Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2022/00089  

 
 
 
bayar Normal bayar 1 0 2022-02-01T00:36:00Z 2022-02-01T00:36:00Z 1 2631 15000 125 35 17596 15.00 false false false MN X-NONE X-NONE

 

 

                  

 

 

 

 

2022 оны 01 сарын 07 өдөр                 Дугаар 183/ШШ2022/00089                               Улаанбаатар хот

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороолол, Алтайн гудамж Хоймор оффис 905 тоотод байрлах, Т г ХХК /РД:00000000/-ийн   нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан ам-40  Эсүтрейд ХХК /РД:26966060/-д  холбогдох,

 

гүйцэтгэсэн ажлын хөлс болон бараа материалын үнэд 73,107,000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,  гарсан зардал, хохирол, кабель утасны үнийн үлдэгдэл нийтдээ 210,511,915 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг авч хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, түүний өмгөөлөгч Б.С, Ч.М,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Ё.Н, хариуцагчийн өмгөөлөгч Э.У,

гуравдагч этгээдийн төлөөлөгч Ч.Б, шинжээч Б.Б, гэрч Д.Мядагсайхан, А.Хорлоо 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нямжав нар оролцов.        

     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 67,425,000 төгрөг, нийлүүлсэн бараа материалын үнэ 5,682,000 төгрөг нийтдээ 73,107,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн  шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Туул консалтинг ХХК нь 2020.05.25-ны өдөр дотор заслын ажил гүйцэтгэх гэрээг Эсүтрейд ХХК-тай байгуулсан. Анх С блокт заслын ажил гүйцэтгэхээр болсон ба ажилтайгаа очиж танилцахад дотор нь 00-ийн өрөөний плитаг хураасан байсан ба хэсэг газар шаврын ажил гүйцэтгэсэн, гипсэний ажлыг тодорхой хийсэн боловч 100 хувь дуусгаагүй байсан. Хариуцагч талаас зөвлөх инженер н.Б, инженер Д.М нар явж байсан. Энэ ажлаа дутуу байгаагаас нь үргэлжлүүлээд явъя гэж ярилцаад бид С блокийн зургийг харж байгаад үнийн саналаа гаргаад дутуу хийгдсэн ажил болон хийх ажлынхаа жагсаалтыг гаргаад Эсү трейд ХХК-ийн захирал Ж.Сэлэнгэд танилцуулахад болж байна гээд гэрээ байгуулсан. Бид гэрээндээ 10 хувийн урьдчилгаа авна гэж тохирсон боловч урьдчилгаа олгогдохгүй явж байгаад 2020.06.11-ний өдөр 115,750,000 төгрөгт үнэлэгдэх кабель утсыг өгье бэлэн мөнгө байхгүй, танайх кабелийн утсаа зараад ажилчидынхаа цалинг тавьж болох уу гэсэн яриа өрнөөд, манайх мөнгө байхгүй бол байгаа зүйлийг нь авъя гэсэн. 2020.07.05-ны өдөр гүйцэтгэл гаргаж өгнө 20 хувийн санхүүжилт олгоно, дараагийн санхүүжилт нь 2020.08.10-ны өдөр 20 хувийн санхүүжилт олгоно, 2020.09.23-ны өдөр ажлаа хүлээлгэж түлхүүрээ гардуулж өгнө гэж санхүүгийн хуваарилалтыг ярилцаж байгаад гаргасан. Хоног, цаг, минут тутамд бид материалыг Эсүтрейд ХХК-иас шаардаж нэхэмжилж байсан ба тухайн үед агуулахад нь бараа материал нь хомс байсан учраас манайхаас ажлаа графикийн дагуу явуулж чадаагүй. Графикийн дагуу ажлаа явуулах гэж шахаж байсан. Ажил шалгах үед зөвлөх инженер н.Б, инженер Д.Мядагсайхан нар бид нарыг магтаж сайшааж байсан. Бидэнд урам өгч байсан учраас бид ажлаа хурдтайгаар явуулъя гэж хийж байсан. Ч.Б гэдэг хүн Алтан богд цогцолбор хорооллын А блокийг хариуцаж заслыг нь хийж байсан гэсэн. Өмнө нь манайх С блок руу ороход хүн хүч муутай байсан учраас ажлаа больсон гэж Ж.Сэлэнгэ ярьж байсан. Дараа дараагийн санхүүжилтийг 07 дугаар сарын 05-ны өдөр авъя гэж нэхэмжлэхэд дагаагийн санхүүжилтээс олгоё, манайх мөнгөгүй байна, байрны борлуулалттай холбоотойгоор танай санхүүжилтыг оруулна гэж хэлсэн. Манайх наадмын дараа 2020.07.17-ны өдөр цугларч ажлаа эхлээд явж байсан. Бараа материал дутуу байдгаас шалтгаалж ажил графикийн дагуу ажил  явахгүй, дараа нь хэрэглэх материалыг өмнө нь авч ирдэг байсан, эсвэл тухайн цаг үед хэрэглэх материалыг дараа нь авч ирдэг байсан. Тухайн цаг үеийн нөхцөл байдлаас болоод материал нь бороонд норчихсон ирдэг байсан. Тухайн үед нь манайх  2-3 удаа шигшиж үйл ажиллагаа явуулдаг байсан. Хэрэглэгдэх боломжгүй материал байна гэж хэлэхэд аргалаад хий гэж хэлдэг байсан. Хийцийн буруугаас болж замаск хуулрахгүй, бараа материалын чанараас шалтгаалдаг. Одоо хийсэн ажлын хөлсний үлдэгдэл 67,425,000 төгрөг, нийлүүлсэн паркетан шал болон шалны хүрээний үнэ 5,682,000 төгрөг нийтдээ 73,107,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У хариу тайлбарлахдаа:  Нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй, манайхыг мөнгөгүй болохоор нь кабелын утсыг авсан гэснийг няцааж байна. Гэрээнд ямар ч санхүүжилтийн график  байхгүй, өөрсдөө хүсэлт гаргаад кабелийн утас авсан. Гэрээний дагуу ажил хийгдэх явцад магтаж сайшаахаар зүйл байгаагүй, манай зөвлөх инженер болон инженер хийх ёстой ажлыг нь шалгаад, шаардаад явж байсан. Хариуцсан 2 хүн нь гэрээ хийсэн өдөр, дараа нь кабелийн утас хүлээж авахад 2, 3 хоног ирээд авсан. Бараа материалыг үрэгдүүлсэн байсныг амаар хэлж байсан, манайд бараа материал дутсан зүйл байхгүй бид барилгын стандартын гэрчилгээтэй барааг гэрээт байгууллагаасаа авч байсан. Гипсэн хананд цагаан замаск тавихдаа шавар цацсан дээр нь тавьсан байсан. Манайх 5,000,000 төгрөгийн шалны материал авсан үнэн, тэр мөнгөө кабелийн үнэ болох 119,750,0000 төгрөгөөс хасаж болно гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа: Кабелийн утасны үнэ болон манайд хохирол учруулсан, нэмж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг нэхэмжилж байгаа. Ф  ХХК-ийн үнэлгээгээр тогтоосон хохирлыг нэхэмжилж байна. Сөрөг нэхэмжлэлийн нийт үнийн дүн нь 220,220,273 төгрөгөөс тухайн ажлыг дахин засварлуулан солих ажлын төлбөрт 10,250,000 төгрөг, эвдэж гэмтээсэн бараа материалыг дахин худалдаж авсан үнэ 8,881,325 төгрөг, үр ашиггүй зарцуулсан бараа материалын үнэ 26,966,000 төгрөг, чанаргүй алдаатай хийсэн ажлыг дахин засварлуулсан ажлын хөлс 58,372,950 төгрөг нийт 104,470,275 төгрөг  болж байгаа ба Т ХХК-ийн гүйцэтгэсэн 4,026,360 төгрөгийг хасаад 100,443,915 төгрөгийн хохирол учирсан. Манайх гэрээт ажлын хөлсөнд төлсөн 115,750,000 төгрөгөөс паркетан шал нийлүүлсэн 5,682,000 төгрөгийг хасаад 110,068,000 төгрөг болж байгаа ба нийт авлагын дүн 210,511,915 төгрөг болж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.М  сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбарлахдаа: Хариуцагч компанийн зүгээс ажлаа царгалдуулсан гэж байгаа боловч захиалагч нь шаардлагатай бараа материалыг цаг хугацаанд нь нийлүүлээгүй. Нийлүүлсэн бараа материал нь чанарын шаардлага хангаагүй. Цаг хугацааны алдагдалд орж ажлын гүйцэтгэлд нөлөөлсөн захиалагчийн буруутай үйл ажиллагаанаас болж гэрээ цуцлагдсан. Анх ажил хүлээж авахад цонхны зарим хэсэг хагарсан байсан. Тухайн үед захиалагч компанийн талбайн инженер Д.М  цонх хагарсан байгаа үүнийг цонх угсралтын компаниар засварлуулна гэсэн тайлбар хэлсэн. Манай компанийн ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа ямар нэгэн байдлаар цонх, цонхны тавцан хагалж сүйтгээгүй, биднийг хагалсан мэтээр гүтгэж байна. Гипсэн хананд залгааны тор нааж, канап чигжээс хийж, нэг үе замаск татаж, засаж сайжруулсан болохоос гипсэн хана бохирдуулсан зүйл огт байхгүй. Түүнчлэн засал хийгдэж буй барилгын талбайн голд хураалттай байсан плитаг бүрэн бүтэн байснаар нь хүлээлгэж өгсөн. Зөвхөн ажлаа гүйцэтгэхийн тулд хураасан плитаг 1-2 метр зөөсөн асуудал байгаагаас плитаг хагалсан зүйл байхгүй. Хариуцагч нь үр ашиггүй зарцуулсан бараа материалын үнэ 26,966,000 төгрөг нэхэмжилсэн боловч захиалагчийн нийлүүлж байсан бараа материал хуурай явцын бараа материал буюу хар замаск, цагаан замаск, цемент нь чанарын шаардлага хангаагүй. Авсныг нь шууд хэрэглэх боломжгүй байсан учраас 2-3 удаа шигшиж хэрэглэж байсан. Э ХХК нь гэрээг цуцалж ажлыг хүлээлцэх явцад тооцоо нийлэхээс зайлсхийж ил далд ажлын акт үйлдэхгүй өнөөдрийг явж байна. Ажлаа хүлээлгэж өгөхдөө 5 хоногийн бүтэн цэвэрлэгээ хийж талбайн инженер Д.М-д хүлээлгэж өгсөн, бидний 3-4 сарын ажлыг 4,026,360 төгрөгөөр үнэлж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй  тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс 2020.05.25-ны өдрийн АГГ, авлагын дэлгэрэнгүй тайлан, харилцаж байсан албан тоотууд /хх-10-14/, хариуцагчаас  Ф ХХК-ийн үнэлгээ, зарлагын баримтууд /хх-159-182, хх-184-192/ ирүүлсэн, шүүх зохигчийн хүсэлтээр бүрдүүлсэн /1-хх-233-250, 2-хх-1-14/ байна. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх Т  ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, хариуцагч Э ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: санхүүжилтийг хугацаанд нь олгоогүй, тооцоо нийлээгүй, ил далд ажлын акт үйлдээгүй тул гэрээг цуцалсан гэжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: нийлүүлсэн бараа материалын үргүй зардал гаргаж, чанар стандартын горим зөрчсөн зөрчлүүдийг гаргаж 7 сарын эхээр ажил хаясан гэжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Т  ХХК-ийн хийсэн ажлын гүйцэтгэл, компанид учирсан хохирлын үнэлгээг гаргуулсан гэж тодорхойлсон, нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг “...ажлаа хүлээлгэж өгөхдөө 5 хоногийн бүтэн цэвэрлэгээ хийж талбайн инженер Д.М-д хүлээлгэж өгсөн, бидний 3-4 сарын ажлыг 4,026,360 төгрөгөөр үнэлж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй” гэжээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаас үзэхэд дараах үйл баримтууд тогтоогдож байна.

