзлэг хийлгэх талаар бичсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэлтэй байна.

Иймд дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.                              

                       Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дүгээр  зүйлийн 22.4.2,

                       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг тус тус  удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 2021/ШЗ/95 дугаар захирамжийг хэвээр үлдээж, хэргийг Прокурорт буцаасугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

Б.БОЛОР-ЭРДЭНЭ