Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0104/З |
Дугаар | 128/ШШ2022/0844 |
Огноо | 2022-11-14 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2022/0844
2022 11 14 128/ШШ2022/0844
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г****** ХХК /РД: /
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Б******,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.У********* нарын хооронд Г****** ХХК-ийн нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/1025 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г****** ХХК нь нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/1025 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар маргасан.
2.Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/1210 дугаар захирамжаар Г****** ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг сэргээн олгож, нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/1025 дугаар захирамжаар тусгай зөвшөөрлийг цуцалсан.
3.Нэхэмжлэгч Г****** ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/1025 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн.
4.Нэхэмжлэгч Г****** ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
“Манай компани Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гишүүний ам-2 нэртэй газарт байршилтай элс-хайрганы хольцын ордны тусгай зөвшөөрлийг 2007 онд авч, өөрсдийн зардлаар хайгуул хийж, 2010 онд Ашигт малтмалын газраас MV-015608 дугаар 205,66 гектар талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатайгаар буюу 2040 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл авсан байдаг. Уг тусгай зөвшөөрлийг авахад 2007 онд хайгуулын ажил гүйцэтгэж, хайгуулын ажлын үр дунгийн тайланг бэлтгэн боловсруулж, 2009 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хэлэлцүүлж, Эрдэс баялаг, эрчим хүчний яам Ашигт малтмалын газар, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 01-12 дугаар дүгнэлтээр нөөцийг тогтоолгон, нөөцийг ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгүүлэн, ТЭЗҮ боловсруулах ажиллах зөвшөөрлийг авч, Ашигт малтмалын газрын даргын 2009 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 83 дугаар тушаалаар баталгаажуулж, жил бүр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цаг хугацаанд нь төлсөөр ирсэн байдаг.
Үүнээс хойш Хан-Уул дүүргийн Засаг дарга, нийслэлийн Засаг даргаас удаа дараа шийдвэрүүд гарч, үйл ажиллагааг хааж, явуулах боломжгүй нөхцөлд байлгасаар ирсэн. 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Засаг даргын А/609 дүгээр захирамж гарч тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн. Уг захирамжийг манай компани эс зөвшөөрч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар уг маргаан 2017 онд захиргааны хэрэг үүсч, 3 шатны шүүхээр 2 удаа хэлэлцэж, 2020 оны 6 дугаар сард Г****** ХХК-тай Нийслэлийн Засаг дарга эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байдаг.
Эвлэрлийн гэрээгээр нийслэлийн Засаг дарга нь 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн Г****** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаагүй, үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах боломжоор бүрэн хангаж ажиллахыг хүлээн зөвшөөрч эвлэрсэн. Уг эвлэрлийн гэрээг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 411 дугаар захирамжаар баталж шийдвэрлэсэн.
Энэхүү шүүгчийн захирамж нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д "Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно," гэснийг үндэслэж гарсан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагавар нь мөн зүйлийн 69.2-т "...Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ..." гэж заасны дагуу хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан.
Энэхүү хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг нийслэлийн Засаг дарга нь Монгол Улсын үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ..." гэснийг, мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т "...Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ..." гэж заасныг дагуу албадан гүйцэтгүүлж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр А/1210 дугаар захирамж гаргаж тусгай зөвшөөрлийг сэргээсэн.
Гэтэл Нийслэлийн Засаг дарга 1 жилийн дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр А/1025 дугаар захирамжийг гаргаж, үндэслэлдээ Улаанбаатар хотын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд орсон тухай дурдаж өмнө нь 2017 оны А/609 дүгээр захирамжийнхаа үндэслэл болгосон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2016 оны "Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай" 50 дугаар тогтоолоор батлагдсан хамгаалалтын бүстэй давхцалтай байна гэдгийг дахин дурдаж, тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа нь дээрх хуулийн заалт, эвлэрлийн гэрээ, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзсан, түүнийг үл хэрэгсэж захирамж гаргасан байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/1025 дугаар захирамжид дурдсан үндэслэл нь өмнө гаргасан 2017 оны А/609 дүгээр захирамжийнхаа үндэслэлийг дахин дурдаж захирамж гаргасан байгаа нь шүүхийн нэгэнт шийдвэрлэсэн асуудалд дахин дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрийг биелүүлж хүчин төгөлдөр болсон үйл баримтыг үгүйсгэж захирамж гаргасан байгаа нь хууль бус байна.
Хоёр. Нийслэлийн засаг дарга Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 35.1.3 ...аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцалсан.... 37.1.3-д "...тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан...". Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т ...усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, тэжээгдлийн мужийг тэмдэгжүүлж, хамгаалах, тохижуулах, бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангах..." гэж заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Гэтэл Г****** ХХК-ийн хувьд тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан үйл баримт огт болоогүй байхад энэ үндэслэлийг баримталж хүчингүй болгосон нь хууль бус.” гэжээ.
