| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/00518/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1229 |
| Огноо | 2025-05-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1229
2025 05 05 2025/ШЦТ/1229
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч О.Эрхэмбаяр,
хохирогч ******,
шүүгдэгч ******, түүний өмгөөлөгч Б.Буянхишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****** холбогдох эрүүгийн ************ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 7, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт, *********** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, **********.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ****** нь согтуурсан үедээ 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ****** тоотод хохирогч ******ыг үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж нүүрэн тус газарт нь удаа дараа гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “...зүүн дээд, доод зовхи, нүдний алим, хацар, шанаа, хамар, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ****** мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа. Эхнэрээсээ уучлал гуйсан. Одоо хамтдаа хэвийн амьдарч байгаа...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ****** мэдүүлэхдээ: “...Одоо бид хоёр хэвийн харилцаатай байгаа. Учир зүйгээ олж, эвлэрсэн. Ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ******ы зүгээс эмчилгээнд зарцуул гэж 1.700.000 төгрөгийг миний дансанд хийсэн...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 02 дахь тал/,
Хохирогч ******ын:
“...2025 оны 03 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө ****** тоотод байрлах гэртээ байхад манай нөхөр Батсайхан нь шөнө 02 цагийн орчимд гаднаас орж ирсэн ба би бага охины хамтаар орон дээр унтаж байхад намайг бос зайл гээд хэлэхээр нь би орноос нь босоод том өрөөнд ороод хэвтэж байсан чинь намайг орон дээр хүрээд ир гээд заагаад байсан тэгэхээр нь би очоогүй юм. Гэтэл намайг босож ирээд миний толгой хэсэг рүү дэвсээд миний нүүр хэсэгт 4-5 удаа цохисон. Тэгтэл манай хадам ээж боль гэж хориглоод дийлэхгүй байсан тул манай хадам ээж цагдаа дуудаад цагдаагийн байгууллагад хандах болсон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 06 дахь тал/,
Гэрч М.Розагийн:
“...2025 оны 03 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө төрсөн хүү Батсайханы гэр болох Сонгинохайрхан дүүргийн 37-р хороо, “Содон” хороолол 116-146 тоотод том өрөөнд унтаж байхад дуу чимээ гараад маргалдаад байхаар нь би орон дээрээ өндийж суусан чинь манай бэр Жавзандулам нь жижиг өрөөнөөс уйлаад нойл руу явж байсан тэгээд би юу болсон талаар асуухад надад юм хэлээгүй тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн тэгтэл цагдаа удахгүй ороод ирсэн. Тэгээд цагдаа надаас хэн дуудлага өгсөн талаар асуухад би дугараагүй. Тэгтэл манай хүү Батсайхан та дуудлага өгсөн биз дээ та хариулаач гэж хэлсэн тэгэхээр ирсэн цагдаа нарт энэ хоёр хоорондоо маргалдсан тэгээд би цагдаад дуудлага өгсөн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,
Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гаргасан ЕГ0725/4304 дугаартай шинжээчийн:
“...******ын биед зүүн дээд, доод зовхи, нүдний алим, хацар, шанаа, хамар, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй, учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,
Шүүгдэгч ******ы яллагдагчаар өгсөн:
“...уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би болсон асуудлын талаар мэдүүлэг өгөхгүй би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна миний буруу их гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч ****** нь хохирогч ******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч ****** нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ******ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ****** нь:
2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ****** тоотод хохирогч ******ыг үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж нүүрэн тус газарт нь удаа дараа гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “...зүүн дээд, доод зовхи, нүдний алим, хацар, шанаа, хамар, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас, хохирогч ******, гэрч М.Роза нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гаргасан ЕГ0725/4304 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс уг гэмтэлтэй холбоотой баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “шүүгдэгч ******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж, эхнэр, 4 хүүхдээ тэжээн тэтгэдэг, сард 10 гаруй сая төгрөгийн орлого олдог, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн ангиллын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. Хэрэв Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй бол тус зүйл ангид заасан торгох ялыг доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч ****** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч ******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Шүүгдэгч ******ы цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн ****** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ****** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******-ыг 1.000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ****** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч ******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