Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2021/ДШМ/023

 

Б.З-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч Б.З , түүний өмгөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар В.Ундрах-Оргил нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Д.Батцэнгэл, Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/26 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.З гийн гаргасан давж заалдах гомдлоор Б.З д холбогдох эрүүгийн 2014000000388 дугаар хэргийг 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, овогт Б.З, 1994 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4,  урьд 2010 оны 10 дугаар сарын 14-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3, 125 дугаар зүйлийн 125.2-т зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн 2012 оны 12 дугаар сарын 15-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн  99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар энэ тогтоолоор оногдуулж байсан 3 сарын хугацаагаар баривчлах ял дээр 2010 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 1 хоногийн ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 2 сар 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 3 жил 5 сар 26 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй,

Б.З  нь 2020 оны 09 дүгээр сарын 17-ны орой 19-20 цагийн хооронд Баянхонгор сумын Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Хавчуурын ам гэх газар иргэн *******ын хэвлийн тус газарт хутгалж зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.З д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 Анхан шатны шүүх: Шүүгдэгч  овогт Б.З хүний эрүүл мэндэд зэвсэг хэрэглэж хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч  овогт Б.З дөрвөн /4/ хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Б.З д оногдуулсан дөрвөн /4/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шүүгдэгч Б.З  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар алаг өнгийн эвхэгддэг хутгыг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар даалгаж, Шүүгдэгч Б.З гийн эзэмшлийн ...Самсунг... маркийн гар утсыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эзэмшигч Б.З д буцаан олгож, Шүүгдэгч Б.З д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.З  гаргасан давж заалдах гомдолдоо: Б.З  миний бие нь 2021 оны 01 сарын 21-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолыг хүндэтгэж байгаа бөгөөд надад оногдуулсан 4 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Миний бие нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд ах дүү садан төрлийн хооронд ийм явдал болсонд маш ихээр харамсаж байна. Хохирогчид хохирлыг бүрэн төлж барагдуулсан миний ар гэрийн байдал зэргийг харгалзан үзэж том охин 1 нас 6 сартай, бага хүү дөнгөж мэндлээд 1 сар ч хүрээгүй, эхнэр минь нялх биетэй, хөдөө мал маллан амьдардаг зэргийг харгалзан үзэж надад оногдуулсан 4 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээ 5 жилийн хорих ялын гуравны хоёроос багагүй буюу шүүгдэгч Б.З д оногдуулсан хорих ялыг дахин багасгаж оногдуулах бүрэн боломжтой гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээ 3 жил 4 сар хүртэл ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.З гийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн  хэргийг  шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд  гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:

Б.З  нь 2020 оны 09 дүгээр сарын 17-ны орой 19-20 цагийн хооронд Баянхонгор сумын Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Хавчуурын ам гэх газар иргэн *******ын хэвлийн тус газарт хутгалж зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь 2014000000388 дугаар эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан,  шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцсэн 

Хавтаст хэргийн 11-12, 114-116 дугаар талд авагдсан “... доошоо тонгойгоод хоол идээд сууж байсан чинь Золбоо миний цээж рүү цохих шиг болсон. Би ч өөрөө анзаараагүй юм. Тэгсэн миний цээжнээс цус гарч эхэлсэн юм..., ...Б.З  миний өөдөөс түлхэх шиг болоод би эргээд суугаад хэсэг хугацааны дараа миний хэвлий хэсэг хүйт даагаад явсан тэгээд дээлэн дотроо гараа хийгээд үзтэл миний гар цус болсон... “ гэх хохирогч *******ын өгсөн мэдүүлгүүд,

Хавтаст хэргийн 13-14 дүгээр талд авагдсан “...Золбоо, *******ыг гартаа байсан хутгаараа хутгалсан. Тэгсэн ******* гараараа хутгалсан хэсгийг барьж үзэхэд цус болсон....” гэх гэрч *******ын өгсөн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 119-120 дугаар талд авагдсан “...******* би ямар учраас уучлалт гуйх юм гээд босоод ирэх шиг болсон тэгээд намайг харах зуур Б.З  суу гэж хэлээд баруун гараараа түлхээд суулгаж байсан. Би мах идэж дуусаад гараа арчаад сууж байсан сайн анзаарч  хараагүй тэгсэн удалгүй манай ******* гэдэснээс цус гараад байна гэхээр нь өмсөж авсан дээлийг нь тайлаад подволкыг сөхөөд хартал хэвлий хэсгээс нь цус гарч байсан....” гэх гэрч *******ийн өгсөн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 112-113 дугаар талд авагдсан “... ******* миний өөдөөс би ямар учраас уучлалт гуйх юм бэ гэж хэлээд цээж рүү нь нэг удаа түлхээд авсан тэгээд удалгүй ******* өөрийн дээлний өвөрлүү гараа хийгээд наад хутга чинь орсон байна цус гарч байна гэхэд хувцасыг тайлаад үзэхэд цээжний доохно хэвлий орчмоос цус гарч байсан тэгээд би миний барьж байсан хутга *******ыг хутгалсан гэдгийг мэдсэн...” гэх яллагдагч Б.З гийн өгсөн мэдүүлэг

Хавтаст хэргийн 32-33 дугаар талд  авагдсан “... *******ын биед хэвлийн баруун доод хэсгээр нэвтэрч өрц, элэгний баруун дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл болно. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр  үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх шинжилгээний дүгнэлтийг хохирогч *******ын биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийж гаргасан Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 538 тоот дүгнэлт болон  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, өвчний түүх, бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв  байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч Б.З  нь хүний эрүүл мэндэд зэвсэг хэрэглэж хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан төрөл хэмжээний хүрээнд  ял  оногдуулсан нь шүүгдэгчийн  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хохирлын шинж чанар, шүүгдэгчийн  хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалтын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан ялын санкцаас хөнгөрүүлэн шүүгдэгч Б.З д 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байх тул анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/26 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, “4 жилийн хорих ялыг хөнгөрүүлэх”-ийг хүссэн шүүгдэгч Б.З гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн үзэв.

   Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 

зүйлийн 1.1-т  заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/26 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.З гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

Б.БОЛОР-ЭРДЭНЭ