5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Уг тусгай зөвшөөрлийг авахад 2007 онд хайгуулын ажил гүйцэтгэсэн. Хайгуулын ажлын үр дүнгийн тайланг бэлтгэн боловсруулж, 2009 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Эрдэс баялаг Эрчим хүчний яам, Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, мэргэжлийн зөвлөлийн 0112 дугаар дүгнэлтээр нөөцийг тогтоосон байдаг. Нөөцийг ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн тоонд бүртгүүлсэн үйл явдал хавтаст хэрэгт авагдсан. Техник, эдийн засгийн үндэслэлийг мөн боловсруулж ашиглах зөвшөөрлийг авч Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2009 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 83 дугаар тушаалаар батлуулж, үүнээс хойш жил бүр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлсөөр ирсэн.
2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын А/609 тоот захирамж гарч, тусгай зөвшөөрлийг цуцалж, 2020 оны 6 дугаар сард нэхэмжлэгч болон хариуцагч нар эвлэрлийн гэрээ байгуулж, 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 411 дугаар захирамжаар шийдвэр гарч баталгаажсан. Энэ шийдвэрийн дагуу Нийслэлийн Засаг дарга 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/1210 дугаар захирамжаар тусгай зөвшөөрлийг сэргээсэн.
2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн захирамжаас нэг жилийн дараа 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/1025 дугаар захирамж гарсан. Энэ захирамж нь өмнөх 2017 оны А/609 захирамжийн үндэслэл болгосон шийдвэрүүдээр дахин гарсан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэхь хэсэгт зааснаар нэгэнт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дахин нотлох шаардлагагүй гэж харагдаж байгаа. Тийм учраас маргаан бүхий захирамж үндэслэлгүй гарсан гэж үзэж байна.
Хоёрдугаарт Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий захирамжийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэсэн. Өөрөөр хэлбэл холбогдох байгууллагын саналыг харгалзан дүгнэлт гарсан гэдэг. Гэтэл энэ тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө төлөөгүй, байгаль орчныг сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын дүгнэлт санал гараагүй. Үүнтэй холбоотой дүгнэлт гарсан зүйл байхгүй байхад үүнийг баримталж хүчингүй болгосныг хууль бус байна гэж үзэж байна.
Засгийн газрын 2012 оны 194 дугаар, 2015 оны 289 дугаар тогтоолоор батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эхтэй давхцалгүй, ойн сантай давхцалгүй, усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцалгүй, улсын хамгаалалтын бүстэй давхцалгүй, орон нутгийн тодорхой хэмжээнд давхцалтай гэдэг. Үүнээс харахад хариуцагчийн маргаж байгаа усан сан бүхий ундны усны эхтэй давхцалтай гэдэг байдлаар өөрөөр хэлбэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 50 дугаар тогтоолоор давхцалтай гэдэг байдлаар маргаж байгаа гэж ойлгож байгаа. Тус тогтоол нь эргээсээ 500-800 метр зайг хэлж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад Г****** ХХК эргээсээ 1275 метр зайд байна.” гэв.
6. Хариуцагч нийслэлийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Г****** ХХК-иас түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын MV- 015608 дугаар тусгай зөвшөөрлийг нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/1025 дугаар захирамжаар Улаанбаатар хотын усны сан бүхий газрын хамгаалалтын бусад орсон тул цуцалж шийдвэрлэсэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т "Энэ хуулиар түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна", 35 дугаар зүйлийн 35.1.3-т "нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцалснаар түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл дуусгавар болно", мөн Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т "нийслэлийн Засаг дарга усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, тэжээгдлийн мужийг тэмдэгжүүлж, бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангана" гэж заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн.
Тус аж ахуйн нэгжийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны "Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэх тухай" 50 дугаар тогтоолоор батлагдсан хамгаалалтын бүстэй давхцалтай байна. Иймд "Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг зөрчиж байх тул "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай" хуулийн 4 дүгээр зүйл, мөн тусгай зөвшөөрөл бүхий талбайд газрын хэвлийн нөхөн сэргээлт хийгээгүй байгаа нь түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй тул тус компанийн МV-015608 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж, дуусгавар болгож шийдвэрлэсэн болно.” гэжээ.
7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нийслэлийн Засаг дарга Г****** ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлахдаа холбогдох нутгийн захиргааны байгууллагуудаас ирүүлсэн дүгнэлтийн дагуу сонсох ажиллагаа болон холбогдох лавлагаа мэдээллийг авсны үндсэн дээр тусгай зөвшөөрлийг цуцалсан. Тусгай зөвшөөрөл нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүстэй давхцалтай гэдэг шалтгаанаар цуцалсан. Гол мөрний урсац бүрэлдэх усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар усны сан бүхий газар ашигт малтмал ашиглуулах боломжгүй болохоор түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг үндэслэж Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрлийг цуцалж, дуусгавар болгосон. Өмнөх ярьсан 2017 онд цуцалсан асуудал биш. Сүүлд цуцалсан захирамжийн хүрээнд нэхэмжлэл гаргаж, энэ хүрээнд хариу тайлбар хэлнэ гэж ойлгож байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 50 дугаар тогтоолоор энгийн хамгаалалтын бүс, онцгой хамгаалалтын бүсийг тогтоосон. Тэр бүсэд яаж хамаарч байгаа талаар лавлагааг Газар зохион байгуулалтын алба ирүүлсэн. Тэндээс харахад өнгөөр ялгасан, хамгаалалтын бүсэд орсон байгаа гэдгийг тодорхой харуулж байна.“ гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Г****** ХХК-ийн гаргасан Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/1025 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Г****** ХХК-д 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн Гишүүний ам-2 нэртэй газарт орших 205.66 гектар талбай бүхий газрыг ашиглах МV-015608 дугаар бүхий ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс олгосон.
3.Уг тусгай зөвшөөрлийг нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжаар цуцалсныг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийслэлийн Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг тус шүүхийн шүүгчийн 2020 оны 128/ШШ2020/0411 дүгээр захирамжаар баталжээ.
4.Ингээд нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/1210 дугаар /хавтаст хэргийн 13 дугаар тал/ захирамжаар Г****** ХХ-ийн тусгай зөвшөөрлийг сэргээн олгож, мөн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/1025 дугаар /хавтаст хэргийн 12 дугаар тал/ захирамжаар Улаанбаатар хотын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд орсон гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан.
5.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр маргаан бүхий актыг эс зөвшөөрч маргасан.
1/Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/1025 дугаар захирамжид 2017 оны А/609 дүгээр захирамжийн үндэслэлийг дахин дурдсан нь шүүхийн нэгэнт шийдвэрлэсэн асуудалд дахин дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрийг биелүүлж хүчин төгөлдөр болсон үйл баримтыг үгүйсгэсэн,
2/Тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргаагүй байхад цуцалсан.
6.Хан-Уул дүүргийн Засаг даргаас 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 09/423 дугаар /хавтаст хэргийн 32 дугаар тал/ албан бичгээр голын ай савд үйл ажиллагаа явуулж байгаа болон нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй аж ахуй нэгж, байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг нийслэлийн Засаг даргад хүргүүлжээ.
7.Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 03/4163 дугаар /хавтаст хэргийн 36 дахь тал/ албан бичгээр Г****** ХХК-ийн MV-015608 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан хамгаалалтын бүстэй давхцалтай талаар Нийслэлийн Байгаль орчны газарт хүргүүлж, тус газрын 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 02/1255 дугаар /хавтаст хэргийн 35 дахь тал/ албан бичгээр Г****** ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах талаар нийслэлийн Засаг даргад дүгнэлт хүргүүлсэн байна.
8.Нийслэлийн Байгаль орчны газрын 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 09/423 дугаар албан бичгээр /хэргийн 32 дахь тал/ нийслэлийн Засаг даргад “... голын ай савд үйл ажиллагаа явуулж байгаа болон нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгж байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцлуулах...” хүсэлтийг хүргүүлж, 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 02/1389 дугаар /хэргийн 30 дахь тал/ албан бичгээр нэхэмжлэгч Г****** ХХК-д Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан хамгаалалтын бүстэй давхцалтай тул тусгай зөвшөөрлийг цуцлах талаар мэдэгджээ.
9.Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/1025 дугаар захирамжаар Г****** ХХК-ийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах МV-015608 дугаар түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 205.66 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан.
10.Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 11.1.4-т “Энэ хуулийн 22.1-22.4-т заасны дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох;” гэж заасан бүрэн эрхийн дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын болон энгийн хамгаалалтын бүсийг тогтоосон бөгөөд Г****** ХХК-ийн МV-015608 дугаар тусгай зөвшөөрлийн дагуу ашиглаж байсан 205.66 гектар талбай нь дээрх бүстэй давхацжээ.
11.Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн лавлагаагаар /хэргийн 123 дахь тал/ Г****** ХХК-ийн МV-015608 дугаар тусгай зөвшөөрлийн дагуу ашиглаж байсан 205.66 гектар талбай нь орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан орон нутгийн усны энгийн хамгаалалтын бүстэй 204.36 га давхцалтай, мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 01-07/5132 дугаар албан бичгээр ирүүлсэн кадастрын зурагт /хэргийн 251 дэх тал/ Усан сан бүхий онцгой хамгаалалтын бүс, энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай болох нь нотлогдож байна.
12.Нийслэлийн Засаг дарга нь Г****** ХХК-ийн МV-015608 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан нь Усны тухай хуулийн 12 дугаар зүйлд “Аймаг, нийслэлийн Засаг дарга усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 12.1.4-т “усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, тэжээгдлийн мужийг тэмдэгжүүлж, бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангах”, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т “аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцалсан.”, 37 дугаар зүйлийн 37.1.”Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална:”, 37.1.3-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан;” гэж заасантай нийцжээ.
13.Иймд нэхэмжлэгч Г****** ХХК-ийн нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/1025 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г****** ХХК-ийн гаргасан нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/1025 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН