Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2022/01767

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2022/01767

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б. У.

Хариуцагч: Б ХХК

14.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцож, хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч Б ХХК-нд холбогдуулан гэрээний төлбөрт 14.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж 13.925.800 төгрөг шаардсан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Нэхэмжлэгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Б ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГазрын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт 20.000.000 төгрөгний хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан ба Б ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 02-ноос 2019 оны 10 дугаар сарын 04-ны хооронд гэрээний төлбөр 20.000.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Энэ үеэр Б ХХК-ийн захирал Б.Б манай компаний хуулийн болон шүүхийн шатны хэрэг маргаан, хуультай холбоотой бүх асуудалд хууль зүйн туслалцаа үзүүлж шүүх хуралдаанд оролцох санал тавьж бид сарын хөлсийг 1.200.000 төгрөгөөр тохиролцож 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж миний бие ажилдаа орсон. Бид гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан боловч жил бүр гэрээг сунгаж ирсэн. Гэрээний ажлын хөлсийг сардаа эсвэл жилээр ч авч болохоор тохирсон. Гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж энэ хугацаанд ажлын хөлс 14.400.000 төгрөг авсан. Б.Б 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэрээг дуусгавар болгох санал гаргаснаар бидний Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээний хугацаа дууссан. Б ХХК 2019 онд миний дансанд 21.574.200 төгрөг шилжүүлсний 20.000.000 төгрөг нь Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГазрын нэхэмжлэлтэй иргэний хэргийн ажлын хөлс ба 20.000.000 төгрөгний ажлын хөлсийг бүгдийг авсан. Би энэ компанид 27 сар 19 хоног ажилласан бөгөөд сарын хөлс 1.200.000 төгрөгөөр бодоход 33.160.000 төгрөг. Үүнээс 2019 онд 4.324.200 төгрөг, 2020 онд 3.910.000 төгрөг, 2021 онд 19.100.000 төгрөг нийт 19.234.200 төгрөг төлсөн нь хариуцагч талын гаргаж өгсөн дансны баримтаар тогтоогдсон. Хариуцагч хариу тайлбартаа манайх ковидын үед ажиллаагүй, ХХОАТ 10% суутгасан гэж тайлбарлан баримтыг ирүүлсэн боловч уг компани 2019 оноос өнөөдрийг хүртэл миний нэр дээр татвар болон нийгмийн даатгалд нэг ч төгрөг төлж байгаагүй нь нотлох баримтаар тогтоогдсон. Бидний хооронд байгуулсан гэрээнд ч энэ талаар ямар нэгэн заалт байхгүй. Бид гэрээг чөлөөт байдлаар байгуулсан. Ковидын үед ажилласан болох нь бидний хооронд харилцсан чатаар тогтоогддог, ковидын үед зүүмээр шүүх хуралдаан болж бид хоёр хамт оролцож Б.Бийг би Зайсанд хүргэж өгч байсан бөгөөд өөрөө энэ байдлыг сайн мэдэж байгаа Сар бүрийн ажлын хөлс 1.200.000 төгрөгийг 60% тооцсон гэж надад огт ярьж байгаагүй. Өнгөрсөн хугацаанд түүнтэй утсаар ярьж тооцоогоо нийлье, ажлын холбогдох матриалыг өгөхөөр удаа дараа утасддаг боловч маргааш, нөгөөдөр больё, эсвэл утсаа авдаггүй, оффис дээр нь очиход өөрөө байдаггүй. Өөрсдийнх нь гаргаж өгсөн баримтыг өөрийн данстай тулгаж үзэхэд ажлын хөлс 19.234.200 төгрөг төлсөн нь баримтаар тогтоогдсон тул үлдэгдэл 13.925.800 төгрөгийг хариуцагч Б ХХК-наас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нь нэхэмжлэгчид Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон Өмгөөллийн гэрээний үүрэгт нийт 39.360.000 төгрөг төлсөн болно. Харин нэхэмжлэгчээс гаргаж буй Өмгөөллийн гэрээний үүрэгт нэмж 14.000.000 төгрөг нэхэмжилж байгааг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч Б ХХК нь өмгөөлөгч Б.Утай 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГазрын нэхэмжлэлтэй Б ХХК-нд холбогдох иргэний хэрэгт хариуцагчийг төлөөлүүлэхээр тохиролцсон юм. Үйлчлүүлэгч Б ХХК-ийн зүгээс харилцан тохиролцсоны дагуу бид тус гэрээний үүрэгт төлөөлөгч Б.Угийн Хаан банкны .. дансанд 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 200.000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 15.000.000 төгрөг шилжүүлсэн. Тус хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 1.2-т өмгөөлөгч нь энэхүү гэрээний 2 дугаар зүйлд заасан ажил үүргийг гүйцэтгэнэ. 1.3-т Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийнхээ эрх ,хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд бүрэн дүүрэн тууштай хамгаалах бөгөөд гэрээ болон хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор бодитой биелүүлэх зарчмыг удирдлага болгоно. 1.4-т гэрээг гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэж гэрээг дүгнэх хугацаатай байгуулав гэж тус тус тусгагдсан. Бид гэрээгээр тохиролцсоны дагуу Хууль зүйн туслалцаа авахад өмгөөлөгчөөс амлалт хүссэн, хууль бус шаардлага тавьсан зүйл огт байхгүй бөгөөд гагцхүү үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлын төлөө тууштай ажиллах, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бодитой биелүүлэхийг л хүссэн төдий. Харамсалтай нь өмгөөлөгч Б.У нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бодитой биелүүлэх үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрх ашиг сонирхлыг хуулийн хүрээнд бүрэн дүүрэн тууштай хамгаалж ажиллаж чадаагүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа нь ч тодорхойгүй, сэтгэлгүй байсан тул Хяналтын шатны шүүх хуралд Б ХХК-ийн ерөнхий захирал Б.Б миний бие итгэмжлэлгүйгээр төлөөлөн оролцож шүүх хуралдаанаас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож иргэний хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлсэн бөгөөд хэрэг одоо хүртэл хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд явж байна. Иймд өмгөөлөгч Б.У нь үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрх ашиг сонирхлыг хуулийн хүрээнд бүрэн дүүрэн тууштай хамгаалаагүй, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзэж байх тул 5.000.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн өмнө нь төлөгдсөн 15.200.000 төгрөгөнд дүйцэх хэмжээний Хууль зүйн туслалцаа авсан гэж үзэхгүй байх ба хуульч өмгөөлөгч Б.У гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн биелүүлээгүй гэж үзэж байх тул 5.200.000 төгрөгийг сөрөг нэхэмжлэл гаргах замаар буцаан нэхэмжлэх нь Хуульчийн ёс зүй, хүнлэг байдал, шударга ёс, тэгш эрхэд нийцнэ гэж үзэж байна. Талуудын хооронд 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан бөгөөд жил бүр талууд харилцан тохиролцвол сунгагдаад явахаар гэрээнд тусгагдсан ба Б ХХК-ийн зүгээс өмгөөлөгч Б.Уд 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 01/277 тоотоор мэдэгдсэнээр тус гэрээ дуусгавар болсон бөгөөд тус мэдэгдэлд Б ХХК-нд хамаарах хэргийн материалууд бусад холбогдох баримтуудыг хүлээлцэхийг мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл хэргийн материал холбогдох бусад баримт сэлтийг хүлээлгэж өгөөгүй байна. Бид 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 04 дүгээр сар хүртэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт буюу хөл хориотой байсан ба үүнээс шалтгаалж тухайн хугацаанд огт Өмгөөллийн үйлчилгээ аваагүй боловч сарын тохиролцсон хэмжээ болох 1.200.000 төгрөгний 60 хувиар тооцож гэрээний төлбөрийг төлсөн болно. Нийт гэрээний хугацаанд өмгөөлөгч Б.Уд татварын дараах дүнгээр 27.644.903 төгрөг төлөх ёстой байснаас 24.160.000 төгрөгийг түүний Хаан банк дахь харилцах дансанд төлсөн болно. Байгууллагын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хангаж тууштай хамгаалж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй харин ч хэргийн материал бусад холбогдох баримтыг зориуд хүлээлцэхгүй, өгөхгүй хүндрэлтэй байгаа бөгөөд үлдэгдэл 3.484.903 төгрөгийг баримт хүлээлцсэний дараа олгох эсэхийг шийдвэрлэх боломжтой байна гэжээ.

