Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2022/00198

 

 

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2022/00198

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.Д

       

Хариуцагч: Г.О

 

Хариуцагч: Б ХХК

 

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, 21А байрны 75 тоотод байршилтай 86.6 м2 талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлэхийг хариуцагч Г.О даалгах, таун хаусны үнийн зөрүү 394,791,096 төгрөгийг Б ХХК болон Г.О нараас гаргуулахыг үндсэн нэхэмжлэлтэй,

 

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, 21А байрны 75 тоотод байршилтай 86.6 м2 талбайтай 3 өрөө орон сууцыг худалдахаар тохиролцсон аман хэлцлээс татгалзаж, харилцан өгсөн, авсан зүйлээ буцаалгах, уг орон сууцыг С.Д  хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай хариуцагч Г.О сөрөг нэхэмжлэлтэй,

 

С.Д холбогдуулан гаргасан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнийг гутаасны улмаас учирсан хохиролд 50 000 000 төгрөг, Хас банктай байгуулсан гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 100 000 000 төгрөг, барааны үнэ 4 428 336 төгрөг, нийт 154 428 336 төгрөг гаргуулах тухай /нэгтгэсэн хэрэг/ Г.О  нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Г.О  хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , тэдний өмгөөлөгч Р.П  иргэдийн төлөөлөгч О.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нямжав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгч С.Д  хувьд амьдралын нөхцөл байдал нь улам хүндэрч байгаа учраас асуудлаа хурдан шийдвэрлүүлэх үүднээс өмнө гаргаж байсан нэхэмжлэлийн шаардлагуудаасаа заримыг буюу 15,042.67 ам.доллар болон 1,290.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж, дараахь нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байгаа болно. Нэхэмжлэгч С.Д  нь 2006 онд Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 1-р хороо Чингисийн өргөн чөлөө, Наран хотхоны 21А байрны 75 тоотод байрлах 86.6м.кв талбай бүхий 3-н өрөө орон сууцыг Г.О  50.000 ам доллар төлж худалдан авч эзэмшиж, ашиглаж ирсэн боловч одоог хүртэл уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг С.Д  өмчлөлд шилжүүлж өгөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 43-р зүйлийн 43.3, 101 дүгээр зүйлийн 101.1, 243-р зүйлийн 243.1 дэхь заалтуудыг үндэслэн уг орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Боржигон овогт Самбуудоржийн Доржсүрэнг тогтоож өгнө үү. Дээрх Наран хотхоны 3-н өрөө орон сууцыг 2013 онд хариуцагч Г.О нь Ашидтүвшин финанс ББСБ-аас их хэмжээний зээл авч зээлийн барьцаанд барьцаалуулсан байсан. Энэхүү иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны янцад Г.О  зээлийн төлбөрөө төлөөгүйн улмаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.12-ны өдрийн 11925 дугаартай шийдвэрээр хариуцагч Г.О  121.371.730 төгрөгийг гаргуулж Ашидтүвшин финанс ББСБ ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн. Уг төлбөрийг барьцаанд байгаа дээрх орон сууцаар хангуулахаар шийдвэрлэж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны албадан гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжилсэн байгаа бөгөөд албадан дуудлага худалдаагаар Г.О төлөх ёстой өр төлбөрт суутгагдахаар нөхцөл байдал үүссэн, нэхэмжлэгч С.Д нь дахин эд хөрөнгөөрөө төлбөр төлөгч Г.Оөмнөөс хохирч орон гэргүй болж үлдэхээр хүнд байдалд ороод удаж байна. Энэхүү Иргэний хэргийг бүрэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.19-ний өдрийн 183/Ш32019/13614 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” шүүгчийн захирамжаар ажиллагааг түр түдгэлзүүлсэн байгаа болно. Нэхэмжлэгч С.Д нь маргаан бүхий орон сууцны үнийг Г.О төлснөөр биет байдлаар байрыг шилжүүлэн авч эзэмшиж, ашиглаж ирсэн бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар  эд хөрөнгийг холбогдох бичиг баримтын хамт шилжүүлэх үүргээ биелүүлэхийг худалдагч талаас шаардах эрхтэй тул Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 1-р хороо Чингисийн өргөн чөлөө, Наран хотхоны 21А байрны 75 тоотод байрлах Ү-2206008982 угсын бүртгэлийн дугаартай 86,6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн Улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлэхийг Г.О даалгаж өгнө үү. Мөн Б ХХК болон Г.О нараас С.Д өмч болох Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 1-р хороо Үйлдвэр-2, 17041 дугаар бүхий ХД52 дугаар байрны 08 тоот хаягт байрлах 3 давхар таун хаусны үнийн зөрүү болох 394.791.096 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Учир нь Батмэнд ХХК-ийн захирал Г.О нь 2008.06.18-ны өдөр Хас банктай зээлийн гэрээ байгуулж 100.000 ам.долларын зээл авсан бөгөөд С.Д дээрх таун хаусыг зээлийн барьцаанд барьцаалуулсан атлаа зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар хууль бус аргаар тухайн үеийн зах зээлийн ханшнаас хэт доогуур үнээр худалдан борлуулагдаж С.Д өмч хөрөнгөөр нь хохироосон тул Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэхь заалтуудыг үндэслэн гэм хор учруулснаас үүссэн үүрэг хариуцлагыг нь хүлээлгэж таун хаусны үнийн зөрүүг Батмэнд ХХК болон захирал Г.Оюун нараас гаргуулан С.Д олгуулахаар нэхэмжилж байна. Хас банкны нэхэмжлэлтэй Батмэнд ХХК, Г.О нарт холбогдох хэрэг иргэний шүүхээр шийдвэрлэгдэж зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас өр төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсний дагуу С.Д дээрх таун хаусаар шийдвэр гүйцэтгэлийн албадан дуудлага худалдаа явагдаж Мөнх-Оргил ХХК таун хаусыг 239,000.000 төгрөгөөр үнэлж тухайн үеийн зах зээлийн ханшнаас илт доогуур үнэгүйдүүлж худалдан борлуулах ажиллагаа хийж С.Доржсүрэнг өмчөөр нь хохироосон байдаг. С.Д нь тухайн үедээ Г.О холбогдох залилангийн хэрэг Эрүүгийн хуулийн 148-р зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлттэйгээр Хан-Уул дүүргийн Прокурорын газарт хянагдаж байгаа тул дээрх хэргийг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлж өгөхийг 2011.01.12-нд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүссэн боловч ямар нэгэн хариу өгөлгүй, үл ойшоож хууль зөрчиж ажиллагаа хийснээр эд хөрөнгөөр нь хохироосон байдаг. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн архиваас шүүхийн журмаар нотлох баримтууд хуулбарлан гаргуулж энэхүү хавтаст хэрэгт хавсаргасан баримтуудаар төлбөр төлөгч бус иргэн С.Д эрхийг зөрчиж, ноцтойгоор хохироосон болох нь бүрэн нотлогдож байгаа болно. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үнэлгээний Итгэлт эстимэйт ХХК таун хаусны тухайн үеийн зах зээлийн үнийг 534,000,000 төгрөг гэж тогтоосныг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй маргасан тул шүүх хөндлөнгийн үнэлгээний компанийг шинжээчээр томилсон бөгөөд Итгэлт эстимэйт ХХК-ийн албан ёсны үнэлгээгээр таун хаусны дуудлага худалдаанд орох үеийн зах зээлийн үнэ 456,660,300 төгрөг болохыг тогтоосон. Хас банканд хадгалагдаж байсан таун хаусны үнийн үлдэгдэлийг энэхүү хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.Д амьдралын байдал хүндэрч орлогогүй хүнд нөхцөл байдалд орсноос шалтгааган Хас банкнаас 2015.05.28-ны өдөр 61,869,204 төгрөгийг авсан одоо таун хаусны зөрүү төлбөр болох 394,791,096 төгрөгийг Батмэнд ХХК болон Г.О нараас гаргуулж иргэн С.Д олгуулж хохиролгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна. Батмэнд ХХК болон захирал Г.Онь Хас банкнаас авсан ззэлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас иргэн С.Доржсүрэнг өмч хөрөнгөөр нь хохироож 3-н давхар таун хаусыг нь Хас банкны 158,167,383 төгрөгийн өр төлбөрт албадан суутгуулж ноцтойгоор хохироосон болох нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар бүрэн нотлогдож байх тул Иргэний хуулийн 9-р зүйлийн 9.4.4, 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх заалтуудыг үндэслэн гэм хор учруулснаас үүссэн үүрэг хариуцлагыг нь хүлээлгэж таун хаусны үнийн зөрүү болох 394,791.096 төгрөгийг С.Д Батмэнд ХХК болон захирал Г.Онараас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Ошүүх хуралдаанд хариу тайлбарлахдаа: Иргэн С.Д холбоотой маргаан 2010.05.17-ны өдөр намайг цагдаад өгснөөр эхэлж 12 жил болж байна. Энэ 2 үл хөдлөхийн асуудлыг би нотлох баримтаар гаргаж өгсөн. Ийм олон жил болчихоод байхад асуудал шийдэгдэхгүй байгаа тул би өөрийн биеэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор болсон. Нэхэмжлэгч С.Д хүнд хууртагдаад хохироод байгаа мэтээр шүүхэд нөлөөлж байгаа учраас С.До талд асуудлыг шийдсэн, би 2010 оны 05 дугаар сараас 2012 оны 06 дугаар сар хүртэл хугацаанд бүх хуулийн байгууллагад шалгуулсан ба хуулийн байгууллагаас намайг буруугүйг тогтоосон тогтоол шийдвэр гаргасан. Тухайн таун хаус нь анхнааса өмчлөх  эрх нь үүсээгүй байхад өмчлөх эрх нь үүссэн мэтээр нэхэмжлэл гаргасан. Хан-уул дүүргийн 1 дүгээр хороо 75 тоот байрны тухайд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 335 тоот тогтоолд шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн үеэр С.Д өгсөн мэдүүлэгт “...2006 оны 06 дугаар сард хүндрэлтэй төрнө гээд хөдөөнөөс ирсэн, өмнө нь бичил хороололд 2 өрөө байр байсан. Би тэр байраа зараад мөнгийг нь хадгаламж зээлийн хоршоонд алдсан. Байртай болъё гэж нөхөртэйгөө орж ирэхэд ээж нь гэртээ байсан. Маргааш нь Бавариа ресторанд уулзсан ба ээжид нь байр авах сонирхолтой байна гэж хэлэхэд миний нөхрийн ээж нь Г.Оэгчийн ээжтэй эгч дүүс байсан. Хуучин байр хэцүү шүү дээ гэж хэлсэн. Авсан байраа зарна гэж байгаа, тухайн байр таалагдсан болохоор авъя гэж хэлсэн. Ямар ч байсан ойрын хугацаанд төлбөрөө барагдуулна гээл худалдаж авсан. Түүнээс хойш 2006 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 12,000,000 төгрөг өгсөн. Мөн 17,000,000 төгрөг авч байсан. Сүүлийн 8,000,000 төгрөг үлдсэн байсан ..” гэж мэдүүлсэн байдаг. 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 8,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан гэдгээ С.Доржсүрэн хүлээн зөвшөрсөн байна. Гэтэл түүнээс хойш мөнгө төлсөн баримт одоог хүртэл хугацаанд гаргаж өгөөгүй. С.Додоо шүүхэд тайлбарлахдаа 2007.02.28-ны өдрийн тооцоо нийлсэн актыг өөрөө биччихээд тооцоо нийлсэн гэж хэлээд байна. Гэхдээ тооцоо нийлсэн акт нь төлбөрийн баримт биш, хэрэв тооцоо нийлсэн баримтыг дууссан гэж баталгаажуулж байгаа бол  хэдэн төгрөгийг хаана, хэрхэн тушаагаад С.Доржсүрэн гэдэг хүн өөрөө байрыг өмчлөх эрхээ бүрэн хангасан гэдгээ нотлох ёстой боловч энэ талаар огт ярихгүй байна. Эх баримт байхгүй учраас өмч гуравдагч этгээд хэлэх боломжгүй. Төлбөрөө төлөөгүй учраас би өөрийн хөрөнгөө буцааж нэхэх эрхтэй. С.Д үйл явдлыг араас нь өөртөө тохируулж нэхэмжлэлээ гаргасан. Тухайн үед С.Д мөнгө нь байгаагүй, орох орон гэр байгааүй. Тухайн үед  би энэ байрыг аль хэдий нь худалдаж аваад гэрээгээ хийгээд, урьдчилгаа төлбөрүүдээ төлөөд банкны зээлээ бүрдүүлчихсэн, хэнээс ч шалтгаалахгүйгээр байраа зарах бүрэн боломжтой байсан. Тухайн үед үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулах хэлбэрүүд нэлээд олширсан байсан. Баригдахаас нь өмнө урьдчилгаагаа төлөөд м.кв нь 540 ам доллараар авч байсан. Барилга баригдаж дуусаад м.кв нь 800 ам доллар болсон. Тухайн үед гадны хүмүүс их байсан учраас байраас сард 1000 ам.доллараас 1100 ам доллараар түрээсэлдэг байсан. Тийм учраас зарах шаардлага надад байгаагүй. Одоо С. тайлбарлаж байгаагаар би байраа хүчээр зарчихсан мэт, өөрөө мөнгөтэй байсан мэтээр ярьж байна. Хэрэв орлогтой, хэзээ мөнгөтэй болох нь тодорхой байсан бол надаас мөнгө авах ямар ч шаардлааггүй байсан.  Би С.Д хэзээ мөнгө төлж дуусгах талаар мэдэхгүй байсан.  Би анх санал тавихдаа та нар урт хугацааны зээлээр авчих, би бас байраа урт хугацааны зээлээр авсан гэдэг саналаа хэлсэн. Гэтэл бид дөнгөж хөдөөнөөс орж ирсэн бид нарт ямар ч орлого байхгүй, та зээлээ хэвээр үлдээчих бид мөнгөө цувуулаад шилжүүлье. Төлөлтөө хийж дуусахаар байрны гэрчилгээгээ авъя гэсэн тохиролцоонд хүрсэн.  Хэрэв би ашгаа бодсон бол 1 жлийн дотор 22,000 ам доллараас 30,000 ам доллар олох боломж байсан. 2013 оныи 05 дугаар сар гэхэд би Худалдаа хөгжлийн банкны зээлийг бүрэн төлж барагдуулсан. Энэ хугацаанд С.Доржсүрэн үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулах ёстой байсан боловч 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй учраас энэ байр миний өмчлөлд  хэвээрээ. Тийм учраас би энэ байрыг захиран зарцуулах эрхтэй. Энэ хугацаанд С.Д намайг маш хүнд ноцтой гэмт хэрэгт гүтгэж байсан. Би бүх хөрөнгөө хаалгасан байсан урчаас надад зээл авахаас өөр арга байгаагүй. Ариг банктай холбоотой хэрэгт би хариуцагч этгээд биш яагаад гэвэл Анхнаасаа энэ байрыг авахад С.Д өөрөө авсан, дараа нь 2009 оны 06 дугаар сарын 18-ны өдөр С.Д хүсэлтээр сунгалт хийж баталгаа гаргасан баримт дээр гарын үсэг зурсан. Бүх нотариат дээр өөрөө очсон боловч  очоогүй гэж хэлдэг. Энэ гэрээг яагаад манай компани дээр хийсэн бэ гэхээр 2006 онд С.Доржсүрэн н.Ганхуягаас 140,000,000 төгрөгөөр байр авахаар гэрээ хийсэн байдаг ба 70,000,000 төгрөгөө төлөөд 70,000,000 төгрөгөө төлж чадахгүй байсан. С.Д та надад өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргаж өгвөл  би хөөцөлдөж байгаад зээл аваад таны мөнгийг өгье гээд 2008 оны 03 дугаар сард гэрчилгээгээ авсан боловч зээл нь бүтээгүй. Би хүртэл зээлийг нь хөөцөлдөж өгсөн. Тэгээд өөрийн харилцдаг банкуудтай очиж уулзахад уучлаарай орлооггүй хүмүүст ямар ч зээл өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Би яагаад орлогогүй байдаг билээ наад хүмүүс чинь алтны уурхайтай гээд сүүлд нь үзэхэд Алтан дорнод ХХК-д 104,000 төгрөгийн дундаж орлоготой байсан ба үйлчлэгч талбайн инженер хийж байсан юм билээ. 2006 оноос 2003 оны 09 дүгээр сарын хугацаанд ямар ч ажилгүй, орлогогүй байсан. Н.Гболон С.Д нар байрныхаа асуудлаас болоод хоорондоо маргалдаж эхэлсэн, намайг энэ асуудлыг зохицуулаад өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь би Хас банк руу очсон. Тухайн үед миний орлого зээл авах болзлыг хангаж байсан учраас надад 100,000 ам долларын зээл гаргаж болно гэж хэлсэн. Тэгээд би 2008 оны 06 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээгээ хийгээд зээл авсан. Энэ бол би өөртөө авсан зээл биш. Манайх хүнсний худалдаа явуулдаг учраас эргэлтийн хөрөнгө шаардлагатай байдаг учраас би өмнө нь байнга их хэмжээний зээл авдаг байсан. Энэ бол хэвийн асуудал. 2017 онд бид 1,200,000 төгрөгөөс 1,500,000 төгрөгийн орлого хийж байсан. Тухайн үед энэ барилга нь маш муу барилга байсан. С.Д 140,000,000 төгрөгөөр авахад 70,000,000 төгрөг өсгөн ба үлдсэн 70,000,000 төгрөгөө буцаагаад авсан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд Хас банк ХХК нэхэмжлэл гаргасан, шүүхээс С.Доржсүрэнг удаа дараа дуудахад ирэхгүй байнга зугтдаг байсан учраас 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдөр намайг эрхээр маань хангаагүй гэж цагдаагийн бичиг авч очоод С.Доржсүрэнг хүлээсэн. С.Д хариуцагч биш байна гэж хариуцагчаар татсанаасаа татгалзаагүй, дуудаад ирэхгүй байсан учраас Хас банк аргагүйн эрхэнд харуицагчаас татгалзсан. Ингээд шүүх шийдвэрээ гаргасан ба манайх хохирсон, шууд автоматаар муу зээл гэж Монгол банк руу мэдээлэл маань очсон учраас манайд банкууд зээд өгөхөө болиод бүх үйл ажиллагаа маань доголдсон. Одоо манайх 100,000,000 төгрөг хүрэхгүй борлуулалтын орлого жилдээ хийж байна. 100 гаруй ажилтантай, 3 салбартай, Бавариа ресторантай байсан боловч одоо би ганцхан ажилтантай. Би өөрийнхөө байрыг Ариг ХХК-ийн байрны арай өндөр дүнгээр өгөхөд 200,000,000 гаруй төгрөгөөс хэтрэхгүй байсан. 2013 оноос 2018 оны хооронд тухайн байрыг сайжруулах маш олон тохижилтыг хийж байж 200,000,000 гаруй төгрөгийн үнэд хүрсэн. Мөнх-Оргилт трейд ХХК тухайн байрыг маш сайн хангалттай үнэлсэн Хас банк ХХК хангалттай үнээр зарсан. Энэ бүх ажиллагаанд С.Доржсүрэнтэй хамт шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ч оролцсон гэв.

 

Хариуцагч Батмэнд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаанд хариу тайлбарлахдаа: Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлд зааснаар таун хаусны үнийн зөрүү 394,791,096 төгрөгийг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Г.Оюун Хас банктай байгуулсан гэрээний үр дүнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан бүх хариуцлагыг хариуцсан. Хас банкнаас зээл авахад С.Доржсүрэн барьцаалуулагчаар оролцох болсон, өөрийн төлөх хэмжээний 56,986 ам долларын хүү, 901 амдолларыг сар бүр төлж байсан. Энэ хүн бол зээлдэгч учраас зээлдэгчийн үүргээ хүлээж байсан. 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Барилгад хөрөнгө оруулж, хамтран ажиллах тухай н.Ганхуягтай хийсэн гэрээний дагуу С.Доржсүрэн төлбөрөө төлөх үүрэгтэй байсан. Гэрээний үнийн дүнгээс 70,000,000 төгрөг төлөөд үлдэгдэл төлбөрөө төлж чадахгүй банкнаас зээл авах боломжгүй байсан учраас Г.Оюунаар зээл авахуулаад үлдэгдэл төлбөрөө төлсөн. Үүнийг мөрдөн байцаалтын ажиллагааны үед н.Ганхуяг тодорхой хэлсэн. С.Доржсүрэн мөнгөө шаардаад төлөхгүй байсан учраас 2008 оны 03 дугаар сард надад гэрчилгээг нэр дээр нь гаргаж өгчихвөл зээл аваад мөнгийг нь гаргаад өгье гэж хэлсэн боловч зээл авч өгөөгүй  гэж хэлсэн. Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эд хөрөнгө болон бусад байдалд хохирол учруулсан этгээдийг хэлнэ.  Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай холбоотой ажиллагаа явагдаад дууссан. Тухайн үед 2010 онд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Мөнх-Оргил трейд ХХК-иар хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буруу байсан бол гомдол гаргах эрхтэй байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсанаар хохирол учирсан бол хэн хариуцах талаар хуульд тодорхой зааж өгсөн.   2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссаны дараа Итгэлт эстимэйт ХХК-иар таун хаусыг 534,000 төгрөгөөр үнэлүүлсэн байсан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд хөрөнгийг хэний хүсэлтээр хэрхэн үнэлэх талаар тодорхой заасан байгаа, иймд Батмэнд ХХК бол хариуцагч биш гэв.

 

