2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1048

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

          Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр

          Улсын яллагч Г.Бат-Оргил

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б************

          Шүүгдэгч *******************, түүний өмгөөлөгч А.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэр хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ овогт ************-ийн ************-д холбогдох эрүүгийн “2309 01947 1774” дүгээр 5 хавтас хэргийг 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 19** оны 2 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хот ************ дүүрэгт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөдөлгүүр засварчин мэргэжилтэй, Өмнөговь аймгийн ************ хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 1, Улаанбаатар хот Багануур дүүрэг ************ тоотод оршин суудаг, урьд

            Багануур дүүргийн шүүхийн 19** оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн,

            Багануур дүүргийн шүүхийн 19** оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 69 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 05 /таван/ жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

           ************ овогт ************-ийн ************ /РД:************/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

           Шүүгдэгч ************ нь 2023 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ************ тоотод амь хохирогч ************-ийг “төрсөн дүү ************-ыг удаа дараа хүчирхийлдэг, мөн тухайн цаг хугацаанд хүчээр бэлгийн харьцаанд орох зорилгоор хүч хэрэглэж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан, зүй бусаар харьцсан, хууль бус үйлдэлд сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдаж, амь хохирогчийн хоолойг боож ховч яс, төвөнх мөгөөрсний хугарал бүхий учрах үедээ үйлдэл, хөдөлгөөн хийх боломжгүй амь насанд аюултай гэмтэл учруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************ мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэн үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************ мэдүүлэхдээ: “Амь хохирогч ************ нь миний төрсөн ах. Тэрээр сүүлийн үед бор дарсанд орсон. Түүнд охин дүү маань удаа дараа сануулж хэлж байсан. Хэргийг хууль дүрмийнхээ дагуу шийдвэрлэж өгөх байх гэж итгэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн ар гэр ууц чанаж ирээд, 500.000 төгрөг бэлэн өгсөн.” гэжээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 23-24 дүгээр тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 25-34 дүгээр тал/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 35-52 дугаар тал/, цогцосны гадна биет үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 53-57 дугаар тал/, орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 59-72 дугаар тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 77-81 дүгээр тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************ мэдүүлэг /1-р хх-ийн 93-96 дугаар тал/, гэрч ************ мэдүүлэг /1-р хх-ийн 106-107 дугаар тал/, гэрч ************ мэдүүлэг /1-р хх-ийн 109-111 дүгээр тал/, гэрч ************ мэдүүлэг /1-р хх-ийн 113-115 дугаар тал/, гэрч ************ мэдүүлэг /1-р хх-ийг 117-118 дугаар тал/, гэрч ************ мэдүүлэг /1-р хх-ийн 121-123 дугаар тал/, гэрч ************ мэдүүлэг /1-р хх-ийн 136-137 дугаар тал/, шинжээч ************ мэдүүлэг /1-р хх-ийн 168-169 дүгээр тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Э.Баасанжавын 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1789 дүгээр дүгнэлт /1-р хх-ийн 172-180 дугаар тал/, шүүх сэтгэц эмгэг судлалын 604 дүгээр дүгнэлт /1-р хх-ийн 203-204 дүгээр тал/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 50-59 дүгээр тал/ зэргийг шинжлэн судлав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар

          Шүүгдэгч ************ нь 2023 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ************ тоотод амь хохирогч ************ “төрсөн дүү ************ удаа дараа хүчирхийлдэг, мөн тухайн цаг хугацаанд хүчээр бэлгийн харьцаанд орох зорилгоор хүч хэрэглэж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан, зүй бусаар харьцсан, хууль бус үйлдэлд сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдаж, амь хохирогчийн хоолойг боож ховч яс, төвөнх мөгөөрсний хугарал бүхий учрах үедээ үйлдэл, хөдөлгөөн хийх боломжгүй амь насанд аюултай гэмтэл учруулж алсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна. Дээр дурьдсан үйл баримт дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 24 дүгээр тал/,   

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 25-34 дүгээр тал/,

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 35-52 дугаар тал/,

Цогцосны гадна биет үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 53-57 дугаар тал/,

Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ц.Доржнамжилын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн бичсэн илтгэх хуудас /1-р хх-ийн 58 дугаар тал/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 77-81 дүгээр тал/,

Хүний биед үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 82-83 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************ өгсөн: “Би өнөөдөр өглөө цагдаагаас ярихаар нь мэдсэн, тэрнээс мэдээгүй байна. Ер нь бол мэдэхгүй, бэлхэд амьдардаг талаар нь л мэднэ, хаягийг нь тодорхой мэдэхгүй байна, очвол зааж өгч чадахгүй. Миний утас нь дээр сүүлд 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр над руу залгаж мөнгө асуухаар нь би мөнгө шилжүүлсэн байна, маргааш нь дахиж залгасан байсан тэр дуудлагыг нь аваагүй байна. Тэрнээс хойш холбоо байхгүй байна. Сүүлд ярихдаа ************ дугаараас залгасан байна. Ер нь бол олон дугаараас залгаж ярьдаг юм. Өвчний талаар бол яриад байдаггүй юм. Архаг хууч өвчин байдаг талаар мэдэхгүй байна. 1990 оны үед цэргийн дээд сургууль төгсөөд Зүүнбаянд томилогдоод тэндээ зодоон хийгээд нүдэндээ гэмтэл авсан, тэгээд тэр нүдийг нь авахгүй бол болохгүй нь гээд гэмтсэн нүдийг нь аваад хиймэл протез хийлгэсэн. Тэгээд нүдээрээ группт орсон. Өвчний талаар бол яриад байдаггүй юм. Архаг хууч өвчин байдаг талаар мэдэхгүй байна. 1990 оны үед цэргийн дээд сургууль төгсөөд Зүүн баянд томилогдоод тэндээ зодоон хийгээд нүдэндээ гэмтэл авсан, тэгээд тэр нүдийг нь авахгүй бол болохгүй нь гээд гэмтсэн нүдийг нь аваад хиймэл протез хийлгэсэн. Тэгээд нүдээрээ группт орсон. Ер нь их огцом ууртай, догшин зантай, бид нарт агсан тавиад байсан юм бол байхгүй. Юм уучихаараа агсан согтуу тавьдаг тавтиргүй зантай хүн. Өөрөө их дураараа хүн байсан. Сүүлийн 5-6 жил ажил хийж байгаагүй, ажил хийдэг байсан талаар нь мэдэхгүй байна. Ер нь бол тогтсон ажил байгаагүй, барилгын халтуур хийгээд явж байдаг юм шиг байна лээ.

Би сэтгэл санааны хохирол гэж тооцож гаргуулахгүй. Талийгаач нэгдүгээр эмнэлэгт зүүн нүд нь хараагүй учраас хяналтад байсан, өөр эмнэлгийн хяналтад байгаагүй. Талийгаачийн зүрх өвдөггүй байсан, өөрөө шинжилгээ өгөөд явдаг байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 93-96 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ************ өгсөн: “2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн орой 18-19 цагийн хооронд хамтран амьдрагч ************ гаднаас тал шил Хамаг монгол гэх нэртэй архитай ирсэн, тэр хашааны хаалга цоожтой байсан, урд талын онгорхой цоорхойгоор орж ирсэн байсан. Тэгээд согтуу орж ирээд хамаг хувцсаа тайлаад “эхээс төрсөн биеэрээ бэлгийн харьцаанд орно гэж дайраад, боов хөх” гээд байсан. Би жижигхэн биетэй болохоор намайг түлхэхэд нь би буйдан налаад унасан, тэгсэн чинь дээрээс хамаг биеэрээ дарж миний цээжин дээр өвдгөөрөө дараад үнсээд, цээж рүү тааралдсан газар руугаа цохиод байхаар нь би арай чүү босож зугтаасан. Тэгээд манай ах хөдөөгөөс 2-3 хоногийн өмнө ирээд согтуу унтаж байсан болохоор намайг орилж чарлахад манай ах сэрээд “чи манай дүүг ноднин 11 сард сүхэдсэн байна лээ. Өмнө нь нүд ам нь хөхөрсөн байсан. Чи манай дүүг аягүй их дарамталдаг юм байна лээ” гэж хэлж байсан. Тэгээд намайг гарахад нүд нь дээр минь зодолдоод үлдсэн. Тэгээд би гарч зугтаагаад эргэж очих гэсэн чинь эр улсууд хоорондоо учраа олчих байлгүй гэж хэлсэн. Тэгээд би тэр орой гэртээ очиж хоноогүй, таньдаг айл ************ нарын гэрт очиж хоносон. Тэгээд тэднийд очоод унтаж чадахгүй шөнөжин огьж бөөлжөөд, шээс хүрээд байсан, тэгээд би маргааш өглөө нь 7-8 цагийн хооронд босоод цай хол идэх гэсэн чинь огиулаад бөөлжөөд байсан. Тэгээд би харих гэсэн чинь нүүр амнаасаа санаа зовоод тэдний гэрээс гараагүй. Тэгээд орой нь 20 цаг өнгөрч байхад тэднийхээс гараад гэр рүүгээ харих гээд Ууган төв өнгөрөөд явж байхад автобусанд ************ таарахад 1 шил барьчихсан уух гэхээр нь би тэр архинаас нь уулцаад гэр рүүгээ 21 цагийн үед гэртээ очиход хашааны хаалга, гэрийн хаалга, онгорхой, гэрэл асаалттай байсан. Тэгээд би яваад ороход пийшэн, буйдан хоёрын голд талийгаач хэвтэж байсан. Би архи уучхаад хэвтэж байдаг болохоор нь очоод “босооч, дандаа архи уудаг” гэж хэлээд чангаасан чинь ямар ч мэдрэмжгүй хэвтэж байсан. Тэгэхээр нь би гүйж гараад хойд айл болох ************ гэр рүү орж түргэн дуудсан. Надтай хамт манай ах ************ согтуу газарт байдаг буйдангийн матраас нь дээр унтаж байсан, маргааш нөгөөдрөөс нь ажилдаа явна гэж байсан юм. Гаднаас тал шил архитай ************ орж ирсэн. Намайг байхгүй хооронд ах өмнө нь талийгаачийг намайг сүхдэж байсныг олж уншсан байсан. Тэгээд бас гэрт нь амьдарч байхад ахыг нь ирэхэд миний нүд хөхөрсөн байсан. Тэгээд ах надад “энэ хүнээс салаач” гэхээр нь би “орох оронтой болж байгаад сална” гэж хэлж байсан. Тэгээд нүд нь дээр нь зодоод байсан болохоор 2 согтуу хүн барилцалдаад маргалдаж зодолдсон. Талийгаач надад гэмтэл учруулсан. Талийгаач хамаг хувцсаа тайлчхаад цээж нь дээрээс өвдөглөж дарчхаад хавирга, бөөр, нүүр ам самардаж цохиод үнсээд, үсдэж зулгаасан. Миний үсийг туг тугаар нь зулгаасан байсан. Миний толгой зарим газар үсгүй халзарсан байгаа. Миний биед учирсан гэмтлүүд нь надад өмнө нь байгаагүй. Тэр өдөр учирсан гэмтлүүд.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 99-100 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ************ өгсөн: “Урьд зоддог талаар мэддэг. Ойр хавийнхан нь мэддэг юм байна лээ. Манай дүү ч гэсэн цуг архи уудаг архины хамааралтай болсон байсан цуг уугаад манай дүүг аймар зоддог гэсэн. Нэг удаа 1-2 жилийн өмнө гэмтлийн эмч залгаад дүү чинь толгойдоо сүхээр цохиулаад толгойгоо хагалуулчихсан байна гэж ярьж байсан. Ер нь ************ аймар зоддог байсан. Дүү маань их айдаг намайг 4 сард очоод тусдаа гаргах үед хуучин байсан гэртээ очоод юмаа авахдаа хүртэл айгаад очиж чадахгүй байсан. Би хорооны цагдаатай хамт очиж юмыг нь авах үед тэр хүн нь согтуу байсан дүүг маань зодох гээд дайраад л байсан. Дүү маань ярих үедээ зодуулаад толгой тархи өвдөөд бие өвдөөд гэм дайраад л байсан. Дүү маань ярих үедээ зодуулаад толгой тархи өвдөөд бие гээм ам тарианы мөнгө авдаг байсан. Тэр хүн нь байнга зоддог байсан. Манай дүү барагтай л бол хэлэхгүй бүр тартагтаа тулсан үедээ л хэлдэг байсан. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 159-160 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд ************ өгсөн: “************ бол би эмнэлэгт хэвтсэнээс хойш харж байгаа, тэрнээс өмнө бол 25-ны өдөр утсаар ярьж дууг нь сонссон, ах ************ 26-ны өдөр манай ажил руу явж байхад манай ажлын гадаа байсан уулзахад “ах нь ажилд явахаар болчихлоо, хэдэн төгрөг хэрэгтэй байна” гэж хэлээд надаас мөнгө асуухаар нь би “надад мөнгө алга аа” гэж хэлсэн. Би “хэзээ явах юм бэ?” гэхэд “6 сарын 30-ны өдөр цагаан хад руу явна, даргатайгаа ярьсан” гэж хэлсэн. Тэгээд надаас мөнгө алга гэсэн чинь “ахдаа уух юм, тамхи аваад өгөөч” гэхээр нь би түцнээс 2 ширхэг жижиг ундаа, raison тамхи, 2 чанасан өндөг авч өгөхөд “ажилд явахаар боллоо ахын дүү мөнгө сураглаж байгаарай” гэж хэлээд явсан. 2 дахь өдөр 12-16 цагийн хооронд дахиж ирээд манай ажлын хаалгыг шагайгаад “гараад ир” гэж хэлэхээр нь би гарсан чинь “ахдаа мөнгө олсон уу? явах гээд байна. Хэдэн төгрөг олоод өг” гэхээр нь харахад ядруухан харагдаж байхаар нь “хоол идсэн юм уу?” гэсэн чинь “хоол идье” эхээр нь хажуу талын ажилчдын цайны газар руу орж хоол авч өгсөн чинь “2000 төгрөг байна уу?” гэхээр нь би мөнгө алга байсан гэсэн чинь хоолоо аваад ширээ рүү очихын хооронд алга болсон байсан. Тэгээд би хоолыг нь эргүүлж өгчхөөд цайны газраас гараад явж байсан чинь араас дуудахаар нь харсан чинь Саппоро талаас алхаж ирж байсан, тэгээд халаасандаа жижиг архи хийчихсэн байснаа тэр архиа хоол идэхийн өмнө уучихсан. Тэгээд би хоолоо идэж бай хүн юм авах гээд дуудаад байна гэж хэлээд гараад явсан. Тэгээд гараад явчхаад эргээд хүрээд ирсэн чинь алга болсон байсан, тэгээд би утас руу нь залгасан чинь 1 эмэгтэй утсыг нь авсан чинь “энэ утас хаана байна” гэж асуусан чинь “түцэнд цэнэглэсэн байна” гэж ярьсан. Дараа нь “энэ түц хаана байдаг вэ?” гэж асуухад саппарогийн тэнд байдаг гэж хэлсэн. Тэрнээс хойш дахиж хараагүй, холбогдоогүй байна. ************ биеийн ил хэсэгт нь хөхөрсөн, шалбарсан юм харагдаагүй. Би эд нартай харьцахдаа хараад байхыг хүсдэггүй болохоор сайн хараагүй. ************ уулзахад нүүр,хүзүү, мөрөн дээр нь зулгарсан сорви байсан. Өөрөө болохоор атиралдаад өвдөж байна гэж байсан. Өнөөдөр бол арай гайгүй болсон байсан. ************ хүү ************ надад ************ ахад зодуулсан юм шиг юм яриад байсан. Би яг сайн ойлгоогүй байж магадгүй. Ямар ч байсан ************ ах тэр үед нь байсан юм шиг байгаа.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 149-150 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ************ өгсөн: “Надад энэ дугаар байдаг, энэ дугаар нь манай эгч ************ авч өгч байсан, энэ дугаарыг ашиглаад 1 жил гаран болж байна. 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр орой харанхуй болсон байхад би гэртээ ганцаараа байж байхад гаднаас ************ ганцаараа орж ирээд “манай нөхрийн бие муудаад, зүрх өвдөөд байна. Надад утас байдаггүй, утсаа ломбардад тавьчихсан, утсаар чинь түргэн дуудъя” гэхээр нь ************ миний утсаар дуудлага өгчхөөд түргэний эмч ирэхийг хүлээгээд сууж байсан, ямар ч байсан 2-3 удаа дахиж түргэний эмчийг шаардаж залгаж байсан. Тэгээд түргэний машин манай гудамжинд ирээд түргэний машин нь ирчхээд дуут дохиогоо хангинуулаад орж ирэхээр нь би ************ “түргэний машин манай гудамжинд ирчхэж гараач ээ” гэж хэлсэн чинь ************ гараад явсан. Тэрнээс хойш дахиж орж ирээгүй. Хойших асуудлыг нь би мэдэхгүй байна. Нүүр ам нь дээрээ бол юу ч байгаагүй байх би анзаараач үгүй, сүүлд эмнэлэгт байхдаа надтай утсаар ярихдаа “************ нөхөр ************ 6 хавиргыг хуга өшиглөсөн, элэг нь бяцарснаас болж элэгнийхээ талыг авхуулсан, ************ хоолойг ах нь чихсэн байна лээ, ах хурдан олдчихоосой” гэж байсан. Ямар ч байсан үхсэн хүнээ муулалтай биш гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 121-122 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ************ гэрчээр өгсөн: “2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гэртээ өөрийн төрсөн ах ************ хамт хоноод 12 цагийн үед сэрээд гэр орноо цэвэрлэсэн чинь ах ************ цүнхнээсээ архи гаргаж ирээд ганцаараа уугаад байхаар нь би уурлаад “бушуухан явж үз, архи уусан байхыг чинь хармааргүй байна.” гэж хэлсэн чинь ************ “би өөрөө мэдэж байна.Тэртээ тэрэнгүй би хэд хоногоос явчихна” гээд утсаараа ийш тийшээ утасдаад ажил асуугаад хүнээс данс руугаа мөнгө аваад гарч дэлгүүрээс архи аваад ганцаараа уугаад байсан. Тэгээд тэр орой байж байтал 19 цагийн үед талийгаач ************ гаднаас тал шил архи барьсан орж ирээд хамаг хувцсаа тайлж шидээд бэлгийн харьцаа хийнэ гээд дайраад байсан. Манай ах ************ согтоод газар унтаж байсан. Тэгээд би талийгаач руу шалдан нүцгэн дайраад ор руу түлхэхээр нь би “болиоч” гээд урдаас нь түлхсэн чинь талийгаач миний цээж нь дээр өвдөглөөд үнсэх гэж дайраад байхаар нь арай чүү гэж тэмцэж босоод гараад гүйсэн, тэгээд амбаарын хаалгаар гараад хашааны хаалгаар гараад гүйх гэсэн чинь талийгаач миний үснээс зулгаагаад чирээд гэр рүү