Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2021/ДШМ/397

 

 

 

 

 

  2021            04            20                                         2021/ДШМ/397    

 

Э.Ц-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Мөнхөө, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Хурц,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 2021/ШЦТ/81 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Ц-ийн өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор Э.Ц-т холбогдох эрүүгийн 2010000001033 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ц-,

 

Э.Ц- нь 2020 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 16 цаг 17 минутын орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ХААИС-ийн Эдийн засгийн сургууль, “Сарнайх” дэлгүүрийн хойд талын автозамын уулзварт Нийслэлийн Засаг даргын А/1248 дугаартай захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор ажиллаж байсан Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч М.А-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Э.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц-ийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Ц-т мэдэгдэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.Ц-ийн өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: “...шийтгэх тогтоолд шүүгдэгч Э.Ц-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Цар тахлын улмаас Монгол Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдал зарласан үед нийтийн хэв журам сахиулах үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчийн шаардлагыг эсэргүүцэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг ял хүндрүүлэх нөхцөл байдалд хамааруулан үзэхийн зэрэгцээ тэрээр анх удаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 төгрөгийн торгох ялаар оногдуулахаар шийдвэрлэв гэжээ. Шүүгдэгч Э.Ц- нь Нийслэлийн Засаг даргын А/1248 дугаартай захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор ажиллаж байсан Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч М.А-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Тэрээр Монгол Улсад анх удаа тохиолдож буй цар тахлын улмаас авагдсан хөл хорионы үр дагавар, нөхцөл байдлыг сайн ойлголгүйгээр буюу тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байхаас хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй байна. Гэтэл шүүхээс дээрх нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал аль алинд нь хамаарч байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон прокурор Б.Хурц шүүгдэгч Э.Ц-т оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх ялын талаар саналаа хэлэхдээ түүнийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгийн торгох ял оногдуулах санал гаргасан. Гэтэл шүүгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг буруу тайлбарлан хэрэглэж 8000 нэгж буюу 8.000.0000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэсэн.  Хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд улсын яллагч нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд оногдуулах ялын саналаа гаргасан байхад шүүгч хэтэрхий яллах талыг баримталж торгох ялын хэмжээг хэт өндрөөр тогтоосон байна. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Ц-т оногдуулсан 8000 нэгжтэй тэнцэх буюу 8.000.000 төгрөгийн торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү. ...” гэжээ.

 

Прокурор Б.Хурц тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийдвэр хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан. Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй. Торгох ялын хэмжээг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд тогтоож оногдуулсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, шүүгдэгч Э.Ц- нь 2020 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 16 цаг 17 минутын орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ХААИС-ийн Эдийн засгийн сургууль, “Сарнайх” дэлгүүрийн хойд талын автозамын уулзварт “Нийслэлийн тээврийн үйлчилгээг тээвэр зохицуулалтын тусгай хуваарьт шилжүүлж, явган хүн, автомашины хөдөлгөөнийг хязгаарлах” тухай Нийслэлийн засаг даргын А/1248 дугаартай захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор ажиллаж байсан Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч М.А-ын “...Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг танилцуулан хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхой цагаар хязгаарласан тул та тээврийн хэрэгслээ зогсоо” гэсэн хууль ёсны шаардлагыг үл биелүүлэн түүнийг зүй, зохисгүй үгээр хэлж, гараараа цээж рүү нь цохих зэргээр албан үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

хохирогч М.А-ын “...Улсын онцгой комиссын шийдвэрээр бүх нийтийн хөл хорио тогтоосон үед үүрэг гүйцэтгэж байх хугацаанд “Land cruiser-200” загварын тээврийн хэрэгслийг зогсоогоод “Та иргэний үнэмлэхний гэрийн хаягаа харуулчихаа” гэж хэлэхэд “Чамд яахаараа үзүүлдэг юм п**** минь” гэж хэлээд машинаа бүрэн зогсоохгүй урагшлаад явах гээд байхаар нь машины урд нь гарч зогсоод дохиураа өргөөд “Та тээврийн хэрэгслээ зогсооно уу” гэсэн шаардлага тавихад шаардлага биелүүлэхгүй намайг түрж явсаар зам дээр тавьсан хаалт өнгөрөөд 3 метр шахуу явахаар нь сонсогчоо дуудаж машины урд зогсоогоод би жолооч талын цонхон дээр очоод “Та бичиг баримтаа үзүүлнэ үү” гэхэд “Жолооны үнэмлэх байхгүй” гээд над руу тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ шидээд араас нь өөрөө бууж ирээд “Чи ер нь яах гээд байгаа п**** вэ” гээд над руу салаавч гаргаад цээж рүү хоёр гараараа түлхээд баруун гараараа зүүн гарын булчин руу нэг удаа савж цохисон. Тэгэхээр нь би манай чиглэлийг хариуцаж байсан чиглэлийн ахлах ажилтан, цагдаагийн хошууч Н.С-т станцаар мэдэгдэж хошууч Н.С- удалгүй ирж, “Юу болоод байгаа юм бэ” гээд ойртож ирэхэд тухайн шаардлага эсэргүүцсэн залуу “Чи бас хэн нь юм бэ п****” гээд урдаас нь салаавч гаргасан. хошууч Н.С- тэр хүний гарыг ард нь гаргаж өчсөн байх үед авто эргүүлийн Арцат-111 чиглэлийн автомашин ирж би очиж гав аваад тухайн иргэний гарыг ард талд нь гавласан. ...” /хх 29-30/,

гэрч Н.С-ын “...Арцат-34 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч М.А- “Сарнайх” дэлгүүрийн үүдэнд нэг залуу машинаараа намайг түрээд ам руу салаавч өгөөд, машинаасаа бууж ирээд намайг цохиод, цагдаагийн алба хаагчийн шаардлага биелүүлэхгүй байна, та хурдан хүрээд ирээчээ” гэж станцаар хэлсэн. Уулзвар дээр очиход 30 орчим насны 180 см орчим өндөр нуруутай залуу цагдаагийн дэслэгч М.А-ыг түлхэж “Та нар ер нь юу юм бэ, наад шийдвэр чинь надад ямар хамаатай юм бэ п**** минь” гэж хэлж байсан. Иргэд тойроод зогсчихсон тэр залууг “Чи болиоч, наад цагдаа нар чинь албан үүргээ гүйцэтгэж байгаа шүү дээ” гэж хэлж байсан. Би дөхөж очоод тэр залууд хандаж “Чи болио залуу, наашаа хүрээд ир, хоёулаа уулзая, яасан юм бэ” гэсэн чинь над руу хуруугаараа заасан уу, салаавч өгсөн үү нэг үйлдэл гаргасан ба би өөдөөс нь алхаж очоод “Чи яагаад цагдаагийн шаардлага эсэргүүцээд байгаа юм бэ” гэж хэлтэл тэр залуу “Чи бас юу юм бэ” гээд зүүн гараараа миний баруун талын мөрөн дээрээс атгаад авсан. Тэгэхээр нь би биеийн хүч хэрэглэж, урдаас баривчлах мэх хэрэглээд зүүн гарыг нь хойд талд нь мушигаж газар унагаасан. ...Удалгүй 1 минут орчмын дараа авто эргүүлийн Арцат-111 чиглэлийн машинтай алба хаагчид ирээд надад гав өгөхөөр нь гарыг нь ард нь гавлаад өгч явуулсан. ...” /хх 45-46/,

гэрч А.Ц-ын “...цагдаагийн дэслэагч М.А-, сонсогч Ө.Д- нарын хамтаар үүрэг гүйцэтгэж байсан. Манай пост руу саарал өнгийн “Land cruiser-200” загварын автомашин орж ирсэн. Дэслэгч М.А- уг машины зогсоож ямар шалтгаанаар явж байгаа талаар асуусан чинь хэлэхгүй машинаараа урагшаа яваад байсан. ...Дэслэгч М.А- тухайн жолоочийг буугаад ирээд бичиг баримтаа шалгуул гэсэн чинь тэр машины жолооч би та нарт бичиг баримтаа үзүүлдэг хүн биш гээд гараараа салаавч гарган бууж ирээд дэслэгч А-ын цээж рүү гараараа цохиж түлхээд байсан. ...Хошууч С- станцаар хөдөлгөөнт эргүүлийн чиглэл дуудаж тухайн залууг хүлээлгэж өгсөн. ...” /хх 47-49/,

гэрч Ө.Д-ийн “...цагдаагийн дэслэгч М.А-, дэд түрүүч А.Ц- нарын хамт үүрэг гүйцэтгэж байсан. Манай пост руу саарал өнгийн “Land cruiser-200” загварын автомашин орж ирж дэслэгч М.А- уг машины зогсоож ямар шалтгаанаар явж байгаа талаар асуухад хэлэхгүй машинаа урагшаа хөдөлгөөд дэслэгч М.А-ыг түрж явсаар байгаад 10 орчим метр яваад манай постыг нэвтэрчихсэн. Тэгээд бууж ирээд, бичиг баримтаа шалгуул гэсэн чинь “би та нарт бичиг баримтаа үзүүлдэг хүн биш” гэж салаавч гаргаад А- дэслэгчийг цохих гээд цээж рүү нь гараараа түлхээд байсан. Дэслэгч А- хошууч С-ыг станцаар дуудсан. ...Хошууч С- станцаар хөдөлгөөнт эргүүлийн чиглэл дуудаж тухайн залууг хүлээлгэж өгсөн. ...” /хх 50-52/,

Э.Ц-ийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би хорио цээрийн дэглэм тогтоосон үед дэглэм зөрчиж, 17 цагаас өмнө зорчих гэсэн нь миний буруу. Энэ үйлдэлдээ харамсаж, уучлалт гуйж байна. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 59-60, 170/ гэсэн мэдүүлгүүд,

 

эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг болон гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7-8, 14-26/, Бүх нийтийн  бэлэн зэрэгт шилжсэнтэй холбогдуулан явган хүн, автмашины хөдөлгөөнийг хязгаарлах тухай Нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/1248 дугаар захирамж /хх 61/, Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн явган эргүүлийн хуваарь /хх 62-63/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг, тухайлбал, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, камерийн болон гар утсаны дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, тэдгээрийг бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр анхан шатны шүүх шүүгдэгч Э.Ц-ийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн үйл баримтыг тогтоож, энэ талаар шийтгэх тогтоолд тодорхой тусган, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Э.Ц-ийн хууль сахиулагч, цагдаагийн дэслэгч М.А-ын  хууль ёсны шаардлагыг үл биелүүлэн, албан үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Э.Ц-ийн өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнийн “...шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлол гаргажээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Ц-т тухайн зүйлд зааснаар торгох ял оногдуулсан хэдий ч  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 төгрөгийн торгох ялыг 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгийн торгох ял болгон багасгаж шийдвэрлэв.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Э.Ц-ийн өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнийн “...торгох ялын хэмжээг багагсаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 2021/ШЦТ/81 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц-ийг 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц-ийг 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АРИУНХИШИГ

 

                        ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХӨӨ

 

                        ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН