2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1272

 

 

 

 

 

 

 

 

 2025         05          15                                    2025/ШЦТ/1272

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,

улсын яллагч С.Чимэдцэеэ,

хохирогч Б.Г,

шүүгдэгч Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Н.Д-д холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Н.Д нь 2025 оны 01 дүгээр сарын 02-оос 03-нд шилжих шөнө ******* дүүргийн ******** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ....... нэртэй үйлчилгээний газарт үйлчлүүлж байхдаа түүн рүү согтуурсан байдалтай агсарч байсан Б.Г-ийн биед гараараа халдсаны улмаас биед нь зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний алиманд цус харвалт, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо хохирогчид төлөөгүй байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв” гэв.

Хохирогч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр юу болсон талаар огт санахгүй байгаа. Би юу болсон талаар сайн санахгүй байна гэж байцаагчид хэлсэн. Намайг шүүх эмнэлэг ороод үзүүлчих гэсэн. Дараа нь камерын бичлэгээс үзэхэд бүх зүйл надаас болсон байна лээ. Би согтуу хүмүүс рүү үсчиж дайрсан байсан. Миний хоёр нүд хөхөрсөн. Цээж жаахан хөндүүр байсан. Би маргааш өглөө нь сэрээд мэдсэн. Өөр гэмтэл байхгүй байсан. Нүд зовуурьтай байсан учраас очоогүй байж байгаад намайг хэн ийм болгосон юм бол гээд очиж шүүлгэсэн. Камерын бичлэг үзэхэд миний буруу байсан. Би хэрэгт эрүүл мэндэд учирсан хохирлын баримтаа гаргаж өгөөгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гомдол санал байхгүй. Бид хоёр өмнө хамт ажиллаж зөөгч хийдэг байсан найзууд байсан. Тэр үед таниагүй бсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Б.Гаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдлыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,

- Хохирогч Б.Гийн "...Би 2025 оны 01 дүгээр сарын 02-оос 03-нд шилжих шөнө ******* дүүргийн **** дүгээр хороонд байрлах ****** бааранд найз нарынхаа хамт дөрвүүлээ орж үйлчлүүлсэн. Баар тарахын алдад баарны хамгаалагч нар нь манайх хааж байна гэж шаардлага тавихаар нь би бид нар бас авсан юмаа ууж дуусгаад гарна гээд баарны хамгаалагч залуутай барьцалдаж аваад маргаан үүссэн юм шиг байна лээ. Би нэлээн уусан болохоор юу болсон талаар сайн санахгүй байна... намайг үл таних эрэгтэй хүн миний хоолойг боож намайг ухаан алдуулсныг санаж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 42/,

- Сиди-д үзлэг хийсэн ... Б.Г нь ширээн дээр сууж буй хүмүүс рүү дайрч Дөлгөөн гэх иргэнтэй заамдалцаж буй бичлэг байв. Д нь буцаж ирээд Б.Гийг 2 удаа толгой дээд хэсгээс цохиж буй дүрс бичлэг байв.... гэх тэмдэглэл /хх-ийн 23-26/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Сэргэлэнгийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн **** дугаартай ... Б.Г-ийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний алиманд цус харвалт, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..." гэх дүгнэлт /хх-ийн 14-15/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.Д нь 2025 оны 01 дүгээр сарын 02-оос 03-нд шилжих шөнө ******* дүүргийн ******** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .......нэртэй үйлчилгээний газарт үйлчлүүлж байхдаа түүн рүү согтуурсан байдалтай агсарч байсан Б.Гийн биед гараараа халдсаны улмаас биед нь зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний алиманд цус харвалт, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч өнөөрийн шүүх хуралдаан хүртэл хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй. Эрүүл мэндийн даатгалын санд 31.210 төгрөгийг шүүгдэгчээс төлж барагдуулсан. Цаашид гарах зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна” гэв.

Хохирогч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Хэлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Миний буруу хохирол төлбөрийн тухайд хохирогчид өгсөн зүйл байхгүй байгаа” гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Н.Д нь 2025 оны 01 дүгээр сарын 02-оос 03-нд шилжих шөнө ******* дүүргийн ******** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .......нэртэй үйлчилгээний газарт үйлчлүүлж байхдаа түүн рүү согтуурсан байдалтай агсарч байсан Б.Гийн биед гараараа халдсаны улмаас биед нь зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний алиманд цус харвалт, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  болох нь

- Хохирогч Б.Г-аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдлыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст хүлээн авсан тэмдэглэл, Хохирогч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "...Би 2025 оны 01 дүгээр сарын 02-оос 03-нд шилжих шөнө ********** дүүргийн ***** дүгээр хороонд байрлах ********* бааранд найз нарынхаа хамт дөрвүүлээ орж үйлчлүүлсэн. Баар тарахын алдад баарны хамгаалагч нар нь манайх хааж байна гэж шаардлага тавихаар нь би бид нар бас авсан юмаа ууж дуусгаад гарна гээд баарны хамгаалагч залуутай барьцалдаж аваад маргаан үүссэн юм шиг байна лээ. Би нэлээн уусан болохоор юу болсон талаар сайн санахгүй байна... намайг үл таних эрэгтэй хүн миний хоолойг боож намайг ухаан алдуулсныг санаж байна..." гэх мэдүүлэг, Сиди-д үзлэг хийсэн ... Б.Г нь ширээн дээр сууж буй хүмүүс рүү дайрч Д гэх иргэнтэй заамдалцаж буй бичлэг байв. Дөлгөөн нь буцаж ирээд Б.Гийг 2 удаа толгой дээд хэсгээс цохиж буй дүрс бичлэг байв.... гэх тэмдэглэл, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Сэргэлэнгийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ***** дугаартай ... Б.Г-ийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний алиманд цус харвалт, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..." гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Н.Д нь хохирогч Б.Г-ийн эрүүл мэндэд халдаж гэмтэл учруулсан байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Н.Д нь хохирогч Б.Г-ийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Н.Д-ийн үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. Шүүгдэгч гэм буруугийн асуудалд маргаагүй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулах, эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан байна. Эрүүгийн хариуцлагийн зорилгод нийцүүлэн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна. Цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй” гэв.

Хохирогч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Хэлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Би хоёр нялх хүүхэдтэй учир нийтэд тустай ажлаас өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Н.Д нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүх шүүгдэгч Н.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Бусад асуудал: 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж заасан

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч Н.Д нь гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Б.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар хохирол нэхэмжлээгүй, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нэхэмжлэхгүй гэсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Мөн уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Г нь эрүүл мэндийн даатгалын сангаас 31,210 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байх ба шүүгдэгч нь уг хохирлыг шүүхийн шатанд төлсөн байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Н.Д нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Н.Д нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохоо шүүхэд бичгээр илэрхийлснийг тэмдэглэж түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

            1.  Шүүгдэгч ******** овогт Н.Д-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дийг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дий нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДиг хэрэгт хавсарган хадгалсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.       

            7Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                                                

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.АЮУШЖАВ