| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2022/01006/И |
| Дугаар | 102/ШШ2022/01287 |
| Огноо | 2022-04-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2022/01287
| 2022 оны 04 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2022/01287 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: З.Э
Хариуцагч: Б.Б
3.200.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч З.Э
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг
хариуцагч Б.Б хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Э нь хариуцагч Б.Бд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж 3.200.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч З.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2022 оны 01 дүгээр сарын 19-нд кроун сэлбэг, задаргаа засвар фейсбүүк зарын дагуу У гэх фейсүүктэй Б.Б гэж хүнтэй чатаар холбогдож 175 кроундаа мотор авч тавихаар үнэ асуухад 180 кроуны мотор тавьж болдог. Өөрөө тавьж өгч болно. Өмнө нь тавьж байсан гэсэн тул утсаар холбогдсон. 180 кроуны моторыг жип, 175 кроунд хэд хэдэн удаа тавьж байсан, бүх моторондоо баталгаа өгдөг гэсэн тул машинаа аваачиж мотор тавиулахаар болсон. Мотор нь комоороо 3.000.000 төгрөг, ажлын хөлс 400.000 төгрөг, дууссаны дараа цахилгаанчин дуудаж асаалт хийлгэдэг тэр нь 150.000 төгрөг болдог. 3-4 хоногийн дотор дуусна гэсэн тул маргааш нь Б.Бын Хаан банк дахь .. дансанд 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдлийг засвар дууссаны дараа өгөхөөр тохирсон. Гэтэл ажлаа эхлэлгүй 7 хоносон учир очиж уулзахад анх тавихаар тохирсон мотор биш өөр гадуураа мах, тос их үсэрсэн моторыг тавихаар бэлдэж байсан. Өөр мотор байна анх хэлж ярьснаараа байхгүй, удаж байна гэсэн шаардлага тавьж маргалдсан. Тэр хооронд надад машиныг чинь яг эхлүүлж байна, өмнөх засвараас гарсан машинууд асуудал гарч буцаж ирээд тэд нарт юм хийгээд удаачихлаа, одоо 2 хононо, тэгээд моторонд чинь баталгаа өгнө гэсэн. Гэтэл 3 хоноод рулийн аппарат нь болохгүй байна өөр рулийн аппарат тавья гэсэн. Ямар машиных таарах вэ гэхэд мэдэхгүй байсан. Тэгснээ харж байгаад таарч болохоор рулийн аппарат олоод ир гэхээр нь үзэж байгаад нэг рулийн аппарат олоод иртэл таараагүй. Нэгэнт машинаа задлуулчихсан болохоор таарах рулийн аппарат хайгаад явсан ч олоогүй. Ингээд өөрт нь байгаа өөр моторнуудаас аль таарахыг нь тавиулахаар болж мотор чинь зүгээр, асуудалгүй юу гэхэд зүгээр гэсэн тул 1.500.000 төгрөгний үнэтэй моторыг 200.000 төгрөгний үнэтэй хропных нь хамт, ажлын хөлс 400.000 төгрөг нийт 2.100.000 төгрөгөөр тохирч зөрүү 900.000 төгрөг буцааж өгөхөөр тохирсон. Гэтэл нэмж 2 лап хэрэгтэй боллоо 200.000 төгрөг шилжүүл гэхээр нь чи надад өмнөх моторын зөрүү 900.000 төгрөг өгөх ёстой юм чинь тэрнээсээ авчих гэхэд надад одоохондоо мөнгө алга энийг хийчихвэл бараг дууслаа гэсэн тул 02 дугаар сарын 19-ний өдөр .. данс руу нь 200.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд 2 хоногийн дараа машин чинь боллоо одоо цахилгааны холболт хийлгэж асаах дутуу цахилгаанчинаа ол гэсэн тул 600.000 төгрөгөөр хийх цахилгаанчин олсон. Тэгээд чирч аваачиж 4 цагийн дотор холболт хийж дуусгаад асаах гэтэл Б.Бын тавьсан стачер эвдэрхий учир асаагүй. Өөр стачер тавьж асаагаад явтал мотор нь маш их доголдолтой, янданг нь гагнаагүй маш чанга дуутай байсан учир буцаан чирж Б.Бын гараж дээр аваачиж өгсөн. Маргааш нь Б.Б 3 катушик нь ажиллахгүй байна. Тэрнээсээ болоод доголдоод ямар ч хүчгүй байна гэхээр нь солиод өгөөч гэтэл надад солих катушик байхгүй гэсэн. Нэгэнт юм хийж өгөхгүй нь илэрхий байсан учир мөнгөө буцааж авъя гээд, өөр засварчин хайхаар гэр лүүгээ явсан. Замд машин хэд хэдэн удаа унтарч, маш их доголдолтой дээр нь хөх утаа хаяж байсан тул Б.