Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2022/01216

 

М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.С.

Хариуцагч: Д.Х

4.500.000 төгрөг гаргуулах үндсэн, 5.500.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.С, хариуцагч Д.Х, өмгөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н.С нь хариуцагч Д.Ход холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт шилжүүлсэн 4.500.000 төгрөг гаргуулах, хариуцагч Д.Х нь нэхэмжлэгч Н.Ст холбогдуулж ажлын хөлс 5.500.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл тус тус гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Н.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 06 дугаар сарын 04-ны өдөр н.У гэх хүний Фэйсбүүк зараар холбогдоход маргааш нь Д.Х гэдэг хүнтэй хамт ирсэн. Бид өрхийн хэмжээнд худаг гаргуулах талаар хэлж 219 диаметрийн өргөн трубагаар, тууш метрийг нь 180.000 төгрөгөөр тохиролцсон. 180.000 төгрөгт худаг гаргах, труба суулгах, цахилгаан болон хоолой, худгийнхаа усыг гаргасны дараа насос тавих гээд бүх үйлчилгээ багтсан. Тухайн үед бид н.Уыг хийх юм байх гэсэн чинь Д.Хтой холбож өгөөд тэр хүн дундаас нь яваад өгсөн. Бид шаардагдах бичиг баримтыг бүрдүүлж хайгуул хийсний дараа гэрээг байгуулна гэж тохирсон. Худаг гаргуулахаар Д.Ход 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр урьдчилгаа 2.000.000 төгрөг, 06 дугаар сарын 08-нд 2.500.000 төгрөг нийт 4.500.000 төгрөг шилжүүлсэн. Энэ хүмүүстэй анх уулзахдаа худаг гаргуулахаар тохирсон газраас өөр газарт ер нь манай газарт ус байна уу гэдгийг хувийн зүгээс Д.Г гэж хүнээр хайгуул хийлгэж гаргуулсан дүгнэлтийг үзүүлж ингэж худгийн зөвшөөрөл гаргадаг юм байна шүү, та газрын зөвшөөрөл гаргуулах материалаа хөөцөлдөнө биз дээ гэхэд тэгнээ н.Отай яриад зөвшөөрлийг чинь гаргаад өгнө гэж хэлсэн. Д.Г нь танай газраас 65 метр ухахад ус гарна гэсэн тул түүний гаргасан дүгнэлтийг үндэслэн Д.Хтой гэрээ байгуулсан юм. Бидний тохирсноор хайгуулыг энэ хүн өөрөө хийх ёстой байсан. Газраа өрөмдөхөөс өмнө хайгуул хийсэн дүгнэлтээ Төв аймгийн Байгаль орчны газарт явуулж худаг өрөмдөж болно гэсэн тусгай зөвшөөрөл авах ёстой байсан боловч тохиролцоогоо зөрчөөд ямар ч хайгуулгүй шууд очоод газрыг ухсан. Тэгээд тэр газраас нь ус гарахгүй болохоор та нарын өгсөн Д.Гын гаргасан хайгуулын дүгнэлтээр газрыг ухсан гэж эргээд бид нар луу дайраад уурлаад байгаа юм. Бид Байгаль орчны газрын усны нөөцийн мэргэжилтэн н.Отай утсаар холбогдож манай зөвшөөрөл яагаад гарахгүй байгаа талаар тодруулахад Д.Х гэж хүн тусгай зөвшөөрөл, хайгуулын дүгнэлтээ өгөөгүй, танай материал дутуу учир зөвшөөрөл чинь гараагүй гэсэн хариу өгсөн. Энэ тухай Д.Ход хэлтэл аль хэдийн өгсөн гэхээр нь Төв аймгийн Байгаль орчны байгууллага дээр очиж уулзан хамаг бичиг баримт, мэйл хаягийг нь хүртэл шүүлгэхэд байгаагүй. Бидний хоорондын тохироогоор Д.Х нь худгийн хайгуул хийж дүгнэлт гаргах, тэдэн метрээс ус гарна гэсэн усны нөөц гаргаж өрөмдлөг хийж 219 диаметрийн өргөн трубагаар хийхээр тохирсон байсан. Д.Хоос хайгуул хийх тусгай зөвшөөрөл байгаа юу гэхэд 1 компанийн хугацаа нь дууссан, нөгөө компанийнх нь тусгай зөвшөөрлийг аваад өгье гэсэн тул бид гэрээ байгуулахаас өмнө амаараа 180.000 төгрөгт хайгуул хийх, 219 диаметрийн өргөн труба суулгах, усны ган хоолой суулгах, тороос цахилгааны утас оруулах, ус гарсан газраа цахилгаан худгийн насос тавих гэх мэт 7 төрлийн ажил багтахаар тохирсон байсан. Гэтэл энэ хүн 14 метр нүх ухаж бидний тохиролцоогүй 156 метр диаметрийн нарийн трубагаар ухсан. Өрөмдлөгийн машиныг чулуу тулаад байна чулууг ухна гэж авчирсан мөртөө цааш нь тэр чигт нь үргэлжлүүлэн нарийн трубагаар ухсан нь бидний тохиролцсон 219 диаметрийн өргөн трубагаар ухаагүй. Тухайн үед бид цааш нь 60-65 метр ухах юм байна, цааш нэмэгдэх төлбөрийг төлнө гэсэн боловч ажлаа орхиод явсан. Шинжээч 219 диаметрийн трубагаар 14 метр, цааш 58 м өөр трубагаар ухсаныг тогтоосон. Бидний хооронд ийм нөхцөл байдал үүссэн тул урьдчилгаанд өгсөн 4.500.000 төгрөгийг хариуцагч Д.Хоос гаргуулна гэв.

Хариуцагч Д.Х шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2021 оны 06 дугаар сарын 04-нд н.У гэдэг залуу хайгуул хийсэн зөвшөөрөлтэй бэлэн цэг байна. Та ухаад үзэх үү гэхээр нь зөвшөөрч бид Их дэлгүүрийн хажууд уулзсан. Д.Г гэдэг хүнээр геофизикийн хайгуул хийлгэсэн. 50 метр ухаад ус гарна гэхээр нь би болчих юм байна гээд ажлыг 9.000.000 төгрөгөөр хийхээр тохироод урьдчилгаа 4.500.000 төгрөг авсан. Миний гэрээг зураад авчраад өгнө гээд авч явсан. Худаг гаргахад 10 төрлийн материал буюу газрын кадастрын зураг, гэрчилгээ, паспортын хуулбар, хашаан дотор 00 байхгүй гэсэн Байгаль орчны бичиг, сумын Засаг даргын бичиг, нэхэмжлэгчийн өргөдөл, надаас болохоор байгууллагын тусгай зөвшөөрөл, гэрчилгээ, геофизикийн хайгуул хийсэн дүгнэлт шаарддаг. Би н.Од материалаа мэйлээр явуулсан. Эхний өдөр ухахад 20 метрт чулуу тулсан. Нүдсээр байгаад 24 метрт чулуу тулаад байхаар нь Солонгос өрмөөр өрөмдөхгүй бол болохгүй нь гэхэд тэг гэсэн тул найзаасаа авч өрөмдөөд 61 метр болгоод эдний нөхөрт хэлсэн. 61 метр болж байна яах уу гэхэд мэдэхгүй ахаа гэсэн. 82 метр дээр жоохон ус шүүрч байсан. Тэгээд геофизикийн хайгуул хийдэг сайн багаж олж ирээд нэг өдөр хэмжилт хийж үзэхэд бараг 150 метрээс нааш ухаад ч нэмэргүй юм байна гэхээр нь орхисон. 50 метр ухсан мөнгөө өгч чадахгүй юм чинь 150 метр ухаад яахав гэж бодоод орхисон. Тэгээд Хөрөнгийн үнэлгээ хийх компани очиж хэмжилт хийхэд 58 метрээс цааш лоом нь явж өгөөгүй. Нэхэмжлэгчийн худгийг ухах ажил 10 хэдэн сая төгрөг болсон. Эдний төлсөн мөнгөнөөс 20 метр ган хоолой худалдаж авахаар н.Ут 1.100.000 төгрөг өгсөн. Гарсан зардалд үнэлгээ хийлгэхэд 11.800.000 төгрөг болсон. Би зардалд 3.400.000 төгрөг авсан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Д.Х шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Өрөмдлөгийн худгийн өртгийг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК гаргахдаа эхний 200 мм өрөмдсөн 14 тууш метрийг 180.000 төгрөгөөр, 165 мм өрөмдсөн 44 тууш метрийг 170.000 төгрөгөөр нийт 10.000.000 төгрөг болсон. Тиймээс шинжээчийн гаргасан үнээс нэхэмжлэгчийн өгсөн 4.500.000 төгрөгийг хасаад үлдэх ажлын хөлс 5.500.000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Сээс нэхэмжилнэ гэв.