Нэхэмжлэгчээс 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, гэрээний хавсралт №1, 2, 3, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Б ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн гэрээ дуусгавар болсон тухай албан бичиг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн магадлал, 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шийдвэр, Г ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн магадлал, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн шийдвэр, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №524 Эвлэрлийн гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар 141 Монголын олон улсын Арбитрын шийдвэр, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж,

Хариуцагчаас хуулийн зөвлөх Б.Угийн 2019, 2020, 2021 оны цалингийн тооцоо, мөнгө шилжүүлсэн орлогын мэдүүлэг, Хаан банкны дансны хуулга, 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/33 Сул зогсолтын хугацаа тогтоох тухай албан бичиг,

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр 95096327 дугаараас .. дугаарт илгээсэн харилцан зурвас, Б ХХК-ийн захирал Б.Бий фейсбүк чат руу илгээсэн зурвас зэрэгт үзлэг хийж бэхжүүлэх баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж гэрээгээр хууль зүйн туслалцаа үзүүлэх ажил гүйцэтгэж ирсэн. Гэрээний хугацааг хавсралт №1, 2, 3-аар сунгаж 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэрээг дуусгавар болгосон. Энэ хугацааны ажлын хөлс 19.234.200 төгрөг төлсөн тул үлдэгдэл 13.925.800 төгрөгийг гаргуулна гэж шаардах эрхээ тодорхойлсон.

Хариуцагч 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ажлын хөлс 20.000.000 төгрөгөөр тохиролцож Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж 15.000.000 төгрөг шилжүүлж үлдэх 5.000.000 төгрөгийг гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тул төлөх үндэслэлгүй гэж үзсэн. 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж гэрээг хавсралтаар сунгаж 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болгосон. 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 04 дүгээр сар хүртэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хориотой байсан тул 1.200.000 төгрөгний 60 хувиар тооцсон. 27.644.903 төгрөг төлөх ёстойгоос 24.160.000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч хууль буюу гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул үлдэгдэл 3.484.903 төгрөгийг баримт хүлээлцсэний дараа олгох эсэхийг шийдвэрлэнэ гэсэн үндэслэлээр үгүйсгэсэн.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан Хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан.

Нэхэмжлэгч хариуцагч нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж гэрээний зүйл нь өмгөөлөгч Б.У Б ХХК-ийн захирал Б.Бий хүсэлтээр Б ХХК-нд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, өмгөөлөгчийн үйлчилгээ гэдэгт Өмгөөллийн тухай хуульд зааснаар хууль зүйн асуудлаар амаар болон бичгээр зөвлөгөө өгөх, зөвлөмж, дүгнэлт гаргах, хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх зохиох, төрийн болон бусад байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх, түүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зэрэг үйлчлүүлэгчийг шүүхэд төлөөлөхийг ойлгох байна.

Гэрээний талууд гэрээгээр үзүүлэх үйлчилгээний хөлс төлөх тооцоог хавсралтаар тохиролцож, гэрээний хавсралтаар гэрээний хугацааг 2019 оны 07 дугаар сарын 03-наас 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хүртэл 1 жилийн хугацаатай байгуулж жилийн төлбөр 14.400.000 төгрөгийг сар бүрт эсвэл гэрээний хугацааг дуусахад үлдэгдлийг тооцоо нийлэн төлөхөөр харилцан тохиролцсон. Энэ нөхцөлөөр Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээг хавсралтаар 2022 оны 07 дугаар сарын 03-ныг хүртэл сунгаж, хариуцагчийн хүсэлтээр 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэрээг дуусгавар болгосон байна.

2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээгээр өмгөөлөгч, үйлчлүүлэгч нь 1 жилийн ажлын хөлс 14.400.000 төгрөгийг сар бүрт төлөх эсвэл гэрээний хугацааг дуусхад үлдэгдлийг тооцоо нийлэн төлөхөр тохирч хариуцагчаас өмгөөлөгчийн хөлсөнд нийт 19.234.200 төгрөг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчаас ирүүлсэн 2019, 2020, 2021 оны цалингийн тооцоо, мөнгө шилжүүлсэн орлогын мэдүүлэг, Хаан банкны дансны хуулга гэх баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч хариуцагчийн баримтаар ирүүлсэн мөнгө шилжүүлсэн баримтын тооцоо өөрийнх нь дансны хуулгатай тохирч байгаа, маргаангүй гэсэн тайлбар гаргасан болно.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний ажлын хөлсний үлдэгдэл 5.000.000 төгрөгийг төлөхгүй. Учир нь Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГазрын нэхэмжлэлтэй хэрэгт өмгөөлөгч Б.У итгэмжлэлээр оролцохдоо гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй тул төлөх үндэслэлгүй гэсэн тайлбар нь энэ нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй тул тайлбарт дүгнэлт өгөх шаардлагагүй, Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 04 дүгээр сар хүртэл цалинг 60 хувиар тооцсон, ХХОАТ 10% суутгасан гэсэн тайлбар гаргасан боловч энэ талаар тохиролцсон баримтгүй, Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээгээр талууд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх ажлын хөлснөөс ХХОАТ 10% суутгахаар тохиролцоогүй, суутгалыг Татварын албанд шилжүүлж төлсөн баримтгүй тул тайлбар нь үндэслэлгүй.

Зохигч 2021 оны 01 дүгээр сарын 31, 02 дугаар сарын 01, 02 дугаар сарын 15, 2021 оны 08 дугаар сарын 20-ноос 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрүүдэд гар утас, фейсүк чатаар шүүхэд хүсэлт гаргасан, шүүхийн шийдвэрийг очиж авах, эвлэрлийг шүүх баталгаажуулсан, нэхэмжлэл гаргасан, УДШүүхээс тогтоол авах, шүүх хурал товлогдсон хоцорч болохгүй, хариуцагчаас зөвлөгөө авсан зэрэг харилцсан зурвасуудаар нэхэмжлэгч гэрээгээр тохирсон ажил үйлчилгээг гүйцэтгэж байсан болох нь тогтоогдсон байна.

Нэхэмжлэгчээс хэрэгт шүүхийн шийдвэр, Давж заалдах шатны магадлал, Эвлэрлийн гэрээ гэсэн баримтуудыг хариуцагчтай байгуулсан Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээний хугацаанд Б ХХК-ийг төлөөлж шүүх хуралдаанд оролцож байсан гэж тайлбарласан, хариуцагч энэ байдалд маргасан тайлбар ирүүлээгүй болно.

Иймд хариуцагч Б ХХК-наас 13.925.800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Уд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж хариуцагчаас хангасан үнийн дүнгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч Б ХХК-наас 13.925.800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Уд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-наас 227.579 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Уд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА