| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2022/00940/И |
| Дугаар | 102/ШШ2022/01714 |
| Огноо | 2022-05-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2022/01714
| 2022 оны 05 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2022/01714 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 23 хороо, Хангайн 18 гудамж, Эрчим төвийн 1А тоот хаягтай, рд:2852365, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Баянгол дүүрэг, 19 хороо, 4 хороолол, 54 байр, 10 тоот хаягтай, рд:5931118, ******* ******* ХХК-д холбогдох,
худалдах, худалдан авах гэрээний үүрэг 59 526 620 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******
нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Өлзий*******
хариуцагчийг төлөөлж Э.******* нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.******* хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 59 526 620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд ... ******* ******* ХХК болон ******* ******* ХХК нарын хооронд 2019 оны 04 сарын 03-ны өдөр байгуулагдсан Дугаар NS022019 тоот гэрээний төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр 59,915,000 төгрөг, 2019 оны 07 сарын 31-ний өдөр зарлагын баримтаар худалдан авсан төлбөрийн үлдэгдэл 3,840,000 төгрөг, 2019 оны 08 сарын 05-ны өдөр зарлагын баримтаар худалдан авсан төлбөрийн үлдэгдэл 839,500 төгрөг, алданги 9,706,230 төгрөг буюу нийт худалдах худалдан авах гэрээний үүрэгт 74,300,730 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж байсан. Өнөөдөр гаргасан хүсэлтдээ нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Талуудын 2019 оны 04 сарын 03-ны өдөр байгуулсан NS022019 тоот гэрээний төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр буюу үндсэн төлбөр 40,240,000 төгрөг, 2019 оны 07 сарын 31-ний өдрийн зарлагын баримтаар худалдан авсан төлбөрийн үлдэгдэл 3,840,000 төгрөг, 2019 оны 08 сарын 05-ны өдөр зарлагын баримтаар худалдан авсан төлбөрийн үлдэгдэл 839,500 төгрөг, алданги 14,607,120 төгрөг нийт худалдах худалдан авах гэрээний үүрэгт 59,526,620 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн үнийн дүнг багасгасан байгаа. Тэгэхээр талуудын хооронд 2019 оны 04 сарын 03-ны өдөр NS022019 тоот худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Манай ******* ******* ХХК-ийн хувьд барилгын болон цахилгааны тоног төхөөрөмжүүдийг зарж борлуулдаг байгууллага юм. ******* ******* ХХК-тай байгуулсан 022019 тоот гэрээний 1.1-т ямар бараа худалдан нийлүүлэх талаар тохиролцсон. Гэрээний хугацаа нь 30 хоног буюу 2019 оны 04 сарын 03-ны өдрөөс 2019 оны 05 сарын 03-ны өдөр хүртэл нийлүүлэхээр тохиролцсон байдаг. Төлбөрийн нөхцөлийн хувьд нийт төлбөр 175,500,000 төгрөг, үүнд тоноглолын үнэ буюу 31.500.000 төгрөг, трансформатрын 1 ширхэгийн үнэ 13,500,000 төгрөг болсон. Гэрээний төлбөрийг яаж төлөхөөр тохиролцсон бэ гэхээр гэрээний үнийн дүнгийн урьдчилгаа болох 45,000,000 төгрөгийг эхлээд 3 тооны тоноглол ачигдах өдөр нийлүүлэгчийн дансанд төлөх, үлдэгдэл 74,160,000 төгрөгийг 6 ширхэг трансформартаа авахдаа дансанд шилжүүлэхээр тохиролцсон. Мөн гэрээний үнийн дүнгийн үлдэгдэл болох 56,340,000 төгрөгийг Мөнхжаргалын нэр дээрх орон сууцнаас 6 давхрын зүүн болон урагш харсан цонхтой 31.3 мкв орон сууцыг 1 мкв үнийг 1,800,000 төгрөгөөр тооцож 2019 оны 08 сарын 05-ны өдөр хийж тохиролцсон. Хариуцагчийн зүгээс ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын Голомт банкны дансанд 2019 оны 05 сарын 31-ний өдөр 50,000,000 төгрөг, 2019 оны 07 сарын 04-ний өдөр 74,160,000 төгрөгийг хийсэн байдаг. Үүний дараагаар 2 байгууллага хамтарч тендэрт оролцох саналыг хариуцагч тал нэхэмжлэгчид тавьсан. Яагаад гэхээр нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид төлбөрөө төлөхгүй байсан учраас ямар нэг санаачилга гаргаач ээ гэж шаардсан. Үүний дагуу нэхэмжлэгч хариуцагчид санал тавьсан. Саналыг бид хүлээж авъя гэхдээ бид нар тендэрийн баталгаа болох 21,100,000 төгрөгийг хариуцагч өөрөө гаргаж өгөөрэй гэсэн. Ингээд баталгаа болох 21,100,000 төгрөгийг ******* ******* ХХК-ийн данс руу шилжүүлсэн байдаг. Шилжүүлсэн баримт дээр 2021 оны 09 сарын 24-ний өдөр баталгаа болох 21,000,000 төгрөгийг өгсөн. Баталгаа нь тендэр бүтэлгүйтсэн учраас цуцлагдсан байгаа энэ нь дансны хуулга дээр харагддаг. Баталгаа нь 2021 оны 10 сарын 25-ны өдөр цуцлагдаад ******* ******* ХХК-ийн захирал Энхбаатар зарлагын гүйлгээ хийгээд 24,000,000 төгрөгийг гаргасан. Өмнө нь ******* ******* ХХК-ийн зүгээс өөрийгөө тендэрийн баталгаанд оролцуулахад 3,030,000 төгрөгийг төлсөн нийлүүлээд бэлнээр авсан. 21,100,000 төгрөгийн бэлэн мөнгөнөөс хариуцагчийн зүгээс 6,100,000 төгрөгийг манайд тушаагаад үлдэгдэл 15,000,000 төгрөгийг бэлнээр авсан. Энэнээс гадна хариуцагчийн зүгээс 2 ширхэг материалыг аваагүй учраас хасаж өгөөч гээд хүсэлт гаргасан тул бид хүлээн хүлээн зөвшөөрч байгаа. Үндсэн төлбөрөөс 5,000,000 төгрөгийг хасагдаад нийт 2019 оны 04 сарын 03-ны өдөр байгуулагдсан NS022019 тоот гэрээний нийт төлөгдөөгүй төлбөр 40,240,240 төгрөг болж байна. Хариуцагч хөнгөн цагаан, 2019 оны 08 сарын 05-ны өдрийн зарлагын баримтаар 839,500 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг, хөнгөн цагаан 60-тайг 80 ширхэг, 80-тайг 60 ширхэгийг 2019 оны 07 сарын 31-ний өдрийн зарлагын баримтаар 3,840,000 төгрөгийн бараа материал худалдан авсан. Үүнийг нэхэмжлэлд баримтаар хавсаргасан байгаа. Энэхүү бараа материалын нийт үнэ бол 4,679,500 энэ гэрээнээс тусдаа төлбөр учраас тусад нь нэхэмжлэлтэй явж байгаа. Нийт үндсэн гэрээний алданги яаж явж байгаа вэ гэхээр нэхэмжлэгчийн зүгээс сүүлд дурьдсан 2 баримтаас алданги бодоогүй үндсэн төлбөр буюу 40,240,240 төгрөгөөс бодсон. Нэг өдрийн алданги нь 0,3 хувь буюу 120,720 төгрөг болж байгаа. Гэрээгээр бол төлбөр төлөх хугацаа дууссан гэхдээ тооцоо нийлсэн акт дээр 2021 ондоо багтаагаад төлөх байсан буюу 2021 ондоо багтааж төлөөгүй учраас шүүхэд хандах хугацаа хүртэл хугацаанд алдангийг тооцоолсон буюу 124 хоног болж байгаа. Нийт алданги маань 14,607,120 төгрөг болсон. Гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрээгүй учраас үүнийг хуульд заасан үндэслэлтэй гэж үзэж байна. Ийм учраас нийт 59,526,650 төгрөгийг хариуцагчаас гаргуулмаар байна... гэв.