Нэхэмжлэгч Н.С сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид анх өрхийн хэрэгцээнд худаг гаргуулахаар зарын дагуу Д.Хтой холбогдож 219 диаметрийн өргөн трубагаар тууш метрийг 180.000 төгрөгөөр худаг гаргуулахаар тохирсон. Тууш метрийн 180.000 төгрөгөнд худгийн хайгуул хийж усны таамаг нөөц гаргаж хайгуулын дүгнэлт гаргах, өрөмдлөг хийх, 219 диаметрийн өргөн труба суулгах, гүнээсээ хамаарч тоо ширхэг гарна, усны ган, ПВС хоолой суулгах, тросс, цахилгааны утас, худгийн ус гарсаны дараа худгийн насос суурилуулалт тус тус хийгдэнэ гэж тохирсон. Гэтэл 14 метр ухаад орхисон. Бусад ажлаа огт хийгээгүй байж ямар гарсан зардал яриад байгааг ойлгохгүй байна. Анхнаасаа худаг гаргахдаа технологийн дагуу ажлаа хийлгүй дурын газар ухсан учир бид хохироод байна. Худгийн өрөмдлөг хийхээс өмнө тухайн газар хайгуулаа хийж хайгуулын дүгнэлт гаргаж, худгийн зөвшөөрөл авч байж худаг гаргуулах талаар Усны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан байдаг. Миний зүгээс ус хэрэглэгч болохын хувьд өөрөөс шаардагдах бичиг баримтыг Төв аймгийн Байгаль орчны байгууллагад хүргүүлсэн. Д.Х худгийн зөвшөөрөл болон өөрөөс хамаарах бичиг болох хайгуулын дүгнэлт, худаг өрөмдөх тусгай зөвшөөрлийг дутуу өгч худаг өрөмдөх зөвшөөрөл огт гаргаагүй. Дээрх нөхцөл байдлаас харахад Д.Х хайгуул хийлгүйгээр худаг өрөмдөх зөвшөөрлийн материалаа дутуу өгч зөвшөөрөл гаргаагүй байхад худаг өрөмдөж хууль зөрчсөн. Үндэслэлгүй дүгнэлт гаргасан учраас хохирсон гэж үзэж байна гэж сөрөг нэхэмжлэлдээ бичсэн байсан. Өөрөө Хөрөнгийн үнэлгээний компаний дүгнэлтийг үндэслэлгүй гэж хэлсэн хирнээ, Хөрөнгийн үнэлгээний компаний дүгнэлтийг үндэслээд сөрөг нэхэмжлэл гаргасан нь бас л үндэслэлгүй юм. Нэхэмжлэлээ үгүйсгэсэн харагдаж байгаа. Иймд Д.Хын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн худаг гаргуулах урьдчилгаанд өгсөн 4.500.000 төгрөгийг Д.Хоос гаргуулж өгнө үү гэдэг хариу тайлбартай оролцож байна гэв.

Нэхэмжлэгчээс Хурд ус ХХК-ийн Төв аймгийн Аргалант сумын нутагт гидрогеологийн цооног өрөмдөх ажлын гэрээ, Хаан банкны депозит дансны хуулга, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/125 Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын тушаал, 2021 оны 05 дугаар сарын 27 огноотой Д.Г гэсэн илтгэх хуудас,

Хариуцагчаас хариу тайлбарын хамт фото зураг, Төв аймгийн Аргалант сум иргэн Б.Бгийн гүний худгийн ажлын төсөв 2021,

Хариуцагчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлт, Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас нотлох баримт тус тус гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр мэйлд үзлэг хийж бэхжүүлэх баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч нь 219 диаметрийн өргөн трубагаар тууш метрийг 180.000 төгрөгөөр тооцон худаг гаргуулж, энэ үнэд худгийн хайгуул хийж усны таамаг нөөц гаргаж хайгуулын дүгнэлт гаргах, өрөмдлөг хийх, 219 диаметрийн өргөн труба суулгах, гүнээсээ хамаарч тоо ширхэг гарна, усны ган, ПВС хоолой суулгах, тросс, цахилгааны утас, худгийн ус гарсны дараа худгийн насос суурилуулалт тус тус хийгдэхээр тохирсон. Гэтэл 14 метр ухаад орхисон. Худгийн өрөмдлөг хийхээс өмнө тухайн газар хайгуул хийж хайгуулын дүгнэлт гаргаж, худгийн зөвшөөрөл авч байж худаг гаргуулах байсан боловч хариуцагч нь худгийн зөвшөөрөл болон өөрөөс хамаарах бичиг болох хайгуулын дүгнэлт, худаг өрөмдөх тусгай зөвшөөрлийг дутуу өгч худаг өрөмдөх зөвшөөрөл огт гаргаагүй гэж шаардах эрхээ,