Хариуцагч Г.Оюун сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбарлахдаа: Би дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна Хан-Уул дүүргийн 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, 21А байрны 75 тоотод байршилтай 86.6 кв.м талбайтай 3 өрөө орон сууцыг худалдахаар тохиролцсон аман хэлцлээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.3 дахь хэсэгт заасны дагуу татгалзаж, Иргэний хуулийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу харилцан өгсөн, авсан зуйлээ буцаалгаж, Хан-Уул дуургийн 1-рхороо, Чингисийн өргөн чөлөө 21А байрны 75 тоотод байршилтай 86.6 кв.м талбайтай 3 өрөө орон Г.Доржсурэнгийн хууль бус эзэмшлээс чөлөөлуулэхийг хүсч байна. Өөрөөр хэлбэл түрүүний ярьсан олон үндэслэлүүдээр өөрийнх нь болоогүй өмчийг бид нараас нэхэх эрхгүй учраас би өөрийнхөө өмчлөх эрхийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар хариу тайлбарлахдаа: Хариуцагч талаас 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг эсэргүүцэж байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлд үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзах тухай зохицуулалтыг тусгасан байхад түүнийг үндэслэл болгон аман хэлцэлээс татгалзах шаардлага гаргасан нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч С.Доржсүрэнгийн тухайд хариуцагчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн зүйл байхгүй, харин ч тохиролцсоны дагуу 3 өрөө орон сууцыг худалдан авсан 50,000 ам.долларыг бүрэн төлсөн, худалдан авсан орон сууцаа одоог хүртэл эзэмшиж, ашигласаар ирсэн. Хариуцагч Г.Оюун нь амаар болон бичгээр тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг удахгүй өмчлөлд нь шилжүүлж өгнө гэчихээд түүнийгээ хэрэгжүүлэлгүй өнөөдрийг хүрч нэхэмжлэгч С.Доржсүрэнг олон жил эд хөрөнгө, сэтгэл санаагаар нь хохироосоор ирсэнд гомдолтой байдаг. С.Доржсүрэн нь Г.Оюунд орон сууцны үнэд 50,000 ам.долларыг төлсөн болох нь хавтаст хэргийн 142 дугаар хуудасны ар нүүрэн дэхь Г.Оюуны гараар бичсэн тодорхойлолт, 143 дугаар хуудасны тооцоо нийлсэн акт, мөн хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага дээр 16,148 ам.долларыг 50,000 ам.доллароос хасаж тооцуулах гэж дурьдсан байдлуудаар бүрэн нотлогдож байгаа тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 101 дүгээр зүйлийн 101.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтуудыг үндэслэн уг 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Боржигон овогт Самбуудоржийн Доржсүрэнг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ. Хариуцагч тал 2013 оноос хойш тус шүүх дээрх С.Доржсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж хариу тайлбараа гаргасаар ирсэн тул 3-н өрөө орон сууцны төлбөрийн асуудал дээр маргаан үүсгэж байгаагүй анхнаасаа орон сууцыг С.Доржсүрэнд худалдсанаа болон 50,000 ам.долларыг  авснаа хүлээн зөвшөөрсөөр ирсэн нь орон сууцны төлбөр бүрэн төлөгдсөний чухал нотолгоо мөн. Иймд хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

       Нэхэмжлэгч Г.Оюун нэгтгэсэн хэргийн нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа хугацаанд нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Г.Оюун болон Батмэнд ХХК нар огт  хохироогүй мэтээр ярьдаг. Би хэдэн тэрбумаар ч үнэлээд баршгүй тийм их  хохирлыг өөрийн биеэр, сэтгэл санаа болон бусад бүх явуулж байсан үйл ажиллагаагаараа хохирсон. Манай Хас банканд төлж байсан төлбөр бол С.Доржсүрэнгийн төлөөгүй хүү, алданги байсан. Түүний өмнөөс 100-д сая төгрөгийг төлж хохирсон,тэгээд төлж барахгүй юм байна гэж үзээд Хас банкаар шүүхийн шийдвэр гаргуулж хүү, алдангийг нь зогсоосон. Ийм шийдвэр гаргаж хүүг нь зогсоогоогүй байсан бол тэрнээс хэцүү байдалд орох байсан.  Монгол банкны мэдээллийн санд муу  ангилалд орсон. Үйл ажиллагаагаа бүрэн хэмжээгээр зогсоосон. Манайх өнгөрсөн хугацаанд банкнаас авч байсан ердийн зээлээ авч чадахаа болиод үйл ажиллагаагаа хэвийн үргэжлүүлэхийн тулд банк бус  санхүүгийн байгууллага, хувь хүмүүсээс 2,5-5 хувийн хүүтэй зээлүүд авч эхэлсэн. Нийт 27 удаа авсан зээлийн хүүний төлбөр нь л гэхэд  170,000,000 төгрөг болж байна. 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Өдрийн шуудан сонины редакцтай  нийлээд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр С.Доржсүрэн намайг гүтгэсэн.  Миний амьдралын 12 жилийг энэ хүн золигт гаргасан учраас энэ хүн хариуцлага хүлээх ёстой. Сэтгэл санааны хувьд 50,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байгаа. С.Доржсүрэнд ямар ч мөнгө байгаагүй, 2008-2010 оны хооронд С.Доржсүрэн ямар ч орлогогүй, идэх хоолгүй байсан учраас манай дэлгүүрээс бараа аваад бага багаар төлөөд буцаж бараа авсаар байгаад манайд төлөгдөөгүй үлдэгдэл нь 4,248,336 төгрөг байдаг. Иймд Хас банкны зээлийн хүүд төлсөн 100,000,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөг, зээлээр авсан барааны үнэ 4,248,336 төгрөг нийтдээ 154,428,336 төгргийг С.Доржсүрэнгээс нэхэмжилж байна гэв.

