Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 329

 

Н.Х-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгч Н.Х, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энх-Отгон, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 21 дүгээр магадлалтай, 1821000330045 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1989 оны 2 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Гарьд овогт Н.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Н.Х-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан  захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч нь 284.110 төгрөг хохирогчид илүү төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын 5 дахь заалтад “Иргэний хуулийн 506 дугаар зүйлийн 506.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-аас бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсны хохирол 8 өдрийн цалин 390.210 төгрөг, хүүхдийн кальцийн үнэ 130.680 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энх-Отгонд олгосугай” гэсэн заалт нэмж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.Х гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүхийн зарим заалтыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Бодит байдал дээр цэцэрлэгт хүрээлэнгийн гарц, явган хүний гарц хоёр тэгш биш налуу 2 метрийн зайтай байхад бичлэг дээр хүүхэд эгц гүйж байгаа мэт харагддаг. Үүнийг дахин хянуулах хэрэгтэй гэж бодож байна. Бага насны хүүхдийг хараа хяналтгүй, харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан эцэг, эхийн хайхрамжгүй байдал байгаа. Хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн байдлыг харгалзан үзэх тухай Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх заалтыг хохирогчид ойлгуулах нэг ч байгууллага байхгүй байна. ...Явган зорчигч нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.3, 3.9.в-д заасан заалтыг зөрчсөнөөс болж энэ осол гарсан гэж үзэж байна. Миний 100 хувь буруу байхгүй тул дахин хянан шийдвэрлэж өгнө үү. Миний зүгээс энэ хэрэг болсон өдрөөс эхлээд байнга хохирогчтой холбоотой байж эмчилгээний зардал, унааны зардал болгоныг тухай бүр нь өгч байсан. Одоогийн байдлаар нийт 1.287.800 төгрөг зарцуулсан байгаа. Хохирогчийн эцэг эх нь дураараа сүлжээний бүтээгдэхүүн уулгасныг шүүх зөв гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирогчийн ээж “эмчлэгч эмчид нь гар цайлгаж мөнгө өгнө, дор хаяж 300.000 төгрөг өгнө” гэж шаардан би өөрийн бололцоогоор 150.000 төгрөг өгсөн. Үүнийг шүүх эмчилгээний зардалд оруулж төлөх үндэстэй гэж тооцсоныг үндэслэлгүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн дээрх алдаануудыг залруулаагүй бөгөөд анхан шатны шүүх баримтын бүрдэлгүй нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзсэн баримтыг шалгахгүйгээр надаар төлүүлэхээр шийдсэнд гомдолтой байна. Цалингүй чөлөө авсан тухай тушаалын хавсралтыг үндэслэн 557.090 төгрөг төлүүлэхээр шийдсэн. Гэтэл энэ хүн үнэхээр цалингаа аваагүйг нотолсон цалингийн тооцооны хүснэгт буюу цалин тавьж олгосон бусад хүмүүсийн гарын үсэгтэй баримтанд цалин аваагүй үлдсэн гэдэг нь харагдахгүй байна. Аваагүй цалинг зөвхөн нягтлан гэх хүний хийсэн тодорхойлолтод үндэслэсэн ба тэр нь гарын үсэг зурж баталгаажаагүй. Сүүлийн 3 сарын дундаж цалин хэргийн материалд байхгүй байхад шүүх хэт нэг талыг барьж хууль, дүрэм журмыг нарийвчлан хэрэглэхгүй үзэмжийн асуудал мэт шийдсэнд гомдолтой байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хөл гэмтсэн байхад хохирогчийн зөвхөн шүүх хуралд өгсөн мэдүүлгээр КТГ-д үзүүлсэн толгойны гэмтэлд 36.200 төгрөгийн эмийг надаар төлүүлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. ...Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу хохирогчийн буруутай үйлдлийг хянаж үзээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Үндэслэлгүйгээр гаргуулсан төлбөрийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хэт болгоомжгүй байдал нөлөөлсөн эсэхийг хянаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Н.Х-ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх гэм хорын хохирлыг зөв тооцож шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Н.Х-ын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Н.Х нь 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 12 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Тусгаар тогтнолын талбайн зүүн талын төв зам дээр 36-42 УНХ улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 13.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчиж зам хөндлөн гарч явсан бага насны хүүхэд Б.Тэмүүжинг мөргөж зүүн шилбэ ясны хөндлөн далд хугарал, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг бүрэн хангажээ.

Анхан шатны шүүх Н.Х-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Н.Хд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хянаж үзэхэд зам тээврийн осол гарахад хохирогч Б.Тэмүүжин болон түүний хууль ёсны асран хамгаалагчийг шууд буруутгах, шүүгдэгч Н.Х-ын сайн дураар хохирогчийн эмчилгээнд зориулж өгсөн мөнгийг буцааж гаргуулах үндэслэл, түүнчлэн шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 8 өдрийн цалинг буруу тооцсон, мөн хохирогчийг осолд орж гэмтсэний улмаас 36.200 төгрөгийн эм болон хүүхдийн кальци 130.680 төгрөгөөр авч хэрэглэснийг буруутган үгүйсгэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг иргэний нэхэмжлэл гаргахдаа хуурамч баримт бүрдүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хохирогчийн эмчилгээнд зориулж тус тусдаа гаргасан зардлыг давхардсан мэтээр буруу дүгнэсэн анхан шатны шүүхийн алдааг зөвтгөж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иймд шийтгэх тогтоолын 5 дахь заалтанд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 21 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Х-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                    ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН