Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2022/00183

 

2022 оны 01 сарын 18 өдөр

                     Дугаар 183/ШШ2022/00183                     Улаанбаатар хот

                  

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Т.д нэхэмжлэлтэй,  

 

Хариуцагч: Я.С-д холбогдох

 

Гэрээний үүрэг, гарсан зардал нийтдээ 2,416,920 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

           Нэхэмжлэгч: итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О 

            нарийн бичгийн дарга Ч.Нямжав нар оролцов.

           Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т. д.....Я.С холбогдуулан бараа бүтээгдэхүүний төлбөр, гарсан зардалд нийтдээ 2,416,920 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани нь гадаад харилцаа, бараа бүтээгдэхүүн борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хариуцагч нь манай компаниас 5 удаагийн давтамжтай  3,000,000 гаруй төгрөгийн бараа бүтээгдэхүүний захиалга авсан байсан. Үүнээсээ 600,000 гаруй төгрөгийн төлбөрийг төлөөд үлдэгдэл 2,416,920 төгрөгийг төлөөгүй байсан. Талуудын хооронд бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ хэлцэл хийгдсэн. Анх 10 дугаар сард Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад тухайн хариуцагчийн НӨАТ авдаг хуулийн этгээдийн хаягаар нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа байдаггүй гэсэн үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Энэ хугацаанд хариуцагчийн хаягийг тодруулаад шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанд хариуцагч 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр, 10 дугаар сарын 23-ний өдөр тус тус 200,000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Мөн нэхэмжлэл өгснөөс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 565,620 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд нийт нэхэмжлэлийн шаардлагаас дээрх төлсөн төлбөрийг хасаад 1,451,300 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс 2021.08.19-ний өдрийн 3-02-179 тоот албан бичиг, 2020.03.31-ний өдрийн зарлагын баримт, 2020.06.08-ны өдрийн зарлагын баримт, 2020.07.06-ны өдрийн зарлагын баримт, 2021.02.08-ны өдрийн зарлагын баримт, тооцооны үлдэгдлийн баталгаа /ХХ-5,7-14/ гэх баримтуудыг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Шүүх нэхэмжлэгч Т.д ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

 Нэхэмжлэгч Түдү дистрибюшн ХХК гэрээний үүрэг, гарсан зардалд нийтдээ 2,416,920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Я.Сэлэнгэсайханд холбогдуулан шүүхэд гаргасан, хариуцагч 2021.12.28-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгчийн тайлбар, шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлээс үзэхэд талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ “...2020.04.01-ний өдөр 116,950 төгрөг, 2020.06.09-ний өдөр 194,800 төгрөг, 2020.07.07-ны өдөр 768,120 төгрөг, 2021.02.09-ний өдөр 758,000 төгрөг, 2021.03.02-ны өдөр 1,192,920 төгрөг нийт 3,030,790 төгрөгийн бараа бүтээгдэхүүн захиалан авч үүнээс 619,870 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 2,410,920 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ...” гэжээ.

 

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Хариуцагч нь 2021.10.19-ний өдөр 200,000 төгрөг, 2021.10.23-ны өдөр 200,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байсан, мөн нэхэмжлэл өгснөөс хойш шүүх хуралдааны өмнө 2022.01.16-ны өдөр 565,620 төгрөгийг шилжүүлсэн, нийтдээ 965,620 төгрөг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасагдах болсныг нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан болно.

 

  Хэрэгт авагдсан 2021.08.19-ний өдрийн 3-02-179 тоот албан бичиг, 2020.03.31-ний өдрийн, 2020.06.08-ны өдрийн, 2020.07.06-ны өдрийн, 2021.02.08-ны өдрийн зарлагын баримтууд, тооцооны үлдэгдлийн баталгаа, нотариатын мөнгөний тасалбар, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзэхэд хариуцагч Я.Сэлэнгэсайхан нь 2,416,920 төгрөгийг Түдү дистрибюшн ХХК-д төлөх үндэслэлтэй байх боловч төлөгдсөн 965,620 төгрөгийг хасч үлдэх 1,451,300 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.2.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч  Я.С  гэрээний үүрэг, гарсан зардалд 1,451,300 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч Т.д ХХК-д олгож, үлдэх 965,620 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,625 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  38,170 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Д.ЭНХЦЭЦЭГ