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэтөгс хариу тайлбарлахдаа: Нэгтгэсэн хэрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед иргэн С.Доржсүрэн сэтгүүлчид ярилцлага өгсөн ба тухайн үеийн ярилцлагын агуулга нь өмч хөрөнгөөр хохироосон Батмэнд ХХК болон Г.Оюун нартай холбоотой маргаан шүүхээр шийдвэрлэгдэж дуусахгүй явсаар байна гэсэн утгатай ярилцлага байгаа. Энэ нь үнэн бодитой мэдээлэл. Өнөөдрийг хүртэл энэ хэрэг шийдэгдээгүй 10 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа яагаад удаашраад байна, ямар нэгэн нөлөөлөл байгаа эсэхэд эргэлзээ үүсэж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага дээр байгаа шиг нэр төрд нь халдсан зүйл байхгүй. Батмэнд ХХК өөрийн компанийн эргэлтийн хөрөнгөө бий болгохын тулд банк болон банк бус санхүүгийн байгууллагуудаас зээл авсан. Хас банкны шүүхийн шийдвэрт харуицагчийн өмгөөлөгч н.Эрдэнэцэцэг ямар тайлбар өгсөн гэдгийг нотлуулах гэж байх шиг байна. Гэтэл энэ нь хууль зүйн үндэслэлгүй. Хас банкны нэхэмжлэлтэй Батмэнд ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчаас татгалзсан. С.Доржсүрэн, Д.Мөнхбаатар нар Боохой Данзан гэдэг 8 нэрийн барааны хүнсний дэлгүүр ажиллуулж байсан. Тухайн дэлгүүр нь ашиг орлоготой байсан. Тухайн үед дэлгүүрийн орлогоосоо зээлийн төлбөрүүдээ төлөөд явж байсан.  Хас банканд ямар нэгэн гэрээний үүрэг хүлээгээгүй байхад хүлээсэн гэж бодит байлыг мушгиж яриад байна. н.Ганхуягийн таун хаусны үлдэгдэл төлбөрийг төлөхтэй холбоотой асуудал л яригдаж байна. Хас банкны өмнө С.Доржсүрэн ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. 48,000 ам долларын тухайд 3 дугаар хавтаст хэргийн 634-635 дугаар хуудаст авагдсан гарын үсэг шинжилсэн шинжээчийн дүгнэлтээр С.Доржсүрэнгийн гарын үсэг биш гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Мөн Сүхбаатар дүүргийн шүүхээр асуудал  шийдэгдсэн, Хас банкны зээлтэй холбоотой маргаанд хариуцагчийн өмгөөлөгч ингээд тусгасан байна гэж яриад байгаа боловч тэр хүний гаргасан тайлбар тухайн шийдвэрт үндэслэл болох нотлох баримт биш. С.Доржсүрэнгийн хүүхдүүд Г.Оюуны дэлгүүрээс зээлээр бараа аваад тухайн үедээ кассын баримтан дээр гарын үсэг зураад төлөлт хийгээд явж байсан. Иймд нэгтгэсэн хэргийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч О.Аз-эрдэнэ дүгнэлтдээ: “...2 тал эвлэрэх боломжтой” гэжээ.

                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгч С.Доржсүрэнгийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Г.Оюуны сөрөг нэхэмжлэлийг болон нэгтгэсэн хэргийн нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Тус шүүх хуралдаанаар нэхэмжлэгч тал хавтаст хэрэг 10-ын 180 дугаар хуудсанд авагдсан 2021.09.03-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагын тодруулгыг дэмжиж,   хариуцагч Г.Оюунд холбогдуулан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Наран хотхоны 21А байрны 75 тоотод байрлах 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, уг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлэхийг хариуцагч Г.Оюунд даалгахыг, харин хариуцагч Батмэнд ХХК болон Г.Оюун нарт холбогдуулан таун хаусны үнийн зөрүү 394 791 096 төгрөгийг гаргуулахыг тус тус шаарджээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хавтаст хэрэг 10-ын 177 дугаар хуудсанд авагдсан 2021.08.11-ний өдрийн сөрөг нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг дэмжиж, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, 21А байрны 75 тоотод байршилтай 86.6 м2 талбайтай 3 өрөө орон сууцыг худалдахаар тохиролцсон аман хэлцэлээс татгалзаж, харилцан өгсөн авсан зүйлээ буцаалгах, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, 21А байрны 75 тоотод байршилтай 86.6 м2 талбайтай 3 өрөө орон сууцыг С.Доржсүрэнгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаарджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.01.31-ний өдрийн 183/ШЗ2017/01464 дугаар шүүгчийн захирамжаар Г.Оюуны нэхэмжлэлтэй С.Доржсүрэнд холбогдох хэргийг С.Доржсүрэнгийн нэхэмжлэлтэй Г.Оюун болон Батмэнд ХХК нарт холбогдох иргэний хэрэгт нэгтгэсэн байх бөгөөд нэхэмжлэгч Г.Оюун 2013.06.14-ний өдрийн нэхэмжлэлдээ нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнийг гутаасны улмаас  учирсан хохиролд 50 000 000 төгрөг, Хас банктай байгуулсан гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 100 000 000 төгрөг, зээлээр авсан барааны үнэ 4 428 336 төгрөг нийтдээ 154 428 336 төгрөгийг  С.Доржсүрэнгээс гаргуулахыг шаардсан байна.

 

           Хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчдын тайлбараас үзэхэд тэдний хооронд 2006.07.01-ний өдөр аман хэлцэл хийгдэж,  Г.Оюун нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, 21А байрны 75 тоотод байршилтай 86.6 м2 талбайтай 3 өрөө орон сууцыг 50 000 ам.доллараар С.Доржсүрэнд худалдахаар, нэхэмжлэгч С.Доржсүрэн 50 000 ам.долларыг төлөхөөр тус тус талууд тохиролцож, орон сууцны захиалгын гэрээг хариуцагч Г.Оюун барилгын гүйцэтгэгч Жигүүр Гранд ХХК-тай байгуулсан байсан тул орон сууц ашиглалтад ороход өмчлөх эрхийн гэрчилгээг 2007.10.25-ны өдөр өөрийн нэр дээр гаргуулж авсан байна.    

 

Тэрээр Худалдаа хөгжлийн банкны зээлээр авсан уг орон сууцыг С.Доржсүрэнд худалдсан, зээл төлөлтийн хугацаа дуусмагц 2013 оны 5 дугаар сард үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг С.Доржсүрэнгийн нэр дээр шилжүүлэн өгөхөөр тохирсон тухай тодорхойлолтыг 2008.04.09-ний өдөр Г.Оюун гаргаж өгсөн /хх1-162/, С.Доржсүрэн 50 000 ам доллар төлсөн төлбөр тооцоо дууссаныг тэмдэглэсэн тооцоо нийлсэн баримт /хх1-43/, хариуцагч Г.Оюун байрны үнэд авсан 50 000 ам долларыг эргүүлэн төлөхийг зөвшөөрсөн хариу тайлбар, мөн буцаан өгөх төлбөрт 50 000 ам долларыг тодорхойлсон сөрөг нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нэхэмжлэгч С.Доржсүрэн нь байрны үнэд 50 000 ам долларыг төлсөн болох нь тогтоогджээ.

 

Талууд хоорондын хэлцлийг бичгээр хийгээгүй хэдий ч нэхэмжлэгч нь орон сууцны үнэд 50 000 ам.долларыг бүрэн төлж, үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авсан, ашиглалтад орсон цагаас хойш уг орон сууцанд С.Доржсүрэн амьдарч байгаа талаар талууд маргаагүй байх бөгөөд  Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно”, 43.3 дахь хэсэгт “нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ” гэсэн заалтад нийцсэн байна.

 

Дээрх байдлаас үзэхэд хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авсан байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “...худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж тус тус заажээ.

 

Орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн тул Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн  үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж зааснаар С.Доржсүрэнд  өмчлөх эрх шилжинэ.

 

Иймд орон сууцны өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжин бүртгэгдээгүй байгаа нь хариуцагчаас шалтгаалсан байх тул Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Наран хотхоны 21А байрны 75 тоотод байрлах 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн С.Доржсүрэнгийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлэхийг хариуцагч Г.Оюунд даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх орон сууц худалдах, худалдан авах гэрээг хуульд зааснаар хүчин төгөлдөр гэж дүгнээд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлд зааснаар гэрээнээс татгалзах болон үүсэх үр дагаварыг шаардсан нь үндэслэлгүй тул Г.Оюуны сөрөг нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэгч С.Доржсүрэн нь хариуцагч Батмэнд ХХК, Г.Оюун нараас түүний өмчлөлийн 192 м.кв талбай бүхий таун хаусыг Хас банкны барьцаанд тавьж, зээл аваад зээлээ төлөөгүйн улмаас банкны зээлд хураагдсан байрны үнийн зөрүү 394 791 096 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

 

Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч Батмэнд ХХК нь 2008 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Хас банктай зээлийн гэрээ байгуулж, 100 000 ам.долларыг 24 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй зээлж авч, уг зээлийн барьцаанд нэхэмжлэгчийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1-р хороо Үйлдвэр-2 /17041/ ХД-52 дугаар байр 8 тоот дахь 192 м.кв талбай бүхий 3 давхар таун хаусыг барьцаалж, барьцааны гэрээнд нэхэмжлэгч С.Доржсүрэн гарын үсгээ зуржээ.

 

Хавтаст хэрэг 2-ын 33-37 дугаар талд авагдсан Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 335 дугаар цагаатгах тогтоолд “...Хохирогч С.Доржсүрэн нь 2007 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч Д.Ганхуягтай “Барилгад хөрөнгө оруулж, хамтран ажиллах тухай гэрээ” байгуулж, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр-2, ХД-ийн 52 дугаар байрны 8 тоот 192 м2 талбайтай таун хаусыг 124 000 ам.доллараар худалдан авахаар тохиролцож, урьдчилгаанд 70 000 000 төгрөг, шүүгдэгч Г.Оюунаас 10 000 ам.доллар аван өгч, тус банкны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж, үлдэгдэл 49 700 ам.долларыг банкнаас зээл авч төлөхөөр болсон байна. Улмаар С.Доржсүрэн нь Батмэнд ХХК-ийн захирал Г.Оюунтай  сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр-2, ХД-ийн 52 дугаар байрны 8 тоот 192 м2 талбайтай таун хаусын гэрчилгээг Хас банкинд барьцаалж 100 000 ам.доллар зээлж, үүнээс С.Доржсүрэн нь Д.Ганхуягт байрны төлбөрт төлөх ёстой 49 700 ам.долларыг төлөх зорилгоор 52 999 ам.доллар, Г.Оюун нь 47 000 ам.долларыг авч, авсан мөнгөө тус тусдаа “Хас” банкинд төлөхөөр тохиролцож, өөрт ногдох төлбөрөөсөө хүү болон үндсэн зээлийг төлж байсан нь ... тогтоогдож  байна” гэжээ.           

 

Хас банк зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар хариуцагч Батмэнд ХХК болон С.Доржсүрэн нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Хас банк нь С.Доржсүрэнг хариуцагчаар тодорхойлсноос татгалзсаныг Сүхбаатар дүүргийн шүүх 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1613 дугаартай шийдвэрээр хангаж, хариуцагч Батмэнд ХХК-иас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 151 302 645.56 төгрөг гаргуулан Хас банкинд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн барьцааны зүйл Хан-Уул дүүргийн 1-р хороо Үйлдвэр-2 /17041, ХД-52 дугаар байр 8 тоотод байрлах 192 м.кв талбай бүхий 3 давхар таун хаусыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.

 

Улмаар Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 307 тоот магадлалаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Доржсүрэнгээс татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, С.Доржсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулсан ба зохигчид хяналтын шатны шүүхэд хандаагүй, шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсон байна.

 

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, таун хаусыг худалдахаар анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг явуулсан боловч үнийн санал ирээгүй тул шүүхийн шийдвэрт заагдсан үнийн дүнгээр 2012 оны 4 дүгээр сард Хас банкинд шилжүүлсэн нь Хас банкны 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 3А/3897 тоот албан бичиг, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2/4265 дугаартай албан бичгээр тус тус тогтоогдож байхаас гадна Улсын бүртгэлийн ерөнхий газраас уг таун хаусны өмчлөх эрхийг Хас банкны нэр дээр 2012 оны 8 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлж, 000217422 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгожээ.

 

Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх албаны хүсэлтээр хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил ХХК таун хаусыг 239 000 000 төгрөгөөр үнэлсэн нь шийдвэр гүйцэтгэлийн албадан дуудлага худалдаа явуулах үнэлгээ болсон байх бөгөөд нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дах хэсэгт зааснаар энэхүү үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргаагүй байна.