3. Хариуцагч шүүхэд хариу тайлбартаа: ...******* ******* ХХК болон ******* ******* ХХК нарын хооронд 2019 оны 04 сарын 03-ны өдөр NS022019 дугаартай гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээний 1.3, 1.4, 1.5-д зааснаар ******* ******* ХХК нь зураг төслийн дагуу иж бүрэн 6 ширхэг трансформатр, доторх тоноглолуудыг нийлүүлэхээр гэрээнд тусгагдсан байдаг. Зураг төслөөр тусгагдаагүй нэг зүйл бол гүйдлийн трансформатр болон үндсэн гол хоёр тусгагдаагүй байдаг. Энэ зураг төсөл дээр бүх зүйлс тодорхой харагдана. ******* ******* ХХК-иас 07 сарын 31-ний өдөр 3,840,000 төгрөг мөн сард 839,000 төгрөгийн зарлагын баримтыг гаргаж ******* ******* ХХК төлөх ёстой гэсэн зарчмыг барьж байгаа. Энэ барьж байгаа шийн гэдэг нь тоноглол дотроо трансформатрууд нь дотор өндөр, нам талын тоноглолуудыг хооронд нь холбодог хөнгөн цагаан шийн гэж зүйл байдаг. Энэ бараа материалыг ******* ******* ХХК нь гэрээний заалтаар нийлүүлэх ёстой бүтээгдэхүүн юм. Тэгэхээр 3,840,000 болон 839,000 төгрөгийг ******* ******* ХХК-ний зүгээс зарлагын баримтыг гаргаж өгч байгаа. Сая нотлох баримтаар өгсөн худалдан авалт хийсэн баримт нь ******* ******* ХХК-ийн нийлүүлж байгаа дотор өндөр, нам талын гал хамгаалагчийн тоноглол угсарч байх явцад ******* ******* ХХК-иас авахаар очсон боловч энэ бараа бүтээгдэхүүн бэлэн байхгүй байна, энэ мөнгийг нь хасаад танайх өөр газраас худалдан авалт хийгээрэй гээд би 100 айл худалдааны төвөөс худалдан авалт хийсэн төлбөрийн баримт байгаа. Энэ баримтыг нийт тооцооноос хасуулах хүсэлтэй байна. Гэрээний үнийн дүнгээс нийт 32,894,500 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй... гэв.
4. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
нэхэмжлэл /хэргийн 1-3 дугаар тал/
улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 4-5 дугаар тал/
******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хэргийн 6-9 дүгээр тал/
Итгэмжлэл /хэргийн 10-12 дугаар тал/
2019.04.03-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 13-14 дүгээр тал/
Кассын орлогын ордер, зарлагын баримт, тооцооны үлдэгдлийн баталгаа /хэргийн 15-18 дугаар тал/
Б. Голомт банк ХХК, Худалдаа хөгжлийн банк ХХК, Капитрон банк ХХК-ийн дансны хуулга /хэргийн 52-54, 64-65 дугаар тал/ нотлох баримтуудыг
5. Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /хэргийн 28-29 дүгээр тал/
хариу тайлбар /хэргийн 45 дугаар тал/
******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, гэрчилгээ /хэргийн 55, 61 дугаар тал/
2020 оны 10 сарын 02-ны өдрийн цахилгаан тоног төхөөрөмж нийлүүлэх, худалдах худалдан авах гэрээний нэмэлт өөрчлөлт /хэргийн 62 дугаар тал/
2ш зарлагын баримт /хэргийн 63 дугаар тал/ нотлох баримтуудыг тус тус шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... худалдах худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр нийт 59 526 620 төгрөг нэхэмжилнэ... гэж тайлбарласныг,
3. хариуцагч эс зөвшөөрч ...гэрээний дагуу нийлүүлсэн хөрөнгө тоо хэмжээний хувьд дутуу байсан тул 32 894 500 төгрөгийг төлнө үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй... гэж тайлбарлав.
4. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд, зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. 2019 оны 04 сарын 03-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ байгуулж нэхэмжлэгч буюу худалдагч тал 2800 кВа чадалтай 10/0,4 кВ ын хаалттай дэд өртөө /ХТП/ -ний 3 ком тоног төхөөрөмж, 800кВа чадалтай S11-М-800/10 маягийн хүчний трансформатор 6ш-г 30 хоногийн хугацаанд хариуцагч буюу худалдан авагч талд нийлүүлэх, хариуцагч ХТП 1ш үнэ 31 500 000 нийт 94 500 000 төгрөг, трансформатор 1ш 13 500 000 нийт 81 000 000 төгрөг, бүгд 175 500 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь гэрээ болон зохигч талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 13-14, 45 дугаар тал/
6. Мөн хариуцагч 2019 оны 07 сарын 31-ны өдрийн зарлагын баримт 3 840 000 төгрөгийн үнэ бүхий бараа материал, 2019 оны 08 сарын 05-ны өдрийн зарлагын баримтаар 839 500 төгрөгийн үнэ бүхий бараа материалын худалдан авсан нь нэхэмжлэгчийн тайлбар, зарлагын баримт нотлох баримтаар тогтоогдож байна. /хэргийн 17-18 дугаар тал/
7. Энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан шаардлагыг хангасан худалдах худалдан авах гэрээ талуудын хооронд байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.
8. Дээрхи гэрээнүүд зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1-д заасан шаардлагыг хангасан байх тул талуудын хооронд амаар болон бичгээр хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.
9. Хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр эсэх, гэрээ дуусгавар болсон эсэх талаар зохигчид маргаагүй.
10. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдагч биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч гэрээгээр тохирсон хугацаанд үнийг төлж, хөрөнгийг хүлээн авах үүрэгтэй.
11. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.3-т гэрээний үнийн дүнгийн урьдчилгаа болох 45 000 000 төгрөгийг ХТП-ны 3 ком тоноглол ачигдах өдөр нийлүүлэгчийн Хаан банкны дансанд шилжүүлэх, гэрээний 2.4-т 74 160 000 төгрөгийг 6ш трансформатороо авахдаа дээрх дансанд шилжүүлнэ гэж тохиролцжээ.
12. Гэрээгээр тохиролцсны дагуу нэхэмжлэгч ХТП 3 ком тоног төхөөрөмж, 6ш трансформаторийг тус тус шилжүүлсэн хариуцагч хариу үүрэг болох 50 000 000 төгрөгийг 2019 оны 05 сарын 31-ны өдөр, 2019 оны 7 сарын 04-ний өдөр 74 160 000 төгрөгийг тус шилжүүлсэн нь банкны дансны хуулга баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 52-54 дүгээр тал/
13. Хариуцагч гэрээний үлдэгдэл төлбөр 56 340 000 төгрөгийг орон сууц хөрөнгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар 2019 оны 04 сарын 03-ны өдрийн гэрээний 2.5-д зааснаар тохиролцсон байна.
14. Талууд харилцан тохиролцсны үндсэн дээр дээрх гэрээнд 2020 оны 10 сарын 02-ны өдөр өөрчлөлт оруулан, 2019 оны 04 сарын 03-ны өдрийн гэрээний 2.5-д заасан 66 019 500 төгрөгийн тооцооноос 26 265 100 төгрөгийг 2020 оны 10 сард багтаан AUDI А6 маркын 0882 УБЯ улсын дугаартай автомашин зарагдсны дараа нэхэмжлэгчид төлөх, үлдэгдэл 39 754 400 төгрөгийн тооцоог 2021 оны 04 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож, гэрээний бусад заалтыг хүчин төгөлдөр хэвээр байхаар тусгажээ. /хэргийн 62 дугаар тал/
15. Гэрээний 2.5-т өөрчлөлт оруулсан үүрэг биелэгдээгүй бөгөөд дээрх үйл баримтуудын талаар зохигчид маргаагүй.
16. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.5-д заасан үлдэгдэл төлбөрийн хэмжээний талаар талууд маргаж байгаа ба нэхэмжлэгч 175 500 000 төгрөгөөс төлөгдсөн 50 000 000 төгрөг, 74 160 000 төгрөг, тендерт хамтран оролцохоор шилүүлсэн 21 000 000 төгрөгөөс бэлнээр хүлээлгэн өгсөн 6100 000 төгрөг, мөн гэрээгээр дутуу нийлүүлсэн 2ш ячейкийн үнэ 5000 000 төгрөг нийт 135 260 000 төгрөгийг хасаж, үлдэх 40 240 000 төгрөг, алданги 14 607 120 төгрөг, хариуцагчийн 2019 оны 07 сарын 31-ний өдөр худалдан авсан бараа материалын үнэ 3 840 000 төгрөг, 2019 оны 08 сарын 05-ны өдөр худалдан авсан бараа материалын үнэ 839 500 төгрөг, бүгд 59 526 620 төгрөг нэхэмжилснийг,
17. хариуцагч эс зөвшөөрч ...ком тоног төхөөрөмжийн иж бүрдэл хэсэг дутуу байсныг өөр газраас гүйцээн худалдан авсны төлбөр 3 840 000 төгрөг, 839 500 төгрөг, 255 000 төгрөг, 2 646 000 төгрөгийг тус тус хасаж тооцуулах хүсэлтэй, алданги зөвшөөрөхгүй... гэж маргажээ.
