Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/337

 

 

 

 

 

 

 

    2025         05        13                                    2025/ШЦТ/337

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэвэлмаа,

Улсын яллагч Б.Энхбаяр,

Шүүгдэгч Ж.Э, түүний өмгөөлөгч П.Төмөрбаатар /ҮД:1586/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ж.Эт холбогдох 2508 00000 0546 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.... оны 0... дүгээр сарын......-ны өдөр ..........аймгийн ........... суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “.........” ХХК-д жолоочоор ажилладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт .......... дүүргийн .......... дугаар хороо, .......л овооны ......... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, СЭ /РД:............../.

Хэргийн товч агуулга:

Ж.Э нь 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр............ дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5......... улсын дугаартай Соната маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Цэзэмшлийн ............ улсын дугаартай Тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгслийг өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслээр мөргөж, хууль бусаар гэмтээсний улмаас 960,000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Э өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт 2 “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ж.Э нь 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 50-77 УАУ улсын дугаартай Соната маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Цэзэмшлийн 28-02 УББ улсын дугаартай Тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгслийг өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслээр мөргөж, хууль бусаар гэмтээсний улмаас 960,000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.01/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.05-07/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Цөгсөн: “2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 09 цаг 30 минут орчимд манай дүү Э миний тоёота приус 41 маркийн 28-02 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг бариад би жолоочийн хажуу талын суудал дээр суугаад Зайсанд байрлах ажилдаа явах гээд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхэд запуучуулын театрын баруун талд ажилдаа явж байхад урд байсан Тоёота соната-7 маркийн саарал өнгийн автомашин явахгүй байсан болохоор гүйцэж түрүүлэх гэхэд урдаас машин гарч ирж би зогссон. Тэгэхэд Тоёота соната-7 маркийн тээврийн хэрэгслийн эзэн машиныхаа xaaлгaaр миний машины баруун урд талын хаалгыг цохиж гэмтээн, манай дүү Этай маргалдаад байсан. Тэгээд урсгал сөрөөд орчихсон байсан болохоор ухарч зам тавьж өгөх гэтэл урдаас орж ирсэн Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч миний машины баруун урд талын гуперийг мөргөчихсөн. Тэгтэл Соната-7 маркийн тээврийн хэрэгслийн жолооч миний автомашины жолоочийн хойд талын хаалга, хонго зэргийг мөргөж гэмтээсэн...”,

Соната-7 маркийн тээврийн хэрэгслийн жолооч манай дүү Эын жолооны ард сууж байхад нь татаж буулгаж замын хажууд хоорондоо маргалдаж заамдалцаад байхаар нь би бууж очоод салгасан. Манай машин урсгал сөрж зам хаасан байсан болохоор Ц.Э зам чөлөөлөх гээд машин руугаа очих хооронд манай машины урд байсан Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч санаатайгаар манай машины урд гуперийн жолооч хэсгийг мөргөчихөөд “зам хааж зогсохоор ингэдэг юм” гэж хэлсэн. Би Приус-30 маркийн автомашины жолооч дээр очоод “яаж байгаа юм бэ? ингэж болохгуй шүү дээ” гээд ярьж байхад Соната-7 маркийн тээврийн хэрэгслийн жолооч урсгал сөрж санаатайгаар миний Приус-40 маркийн автомашины жолооч талын хойд хаалга болон кирлоныг мөргөж гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх.10, 78/,

“Ашид билгүүн” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан /хх.60-61/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.69-70/,

Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.73/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ж.Эын яллагдагчаар өгсөн: “... Приус-41 маркийн тээврийн хэрэгслийн жолооч урсгал сөрж зогссон байсан болохоор зам чөлөөлөхөөр машин руугаа явж байхад нь Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл нь Приус-41 маркийн тэврийн хэрэгслийг урд талын куперийг мөргөчихсөн. Тухайн 2 тээврийн хэрэгслийн жолооч нар бас хоорондоо маргалдаж байхад нь манай ээж Ж.Энхтунгалаг “та нар хоорондоо маргалдахаа больчих, бид нар буяны ажилтай явж байна” гэхэд Приус-41 маркийн тээврийн хэрэгслийн жолооч надад “ямар хамаатай юм” гэж хэлэхээр нь уурандаа машиндаа сууж ухарч санаатайгаар Приус-41 маркийн тээврийн хэрэгслийг санаатайгаар ухарч 1 удаа мөргөсөн... би өөрийн хийсэн гэм буруутай үйлдпээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.74/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.23-45/,

Хохиролд 960.000 төгрөг шилжүүлсэн тухай банкны баримт /хх.92/,

Шүүгдэгч Ж.Эын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол нөхөн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт /хх.93/,

Хохирогч Ц.Энхбатын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.94/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.104-105/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Ж.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

Шүүгдэгч Ж.Э нь хохиролд 960.000 нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Эт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ж.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ж.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ж.Эын хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Э нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Эт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч СЭыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Ж.Эт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Эт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ӨСӨХБАЯР