 

 Э ХХК нь 2020.05.25-ны өдөр 20/0525 тоот ажил гүйцэтгэх гэрээг Т ХХК-тай байгуулсан байх бөгөөд уг гэрээний 1.1-д зааснаар ажил гүйцэтгэгч Т  ХХК нь захиалагч Э ХХК-ийн даалгаврын дагуу Алтанбогд цогцолбор хорооллын үйлчилгээтэй орон сууцны дотор засал нийт 2664 м.кв талбай бүхий 00-ын өрөөний хана, шал, тааз, эмульс болон С блокийн дотор заслыг бүхэлд нь хийж гүйцэтгэхээр тохирч, дээрх ажлыг гүйцэтгэхдээ балконы болон гал тогооны плита, хаалга угсралт орохгүй байхаар, гэрээний 2.1-д ажил гүйцэтгэх хугацааг 2020.05.25-ны өдрөөс 2020.09.10-ны өдрийг дуустал 3 сар 15 хоногийн хугацаанд гүйцэтгэхээр тохирсон байна.

 

           Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэсэн бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Дээрх гэрээний 3.1-д гэрээгээр гүйцэтгэх ажлын үйлчилгээний төлбөр нийт 449,500,000 төгрөг байхаар, 3.2-т ажил гүйцэтгэгч зохих ёсоор ажил үйлчилгээг бүрэн гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгч, захиалагч тал хүлээн авснаас хойш ажлын 7 хоногийн дотор ажил гүйцэтгэгчийн Худалдаа хөгжлийн банкны 421004121 тоот дансанд шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцсон байх бөгөөд Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно” гэсэн заалтад нийцсэн байна.

 

Гэрээний дагуу Т ХХК нь санхүүжилтийн 15 хувийг шаардсан 2020.08.25-ны өдрийн 085 тоот албан шаардлага, 2020.08.26-ны өдрийн байдлаар Э ХХК-иас авах авлагын тайлан 73,107,000 төгрөг байгаа талаарх баримт, 2020.09.01-ний өдрийн ТК/00 тоот албан бичиг, 2020.09.10-ны өдрийн ТК/90 тоот албан бичгийг тус тус Э ХХК-д хүргүүлж байжээ.

 

Харин Э ХХК нь 2020.05.28-ны өдрийн 20/0528-2 тоот албан бичиг, гэрээнд өөрчлөлт оруулах эсэх тухай 2020.08.27-ны өдрийн 20/0827 тоот албан тоот, 2020.09.03-ны өдрийн 20/000-2 тоот шаардлагыг тус тус Т  ХХК-д хүргүүлж байсан байх бөгөөд Э ХХК өөрийн хүсэлтээр  Туул консалтинг ХХК-ийн хийсэн ажлын гүйцэтгэл болон өөрт учирсан хохирлын үнэлгээг  Финайдиа ХХК-иар гаргуулсан байна.

 

Талууд 2020.05.25-ны өдөр 20/0525 тоот ажил гүйцэтгэх гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй бөгөөд гэрээний дагуу хийгдэх ажлуудыг зохих ёсоор гүйцэтгэсэн эсэх, санхүүжилт хугацаандаа олгогдсон эсэх, ажлын үр дүнгийн доголдолтой эсэх талаар маргалдсан байх тул Алтанбогд цогцолбор хорооллын орон сууцны С блокны дотор заслын ажлаас Т ХХК хэдэн хувийг гүйцэтгэсэн болон бусад маргаантай зүйлсийг тодруулахаар тус шүүхийн 2021.04.08-ны өдрийн 0000 дугаар шүүгчийн захирамжаар Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилжээ.

 

ХХХК-ийн 2021.09.30-ны өдрийн хохирлын үнэлгээний тайлангаар Алтанбогд цогцолбор хорооллын орон сууцны С блокны дотор заслын ажлаас ТХХК нь 36,76 хувь доголдолтой, дутуу хийгдсэн ажил 6.02 хувь, нийт гүйцэтгэсэн ажлаас доголдолтой хийж гүйцэтгэсэн ажлын хувийг хасаж тооцвол 30,74 хувийн ажил гүйцэтгэсэн болох нь тогтоогджээ.  

 

            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т “ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж заасан бөгөөд мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1, 351.1.1-д зааснаар гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх, 351.1.2-т зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргийг захиалагч тал буюу Эсүтрейд ХХК хүлээнэ.

 

Иймд гэрээний дүн 449,500,000 төгрөгийн 30,74 хувиар тооцоход 138,176,300 төгрөгийн ажлыг Т ХХК хийж гүйцэтгэсэн байх тул ажлын хөлсөнд төлсөн 115,750,000 төгрөгийг хасч үлдэх 22,426,300 төгрөг дээр паркетан шал, шалны хүрээний үнэ 5,682,000 төгрөгийг нэмж нийтдээ 28,108,300 төгрөгийг хариуцагч Эсүтрейд ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 44,998,700 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

 

Тодорхой хэмжээнд хийгдсэн ажлын үр дүнг захиалагч нь хүлээн авах үүрэгтэй бөгөөд энэ нь хөлс төлөх үүргийг үүсгэхээс гадна тухайн эд хөрөнгийн чанарын доголдлын талаар гомдлын шаардлага гаргах хугацаа тоологдож эхэлдэг болно.

 

           Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2, 352.2.1-д зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, 352.2.2-т зааснаар доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр захиалагч шаардлага гаргах эрхтэй байна.

 

Хариуцагч тал ФХХК-ийн дүгнэлтийг үндэслэн гаргасан сөрөг нэхэмжлэлдээ тухайн ажлыг дахин засварлуулан солих ажлын төлбөрт 10,250,000 төгрөг, эвдэж гэмтээсэн бараа материалыг дахин худалдаж авсан үнэ 8,881,325 төгрөг, үр ашиггүй зарцуулсан бараа материалын үнэ 26,966,000 төгрөг, чанаргүй алдаатай хийсэн ажлыг дахин засварлуулсан ажлын хөлс 58,372,950 төгрөг нийт 104,470,275 төгрөг, үүнээс Т ХХК-ийн гүйцэтгэсэн ажил 4,026,360 төгрөгийг хасаад 100,443,915 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн, мөн гэрээт ажлын хөлсөнд төлсөн 115,750,000 төгрөгөөс паркетан шал нийлүүлсэн 5,682,000 төгрөгийг хасаад 110,068,000 төгрөгийг нэмж нийтдээ 210,511,915 төгрөгийг Т  ХХК-иас гаргуулахыг хүссэн байна.

 

 Гэрээний дагуу эхний санхүүжилтэд үнийн дүнгийн 25 хувьд нь цахилгааны кабелын утас бартераар авсан болох нь нэхэмжлэгчийн авлагын тайлан, хариуцагчийн албан тоотоор тогтоогдсон тул ажлын хөлсөнд олгогдсон 115,750,000 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлгүй, тухайн үед ил далд ажлыг хүлээлцсэн акт үйлдээгүй байх тул  дахин засварлуулсан болон бараа материалыг эвдэж гэмтээсэн, үр ашиггүй зарцуулсан гэх талаар нотолсон баримтгүй, нэг талын хүсэлтээр гарсан ФХХК-ийн дүгнэлтийг шүүх үнэлэх боломжгүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2-т зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 523,485 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн 1,210,510 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-иас 298,491 төгрөг гаргуулж Туул ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118, 73 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.2, 355.2.2 дахь хэсэгт  зааснаар хариуцагч Э  ХХК-иас 28,108,300 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч Туул консалтинг ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 44,998,700 төгрөгийг, мөн Т ХХК-иас 210,511,915 төгрөг гаргуулахыг хүссэн Э ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 523,485 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 1,210,510 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-иас 298,491 төгрөг гаргуулж Т ХХК-д олгосугай.

 

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Д.ЭНХЦЭЦЭГ