18. Хариуцагч өөрийн тайлбар татгалзалтай холбоотой 2020 оны 11 сарын 11-ны өдрийн 255 000 төгрөгийг үнэ бүхий зарлагын баримт, 2020 оны 11 сарын 12-ны өдрийн 2 646 000 төгрөгийн үнэ бүхий зарлагын баримтыг ирүүлсэн боловч энэ нь талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэгтэй холбоотой эсэх нь тодорхойгүй буюу хариуцагч өөрийн худалдан авсан ХТП 3 ком тоног төхөөрөмж, 6ш трансформатор хөрөнгийн аль нь биет байдлын доголдолтой буюу тоо ширхэгийн хувьд дутуу иж бүрэн бус байсныг нотлохгүй байна.
19. Мөн хариуцагч гэрээний 3.3, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6-д заасны дагуу хүлээн авсан эд хөрөнгийн доголдлын талаар нэхэмжлэгчид мэдэгдэж байсан эсэх, түүнийг арилгах буюу солиулах, гэрээ цуцлах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа буюу худалдан авсан бараа материалын үнийг төлүүлэх талаар мэдэгдэж, гомдлын шаардлага гаргаж байсан эсэх нь тодорхойгүй энэ талаар ямар нэг үндэслэл бүхий тайлбар баримт гаргаагүй.
20. Иймд хариуцагчийн тайлбар татгалзлын үндэслэл нотлогдоогүй гэж үзнэ.
21. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.2, 254 дүгээр зүйлийн 254.6, 255 дугаар зүйлийн 255.1.1, 232 дугаар зүйлийн 232.7-д зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрх үндэслэлтэй тул хариуцагчаас гэрээний үүрэг нийт 58 802 300 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 724 320 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
22. Хариуцагчийн төлөх мөнгөн төлбөрийн хэмжээг дараах байдлаар тооцов.
Бичгээр байгуулсан гэрээний үнэ 175 500 000 төгрөг.
Хариуцагчийн төлсөн 50 000 000, 74 160 000, 6100 000, 5000 000 төгрөг нийт 135 260 000 төгрөг.
175 500 000 135 260 000 =40 240 000 хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг.
40 20 000 х 0,3 % = 120 720 /гэрээний 6.1-д заасан хариуцлага буюу 1 өдрийн алдангийн хэмжээ/
120 720 х 115 /2022.01.01-ээс 2022.04.25 хүртэлх/ = 13 882 800 төгрөг алданги.
40 240 000+ 13 882 800 + 3 840 000 + 839 500 = 58 802 300 төгрөг.
23. Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.1-д зааснаар хариуцагч мөнгөн төлбөрийн үүргээ зохих ёсоор бүрэн гүйцэтгээгүй бол нэхэмжлэгч талд алданги төлөхөөр бичгээр тохиролцсон тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.7-д заасан алданги шаардах эрхтэй гэж үзнэ.
24. 2019 оны 07 сарын 31-ны өдрийн зарлагын баримтаар 3 840 000 төгрөгийн үнэ бүхий бараа материал, 2019 оны 08 сарын 05-ны өдрийн зарлагын баримтаар 839 500 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг худалдан авсан талаар хариуцагч маргаагүй ба харин дээрх эд зүйлийг бичгээр хийсэн гэрээний тоо хэмжээ дутуу байснаас худалдан авсан гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.2-т заасан үүргээ биелүүлээгүй, хариуцагчийн тайлбарын үндэслэл нотлогдоогүй.
25. Иймд хариуцагч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 208 дугаар зүйлийн 208.3, 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.2-т зааснаар 839 500 төгрөг, 3 840 000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг хариуцагч нэхэмжлэгчээс худалдан авсан нь зарлагын баримт, зохигчдын тайлбараар нотлогдож байх тул түүний үнийг төлөх үүрэгтэй гэж үзснийг тайлбарлах нь зүйтэй. /хэргийн 16-17 дугаар тал/
26. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 529 454 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 451 961 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч ******* ******* ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэг 58 802 300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 724 320 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 529 454 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 451 961 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн шүүгчийн 2022 оны 4 сарын 05-ны өдрийн 102/ШЗ2022/05944 дугаар Шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамжийн Захирамжлах хэсгийн 2 дах заалт хүчингүй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