3. Хариуцагч нь н.У хайгуул хийсэн зөвшөөрөлтэй бэлэн цэг байна гэхээр нь зөвшөөрч Д.Г гэдэг хүний геофизикийн хайгуул хийсэн дүгнэлтийг үндэслэн болчих юм байна гээд ажлыг 9.000.000 төгрөгөөр хийхээр тохирч урьдчилгаа 4.500.000 төгрөг авсан. Худгийг 100 метр ухсан. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр 58 метр ухсан гэсэн дүгнэлт гарсан. Ажил нийтдээ дүгнэлтээр 10.000.000 сая орчим төгрөг болсон тул үлдэх ажлын хөлсөө бид авах ёстой гэсэн үндэслэлээр үгүйсгэсэн.

4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Хөрөнгийн үнэлгээний төв ХХК эхний 200 мм өрөмдсөн 14 тууш метрийг 180.000 төгрөгөөр, 165 мм өрөмдсөн 44 тууш метрийг 170.000 төгрөгөөр нийт 10.000.000 төгрөг гэж үнэлсэн тул энэ үнээс нэхэмжлэгчийн өгсөн 4.500.000 төгрөгийг хасаж, үлдэх ажлын хөлс 5.500.000 төгрөгийг гаргуулна.

5. Нэхэмжлэгч 14 метр ухаад бусад ажлаа огт хийгээгүй байж ямар гарсан зардал яриад байгааг ойлгохгүй байна. Худгийн өрөмдлөг хийхээс өмнө тухайн газар хайгуулаа хийж хайгуулын дүгнэлт гаргаж, худгийн зөвшөөрөл авч байж худаг гаргуулах байтал дурын газар ухаж биднийг хохироосон. Хариуцагч худгийн зөвшөөрөл болон өөрөөс хамаарах бичиг болох хайгуулын дүгнэлт, худаг өрөмдөх тусгай зөвшөөрлийг дутуу өгч худаг өрөмдөх зөвшөөрөл огт гараагүй тул сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй хэмээн няцаасан.

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хурд ус ХХК-ийн Төв аймгийн Аргалант сумын нутагт гидрогеологийн цооног өрөмдөх ажлын гэрээ, Хаан банкны депозит дансны хуулга, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/125 Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын тушаал, 2021 оны 05 дугаар сарын 27 огноотой Д.Г гэсэн илтгэх хуудас, шинжээчийн дүгнэлт, Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас ирүүлсэн хариу албан бичиг, мэйлд хийсэн үзлэгийн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчийн хооронд Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан.

7. Талуудын маргааны зүйл нь Төв аймаг Аргалант сумын Хүй долоон худгийн галзуу харын худаг гэх газарт өрхийн хэрэгцээний зориулалтаар худаг гаргах ажил гүйцэтгэх бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна.

8. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Нэхэмжлэгч, хариуцагч нь Төв аймаг Аргалант сумын Хүй долоон худгийн галзуу харын худаг гэх газарт өрхийн хэрэгцээний зориулалтаар худаг ухах ажлыг 9.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцож нэхэмжлэгч нь ажлын урьдчилгаанд 4.500.000 төгрөг шилжүүлж, талууд Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас худаг өрөмдөх тусгай зөвшөөрлийг гаргуулахад шаардагдах өөрсдөөс шалтгаалах баримтыг бүрдүүлэх, үүнд хариуцагч Д.Х усны хайгуул, судалгаа хийсэн хайгуулын дүгнэлт гаргах, худаг өрөмдөх тусгай зөвшөөрөл гэсэн баримтыг бүрдүүлж өгөх үүрэг хүлээсэн боловч өөрөөс шалтгаалах баримтыг бүрдүүлж өгөөгүйгээс ус хэрэглэгчид олгох зөвшөөрөл олгогдоогүй болох нь шүүх хуралдаанд тайлбарласан талуудын тайлбар, [email protected] хаягт [email protected] хаягаас 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 11 цаг 15 минутад сайн байна уу худаг гаргах зөвшөөрөл авах материал дутуу тул хүлээж авахгүйг анхаарна уу. Өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, худаг гаргах компанийн хайгуул хийсэн дүгнэлт, цооног өрөмдөх тусгай зөвшөөрлийн хуулбар гэсэн зурвас, мөн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 16 цаг 33 минутад бүрдүүлэх материал дутуу учраас хүлээж аваагүй, таны өргөдөл бүртгэгдээгүй байгаа гэсэн үг гэсэн зурвасаар тогтоогдож байна.

Усны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрлийг аймаг, Нийслэлийн Байгаль орчны алба ус хэрэглэгчид олгохоор заасан ба мөн хуульд заасан материалын хариуцагч өөрөөс шалтгаалах баримтыг өгөөгүйгээс худаг өрөмдөх тусгай зөвшөөрөл гараагүйд хариуцагч буруутай бөгөөд хуулийн 27.4-т зөвшөөрөлгүйгээр цооног өрөмдөх, худаг гаргахыг хориглосон байхад өрөмдлөгийн ажил хийсэн буруутай байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн буюу биежсэн өөрөөр хэлбэл худгаас ус гарч нэхэмжлэгч түүнийг ашиглаж болохуйц байхаар заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтээр Төв аймаг Аргалант сумын Хүй долоон худгийн галзуу харын худаг гэх газарт ухсан гэх худаг гаргах нүхний нийт урт 58 уртааш метр, эхний 14 уртааш метрийг цохилтот өрөмдлөгөөр өрөмдсөн гэсэн дүгнэлт гарсан нь хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Д.Х нь Д.Гын гаргасан хайгуулын дүгнэлтийг үндэслэн худаг өрөмдөх ажлыг эхлүүлсэн гэж тайлбарладаг боловч хариуцагчийн худаг гаргахаар ухсан газарт гаргасан дүгнэлт хэрэгт нотлох баримтаар ирээгүй, нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд хавтаст хэргийн 122-125 дугаар талд авагдсан 2021-05-27 огноотой Д.Г гэсэн илтгэх хуудас бүхий баримтыг хувиараа энэ газар дээр ус гарах уу үгүй юу гэдгийг үзүүлсэн, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/125 дугаартай Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын тушаалыг 17 га газрынхаа нэг хэсэгт нь гаргуулж байсан бөгөөд Д.Ход үзүүлж манайх өмнө нь замын хажууд байдаг газартаа ийм зөвшөөрөл гаргуулж байсан, та ийм зөвшөөрөл гаргуулах юм байна шүү гэж үзүүлж байсан гэж тайлбарласан, Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Н.Стэй холбоотой худаг өрөмдөх зөвшөөрөл болон О.Г гэдэг хүний гаргасан геофизикийн хайгуулын дүгнэлт зэрэг материалууд тус газар ирээгүй тухай албан бичиг ирүүлсэн тул тайлбарыг мөн үндэслэлгүй гэж үзэв.

Хариуцагчаас Төв аймгийн Аргалант сум иргэн Б.Бгийн гүний худгийн ажлын төсөв гэх баримтыг шүүхэд ирүүлсэн бөгөөд уг баримтыг нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа нөхөн хийлгэсэн баримт гэж тайлбарласан тул дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар шаардах эрхтэй тул хариуцагч Д.Хоос ажлын хөлсөнд төлсөн 4.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Ст олгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

Хариуцагч нь Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хийсэн ажлын хөлсөнд 5.500.000 төгрөг сөрөг нэхэмжлэлээр шаардсан боловч гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэн нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй, талууд ажлын нийт хөлсийг 9.000.000 төгрөгт тохирсон тул шинжээчийн гаргасан үнээр шаардах эрхгүй, Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Н.Ст холбогдох ажлын хөлсөнд 5.500.000 төгрөг гаргуулах хариуцагч Д.Хын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан үнийн дүнгийн хэмжээгээр төлбөр гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч Д.Хоос 4.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Ст олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Хоос 86.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Ст олгосугай.

3. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Ст холбогдох ажлын хөлсөнд 5.500.000 төгрөг гаргуулах хариуцагч Д.Хын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА