2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1241

 

 

 

 

 

 

 

 

   2025         05           06                                    2025/ШЦТ/1241

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч Ц.Цэрэнбалжир /томилолтоор/, 

шүүгдэгч ********, түүний өмгөөлөгч Д.Жаргал /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** холбогдох эрүүгийн *********** тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын Иргэн, 2000 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Танкын механик мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эцэг, эх, хоёр дүүгийн хамт ****** тоотод оршин суух, урьд:

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 5.800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.800.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, ************

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******** нь Сонгинохайрхан дүүргийн 37-р хороо, “Содон” хорооллын арын замд 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж “LEXUS GS-450” маркийн 76-76 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн” гэх заалтыг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******** мэдүүлэхдээ: “Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Мөрдөгчийн тэмдэглэлээр 1.67 хувийн согтолттой байсан гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 03-05 дахь тал/,

 

Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн “2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр эрх хасагдсан” гэсэн лавлагаа /хавтаст хэргийн 38 дахь тал/,

 

2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ******** нь 2.14 хувийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил тогтоогдсон гэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******** нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Жаргал “Миний үйлчлүүлэгч гэм буруу дээр маргах зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч прокурор хүлээж аваагүй, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ********гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ******** нь:

Сонгинохайрхан дүүргийн 37-р хороо, “Содон” хорооллын арын замд 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж “LEXUS GS-450” маркийн 76-76 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн” гэх заалтыг зөрчсөн болох нь:

- Мөрдөгчийн тэмдэглэлээр 1.67 хувийн согтолттой байсан гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн “2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр эрх хасагдсан” гэсэн лавлагаа, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ******** нь 2.14 хувийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил тогтоогдсон гэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврийн хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ********г “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас бусдад хохирол төлбөр учраагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас “шүүгдэгч ********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2  жилийн хугацаагаар хасч, 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Жаргал “Миний үйлчлүүлэгч тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг тул нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохимжгүй байна. Миний үйлчлүүлэгч ********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч ******** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын санд 1 удаагийн ял шийтгэлийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Иймд шүүхээс шүүгдэгч ********г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 4.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2503000000309 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 4.000 /дөрвөн мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч ********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, улсын яллагч, өмгөөлөгч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