Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2022/01057

 

 

 

 

                2022           04             13

                                          183/ШШ2022/01057

                  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ 

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Ч овогтой, Д.С-ийн нэхэмжлэлтэй, 

           Хариуцагч: М овогтой, Ц.У-т холбогдох, 

         

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 4.000.000 төгрөг гаргуулах тухай.

           

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ц.Б.

Хариуцагч Ц.У.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ц.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч  Д.С нь Ц.У-т холбогдуулан 4.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Д.С миний бие 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Ц.У-тэй харилцан тохиролцож, түүний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 28 байрны 02 тоот байрыг цэцэрлэгийн зориулалтаар түрээслэхээр болж, түрээсийн гэрээг байгуулсан. Тус түрээсийн гэрээний дагуу түрээсийн барьцаанд 500.000 төгрөг, түрээсийн төлбөрт 3.500.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөгийг Ц.У-т төлсөн. Гэтэл Ковид-19 цар тахал буюу давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал бий болж, цэцэрлэгийн зориулалтаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Мөн Ц.У нь 2020 оны 5 дугаар сард надтай утсаар ярьж “...орон сууцаа зарсан тул надад түрээслүүлсэн байрандаа амьдрах болсон”. Иймд 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Түрээсийн гэрээ” нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-д Энэ хуулийн 318.3-т зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус байна. Мөн Д.С нь гэрээ байгуулагдсанаас хойш Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 25 дугаар байрны 02 тоот, 227.32 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж, хүүхэд харах үйлчилгээг огт явуулаагүй болно. Иймд “Түрээсийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, түрээсийн төлбөр, барьцаанд шилжүүлсэн 4.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.С , Ц.У нар 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “Түрээсийн гэрээ”-г байгуулж, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 25 дугаар байрны 02 тоот, 227.32 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Д.С д хүлээлгэн өгсөн. Ингээд Ковид-19 цар тахал гарч, цэцэрлэгийн үйл ажиллагаа явагдах боломжгүй байсан тул 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгөө буцаан авсан. Миний зүгээс дээрх хотын төвд байрлах, томоохон үл хөдлөх эд хөрөнгийг доод тал нь сарын 4.000.000 төгрөгөөр түрээсэлдэг бөгөөд тухайн үед цар тахал гарч сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарласан байсан тул уг нөхцөл байдлыг харгалзан Д.С хүсэлтийн дагуу түрээсийн төлбөрийг 50 хувиар тооцон сарын 2.000.000 төгрөг байхаар гэрээг байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш Д.С нь уг үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд ашигласан. Иймд 6 сар, 24 хоногийн түрээсийн төлбөрт 13.599.999 төгрөгийг төлөх ёстойгоос өнөөдрийг хүртэл хугацаанд түрээсийн төлбөрт 3.500.000 төгрөг, барьцаа 500.000 төгрөгийг шилжүүлсэн. Иймд нэхэмжлэгч Д.С ээс түрээсийн үлдэгдэл төлбөрт 9.599.999 төгрөгийг төлөх ёстой. Мөн Д.С нь миний цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж байгаа, үүнийг сунгахын тул урт хугацааны түрээсийн гэрээ байгуулах шаардлагатай байна гэсний дагуу 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Түрээсийн гэрээ”-г 3 жилийн хугацаагаар байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар “дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл” тул түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Голомт банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 3 жилийн хугацаатай байгуулсан 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Түрээсийн гэрээ”, Мойлхон цэцэрлэг сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 0002366 дугаар гэрчилгээ, фото зураг гэсэн баримтыг, хариуцагчаас 4 сарын хугацаатай байгуулсан 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Түрээсийн гэрээ” гэсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.С түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 4.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-д зааснаар 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Түрээсийн гэрээ”-г үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, гэрээний дагуу төлсөн түрээсийн төлбөр 3.500.000 төгрөг, барьцаа 500.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “Түрээсийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахыг хүлээн зөвшөөрч байна. Харин гэрээний дагуу Д.С нь Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 25 дугаар байрны 02 тоот, 227.32 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд ашиглаж, хүлээлгэн өгсөн тул дээрх хугацаанд ашигласан түрээсийн төлбөрийг төлөх ёстой гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Голомт банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Түрээсийн гэрээ”, Мойлхон цэцэрлэг сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 0002366 дугаар гэрчилгээ, фото зураг гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Ц.У , Д.С нарын хооронд байгуулагдсан 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Түрээсийн гэрээ”-ээр түрээслүүлэгч Ц.У нь Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн 25 дугаар байр, 02 тоот хаягт байршилтай, 227.32 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 3 жилийн хугацаанд шилжүүлэх, /мөн өдрөөр огноотой 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаатай байгуулсан гэрээ авагдсан/ түрээслэгч Д.С нь түрээсийн төлбөр нь нэг сард 2.000.000 төгрөг, цэцэрлэгийн үйл ажиллагаа явагддаггүй 6, 7, 8 сард 500.000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ.

 

Уг гэрээний дагуу түрээслүүлэгч Ц.У нь Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн 25 дугаар байр, 02 тоот хаягт байршилтай, 227.32 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр түрээслэгч Д.С эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн, түрээслэгч нь гэрээнд заасан барьцаа 500.000 төгрөг, түрээсийн төлбөрт 3.500.000 төгрөгийг төлсөн талаар зохигч маргаагүй.

 

Мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Түрээсийн гэрээ”-г талууд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, хүчин төгөлдөр бус байх хэлцэл талаар зохигчид маргаагүй болно.

 

5. Иймд Ц.У , Д.С нарын хооронд байгуулагдсан 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Түрээсийн гэрээ”-г Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байх тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар уг гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм.

 

6. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.С нь уг гэрээний дагуу түрээсийн төлбөрт 3.500.000 төгрөгийг, барьцаанд 500.000 төгрөгийг, нийт 4.000.000 төгрөг шилжүүлснийг хариуцагч Ц.У ээс буцаан шаардах эрхтэй юм.

 

7. Харин нэхэмжлэгч Д.С нь түрээсийн гэрээний зүйлийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд эзэмшсэн болох нь талуудын тайлбараар нотлогдсон бөгөөд дээрх хугацаанд Ковид-19 цар тахлын улмаас цэцэрлэгийн үйл ажиллагаа явагдаагүй, түрээсийн зүйлийг зориулалтын дагуу ашиглаагүй тул гэрээний 2-т “цэцэрлэгийн үйл ажиллагаа явагддаггүй 6, 7, 8 дугаар сард түрээсийн төлбөрийг 500.000 төгрөгөөр тооцно” гэснийг үндэслэн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.С ийг /түрээсийн зүйлийг эзэмшсэн хугацаа 6 сарыг 500.000 төгрөгөөр тооцон/ 3.000.000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэв.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр Ц.У , Д.С нарын хооронд байгуулагдсан 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Түрээсийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Ц.У ээс буцаан гаргуулах түрээсийн төлбөр 3.500.000 төгрөг, барьцаа 500.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөгөөс Д.С үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3.000.000 төгрөгийг хасаж тооцон, үлдэх 1.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.С ээс 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 78.950 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 174.950 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.У ээс улсын тэмдэгтийн хураамжид 203.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1., 115.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Ц.У , Д.С нарын хооронд байгуулагдсан 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Түрээсийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Ц.У ээс 1.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Д.С д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.С ээс 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 78.950 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 174.950 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.У ээс улсын тэмдэгтийн хураамжид 203.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.С д олгосугай.

 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.СЭМЖИД