Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 81

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2017/0086/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

              Нарийн бичгийн дарга: Н.Энхзул

      Улсын яллагч: Д.Отгонтуяа

  Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Болортунгалаг

  Шүүгдэгч: Ш.Батзориг нарыг оролцуулан            

 

 

Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Ш.Батзориг холбогдох 201723000131 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт : 

 

Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Батноров суманд 1985 оны 2 дугаар сарын 2-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх хүүгийн хамт, Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Хөдөө хэсэгт оршин суух хаягтай,  улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл үгүй, Буудай овогт Шуурайгийн Батзориг /РД: СФ85020214/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ш.Батзориг нь 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутагт үйл ажиллагаа явуулах Хангарьд-2 шатхуун түгээх станцын гаднаас иргэн Ч.Соронзонгомбын чансаа маркийн мотоциклийг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: 

 

Хохирогч Ч.Соронзонгомбын мөрдөн байцаалтанд өгсөн: “..... Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг Буут гэх газар мал маллаж амьдардаг юм. Тэгээд би 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хувийн ажил гараад аймгийн төв орох санаатай өөрийн эзэмшилийн 22-14 ХЭЗ улсын дугаартай чансаа маркийн мотоциклтой явж байгаад мотоциклныхоо тээврийн бичиг баримтийг хаячихсан болохоор шууд аймаг руу орвол гүүрэн дээр цагдаа зогсоож торгох байх гэж бодоод аймгаас урагш байдаг Хангарьд-2 шатахуун түгээх станцын гадаа орхиод шатхуун түгээгч залууд ах нь мотоциклоо түр танай гадаа орихчхий гэж хэлээд мотоциклоо үлдээгээд аймгийн төврүү унаанд суугаад ирсэн. 13-ны өдөр мотоциклоо аваад буцах санаатай такси бариад мотоцикль дээрээ ирсэн чинь шатхуун түгээх станцын гадаа үлдээсэн мотоцикль маань байхгүй болохоор нь шатхуун түгээх станцын залуугаас асуусан чинь намайг ээлж авахад ямар нэгэн мотоцикль байхгүй байсан гэж хэлхээр нь шууд цагдаад хандсан......” гэсэн мэдүүлэг /ХХ- 21-22 хуудас/ 

 

Сэжигтэн Ш.Батзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн нь: “.....Би Хэнтий аймгийн Баян-Овоо суманд Чулуунбаатар гэх айлын малыг хөлсөөр харж байгаад гэрээний хугацаа дуусаад цалин хөлсөө аваад 2017 оны 5 дугаар сарын 9-ны өдөр Бэрхээр дайраад ээж хүүтэйгээ уузаад цалингаасаа хагас мөнгийг нь өгчихөөд аймгийн төвд 2017 оны 5 дугаар 11-ны өдөр орж ирсэн юм. Тэгээд Мөрөнгөөс баруун тийш байдаг Амгаа гэх айлын малыг хөлсөөр харах санаатай орж ирсэн. Тэгээд 2017 оны 5 дугаар сарын 11-ны өдөр 14 цагийн үед аймгийн төвд давхар дэлгүүрийн хажууханд явж байхад зүс таних Дэлгэрхааны гаралтай Мөнхтулга гэх залуутай таараад ойр зуурын юм ярьж байгаад ганц юм уухаар болоод дэлгүүр орж нэг шил архи авч Сангийн аж ахуйд муурын байшинд очиж нэг айлд уусан. Тэгсэн Мөнхтулга найз нь мотоциклоо зарах гэсэн юм гүүрний урд талын колонкгийн гадаа байгаа гэхээр нь одооч наадхыг чинь авах хүн олдохгүй дээ юу ч гэсэн очиж харъя гээд такст бариад гүүрний урд ьалын колонк орж харсан чинь нэг хул өнгийн мотоцикл байсан. Тэгээд бид хоёр харчихаад буцаж ирээд Түмэндэмбэрэл бааран орж архи ууж байгаад баар хаалгаад маргааш өглөө уулзая гэж хэлээд салсан. Тэгээд маргааш нь 09 цагийн үед Ханбүргэдийн хойно уулзаад шараа тайлаад нэг шил архи авч гудманд уусан. Тэгсэн Мөнхтулга хөгшин нь ойрхон айлруу орчихоод ирье гээд надаас салаад явсан. Тэгээд би нилээн хүлээсэн эргэж ирээгүй. Тэгээд тэр өдрөө би гандангийн хашаан байдаг айлд очиж хэвтэж байгаад тухай үедээ Мөнхтулгад дургүй хүрээд хүний 100.000 гаран мянган төгрөгөөр архи уучихаад худлаа хэлээд яваад өглөө гэж бодоод нөгөө айлаас гарч яваад нэг хөдөөний байрын ахтай таараад Мөнхтулгийн мотоциклийг  худлаа хэлээд зарчихий гэж бодоод нөгөө ахтай танилцаад дүү нь мотоциклоо зарах гэсэн юм гэж хэлээд ахын зардалын мөнгөөр нэг шил архи авхуулж уугаад, нөгөө ахын дүүгийнд очиж дүүгээс нь 30.000 мянган төгрөг авсан. Тэгээд нөгөө ах мотоциклоо очиж авъя гээд байхаар нь та өөрөө очоод авчих гэж хэлээд нөгөө ахаас салаад явсан ......“ гэсэн мэдүүлэг /ХХ-30-31 хуудас/

2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /ХХ-11 хуудас/

 

2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /ХХ-12 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ш.Батзоригийн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэг байна.

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийг шууд санаатай үйлджээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Соронзонгомбод 1.000.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хулгайлсан мотоциклийг буцааж өгсөн болох нь хавтаст хэргийн 11-12 дугаар хуудсанд эд хөрөнгө хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүдээр тогтоогдож байна. Мөн хохирогчоос хулгайд алдсан эд зүйлээ эрж хайхад гарсан зардал 70.000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч энэ талаарх нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй тул уг баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 286, 293, 294, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Буудай овогт Шуурайгийн Батзоригийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ш.Батзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 150 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

3. Шүүгдэгч нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн  зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

5. Хохирогч Ч.Соронзонгомбо нь хохирлоо нотлох баримтаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

  6. Энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Ш.Батзоригт авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжилүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ      Д.ГАНЗОРИГ