Б руу залгахад утас нь холбогдох боломжгүй байсан. Маргааш нь утсаа аваагүй, чат бичихэд хариу өгөөгүй. Бид моторыг 450.000 төгрөгөөр тавихаар тохирсон энэ тухай хоорондоо бичсэн чат байгаа гэтэл хариу тайлбартаа 650.000 төгрөг гэж худлаа бичсэн байсан. Б.Б өөрөө миний машинаас сэлбэг тонож зараад байсан тул түүнээс юу болов гэж асуухад би зарчихсан, оронд нь өөрийг тавьчихсан гэдэг байсан. Тийм болохоор би машинаа гэр лүүгээ авч явсан юм. Иймд эвдэрхий моторыг комоор нь Б.Бд буцаан өгч, 3.200.000 төгрөгөө гаргуулж авна. СД бичлэгт үзлэг хийлгэх хүсэлтээс татгалзана гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Б нь .. тоотод автомашины задаргаа сэлбэг зардаг. 2022 оны 01 дүгээр сарын 26-наар ирж 4 мотор авч машин дээрээ тавиулъя гэсэн. Моторыг 3.800.000 төгрөгт тавьж өгөхөөр болсон. Надад 3.000.000 төгрөг урьдчилгаа өгөөд 800.000 төгрөгийг машинаа дуусахаар өгөхөөр болсон. Би 2 засварчнаар уг моторыг нь тавиулаад ажлын хөлсөө 600.000 төгрөгөөр тохирсон. Он залуу мотор тавиад рулийн аппарат цахилгаан рулийн аппарат тавигдана. Мотороо тавьж дууссаны дараа рулийн аппаратаа уг хүмүүс олдохгүй байна гэсэн шалтгаанаар авчирч өгөөгүй. Тэгснээ нэг өдөр орж ирснээ рулийн аппарат үнэтэй байна олдохгүй байна /Вeаts 2.0/ моторыг 1.500.000 төгрөгөөр авч тавиулъя гэсэн. За өөрөө мэд гээд дахиад засварчин дуудаад Веаts мотороо 450.000 төгрөгөөр тавиулсан. Тэгээд машин тэргээ асаагаад унаад явсан. Ажлын хөлс нь 1.050.000 төгрөгийг тухайн үед засвар хийлгэсэн хүмүүст дор дор нь өгөөд явсан. Beats мотор тавьж байхад лап нь зөрөөд 200.000 төгрөгөөр 2 ширхэг лап авчирч тавьсан. Тэр нь машин дээрээ явж байгаа. Үлдэгдэл 450.000 төгрөгийг 16-тай обуд 4 ширхэг авъя гэсэн. Тэгж тохироод дууссан. Манайхаас авсан моторыг машиндаа зүв зүгээр болоод унаад явсан. Яагаад энэ моторыг буцаахаар болов би ойлгохгүй байна. Моторыг минь тонож сольж хольсон байхыг би мэдэхгүй. Өмнөх моторыг машиндаа тавиулаад унаж яваагүй учир өөр мотороор сольж өгсөн. Энэ моторыг өчнөөн хүмүүс 7-10 хоногийн ажил төрлөө хаяж сольж янзалж өгсөн. Энэ хүний өөрийнх нь хий гэсэн бүгдийг нь хийсэн. Ийм байхад бүтэн мөнгөө авна гэж юу яриад байгаа юм бэ. Иймээс энэ моторыг буцаах боломжгүй. Энэ асуудлыг хуулийн байгууллага үнэн зөвөөр нь шийдэж өгөхийг хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгчээс Хаан банк, Худалдаа хөгжлийн банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хариуцагчаас шүүхэд хариу тайлбараа тус тус ирүүлсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилж, ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн багш нар шинжээчээр ажиллаж Техникийн шинжээчийн дүгнэлт гаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
Нэхэмжлэгч З.Э нь машинд анх тохирсон моторыг тавилгүй өөр мотор тавьсан байсан. Бид маргалдаад асуудалгүй юу гэхэд асуудал байхгүй рулийн аппарат олоод ир гэсэн боловч таарах аппарат олдоогүй. Дахин өөр мотор сольж тавьсан боловч асахгүй утаа хаяад доголдолтой байсан тул утсаар залгаж хэлэх гэтэл утас нь холбогдоогүй, чат бичсэн боловч хариу өгөөгүй. Моторыг комоор нь буцаан өгч мөнгөө авна, хариуцагч Б.Бмоторыг 3.800.000 төгрөгт тавьж өгөхөөр болж урьдчилгаа 3.000.000 төгрөг авсан. Моторыг тавьсан боловч рулийн аппарат олдохгүй байна гээд өөр мотор 1.500.000 төгрөгөөр тавиулсан. Лап нь зөрөөд 200.000 төгрөгөөр 2 ширхэг лап авчирч тавьсан. Манайхаас авсан мотор зүгээр байсан тул машинаа унаад явсан. Яагаад моторыг буцаах болсныг ойлгохгүй байна. Моторыг тонож сольж хольсон байхыг үгүйсгэхгүй хэмээн тайлбарлан шаардлага, татгалзлаа тодорхойлсон байна.
Нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зарын дагуу хариуцагч Б.Бтай холбогдож 175 кроунд мотор авч тавихаар тохиролцон, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр засварын дүн 3.000.000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр лапны үнэ 200.000 төгрөг тус тус шилжүүлсэн болох нь тайлбар, Хаан банк, Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлэл гэсэн баримтаар тогтоогдож байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу нэхэмжлэгчээс мөнгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, энэ байдалд зохигч маргаагүй.
Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээжээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн машиныг асааж явах замд хэд хэдэн удаа унтарч, маш их доголдолтой, хөх утаа хаяж байсан гэх тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн багш нарын Техникийн шинжээчийн дүгнэлтээр автомашиныг асаахад хөдөлгүүр доголдолтой ажиллахаас гадна яндангаар их хэмжээний цэнхэр утаа хаяж байсан. Хөдөлгүүрийн яндангаар цэнхар өнгийн утаа их хэмжээгээр гарах нь оруулах, гаргах хавхлагын хуруувч резин муудсан, цилиндр поршингийн бүлгийн эд анги болон тосны бүсний элэгдэл, гэмтлийн улмаас үүдэлтэй байж болно. Хөдөлгүүрийг асаан нүдээр харж ажиглалтын аргаар үзэхэд 2 болон 5 дугаар цилиндрийн асаалтын ороомог /катушка/, их бие /асаалтын ороомгийн гадуур байх хөдөлгүүрийн металл хоолой/ хоёрын хооронд өндөр хүчдэл цахиж, оч хаяж байна. Ингэж оч хаях нь хөдөлгүүр доголдолтой ажиллах үндсэн шалтгаан болж байна. Асаалтын ороомгуудыг тайлж аваад гаднах байдлыг нүдээр ажиглаж шалгахад 2-ынх нь тусгаарлах бүрхүүл байхгүй, 1-ийнх нь тусгаарлах бүрхүүл хагарч цуурч ан цав үүссэн. 2-ынх нь асаалтын очлуурын гадна талаар углагдан орох хамгаалах резиныг урд талаас нь хасаж тааруулсан гэмтэлтэй гэсэн тайлбар, дүгнэлтээр гэрээний зүйл болох худалдсан мотор чанарын шаардлага хангахгүй, зориулалтынх нь дагуу ашиглах боломжгүй буюу Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д заасан эд хөрөнгийн биет байдлын хувьд доголдолтой эд хөрөнгө гэж үзнэ.
Мөн Иргэний хуулийн 188 дугаар зүйлийн 188.1-т зааснаар хариуцагч Б.Б нь худалдаж буй эд хөрөнгийн талаар үнэн зөв бөгөөд бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүргээ биелүүлээгүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ шударгаар хэрэгжүүлнэ гэсэн зарчимтай нийцээгүй гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэгч З.Э нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар гэрээг цуцлах эрхтэй тул мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар харилцан буцааж өгөх, мөн зүйлийн 205.7-д зааснаар талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй тул нэхэмжлэгч З.Эаас худалдаж авсан моторыг гаргуулж хариуцагч Б.Бд олгож, хариуцагч Б.Баас 3.200.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Эд олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан үнийн дүнд тооцож улсын тэмдэгтийн хураамж гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь СД бичлэгт үзлэг хийлгэх хүсэлтээс татгалзсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар хариуцагч Б.Баас 3.200.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Эд олгож, нэхэмжлэгч З.Эаас худалдаж авсан моторыг гаргуулж хариуцагч Б.Бд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66.150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас 66.150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Эд олгосугай.
3. Нэхэмжлэгч нь СД бичлэгт үзлэг хийлгэх хүсэлтээс татгалзсанг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА