| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2022/01514/И |
| Дугаар | 102/ШШ2022/01768 |
| Огноо | 2022-05-11 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2022/01768
| 2022 оны 05 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2022/01768 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С.О.
Хариуцагч: Ц.М
1.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.О, өмгөөлөгч Ц.Одгариг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцож, хариуцагч Ц.М хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн .. дүгээр хороонд модны цех ажиллуулдаг Ц.Мтай аман хэлцэлээр зусланд гадаа тавих зориулалттай 3 ширхэг модон сандал, хүүхдийн модон тоглоом хийлгүүлэхээр зураг гарган, ажлын дэвтэр дээр нь зургаа гарган 11 метрийн урттай 9 ширхэг шонтой, шонгийн урт 2,5 метр, шонгийн доор хүүхэд халтирхааргүй, сайтар зүлгүүрдэж, будаж дугуй модон хавтан байхаар зураг гаргасан. Зургаа гаргаж тохиролцоод ажлыг 7 хоногийн дотор хийж өгөхөөр харилцан тохиролцсон. Дээрх ажлыг хийж ажлын хөлс болон материалын зардлыг 1.000.000 төгрөгөөр хийхээр хоёр тал тохиролцож, урьдчилгаа 900.000 төгрөгийг тэр өдөртөө Ц.Мын Хаан банкны дансанд шилжүүлж, үлдэгдэл 100.000 төгрөгийг тоглоом угсарч дууссаны дараа өгөхөөр тохирсон юм. Ц.Мыг ажлаа хийж гүйцэтгэх явцад ажил ямар байгааг асууж лавлахад тухайн үед хийж байгаа, захиалга авснаас долоо хоног өнгөрсөн ч танай захиалгын материалын мод хатаагүй байна, будаг хатаагүй, зүлгүүрдэх шаардлагатай байна, олон захиалга аваад ачаалал ихтэй байна, бороо ус ороод байна гэх зэргээр хугацааг хэтрүүлсэн. Гэтэл 07 дугаар сарын 05-ны өдөр танай материалыг будах будагны мөнгө байхгүй байна үлдэгдэл 100.000 төгрөгөө шилжүүлж тус болооч гэхээр нь түүний данс руу шилжүүлсэн. Ц.М намайг хотод байх хугацаанд 07 дугаар сарын 23-ны өдөр зуслан дээр авчирч сандал, модон тоглоомыг суурилуулсан байсан. Маргааш нь зуслан дээрээ очиход хүүхдийн модон тоглоом анх захиалга өгөхөд ярьж тохирсон хэмжээ, загвараас өөрөөр хийсэн. 3 ширхэг модон сандал нь суухад өргөстэй, зүлгүүрдээгүй, будаагүй байсан. Модон тоглоомыг хүүхдэд ээлтэй, өргөсгүй, өнгөгүй материалаар будах, 3 ширхэг сандалыг модны натурал өнгөөр будахаар ярилцаж тохирсон боловч эдгээр нь өнгө үзэмж, материал нь чанарын шаардлага хангахгүй, мод нь хатаагүй, хагархай, өргөс хатгахаар, хүүхдийн дамжиж тоглох 11 метр тоглоомонд 11 шон хийхээс 9 шон болон шонгийн доорх дугуй хавтан мод хийгдээгүй дутуу миний захиалсан зургийн дагуу хийгдээгүй байсан. Ц.Мтай утсаар холбогдоход тоглоом асуудалтай байвал очоод янзлаад өгнө гэж хэлсэн боловч одоог хүртэл модон тоглоом, сандалыг янзалж өгөөгүй. Сүүлдээ надтай харьцаж байсан фейсбүк чатыг блоклож, утсаа авахгүй болсон. Өмнөх шүүх хуралдаанд анх гаргаж тохиролцсон ажлын зургыг үзье гэхэд дэвтэрт байсан зурган дээр дараад өөр ажлын зураг зурсан, ураад хаясан гэж тайлбарлан байхгүй гээд үзүүлээгүй. Хийсэн 3 сандал нь анх тохиролцсоноор өргөсгүй зүлгүүрдэж лакдаж, будаж өгнө гэсэн ажлууд хийгдээгүй боловч энэ ажлыг бид өөрсдөө хийгээд гүйцээгээд сандалыг хүлээж авъя. Харин модон тоглоом чанарын шаардлага хангахгүй байгаа тул буцааж өгнө. Сандалыг 300.000 төгрөг, модон тоглоомыг 700.000 төгрөгөөр хийхээр тохирсон байсан. Иймд модон тоглоомыг буцааж өгч ажлын хөлс 700.000 төгрөгийг Ц.Маас гаргуулна гэв.
