| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2022/01874/И |
| Дугаар | 102/ШШ2022/01835 |
| Огноо | 2022-05-16 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2022/01835
| 2022 оны 05 сарын 16 өдөр | Дугаар 102/ШШ2022/01835 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Д-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Д-д холбогдох,
2 670 933 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
шүүх хуралдаанд:
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* оролцож
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.******* хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* хариуцагч ******* ******* ******* ******* ТӨХК-д холбогдуулан ... тэтгэмжийн мөнгөнөөс үндэслэлгүйгээр татварт суутгасан 2 670 933 төгрөг гаргуулах... тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Миний бие ******* ******* ******* ТӨХК-д Түлш дамжуулах цехийн дамжлагын машинч албан тушаалд ажиллаж байх хугацаанд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсч ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөр 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөр тасалбар болгож өндөр настны тэтгэвэрт гарсан. 2019 оны 10 дугаар сарын 23 -ны өдрийн ******* ******* ******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын Б/343 дугаар тушаалын ТУШААХ нь хэсэгт Хамтын гэрээний дагуу эрчим хүчний салбарт 26 жил 01 сар ажилласан хугацааны тэтгэмжид 26,709,332 төгрөгийг тэтгэмжийн нийгмийн зардалаас гаргаж өлгөхыг Төлөвлөлт эдийн засгийн хэлтэс, Санхүү бүртгэлийн хэлтэст зөвшөөрсүгэй гэж заасан боловч уг тэтгэмжийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр миний ХААН банкны 5022368698 тоот дансанд шилжүүлэхдээ 24,038,399 төгрөгийг хийж, үнийн дүнгийн 10 хувийг буюу 2.670.933 төгрөгийг суутган авсан байдаг. Гэтэл Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж-иш албан татвараас чөлөөлөхөөр зохицуулсан байтал нэг удаагийн тэтгэмж болох 26,709,332 төгрөгөөс 10 хувийн татвар суутгах үндэслэлгүй юм. Иймд ******* ******* ******* ******* ТӨХК-тэй байгуулсан Хамтын гэрээ-ний дагуу олгосон нэг удаагийн тэтгэмж болох 26,709,332 төгрөгөөс суутгасан 2.670.933 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү... гэжээ.
3. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: ....шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлэж өгнө үү .... гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: ...манай байгууллагын ДЦС-4 ТӨХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1-д заасны дагуу Д.*******д эрчим хүчний салбарт ажилласан жилийг эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэгудаагийн мөнгөн тэтгэмж 26 709 332.0 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Энэ мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10 хувиар тооцон суутгаж Баянгол дүүргийн Татварын хэлстийн МТА.татварын дансанд шилжүүлсэн тул Баянгол дүүргийн татварын хэлтсээс нэхэмжлэн буцааж авах үндэслэлтэй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэрэг үндэслэлүүдээр нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.... гэв.
5. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Нэхэмжлэл /хэргийн 1 дүгээр тал/
Өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хэргийн 2 дугаар тал/
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/
Д.*******гийн иргэний үнэмлэх /хэргийн 4 дүгээр тал/
2019.10.23-ны өдрийн ******* 4-р *******ы ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын Б/343 дугаар тушаал /хэргийн 5 дугаар тал/
Д.*******гийн Хаан банкны дансны хуулга /хэргийн 6 дугаар тал/
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хүсэлт /хэргийн 17-18 дугаар тал/ нотлох баримтууд,
6. Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Итгэмжлэл /хэргийн 8 дугаар тал/
Хариу тайлбар /хэргийн 12 дугаар тал/
Албан татварын тайлан /хэргийн 13 дугаар тал/
******* 4-р ******* ******* ТӨХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 14 дүгээр тал/ нотлох баримтуудыг тус тус шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ... хариуцагч компанийн Түлш дамжуулах цехийн дамжлагын машинч албан тушаалд ажиллаж байгаад өндөр настны тэтгэвэрт гарсан. Ажилласан хугацааны тэтгэмжид 26,709,332 төгрөгийг олгохдоо 10 хувийг буюу 2.670.933 төгрөгийг суутган авсан нь Хувь хүний орлогын албан татварын тухай хууль зөрчсөн,үндэслэлгүй тул 2.670.933 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тайлбарласныг,
3. хариуцагч эс зөвшөөрч ... мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10 хувиар тооцон суутгаж Баянгол дүүргийн Татварын хэлтэсийн татварын дансанд шилжүүлсэн тул Баянгол дүүргийн татварын хэлтсээс нэхэмжлэн буцааж авах үндэслэлтэй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул зөвшөөрөхгүй... гэж маргаж байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч Д.******* хариуцагч ******* ******* ******* ******* ТӨХК-ийн Түлш дамжуулах цехийн дамжлагын машинистаар ажиллаж байгаад 2019 оны 10 сарын 23-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн учир 2019 оны 10 сарын 23-ны өдөр дугаар Б/343 тоот ******* ******* ******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан байна.
6. Мөн уг тушаалаар нэхэмжлэгчид Хамтын гэрээний 12.1-д заасныг үндэслэн 26 жил 01 сар ажилласан хугацаанд ногдох нэг удаагийн тэтгэмж 26 709 332 төгрөг олгохоор шийдвэрлэж, уг тэтгэмжийн мөнгө болох 24 038 399 төгрөгийг нэхэмжлэгч Д.*******гийн эзэмшлийн Хаан банкны дансанд 2019 оны 11 сарын 13-ны өдөр шилжүүлэн олгожээ. Энэ нь 2019 оны 10 сарын 23-ны өдрийн дугаар Б/343 тоот компанийн гүйцэтгэх захирлын тушаал, Хаан банкны 5022368698 тоот дансны хуулга, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 5, 6 дугаар тал/
7. Дээрх үйл баримтын талаар буюу талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, гэрээ цуцлагдсан, нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн, тэтгэмжийн мөнгөнөөс 10 хувийг татварт суутгасан зэрэг үйл баримтын талаар маргаагүй.
8. Хариуцагчийн тайлбар татгалзал үндэслэлгүй гэж шүүхээс үзэв.
9. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар талууд хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Энэ нь зохигч талуудыг хөдөлмөрийн эрх зүйн харилцааны оролцогч, хөдөлмөрийн гэрээний талууд гэж үзэхгүй байх үндэслэл болно. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа энэ маргаанд хамаарахгүй гэж үзнэ.
10. Мөн хариуцагч 10 хувийн татварт тооцон суутгасан 2 670 933 төгрөгийг Баянгол дүүргийн татварын албанд шилжүүлсэн гэж тайлбарлан, хариуцагч байгууллагын 2020 оны 4 улирлын Суутган төлөгчийн хувь хүнд ногдох орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлан баримтыг ирүүлжээ. /хэргийн 13 дугаар тал/
11. Дээрх баримтыг судлан үзэхэд Д.*******д олгосон тэтгэмжийн орлогоос татварт суутгасан 2 670 933 төгрөг яаж хэрхэн тооцогдож Баянгол дүүргийн татварын алба руу шилжигдсэн эсэх нь ойлгомжгүй тодорхойгүй байна.
12. Иймд хариуцагчийн тайлбар татгалзлын үндэслэл нотлогдоогүй, үндэслэлгүй байна гэж үзнэ.
13. Нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн тэтгэмж нь Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид заасны дагуу олгож байгаа нэг удаагийн тэтгэмж тул Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.1-д зааснаар албан татвараас чөлөөлөгдөх орлого бөгөөд хариуцагч нэхэмжлэгчийн тэтгэмж, өөрт нь орох байсан орлого болох 26 709 332 төгрөгөөс татварт 2 607 933 төгрөг суутган авч хууль зөрчсөн нь нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулга, зохигч талуудын тайлбар баримтуудаар тогтоогдож байна.
14. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.1-д заасан үндэслэлтэй тул хариуцагч ******* ******* ******* ******* ТӨХК-аас дутуу олгогдсон тэтгэмж 2 670 933 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57 685 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 57 685 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
16. 2022 оны 4 сарын 20-ны өдөр хариуцагчаас Ч.*******д олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 8 дугаар тал/
17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар нэхэмжлэгч болон өмгөөлөгчийн хүсэлтээр хэргийг тэдний эзгүйд, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. /хэргийн 17,18 дугаар тал/
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.1-д зааснаар хариуцагч ******* ******* ******* ******* ТӨХК-иас дутуу олгосон тэтгэмж 2 670 933 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57 685 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 57 685 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