оруулсан. Тэгээд би гэр рүү ороод арай гэж гутал өмдөө өмсөөд гараад зугтаасан. Тэгээд намайг гарахад ************ эхээс төрсөн биеэрээ шалдан байсан. Тэгээд гарч зугтаж байхдаа түцний тэнд ************ таарахад 1 залуутай таарсан чинь надаас нүүрээ яасан юм гэж асуухаар нь би талийгаачийг зодоод гэж хэлсэн чинь байнга зодуулж байх юм салаач гэж хэлсэн. Тэгээд гарч яваад ************ нарын гэрт очиж хоносон. Тэгээд шөнө нь бараг унтаж чадаагүй, үүрээр унтаад өдөржингөө унтаж байгаад дөнгөж бүрэнхий болох гэж байхад гараад би гэр рүүгээ өгсөж явахад автобус ************ таараад 1 шил архи хувааж уучхаад гэр рүүгээ ороход талийгаач пийшэн ор хоёрын голд хэвтэж байхаар нь татсан чинь ямар ч хөдөлгөөнгүй болохоор нь сандарч гүйгээд л ************ орж түргэн дуудсан. Тэгээд түргэний машин ойролцоогоор 1 цаг орчим болоод орж үзчихээд нас барсан байна гэж хэлээд цагдаа дуудна гэж хэлээд намайг байж байх юм уу? гэж асуухаар нь “айгаад байна” гэж хэлсэн чинь “хашааны буланд хүлээж бай” гэж хэлэхээр нь би хүлээж байхад 10 орчим минутын дараа цагдаа нар ирээд цуг гэр рүүгээ орсон. Тэгээд цагдаа нар ирчхээд шүүх эмнэлэг дуудаад цогцсыг нь аваад явсан. Манай ах ************ гэрт байхдаа намайг заазуурдсан гэсэн шүүхийн бичгийг олж уншчихаад “энэнд заазуурдуулаад байхдаа яадаг юм бэ?” гэж хэлэхээр нь би “танд ямар хамаатай юм бэ?” гэж хэлсэн. Өмнө нь бас ирэхэд нь талийгаач намайг зодоод нүд ам нь хөхөрсөн байсан юм, тэгээд загнаад байсан юм шиг байна лээ. Ах намайг өмөөрч талийгаачтай зодолдоод үлдсэн. Манайхаар хүн амьтан очдоггүй, энэ ахаас л гарцаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 152-153 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ************ өгсөн: “”Би он сар өдрөө санахгүй байна. ************ надад скоч аваарай гэж хэлсний дагуу би тэдний гэрээр нь маргааш нь санаж байна, гэрээр нь ороход хашаа болон амбаарын хаалга нь, гэрийн хаалга нь онгорхой байхаар нь орсон чинь талийгаач гэрийн баруун талд баахан матраасан дээр дээгүүрээ хөнжил нөмөрсөн байдалтай нүүр нь ил гарсан хэвтэж байхаар нь би тасраад унтаж байна гэж бодоод энэ юугаа мэдэх вэ? гэж бодоод очилгүй гараад явсан. Тэгээд тэр өдрөө ************ таараагүй, тэгээд гэртээ хариад төмрөөр юм хийж байгаад халуун байхаар нь гэртээ ороод амарсан. Тэгээд маргааш нь ************ үхсэн, нөхөр нь үхсэн гээд 2 өөр яриа гараад байсан болохоор би алинд нь ч итгээгүй. Хэн ч байгаагүй, нөгөө талийгаач гэрийн баруун талд дөрвөлжин диваны матраас нь дээр хэвтэж байхаар нь тасарсан писда байна гэж бодоод гараад явсан. Би дахиж тэдний гэрээр ороогүй, би уг нь ордог би хашаа, амбаарыг нь барьж өгч байсан юм. Би дараа нь ************ таарсан чинь “************ муу алуурчин, барьж өгнө” гээд ахыгаа хараагаад байхаар нь архи уусаар байгаад балай болчхож гэж бодсон. Тэгж хэлэхээр нь би ах нь өмөөрөөд зодсон юм байна гэж бодсон.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 136-137 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ************ өгсөн: “Анх уулзахад бол ямар байдалтай байсныг нь бол анзаараагүй юм. Тэгээд Эрдэнэт рүү явж байхдаа дэргэд суучхаад миний өгсөн архинаас бага багаар балгаад зүүрмэглээд цочоод сэрсэн байсан. Би энэ талаар цэргийн онжав ************ нь асуухад дүүгээ нуучихсан юм шиг байна лээ гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 136-137 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч ************ өгсөн: “Талийгаачийн биед учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байсан бөгөөд дүгнэлт хэсгийн 11 дэх дугаарт тусгагдсан гэмтлүүд нь нас барсны дараа үүсэн гэмтэл байсан. Цогцост хийсэн шинжилгээгээр тогтоогдсон ховч яс төвөнх мөгөөрсөн хугарал зөөлөн эдийн цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.9-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Тухайн гэмтлийг авсан даруйд үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй бөгөөд нас барна. Цогцост хийсэн шинжилгээгээр тогтоогдсон ховч яс төвөнх мөгөөрсний хугарал зөөлөн эдийн цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.9-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Тухайн гэмтлийг авсан даруйд ямар нэг идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй бөгөөд шууд нас барна. Дээрх төвөнх мөгөөрсний хугарал гэмтэл нь тухайн хэсэг газар урдаас арагш чиглэлд мохоо зүйлийн хүч үйлчлэх мөн урдаас арагш чиглэлд хүзүү хоолойг ямар нэгэн зүйлээр боох зэргээр үүсэх боломжтой. Мөн ховч ясны хугарал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх бөгөөд тухайн төвөнх мөгөөрсний хугарал гэмтэлтэй 1 зэрэг үүссэн байх боломжтой.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 168-169 дүгээр тал/,

Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны хэлтсийн 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 8368 дугаар:

1. ************ биед элэгний зүүн дэлбэнгийн 2, 3-р сегментийн урагдал язрал, хэвлийн хөндийд цус хуралдалт 700 мл, баруун 6, 7, 8, 9-р хавирга, зүүн 4, 5, 6, 7, 8, 9-р хавирганы далд хугарал, цээжний хөндийд шингэн хуралдалт, баруун шуунд шарх, 2 нүдний зовхи, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, цээж, нуруу, бугалга, шуу, гуя, шилбэнд цус хуралт, чамархай, хамар, хацар, уруул, шанаа, эрүү, хүзүү, цээж, нуруу, мөр, бугалга, тохой, шуу, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх баруун шууны шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх элэгний зүүн дэлбэнгийн 2, 3-р сенментийн урагдал язрал, хэвлийн хөндийд цус хуралдалт /700 мл/, 2 нүдний зовхи, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой.Харин бусад гэмтлүүд нь үзүүлсэн өдрөөс 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

6. Дээрх элэгний зүүн дэлбэнгийн 2, 3-р сегментийн урагдал язрал, хэвлийн хөндийд цус хуралт 1700 мл, 2 нүдний зовхи, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

7. ************ нь гуравдугаар бүлгийн цустай байна.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 188-190 дугаар тал/,

 Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Э.Баасанжавын 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1789 дүгээр:

1.Талийгаач ************ цогцост ховч яс, төвөнх мөгөөрсний хугарал, зөөлөн эдийн цус хуралт, баруун 4, 5, 6, 7 зүүн 3, 5, 6, 7, 8, 9, 10-р хавирганы зөрүүтэй хугарал, элэгний эдийн задрал /хэвлийн хөндий дэх шингэн цус хуралдалт 500 мл/ дух, зүүн, сарвууны шарх, дух, хүзүү, эрүү, цээж, баруун шанаа, хацар, шуу, зүүн тохой, сарвуу, хоёр шилбэнд зулгаралт, зүүн зулай, духны хуйх, баруун бамбай булчирхай, дух, эрүү, цээж, хэвлий, зүүн чих, шанаа, чамархай, хацар, эгэм, ташаа, баруун шанаа, хацар, хөмсөг, зовхи, ташаа, өлмий, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Духны шарх гэмтэл нь мохоо болон ир, ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

2. Тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.9, 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3. Ховч яс, төвөнх, мөгөөрсний хугарлын үед үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй.

4. Талийгаачийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Цусанд 1.9 промили спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Ходоодны шингэнд 27 промили спиртийн агууламж илэрсэн. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.

6. Талийгаач нь рефлексийн бүсийн гэмтлийн удмаас зүрх гэнэт зогсож нас баржээ.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 172-176 дугаар тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдохгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог. 

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ************ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

        Улсын яллагч “Шүүгдэгч ************ нь 2023 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ************ тоотод амь хохирогч ************ “төрсөн дүү ************ удаа дараа хүчирхийлдэг, мөн тухайн цаг хугацаанд хүчээр бэлгийн харьцаанд орох зорилгоор хүч хэрэглэж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан, зүй бусаар харьцсан, хууль бус үйлдэлд сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдаж, амь хохирогчийн хоолойг боож ховч яс, төвөнх мөгөөрсний хугарал бүхий учрах үедээ үйлдэл, хөдөлгөөн хийх боломжгүй амь насанд аюултай гэмтэл учруулж алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйчлэлийн талаар маргаагүй болно.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэргийг “Өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан.” гэж хуульчилжээ.

“Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах” гэмт хэргийн шинж нь анагаах ухааны бус харин хууль зүйн шинжлэх ухааны үнэлэмжээр тодорхойлогдох ойлголт бөгөөд хэрэг учрал болсон нөхцөл байдал, хүний сэтгэхүйд сөргөөр нөлөөлөхүйц нөлөөллийн шинж чанар зэргийг тооцоолохоос гадна, дээрх нөхцөл байдалд хүн бүр нэг ижил хандлагаар хандах боломжгүй тул ердийн ухамсар, сэтгэхүйтэй хүн ийм нөхцөлд орсон бол ямар хариу үйлдэл үзүүлэх боломжтойг харгалзан тухайлсан үйл баримтад хийгддэг эрх зүйн үнэлэмж, ухагдахуун, зүй тогтол юм.

Эрүүгийн эрх зүйн онолоор санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэгт хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас хүний сэтгэл зүйн хэвийн байдал алдагдаж, оюун ухааны ухамсарт үйл ажиллагаа саармагжин, өөрийн үйлдэлд зөв дүгнэлт өгөх, үйлдлээ сонгох болон өөрийгөө хянах чадвар тодорхой түвшинд буурах, өөрийн үйлдлийн үр дагаврыг тал бүрээс нь нягт нямбай тунгаан цэгнэх боломжгүй болсон байдлыг ойлгодог.

Аливаа этгээдийн санаа сэтгэл цочрон давчидсан үед бусдыг алах санаа гэнэт, хоромхон зуур төрдөг бол “хүнийг санаатай” алах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсэж үйлдсэн буюу уг хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн шууд болон шууд бус санаатай байдгаараа ялгаатай.

Мөн санаа сэтгэл хүчтэй цочирсон үед тухайн хүн өөрийн үйлдлийн аюулын бодит шинжийг ухамсарлах болон түүнийг удирдах чадвар нь ихэд буурсан ч сэтгэхүйн байдал бүрэн алдагдаагүй байдгаараа “хэрэг хариуцах чадваргүй байдал”-аас ялгагддаг тул ийм үед хийсэн үйлдэл нь сэтгэл зүйн хэвийн үед үйлдсэн гэмт санаа зорилгоос нийгмийн аюулаараа ямагт бага байдгийг харгалзан хууль тогтоогч Эрүүгийн хуулийг батлахдаа хүлээн зөвшөөрч тодорхойлсон байна.

Санаа сэтгэл нь бодитой цочрон давчидсан үед гэмт этгээд тэрхүү цочрон давчдуулсан нөхцөл байдлыг шалгах, үнэлэх боломж сэтгэхүй, цаг хугацааны хувьд байдаггүй, гэнэтийн байдаг шинжээрээ гэм буруугийн андуурлаас ялгагддаг болно.

Шүүгдэгчийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсанаас хүнийг алах гэмт хэрэг нь гэмт үйлдэл үйлдсэн этгээдийг хүн алахад хүргэсэн нөхцөл байдал, хэрэг үйлдсэн тухайн цаг үеийн сэтгэл зүйн байдлын онцлог байдлаар хүнийг алах гэмт хэргээс ялгагддаг.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүгдэгч ************ нь 2023 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ************ тоотод амь хохирогч ************ “төрсөн дүү ************ удаа дараа хүчирхийлдэг, мөн тухайн цаг хугацаанд хүчээр бэлгийн харьцаанд орох зорилгоор хүч хэрэглэж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан, зүй бусаар харьцсан, хууль бус үйлдэлд сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдаж, амь хохирогчийн хоолойг боож ховч яс, төвөнх мөгөөрсний хугарал бүхий учрах үедээ үйлдэл, хөдөлгөөн хийх боломжгүй амь насанд аюултай гэмтэл учруулж алсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..”  гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ************ нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************ нь амь хохирогчийн оршуулгын зардалтай холбогдуулан 11.878.300 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэхгүй” гэсэн тул шүүгдэгч ************ 11.878.300 төгрөгийг гаргуулж ************ олгож шийдвэрлэлээ.

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар шүүгдэгч ************ гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул  түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчийн зүгээс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна.” гэх санал,

Шүүгдэгч ************ өмгөөлөгч А.Буянжаргалын зүгээс: “Миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Тус гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ харамсаж байгаа. Миний үйлчлүүлэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хувийн байдлыг харгалзан үзэж улсын яллагчийн гаргасан саналаас доогуур ял шийтгэж өгнө үү.” гэх дүгнэлтийг гаргасан бол шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал, дүгнэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүнийг алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ************ эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүхээс шүүгдэгч ************ эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 05 /таван/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ************ нь 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 640 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар тус хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Blue esse гэсэн бичигтэй 2 ширхэг тамхины иш, 4, 5, 6 гэж дугаарласан ягаан өнгийн хагарсан шилнүүд, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон бор өнгийн цаасан хайрцагны тасархай, 1, 2, 3 гэж дугаарлан хураан авсан үснүүд, биологийн 14 ширхэг дээж, амь хохирогч ************ өмсөж явсан гэх цэнхэр эрээн өнгийн футболк, хар эрээн өнгийн ногоон цамц, хар ангийн өмд, цагаан өнгийн оймс, ногоон эрээн өнгийн цамц, 30х94 см хэмжээтэй ногоон саарал өнгөтэй торон материалтай алчуур, ногоон эрээн өнгийн цүнх, “Хамаг монгол” нэртэй архины шил 1 ширхэг, ************ цээж зураг, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шинжилгээнд хүргүүлж дүгнэлт гаргуулсан 1 гэж дугаарласан 96 хуудастай дэвтэр 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр хураан авсан шүүгдэгч ************ цүнхэн дотор байсан 2 гэж дугаарласан 48 хуудастай дэвтэр 1 ширхэг, 3 гэж дугаарласан 36 хуудастай дэвтэр зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ************ “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ 05 /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч ************ оногдуулсан  05 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.     

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар ************ цагдан нийт 640 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар тус хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Blue esse гэсэн бичигтэй 2 ширхэг тамхины иш, 4, 5, 6 гэж дугаарласан ягаан өнгийн хагарсан шилнүүд, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон бор өнгийн цаасан хайрцагны тасархай, 1, 2, 3 гэж дугаарлан хураан авсан үснүүд, биологийн 14 ширхэг дээж, амь хохирогч ************ өмсөж явсан гэх цэнхэр эрээн өнгийн футболк, хар эрээн өнгийн ногоон цамц, хар ангийн өмд, цагаан өнгийн оймс, ногоон эрээн өнгийн цамц, 30х94 см хэмжээтэй ногоон саарал өнгөтэй торон материалтай алчуур, ногоон эрээн өнгийн цүнх, “Хамаг монгол” нэртэй архины шил 1 ширхэг, ************ цээж зураг, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шинжилгээнд хүргүүлж дүгнэлт гаргуулсан 1 гэж дугаарласан 96 хуудастай дэвтэр 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр хураан авсан шүүгдэгч ************ цүнхэн дотор байсан 2 гэж дугаарласан 48 хуудастай дэвтэр 1 ширхэг, 3 гэж дугаарласан 36 хуудастай дэвтэр зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ************ 11.878.300 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************ олгосугай.

            7. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ************ нь энэ хэрэгтээ 640 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч ************ урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     10. Оролцогчид давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч ************ урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС