| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/0326/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/303 |
| Огноо | 2025-05-01 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/303
2025 05 01 2025/ШЦТ/303
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэвэлмаа,
Улсын яллагч О.Нандинцэцэг,
Шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч П.Энхболд /ҮД:3556/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ж.Бд холбогдох 2511 00000 0138 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19..... оны ........ дугаар сарын .......-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гүүр барилгын ажлын инженер мэргэжилтэй, “..........” ХХК-д инженер ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт .............. дүгээр хороо, “.............” хотхоны ............... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ЦБ /....................../,
Хэргийн товч агуулга:
Ж.Б /............./ нь 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “............”нэртэй үнэт эдлэлийн дэлгүүр буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалан орон байрны цонхны хамгаалалтын төмрийг хөрөөдөж, цонхоор нэвтэрч, эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 45,999,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт 2 “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ж.Б нь 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Korea jewelry” /кореан жэвэлри/ нэртэй үнэт эдлэлийн дэлгүүр буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалан орон байрны цонхны хамгаалалтын төмрийг хөрөөдөж, цонхоор нэвтэрч, эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 45,999.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.03/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.04-09/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Сөгсөн: “Болсон асуудлын талаар гэвэл 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 17 цагт дэлгүүрийнхээ лангууны үнэт эдлэлүүдээ хурааж аваад, урт талын Төрийн банкны хадгаламжийн хайрцаганд хийлгэчхээд, буцаж ажил дээрээ ирээд, сүүлд авсан кодлоогүй ээмэг, бөгжнүүдээ худалдагч Ариунбилэгтэй хамт кодолж дуусгаад, кодолсон ээмэг бөгжнүүдээ лангууны доод талын шургуулгад тавиур дээр шигтгээд хийж үлдээсэн, тэгээд бид 2 цэвэрлэгээгээ хийгээд 21 цагийн орчимд ажлынхаа хаалга цонхыг түгжээд гараад явсан юм. Манай дэлгүүр хагас сайн өдөр амардаг учир өчигдөр дэлгүүр дээрээ ирээгүй бөгөөд өнөөдөр буюу 2025 оны 02 дугаар сарын 23-ны өглөө 11 цагийн орчим худалдагч Ариунбилэгийн хамт ажил дээрээ ирээд хаалгаа түлхүүрээрээ түлхүүрдэж ороход ажил дээр хулгай орж 5 дахь өдөр кодлоод, лангууны доод талын шургуулгад хийгээд үлдээсэн бөгж, ээмэг эдлэлүүд хулгайлагдсан байсан. Тэгээд цонхоо үзэхэд цонх хагас нээлттэй, цонхны гадна талын хаалт төмрийг тасдагч багажаар тасдаж орсон байсан. Ингээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Хүнгүй байх хугацаанд бол лангуунд ил эдлэлүүд байгаагүй, банканд хадгалуулчихсан байсан, өнөөдөр банкнаас авчирч цагдаа нарыг ирэхээс өмнө лангуун дээрээ өрчихсөн байсан юм. Хулгайд алдагдсан эдлэлүүдийн тухайд гэвэл сүүлд үйлдвэрээс худалдан авсан, кодлоогүй эдлэлүүд байсан бөгөөд дурдвал: -960 сорьцтой 1 граммыг нь 335,000 төгрөгөөр худалдан авсан алтан хуримын хос бөгж, үүнд 9.1 гр, 9.17 грамм, 9.52 грамм нийт 3 хос бөгж, нийт 27.79 грамм 9.309.650 төгрөг, 585 сорьцтой 1 граммыг нь 200,000 төгрөгөөр худалдан авсан монетон морьтой бөгж 1 ширхэг 11.27 грамм 2,254,000 төгрөг, 585 сорьцтой 1 граммыг нь 200,000 төгрөгөөр худалдан авсан монетон цагираг ээмэг 1 ширхэг 3.49 грамм 698.000 төгрөг, 585 сорьцтой 1 граммыг нь 200,000 төгрөгөөр худалдан авсан монетон гурвалжин бөгж 2 ширхэг 2.0 грамм, 2.23 грамм нийт 846,000 төгрөг, 585 сорьцтой 1 граммыг нь 200,000 төгрөгөөр худалдан авсан монетон эрэгтэй 5 нүдэн бөгж 1 ширхэг 3.41 грамм 682,000 төгрөг, 585 сорьцтой 1 граммыг нь 200,000 төгрөгөөр худалдан авсан монетон хар манатай бөгж 1 ширхэг 2,8 грамм 560,000 төгрөг, 585 сорьцтой 1 граммыг нь 200,000 төгрөгөөр худалдан авсан монетон цагираг ээмэг 1 ширхэг 3,72 грамм 744.000 төгрөг, 960 сорьцтой 1 граммыг нь 335,000 төгргөөр худалдан авсан алтан кольцо бөгж нийт 4 ширхэг, 2.47 грамм, 2.14 грамм, 4.07 грамм, 2.42 грам нийт 11.73 грамм нийт 4,105,500 төгрөг, 999 сорьцтой 1 граммыг нь 340,000 төгрөгөөр худалдан авсан алтан цэцэгтэй цагираг ээмэг 1 ширхэг, 3.81 грамм 1,295,400 төгрөг, 960 сорьцтой 1 граммыг нь 335,000 төгрөгөөр худалдан авсан алтан сүүжин ээмэг нийт 17 ширхэг, 5.53 грамм, 4.73 грам, 4.06 грамм, 3.54 грамм, 3.9 грамм, 4.67 грамм, 3.68 грамм, 3.7 грамм, 3.59 грамм, 4.35 грамм, 2.59 грамм, 3.46 грамм, 2.27 грамм, 2.42 грамм, 2.7 грамм, 2.53 грамм, 2.63 грамм нийт 60.35 грамм нийт 20,217,250 төгрөг. Мөн цэнхэр жижиг хайрцаганд байсан бөгж ээмэгтэй хослол 3 ширхэг хос Даймондтой цагаан алт 450 сорьцтой 1 хослол 4,500,000 нийт 13,500,000 төгрөг. Мөн цэнхэр шигтгээтэй хайрцган дотор байсан 4 ширхэг шүр 1 ширхэг нь 700,000 нөгөө 3-г нь нэг ширхэгийг нь 400,000 төгрөгөөр авсан, мөн жижиг хавтгай шүр 2 ширхэг, 1 ширхэг нь 30,000 төгрөг нийт 1,960,000 төгрөг, Ингээд хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээг гаргахад нийт 56,171,800 төгрөгийг хохирол учруулсан байна. Би өөрт учирсан эд зүйлээ дээрх үнэлгээгээр үнэлж байна.
...Би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ 1 ширхэг шар өнгийн 750 сорьцтой, 0,5 мл- ийн даймондтой эрэгтэй бөгж алга болсон талаар мэдүүлэгтээ тусгаагүй байсан байна. Би тухайн зүйлийг мэдүүлэг өгсний маргааш нь санасан. Тухайн бөгж нь 4,000,000 сая төгрөгний үнэлгээтэй зарагдаж байгаа..., Энэ 3 ширхэг гялгар уутанд хийсэн эд зүйлүүдийг би, уутнаас нь гаргаж үзлээ. Тухайн эд зүйлсүүд миний дэлгүүрээс алдагдсан эд зүйлс мөн байна. Том, жижиг 9 ширхэг шүр, 3 ширхэг даймондтой 750 сорьцтой, цагаан алт бөгж, 2 хос 750 сорьцтой, даймондтой цагаан алтан ээмэг, 27 ширхэг шүрэн зүүлтний тасархай, 29 ширхэг цэнхэр өнгийн циркон шигтгээ зэрэг эд зүйлсүүд нь миний "Кореа Жэвлрэй" дэлгүүрээс алдагдсан эд зүйлсүүд мөн байна..., ...Би өрөө тухайн эд зүйлүүдийг худалдаж авч байсан болохоор таньж байна..., 3 ширхэг даймондтой 750 сорьцтой, цагаан алт бөгж, 2 хос 750 сорьцтой, даймондтой цагаан алтан ээмэгнүүд нийтдээ 10,000,000 сая төгрөг. Том, жижиг 9 ширхэг шүр нь 1,960,000 сая төгрөг. 27 ширхэг шүрэн зүүлтний тасархай, 29 ширхэг цэнхэр өнгийн циркон шигтгээ нь үнэгүй зүйлс байгаа юм. Миний харсан эд зүйлс нийт 11,960,000 сая төгрөгний үнэтэй зүйлс юм байна.
...11,960,000 төгрөгийн эд зүйлийг эргүүлэн авсан. ...мөн хулгай хийсэн залуу өөрөө надтай уулзаж, 46,200,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5011111974 тоот дансаар шилжүүлэн авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.13-15, 150/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Мөнхбаярын өгсөн: “...Миний бие 2407 дугаартай нүүлгэлтийн үйлчилгээнд ачигч ажилтай. Би нүүлгэлт байхгүй үед өөрийнхөө эзэмшлийн 47-60УНӨ улсын дугаартай Тоёото Акуа Приус маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явдаг..., Би тухайн өдөр 20 цаг болж байхад Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороо 61-901а тоотод байх гэрээсээ өөрийнхөө эзэмшлийн 47-60 УНӨ улсын дугаартай Тоёото акуа маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээ хийхээр гарсан. Би шөнөжингөө машинаараа такси үйлчилгээ хийгээд 2025 оны 02 дугаар сарын 22-ны шөнийн 05 цаг өнгөрч байхад гэрлүгээ харьсан. ... Би тухайн өдөр 04 цаг өнгөрч байхад Тэнгис кино театрын хавиар хүн такси барьж магадгүй гэж бодоод, Тэнгис кино театрын автобусны буудлын хажуугаар нь явах үед ямар ч хүн байгаагүй болохоор нь гэр лүүгээ явъя даа гэж бодоод, буцаж эргээд Чингэлтэй дүүргийн автобусны буудал өнгөрөөд явж байхад цагаан өнгийн маск зүүсэн, хар хөх өнгийн куртиктэй ба куртикнийхээ малгайг өмссөн, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй 170 орчим см-ийн өндөртэй эрэгтэй хүн гар өргөөд зогсож байсан болохоор нь машинаа зогсооход тухайн үл таних эрэгтэй хүн миний машин руу орж ирээд суусан. Би тухайн хүнээс “хаашаа, ямар чиглэл рүү явах уу” гэж асуухад “Дөлгөөн нуур орно” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Дөлгөөн нуур луу Хүнсний нэгээр дамжаад СУИС-ын гэрлэн дохиогоор хойшоогоо зүүн эргээд, Авто молл руу ирээд, “одоо Дөлгөөн нуур луу эргэх үү” гэж асуухад “уулзвараар баруун эргэчих” гэж хэлсэн болохоор нь Хүнсний 4-ийн гэрлэн дохиогоор чигээрээ гараад гарц өнгөрөөд автобусны буудлын урд хэсэгт ирэхэд тухайн үл таних эрэгтэй хүн ингэсгээд зогсчих гэж хэлсэн. Би машинаа зогсоод, “тооцоо нь 3,000 төгрөг болсон байна” гэхэд тухайн үл таних эрэгтэй хүн надад бэлнээр 3,000 төгрөг өгсөн. Тэгээд би, хүн байхгүй байсан болохоор гэр лүүгээ харьсан. Надад өөр мэдэж байгаа зүйл байхгүй..., Миний бодлоор 30-35 орчим настай, махлагдуу хүн гэж бодож байна. Би царай зүсийг нь хараагүй. Тухайн хүн аялгатай ярьж байсан ба Өвөрмонгол хүн шиг санагдсан. Би тухайн хүнийг дахин харвал танихгүй... Тухайн хүн миний машинаас буугаад Астро чиглэл рүү алхсан. Тэгээд би явчихсан болохоор мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.21-22/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Бөгсөн: “...Би тухайн өдөр 22-ны товчоо руу машины нэр шилжүүлэх ажлаар 12 цагийн үед очоод ажлаа амжуулчихаад буцаад 14 цаг өнгөрч байхад хотын төв рүү явж байгаад 1 дүгээр хорооллоос нэг хүн аваад Солонгосын элчин сайдын яамны орчим буулгасан. Тэгээд Асралт Мэд эмнэлэг рүү шинжилгээ өгөхөөр 17 цаг өнгөрч байхад очсон. Эмнэлэгт очоод 19 цаг болж байхад шинжилгээ өгч дуусаад 19 цаг 58 минутын үед шинжилгээний төлбөр болох 280,000 төгрөгийг шилжүүлчихээд эмнлэгээс гараад машинаа бариад явж байгаад нэг хүн замаасаа авсан. би тухайн хүнийг яг хаанаас авсанаа сайн санахгүй байна. Тэгээд тухайн хүнийг Чингэлтэй 3 дугаар хороо Урт цагааны гэрлэн дохио нь дээр буулгасан ба буусны дараа нэг эмэгтэй зөрж суусан. Тэгээд тухайн эмэгтэйг Ногоон төгөл хотхон хүргэж өгөөд таксиндаа явсан...” гэх мэдүүлэг /хх.24/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.25/,
Хяналтын камерийн бичлэг, түүнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.26-28/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх.60-65/,
Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Хүүшийн ам 1271 дүгээр байрны 19 тоот орон байранд үзлэг, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.69-76/,
Ж.Бын эзэмшлийн Самсунг Эс 22 загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.77-82/,
Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, “Соёмбо” хотхоны 54-6 тоот байранд үзлэг, нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.83-87/,
Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.99-100/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх.93-94/,
Сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах шийдвэрийн хүчинтэйд тооцох тухай тус шүүхийн шүүгийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 649 дүгээр захирамж /хх.104/,
Сэжигтнийг суллах тухай тус шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 668 дугаар захирамж /хх.107-108/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.111-114, 127-128/,
Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.116/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Бын яллагдагчаар өгсөн: “2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 20 цаг өнгөрч байхад гэрээсээ буюу Глобал Гарденаас такси бариад, Урт цагааны уулзвараар урагшаа УИД тал руу эргээд л таксинаас буусан. Таксинаас буухад 21 цаг өнгөрч байсан санагдаж байна. Тэгээд байран дундуур алхаж байгаад “Кореан Жевелри” дэлгүүрийн үүдэнд ирсэн. Тэр хавиар нэлээн удаан байсан бөгөөд гэрээсээ гарахдаа тасдагч багаж авч гарсан байсан. 23 цаг өнгөрч байхад авч ирсэн багажаараа урагшаа харсан 2 цонхных нь ертөнцийн зүгээр зүүн талын цонхны төмөр хаалтыг нь тасдах гэж оролдсон. Тэгээд айгаад больё гэж бодоод буцаад такси бариад, Нисэх рүү хадам ээжийн гэрт очсон. Хадам ээжийнх хүнгүй байсан юм. Тэгээд 01 цаг өнгөрч байхад такси бариад буцаад нөгөө дэлгүүр дээр ирсэн. 1 цагийн үед очиход тэр хавиар хүн их байсан болохоор, тэр хавиар нэлээн эргэж тойрч алхаж байгаад 04 цагийн үед өмнөх тасдах гэж оролдож байсан цонхныхоо хаалтны доод хоёр суурь төмрийг нь тасадсан. Төмрийг нь тасдаад, салхивчийг нь түлхсэн чинь онгойчихсон. Тэгээд төмрийг нь сөхөж байгаад салхивчаар нь дэлгүүр лүү орсон. Ямар ч байсан задгай ээмэг, бөгжнүүд, нэг удаагийн жижиг ууттай ээмэг, бөгжнүүд байсныг нь аваад куртикнийхээ халаасанд хийсэн. Дэлгүүр дотор 3-5 минут л болсон. Тэгээд тэндээс орж ирсэн цонхоороо гараад, хойшоо нэвт алхаж гараад такси барьсан. Тэр нь ямар машин байсныг санахгүй байна. Тэр такситайгаа шууд гэр лүүгээ харьсан. Гэртээ ирэх үед 05 цаг өнгөрч байсан байх. Маргааш нь буюу 02 сарын 22-ны өдөр авсан юмнуудаа үзэхэд алтан ээмэг, бөгжнүүд, монетон бөгжнүүд, монетон 1 хос ээмэг, уутан дотор чулуунууд байсан. 13 цагийн үед Хархорин дээр очоод лангуун дээр хүнтэй уулзаад 13.8 грамм алтыг 3,975,000 төгрөгөөр, 1,055,000 төгрөгөөр монетон 2 бөгж, 1 хос ээмэг зарсан. Мөн 1,054,000 төгрөгөөр монетон эдлэл зарсан. Тэгээд фейсбүүк дээрээс “Дуудлагаар алт авна, зарна” гэсэн зараар 2 өөр хүнтэй холбогдоод үдээс хойш, оройхондоо Зайсанд дуудаж уулзаад, 20 цаг 40 минутад 4,475,200 төгрөгөөр алтан эдлэлүүд, 20 цаг 46 минутад 5,130,000 төгрөгөөр алтан эдлэл зарсан. 