Хариуцагч Ц.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.М миний бие Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах мужааны цехэд байхад С.О гэх эмэгтэй 3 ширхэг гадаа тавих сандал, 10 метрийн урттай хүүхдийн тоглоомын саад хийлгэнэ гэж ирээд дэвтэр дээр зураг гаргахдаа 2 талдаа 2 метр орчим өндөртэй дундаа жижиг тайрдаснууд хоорондоо банзаар холбоотой байна гэж ярьж байсан. Зундаа хүүхдүүд тоглож, өвөлдөө цас хунгарлахаас хамгаалж байна гэж ойлголцсон. Энэ ажлыг хийсний дараа морины зэл шиг харагдахаар байна гэж хэлж байсан. Зүгээрээ гээд бид тохиролцсоны үндсэн дээр урьдчилгаа 900.000 төгрөг авч ажлыг хийж эхэлсэн. 3 сандалыг хийж тоглоомын бэлдэцээ хийж 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр суурилуулж өгсөн гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.О нь хариуцагч Ц.Мад холбогдуулж 1.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж 700.000 төгрөг гаргуулахыг шаардсан байна.
Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
Нэхэмжлэгч хариуцагчтай зусланд гадаа тавих зориулалттай 3 ширхэг модон сандал, хүүхдийн модон тоглоом хийлгүүлэхээр ажил гүйцэтгэгчийн ажлын дэвтэр дээр зургаа гаргаж 11 метрийн урттай 9 ширхэг шонтой, шонгийн урт 2,5 метр, шонгийн доор хүүхэд халтирхааргүй, сайтар зүлгүүрдэж, будаж дугуй модон хавтан хийх, ажлыг 7 хоногийн дотор, ажлын хөлс 1.000.000 төгрөг байхаар тохиролцсон. Модон тоглоом анх тохирсон хэмжээгээр бус, чанарын шаардлага хангахгүй хийгдсэн тул ажлын хөлсөнд төлсөн 700.000 төгрөгийг гаргуулна гэж шаардах эрхээ тодорхойлсон.
Нэхэмжлэгч, хариуцагч нар 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 3 ширхэг модон сандал, хүүхдийн модон тоглоом хийлгэх, модон сандал нь өргөсгүй зүлгүүрдсэн, лакдаж натурал өнгөөр будах, модон тоглоомыг 11 метрийн урттай 9 ширхэг шонтой, шонгийн урт 2,5 метр, шонгийн доор хүүхэд халтирхааргүй, зүлгүүрдэж, будаж дугуй модон хавтан хийж энэ ажлыг 7 хоногийн дотор гүйцэтгэх, ажлын хөлс 1.000.000 төгрөг байхаар тохиролцож гэрээ байгуулсан байна.
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Хариуцагч Ц.М өөрийн материалаар гэрээгээр тохирсон 3 ширхэг модон сандал, хүүхдийн модон тоглоом хийж захиалагч С.От хүлээлгэн өгөх, захиалагч нь ажлын хөлс 1.000.000 төгрөгийг ажил гүйцэтгэгч Ц.Мад хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн байна.
Нэхэмжлэгч С.Оээс ажлын хөлс 1.000.000 төгрөгийг Ц.Мад шилжүүлсэн боловч, ажил гүйцэтгэгч Ц.М гэрээгээр тохиролцсон 3 ширхэг сандал, хүүхдийн модон тоглоомыг чанарын шаардлага хангасан хэлбэрээр тохирсон хугацаанд захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй буруутай.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа 3 ширхэг модон сандал, хүүхдийн модон тоглоомыг 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр аваачиж суурилуулсан гэж тайлбарласан боловч гүйцэтгэсэн ажлаа захиалагчтай хүлээлцээгүй, Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасан гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, 350.1.6-д заасан захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй буруутай.
Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзэхээр заасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгч амаар тохирсон хэмжээнээс өөрөөр хийж гүйцэтгэсэн, хариуцагч 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс ажлын зургийг нотлох баримтаар гаргуулах хүсэлтэд дэвтэр дээр зурагдсан зураг байхгүй дээр нь ажлын өөр зураг дарж зурсан, зарим нь цаасаар хаягдсан гэсэн тайлбар тус тус гаргасан тул ажлыг зургийн дагуу гүйцэтгэсэн эсэхд дүгнэлт өгөх, шинжээчийн дүгнэлт гаргуулах боломжгүй байна.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд хариуцагч 3 ширхэг сандалыг өмнөх хурлаас хойших хугацаанд лакдаж будаж өгнө гэж тохирсон боловч энэ ажлыг хийхээр дахин холбогдоогүй, сандалыг өөрсдөө зүлгүүрдэж, лакдаж будах боломжтой гэж тайлбарлан 300.000 төгрөгний шаардлагаас татгалзаж, хүүхдийн модон тоглоомын ажлын хөлс 700.000 төгрөгийг гаргуулахыг шаардсан тул дээрх үндэслэлээр хариуцагч Ц.Маас 700.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.От олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Маас хангасан үнийн дүнгийн хэмжээгээр төлбөр гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.3-д зааснаар хариуцагч Ц.Маас 700.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.От олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Маас 21.350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.От олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА