Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/34

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоогоор тэмдэглэл хөтлүүлэн, улсын яллагч М.Алтангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн, шүүгдэгч Н.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2524000000043 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1991 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн, халх, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ************** мэргэжилтэй, *****************, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ********************** оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ***************************, регистрийн дугаар: *********************,

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарч байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.С нь 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 02-ний өдөрт шилжих шөнө Завхан аймгийн Тэлмэн сумын Өвөгдий багийн нутагт байрлах Т.Он гэрт, согтуурсан үедээ, хохирогч Л.Цтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар толгой хэсэгт сандлаар нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд баруун дагзны ар хэсгийн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх хуудас/, иргэн Л.Ций бичгээр гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 2 дахь хуудас/, хохирогч Л.Ций 2025 оны 3 дугаар сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь хуудас/, хохирогч Л.Ций 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь хуудас/, гэрч Н.Он 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх хуудас/, гэрч Г.Бн 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь хуудас/, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн 2025 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 467 дугаартай яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 37 дахь хуудас/, Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ЗАВ0725/099 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 38 дахь хуудас/, Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Зав0725/131 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 43-44 дэх хуудас/, хохирогч Л.Ц 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дахь хуудас/, иргэний нэхэмжлэгч Д.Цн 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 100-101 дэх хуудас/, иргэний нэхэмжлэгч Т.Он 2025 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 105-106 дахь хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Н.С нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан 121,072 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Н.С нь төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял, албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Иймд шүүгдэгч Н.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн 23 см өндөртэй, тавцан нь 27х27 хэмжээтэй, 1 ширхэг сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Н.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.  

5. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн 23 см өндөртэй, тавцан нь 27х27 хэмжээтэй, 1 ширхэг сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УРТНАСАН