1 сарын 23-ны өдөр зараар хүнтэй холбогдоод Гурвалжингийн гүүрний баруун талд уулзаад 19,310,000 төгрөгөөр үлдсэн алтан ээмэгнүүдийг нь /ширхгийг нь сайн санахгүй байна, 10 орчим хос байсан байх/, 2-3 хос монетон бөгжний хамт зарсан. Бусад эдлэлүүд нь мэдэхгүй юм байсан болохоор зараагүй үлдсэн. Мөнгөнүүдээ бүгдийг нь өөрийн Хаан банкны 5131064301, 5310110890 тоот дансаар авсан. Үнэт эдлэл зарсан мөнгөөрөө бүгдийг нь мөрийтэй тоглоом алдчихсан. Би хэрэг үйлдэх үедээ хар хөх өнгийн куртиктэй, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, цагаан ултай, хүрэн улаан өнгийн пүүзтэй явж байсан. Малгайгүй байсан. Куртикныхээ малгайг л өмсөөд явж байсан. Энэ хэргийг хийхэд надтай хамтарч оролцсон хүн байхгүй. Ийм юм хийх гэж байгаа талаараа, хийсэн талаараа ч хэнд ч хэлээгүй. Би өмнө нь 2 удаа энэ дэлгүүрээс хэрэглээний зээл авч байсан юм. Яг хэзээ зээл авч байснаа санахгүй банйа. Өөр үнэт эдлэлийн дэлгүүр мэдэхгүй болохоор энэ дэлгүүр рүү орсон. 2025 оны 02 сарын 21-ний өдрийн орой хулгай хийе гэсэн санаа төрөөд л гэрээсээ гарсан. 3 хос /6 ширхэг/ алтан бөгж, алтан кольцон бөгж 7-8 ширхэг, алтан жижигхэн жижигхэн ээмэгнүүд 10 гаруй хос, монетон бөгж 5-6 ширхэг, 1 хос монетон ээмэг, тэгээд баахан жижигхэн чулуунууд байсан /тоо ширхгийг нь мэдэхгүй байна/, цагаан өнгөтэй, шигтгээтэй бөгж 3 ширхэг, шигтгээтэй ээмэг 2 хос. байсан санагдаж байна. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Дахиж ийм үйлдэл хийхгүй...” гэх мэдүүлэг /хх.124-126/,
Хохиролд 46.200.000 төгрөг шилжүүлсэн тухай банкны баримт /хх.152/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.153-208/,
Хохирогч Схэргийн материалтай танилцаж, шүүх хуралд суухгүй тухай бичгээр гаргасан баримт /хх.209/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн гаргасан хүсэлт /хх.211/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.213/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Ж.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.
Шүүгдэгч Ж.Б хохирогчид 46,200,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ж.Баяржаргад 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн Сиди 1 ширхгийг хавтаст хэрэгт үлдээж, 1 ширхэг тасдагчийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн Тамгын газарт шилжүүлж, шүүгдэгч Ж.Быг сэжигтнээр баривчилсан 2 хоногийг эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэв.
Битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Батмягмарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж цагдан хорьж үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ЦБыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Бд 1 жил 2 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бын хойшлуулшгүйгээр баривчилсан 2 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
4. Шүүгдэгч У................ урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж цагдан хорьсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг тус тус баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхийг хавтаст хэрэгт үлдээж, 1 ширхэг тасдагчийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.
7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Б нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.