| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 319/2025/0091/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/119 |
| Огноо | 2025-05-05 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/119
2025 05 05 2025/ШЦТ/119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Б.Энхтулга, шүүгдэгч Б.******* түүний өмгөөлөгч Э.******* нарыг оролцуулан ******* аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2536001240094 дугаартай, 319/2025/0091/Э индекстэй хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа ажилладаг, ам бүл-6, эхнэр,4 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* багт байнга оршин суух хаягтай, одоо ******* сумын ******* багийн 12-13б тоотод оршин суух, ******* ургийн овогт *******ын *******:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн, 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1. Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дугаар хуудас),
2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн согтуурлыг Алкогель багажаар шалгасан “ согтолт 2.50%“ гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 5-19 дугаар хуудас),
3.2023 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн 243600587 дугаартай ******* аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч Б.Бямбадоржийн зөрчил шалган шийдвэрлэсэн зөрчлийн хэргийн хуулбар(хавтаст хэргийн 71-101 дүгээр хуудас),
4.Шүүгдэгч Б.*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 56дугаар хуудас),
5. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор тогтоосон Д.ийн өгсөн: “...Тухайн өдөр ******* багийн нутагт гэрийнхээ ойролцоо гудмаар явж байтал араас машин ирээд мөргөсөн. Би хэсэг ухаан алдаад сэрсэн. Тэгээд би эмнэлэгт үзүүлэхгүй гээд гараад явсан. Ухаан санаа орж гараад байсан. Тэгээд бэр охиныхоо дугаарыг өгч тэр залуу залгаж дуудсан. ... тэр жолооч залуугаас архи үнэртэж байсан...” гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 24 дугаар хуудас),
6.******* аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ХОВ0725/217дугаартай “...Д.ийн биед тархи доргилт хүзүү, ууц нуруу, зүүн мөрний үенд зөөлөн эдийн няцрал, баруун далны хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох тогтоох журам”-ын 3.1.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт(хавтаст хэргийн 40 дүгээр хуудас),
7. ******* аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 03-ний өдрийн 002060677 дугаартай Шүүх химийн шинжилгээний “Б.******* гэх цусанд 2.6 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 48 дугаар хуудас),зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
8.Жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа дахин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол уг үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
9.Шүүгдэгч Б.*******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
10. Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 10 дугаар сарын 09-гий өдрийн ******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ЗШ/842 дугаартай шүүгчийн захирамжаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж 18 хоногийн баривчлах шийтгэл оногдуулсан нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Б.*******ын эрх сэргэх хугацаа дуусаагүй тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж үзнэ.
11.Иймд шүүгдэгч С.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болон согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Б.Хохирол хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.гэж заасан. Энэ нь хууль тогтоогчоос хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхаар хуульчилсан харин хөнгөн хохирол учирсан нь дээрх гэмт хэргийн шинжийг хангахгүй тул хохирогчоор Д.ийг тогтоож ирүүлсэн нь хуульд нийцээгүй бөгөөд Д. нь өөрт учирсан хохирол, хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй.
2/Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.3. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 117, 119 дүгээр хуудас), иргэний үнэмлэхийн болон оршин сууга хаягийн бүртгэлийн, мөн жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 33-35 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, гэх хувийн байдал тогтоогдож байна.
2.4.Шүүгдэгч нь гэм буруугийн холимог хэлбэрээр хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Энэхүү үйл баримт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.
2.5.Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4 сая төгрөгөөр торгох ял оногдуулах” санал, дүгнэлт.
2.6. Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч Б.******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Улсын яллагчийн торгох ялыг хүлээн зөвшөөрч байна” гэх саналыг тус тус гаргасан болно.
2.7. Шүүхээс шүүгдэгч Б.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
2.8.Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болно.
2.9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 /дөрвөн сая/төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийн торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, шүүхээс торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч Б.*******т нь цагдан хоригдсон хоноггүй, нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Д. нь хохирол хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160,177 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан торгох болон эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Амарсанаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС