2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1228

 

 

 

 

 

 

 

 

     2025          05          05                                    2025/ШЦТ/1228

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч Б.Өлзийжаргал,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: 

 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн ******* тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар төрсөн, эрэгтэй, **** настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *******тоотод оршин суух, урьд:  

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 339 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр торгох ял,

- Нийслэлийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 07 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 353 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, *******

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “мөнгөн тоногтой эмээл мөнгөний оронд өгнө” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, ******* тоотоос хохирогч С.******* гэртээ байхад нь 18.000.000 төгрөгийг бэлнээр, 17.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5003849046 данс руу шилжүүлэн авч нийт 35.000.000 төгрөгийн хохирол учруулсан буюу залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/,

Хохирогч С.Ариунцацралын:

 “...11 дүгээр сарын 07-ны өдөр миний 99119515 дугаар луу миний найз Алимаагийн 2022 оны 11 төрсөн дүү Амартүвшин утсаар яриад эгчээ над дээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс дээр эрүүгийн хэрэг үүсэх гээд байна та надад 35.000.000 төгрөг яаралтай өгөөч надаа мөнгөн тоногтой эмээл байна та авах уу гэхээр нь би үнэхээр мөнгөн тоноглолтой эмээл байгаа л юм байх гэж бодоод за би аваад ир гэж хэлсэн. Тэгтэл эгчээ танайх хаана билээ гэж асуухаар нь би хаягаа хэлж өгсөн. Тэгтэл удалгүй Амартүвшин гэрт ирэхээр нь чи нөгөө эмээлээ яасан бэ? гээд асуусан чинь би танаас авсан мөнгөө байцаагчтайгаа уулзаад гэрээр ороод эмээлээ аваад ирье гэж хэлэхээр нь би итгээд Амартүвшинд бэлнээр 18.000.000 төгрөг өгөөд үлдсэн 17.000.000 төгрөгийг би өөрийнхөө 5374120203 тоот данснаас Амартүвшиний хаан банкны 5003849046 тоот данс руу шилжүүлсэн. Би Амартүвшиний гар утас болох 99103080 дугаар луу залгасан чинь эгчээ удахгүй арай л ажил амжаагүй байна гэж хэлсэн. Ингээд өнөөдрийг хүртэл надаас авсан 35.000.000 төгрөг болон оронд нь өгнө гэсэн эмээлийг хүртэл өгөөгүй. Би Амартүвшиний эгч болох Алимаагийн гар утас руу залгаад дүү чинь надаас мөнгө аваад явсан. Цагдаа дээр шалгагдаж байгаа гэж хэлсэн ш дээ гэж хэлсэн чинь Алимаа наадах чинь мөрийтэй тоглоом тоглоод байраа зарсан ш дээ хаана байгаа нь тодорхойгүй байгаа чи надаас асууж байгаад өгөхгүй дээ гэхээр нь би худлаа ярихгүй байх гэж бодоод итгээд мөнгө өгсөн чинь өнөөдрийг хүртэл мөнгөө авч чадахгүй залилуулсан учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өгч байгаа юм. Би өөрөө Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас асууж үзсэн чинь Амартүвшин ямар нэгэн эрүүгийн болон хэрэг бүртгэлт гомдол мэдээлэлд шалгагдаагүй гэдгийг мэдээд би Амартүвшинд залилуулсан гэдгээ мэдсэн. Ямар нэгэн эмээлийн зураг үзүүлээгүй. Амартүвшин өөрөө эртний үнэт эдлэл зардаг учраас их гарын мөнгөн эмээл гэхээр нь би итгээд л мөнгө өгсөн. Анх намайг мөнгө зээлээч гэхээр нь би үгүй гэж хэлсэн. Тэгтэл надад байгаа их гарын мөнгөн эмээл өгье гэж хэлэхээр нь л би итгээд л мөнгө өгсөн. Амартүвшиний аав ээж болон ар гэрийнхэн нь боломжийн амьдралтай дээр нь эртний эдлэл зардаг дээр мөн би Амартүвшиний эгчтэй нь багын найз нөхдийн холбоотой учраас итгээд дээр нь би энэ хүнийг эрүүгийн хэрэгт холбогдоод асуудалд орж байгаа юм байх гэж бодоод итгээд туслах гэж мөнгө өгсөн биш, намайг залилан мэхэлж өнөөдрийг хүртэл ямар нэгэн мөнгө болон их гарын мөнгөн эмээл өгөөгүй. Мөнгөө олж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

 

2001 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 339 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хавтаст хэргийн 49-50 дахь тал/,

2002 оны 01 дугаар сарын 15-ны өдрийн 007 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хавтаст хэргийн 51-53 дахь тал/,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 353 дугаар шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 54-63 дахь тал/,

2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Хаан банкны 5374120203 тоот дугаартай данснаас Хаан банкны 5003849046 тоот дугаартай данс руу 17.000.000 шилжүүлсэн банк хоорондын шилжүүлгийн баримт /хавтаст хэргийн 70 дахь тал/,

Хаан банкны 5003849046 тоот дугаартай дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 88-90 дахь тал/,

Хохирогчийн болон яллагдагч нарын хоорондын харилцсан зурвасын хуулбар /хавтаст хэргийн 72-85 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь хохирогч С.******* “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг “Миний үйлчлүүлэгч ******* нь өмнө нь алт мөнгөн эдлэл худалдан борлуулдаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан. Шүүгдэгч, хохирогч нарын анхны харилцааг шүүхээс анхаарч үзнэ үү. ******* 2024 онд ял шийтгүүлсэн боловч ялаа эдэлж дууссан. Одоо Их тэнгэрийн аманд барилгын төсөл хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Цаашид миний үйлчлүүлэгч засарч хүмүүжих бүрэн боломжтой” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. 

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ий холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ******* нь:    

2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “мөнгөн тоногтой эмээл мөнгөний оронд өгнө” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, ******* тоотоос хохирогч С.******* гэртээ байхад нь 18.000.000 төгрөгийг бэлнээр, 17.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5003849046 данс руу шилжүүлэн авч нийт 35.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч С.Ариунцацралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Хаан банкны 5003849046 дугаартай данс руу 17.000.000 шилжүүлсэн банк хоорондын шилжүүлгийн баримт, Хаан банкны 5003849046 тоот дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогчийн болон шүүгдэгч нарын хоорондын харилцсан зурвасын хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Ариунцацралд 35.000.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд дээрх хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас “шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг “Миний үйлчлүүлэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлсөн зэрэг байдлуудыг харгалзан үзэж улсын яллагчийн саналыг хүрээнд торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч *******ий цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ******* дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 3.000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