 

Хас банк таун хаусыг 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр иргэн Л.Насанцэнгэлд 236 000 000 төгрөгөөр худалдаж, Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрээр Батмэнд ХХК-иийн Хас банкинд төлөхөөр болсон 151 302 645 төгрөг, Хац-Уул дүүргийн шүүхийн 1226 дугаар шүүгчийн захирамжаар С.Доржсүрэнгийн Б.Түмэнцэцэгт төлөхөөр болсон 5 900 000 төгрөг, орон сууцыг чөлөөлөх, нүүлгэх, хадгалахад болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахад гарсан зардал зэргийг тооцож суутгаад, үлдэгдэл 61 869 204 төгрөгийг өглөгийн дансандаа байршуулсан болох нь Хас банкны 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Зд/1671 тоот албан бичгээр тогтоогдож байгаа бөгөөд уг мөнгийг С.Доржсүрэн хүлээн авсан болох нь тогтоогдсон байна.

 

Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1226 дугаартай шүүгчийн захирамжаар Б.Түмэнцэцэгийн нэхэмжлэлтэй, С.Доржсүрэнд холбогдох, зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 7 324 382 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийн зохигчид 5 839 500 төгрөг төлж, төлүүлэхээр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон ба хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 54 191 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид өгөхөөр шийдвэрлэж, дээрх шүүгчийн захирамжид гүйцэтгэх хуудас бичигдэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн ба таун хаус худалдсан төлбөрөөс нэхэмжлэгч С.Доржсүрэнгийн бусдад төлөх төлбөрийг тооцсон байна.

 

Дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд нэхэмжлэгч С.Доржсүрэн нь гомдол гаргаагүй, мөн удаа дараагийн төлөлтөөр Хас банкинд нийт 15,042.67 ам.доллар болон 1 290 000 төгрөгийг төлсөн байх тул таун хаусны үнийн зөрүү 394 791 096 төгрөгийг шаардах эрхгүй бөгөөд хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн дүгнэв.   

 

Нэхэмжлэгч Г.Оюун нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнийг гутаасны улмаас учирсан хохиролд 50 000 000 төгрөг, Хас банктай байгуулсан гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 100 000 000 төгрөг, барааны үнэ 4 428 336 төгрөг, нийт 154 428 336 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Доржсүрэнд холбогдуулан гаргасан байна. /нэгтгэсэн хэрэг/

 

Нэхэмжлэгч нь нэр төр гутаагдсан гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “…С.Доржсүрэн нь 2011 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Өдрийн шуудан сонины Редакцийн хагяаар буланд “Энэ хэрэгтэй холбоотой бүх баримтыг Авилгатай тэмцэх газарт шалгуулахаа мэдэгдсэн” гэсэн гарчиг бүхий нийтлэлийг нийтлүүлж, иргэн Г.Оюуны нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг санаатай үйлдлээр гутааж, гэм хор учруулсан” гэж тайлбарласан боловч дээрх мэдээллээр Г.Оюуны ажил хэргийн болон иргэний нэр төрийг гутаасан мэдээ, мэдээллийг тараасан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.    

 

Мөн С.Доржсүрэн нь Хас банктай байгуулсан гэрээний үүргээ зөрчсөний улмаас Г.Оюун нь “найдваргүй зээлдэгч”-ийн бүртгэлд бүртгэгдэн улмаар арилжааны банкуудаас 1.3 хувиас хэтрэхгүйгээр авч байсан бизнесийн зээл нь цаашид үргэлжлэх боломжгүй болсноос үүдэн Г.Оюун нь өөрийн нэрээр бизнесийн үйл ажиллагаандаа хувь хүн болон ББСБ-уудаас 27 удаагийн зээлийн гэрээгээр нийтдээ 2-5 хувийн хүүтэй мөнгө зээлж, хариу төлбөр хийсэн хүүний зөрүүнд 100 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч 6 дугаар хавтаст хэргийн 9-59 дүгээр талд авагдсан зээлийн гэрээнүүд, 8 дугаар хавтаст хэргийн 1-153, 166-243 дугаарт дугаарлагдсан баримтууд нь энэ шаардлагыг нотлохгүй байна.

 

Түүнчлэн С.Доржсүрэн, Г.Оюун нар хамтран ажиллаж байх үедээ дараа тооцоогоор төлбөр хийхээр бараа авч байсан гэх боловч Арслан супермаркетын  баримтаар Г.Оюун нэхэмжлэх эрхгүй тул зэлээр авсан гэх барааны үнэ 4 428 336 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

 

Шүүх нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 913 921 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 273 600 төгрөг, Г.Оюуны нэхэмжлэл гаргахдаа төлсөн 931 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Оюунаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Доржсүрэнд олгохоор шийдэв. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118, 73 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 243 дугаар зүйлийн 243.1, 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, 21А байрны 75 тоотод байршилтай 86.6 м2 талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр С.Доржсүрэнг тогтоож, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлэхийг хариуцагч Г.Оюунд даалгаж, харин таун хаусны үнийн зөрүү 394 791 096 төгрөгийг хариуцагч Батмэнд ХХК болон Г.Оюун нараас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1, 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар  С.Доржсүрэнд холбогдох орон сууцыг худалдахаар тохиролцсон аман хэлцэлээс татгалзаж, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, 21А байрны 75 тоотод байршилтай 86.6 м2 талбайтай 3 өрөө орон сууцыг С.Доржсүрэнгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн Г.Оюуны сөрөг нэхэмжлэлийг,  мөн С.Доржсүрэнд холбогдох нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнийг гутаасны улмаас  учирсан хохиролд 50 000 000 төгрөг, Хас банктай байгуулсан гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 100 000 000 төгрөг, барааны үнэ 4 428 336 төгрөг нийтдээ 154 428 336 төгрөгийг гаргуулахыг хүссэн Г.Оюуны /нэгтгэсэн хэргийн/ нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 913 921 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 273 600 төгрөг, Г.Оюуны нэгтгэсэн хэргийн   нэхэмжлэлд төлсөн 931 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Оюунаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Доржсүрэнд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

                                   

 

 

              

                                         ДАРГАЛАГЧ                                 Д.ЭНХЦЭЦЭГ

 

                                                ШҮҮГЧИД                               Б.МӨНХБАЯР

 

                                                                                                  Д.ХУЛАН