2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/930

 

 

 

 

 

 

2025         04        14                                      2025/ШЦТ/930

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг тус шүүхийн  шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч А.Марал,

шүүгдэгч Ц.Т-ийн,

шүүгдэгчийн өмгөөлөгч О.А,

нарийн бичгийн даргаар Б.Батзаяа нарыг оролцуулан эрүүгийн 2503001020283 дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Л.Б

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Ц.Т-ийн нь урьд 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн замын хөдөлгөөнд оролцон тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ дахин 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 00 цаг 51 минутын үед ******* дүүргийн ***** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ..........-ийн замд “Соната 6” загварын ******  улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцож, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан заалтыг зөрчсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

           

Шүүгдэгч  Ц.Т-ийн нь урьд 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ дахин 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 00 цаг 51 минутын үед ******* дүүргийн ***** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ..........-ийнзамд “Соната 6” загварын ******  улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт нь хавтаст хэрэгт бичгээр авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

            - шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- иргэний нэхэмжлэгч Г.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2025 оны 01 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 00 цагийн үед би өөрийн эзэмшлийн Nissan Cube маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явж байгаад ********-ийн Хаан банкны автобусны буудлын урд талд байрладаг GS 25 дэлгүүрийн зогсоолд зогсож байхад нэг машин замын эсрэг талаас ухарч ирээд миний машины зүүн урд хэсэгт мөргөчихөөд цаана очоод зогссон тэгээд би машинаасаа буугаад гүйж очоод та яаж байгаа юм бэ гэхэд ах нь замаа чөлөөлөөд зогсъё гэж хэлчихээд шууд яваад өгсөн тэгхээр нь би гар утсаараа зургийг нь дарж авчихаад цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед тэр машины жолооч нь согтуу байгаа нь илт мэдэгдэж байсан. Миний өөрийн нэр дээр бүртгэлтэй байдаг тээврийн хэрэгсэл байгаа юм. Надад бол гомдол санал алга. Би машиныхаа хохирлыг төлж барагдуулаад авсан байгаа. Нөгөө машины жолооч миний хохирлыг бүрэн барагдуулсан байгаа." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,

- иргэний нэхэмжлэгч Г.А-ийн өгсөн "... Би 2025 оны 01 сарын 13-ны 01 цагийн үед гэртээ унтаж амарч байдал гадаа чанга юм нурах чимээ гарсан тэгээд би сэрээд гараад хархад Соната 6 маркийн машинаар миний амьдардаг гэр буюу ********* дүүргийн ***** хороо ******* тоот бетон хавтан хашааг мөргөж нураасан байсан. Тэгээд машинруу нь яваад очиход хий эргүүлж хаазалсан байдалтай байсан тэгээд жолоочийн хаалгыг нь онгойлгоход жолооч нь эрэгтэй хүн байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,

- иргэний хариуцагч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би ослын талаар бол мэдэхгүй байна. Тухайн үед цуг яваагүй. Ц.Т-ийн нь миний ах байгаа юм. Тухайн машиныг би 3 жилийн өмнө ахдаа зарсан юм. Ер нь бол ахын өөрийнх нь машин байгаа юм. Миний нэр дээр бүртгэлтэй байдаг боловч Л.Б-ын машин байгаа юм. Хохирол төлбөрийн буруутай гэдэг нь тогтоогдвол Ц.Т-ийн өөрөө төлж барагдуулна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,

- Хөрөнгө үнэлгээний “Тэнцвэр Эстимэйт үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ********* дугаартай “Nissan cube ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ 320,000 төгрөгөөр тогтоогдсон талаарх дүгнэлт /хавтаст хэргийн 25-28 дугаар хуудас/,

- Хөрөнгө үнэлгээний “Хас үнэлгээ ” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 69 дугаартай “Улаанбаатар хот, ******** дүүргийн ***-р хороо, ***** дугаар гудамж **** тоот хувийн орон сууцны хашааны хохирлын үнэлгээ 683,000 төгрөгөөр тогтоогдсон талаарх дүгнэлт /хавтаст хэргийн 39-45 дугаар хуудас/,

- Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаагийн дэслэгч А.Батзориг 2025 оны 01 дугаар сарын 12-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 04-05 дугаар хуудас/,

- Эрх бүхий албан тушаалтын тэмдэглэл /зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл/ /хавтаст хэргийн 06-12 дугаар хуудас/,

- Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад татгалзсан талаарх хяналтын камерын бичлэг /хавтаст хэргийн 55 дугаар хуудас/,

- Жолоочийн лавлагаа, мэдээллийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 114 дүгээр хуудас/,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 79-81 дүгээр хуудас/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн талаарх тэмдэглэл /хавтаст хэргийн 55 дугаар хуудас/,

- Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч, Г.Баяраагийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн **** дугаартай мөрдөгчийн магадалгаа /хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

            Иймд шүүгдэгч Л.Б-ын урьд 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцон тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ дахин 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 00 цаг 51 минутын үед ******* дүүргийн ***** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ..........-ийнзамд “Соната 6” загварын ******  улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцож, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т “Жолоочид дараах зүйлийгхориглоно: “а/ ...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

            Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

            Шүүгдэгч Ц.Т-ийнд ял шийтгэл оногдуулахдаа шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал, согтолтын зэргийг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, зайлшгүй тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусдаар түүний оршин суух газар, ажлын газар байршдаг Улаанбаатар хотын Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр зорчих эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хязгаарлаж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв

            Шүүгдэгч Ц.Т-ийнд оногдуулсан эрх хасах ялыг, тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тооцуулж, хяналт тавиулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

            Бусад асуудлын талаар

 

Иргэний нэхэмжлэгч Г.Ч, Г.А нарт учруулсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны үед бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Л.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.  

 

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгт хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрс бичлэг хийгдсэн байх тул хэрэгт нь үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх ирээгүй болохыг тус тус дурдсугай.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ********* овогт Л.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Б-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Л.Б-ийнд шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар эдлүүлж, Улаанбаатар хотын Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт зорчих, яаралтай эмнэлгийн тусламж авахаас бусад тохиолдолд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусад газар руу зорчихгүй байхаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдаж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ыг оногдуулсан эрх хасах ялыг, зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс тооцуулж, хяналт тавиулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Энэ хэрэгт иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх ирээгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн СиДи 1 ширхгийг хэрэг үлдээсүгэй.

7. Шүүгдэгч Л.Б-ийн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Т-ийнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.БАТГЭРЭЛ