Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2022/01346

 

2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Дугаар 102/ШШ2022/01346 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: .... тоотод оршин суух, ... овогтой ........ /РД:.........../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ........ тоотод оршин суух ............. овогтой .............. /РД:.............../-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Оршуулгын зардал 6,284,602 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э

Хариуцагч Б.У

Гэрч С.Т, Б.Э, Т.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Өлзийсайхан

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.*** нь хариуцагч Б.****д холбогдуулан 6,284,602 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Т.*** нь нөхөр Б.******тай 2008 онд гэр бүл болж 11 жил хамт амьдарсан. Б.****** нь 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр бусдын гэм буруутай үйлдлийн улмаас нас барсан болохыг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/510 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоосон. Эрүүгийн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний дүү Б.**** тогтоогдож, шүүгдэгчээс 6,284,602 төгрөгийн нөхөн олговрыг авсан. Б.**** нь Б.****ын оршуулгын ажлыг ар гэр, ажлын хамт олон болон бусад хүмүүсийн хандив 5,230,000 төгрөг, халамжийн мөнгө 1,000,000 төгрөгийг зарцуулж хийж гүйцэтгэсэн. Б.****ын шүүгдэгчээс гэм хор учруулсны төлбөрт хүлээн авсан 6,284,602 төгрөгийг хууль ёсны залгамжлагчид гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч Б.**** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Б.**** нь гэмт хэргийн улмаас нас барсан өөрийн төрсөн ах болох хохирогч Б.****ын хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон бөгөөд талийгаач Б.****ын оршуулгын ажилд бусдаас хандив тусламж, зээл авч, нийт 8,000,000 гаруй төгрөг зарцуулсан, үүнд 21 хоног, 49 хоногийн зан үйлийн зардал ороогүй. Шүүгдэгч Д.***оос хохирогчийн оршуулгын зардалд 6,284,602 төгрөг төлснийг хүлээн авсан. Үүнээс гадна төлбөрийн баримтгүй олон зардлууд болон талийгаачийн 21, 49 хоногийн зан үйлийн зардлууд шүүгдэгчээс нөхөн төлсөн оршуулгын зардалд багтаагүй. Нэхэмжлэгч Т.*** нөхөр Б.****ын оршуулгын зардлыг төлөөгүйгээс гадна тэрээр таарамжгүй харилцааны улмаас оршуулгын ажил болон эрүүгийн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцох зэргийг зөвшөөрөөгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Нэхэмжлэгчээс иргэний хуулбар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны 2020/ШЦТ/510 дугаартай шийтгэх тогтоол, Б.******, Т.*** нарын гэрлэлтийн гэрчилгээ, Б.****ын нас барсны гэрчилгээний хуулбар, Т.****, У.**** нарын төрсний гэрчилгээний хуулбар, Монгол Улсын хүний эрхийн комиссын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 5/994 дугаартай Т.***т хариу өгөх тухай албан бичиг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны 2020/ШЦТ/510 дугаартай шийтгэх тогтоол, 1911023070950 дугаартай Д.***од холбогдох эрүүгийн хэрэгт өгсөн НӨАТ-ын баримт, Т.***ийн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, оршуулгын зардлын зарлагын баримтуудыг шүүх бүрдүүлж, гэрчээр С.***, Б.****, Т.*** нарыг оролцуулсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Т.*** нь нас барсан хохирогч Б.****ын хууль ёсны өв залгамжлагч тул түүний оршуулгын зардлыг гэм хор учруулсан этгээдээс шилжүүлэн авсан хариуцагч Б.****аас шаардах эрхтэй.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Хариуцагч Б.**** нь өөрийн төрсөн ах болох хохирогч Б.****ыг оршуулахтай холбогдуулан 6,284,602 төгрөгийн зардал гаргасан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч Т.*** нь талийгаач Б.******тай 2008 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтийн бүртгэлийн 2081 дугаарт бүртгүүлсэн байх ба тэдгээрийн дундаас 2009 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Т.****г төрүүлсэн, Б.****** 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр нас барсан болох нь гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээ, нас барсны гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

4.2. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны 2020/ШЦТ/510 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.*** нь 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Б.****ыг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогчийн оршуулгын зардлын нэхэмжлэлээс нотлох баримтын шаардлага хангасан баримтаар тогтоогдсон 6,284,602 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.****д төлж барагдуулсан болох нь тогтоогдож байна.

4.3. Дээрх эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Б.****ыг тогтоосон байна. Талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.

 

5. Хариуцагч Б.**** нь өөрийн төрсөн ах болох Б.****ын оршуулгын зардалд 6,284,602 төгрөг зарцуулсан гэж тайлбарлаж, хэрэгт авагдсан зардлын зарлагын баримтууд болон гэрч С.***, Б.**** нараас шүүх хуралдаанд өгсөн Т.*** нь Б.****ын оршуулгын зардал гаргаагүй. Б.**** оршуулгын ажлын зардлыг төлсөн талаар мэдүүлсэн мэдүүлгээр нотолж байна.

 

6. Нэхэмжлэгч Т.*** нь хариуцагч талын оршуулгын ажлын зардлыг төлсөн гэх татгалзал, үндэслэлийг нотолсон зардлын баримтуудыг няцаагаагүй, тэрээр өөрөө тухайн оршуулгатай холбоотой зардлыг төлсөн эсэх талаар маргаагүй, харин талийгаач Б.****ын хууль ёсны өв залгамжлагчийн хувиар гэм хор учруулсан этгээдээс оршуулгын зардалд нөхөн төлсөн 6,284,602 төгрөгийг хариуцагч Б.****аас шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

 

7. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т нас барагчийн эхнэр, хүүхэд хууль ёсны өвлөгч байна гэж зааснаар нас барагч Б.****ын эхнэр Т.***, охин Т.*** нар нь түүний хууль ёсны өвлөгч гэж үзэх үндэслэлтэй байна.

8. Харин Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-т өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө гэж зааснаар хохирогч нас барснаас учирсан гэм хорын хохирол өвлөгдөх хөрөнгөд хамаарахгүй байхаас гадна нэхэмжлэгч Т.*** нь нас барагч Б.****ыг оршуулахтай холбогдсон зардал гаргасан болохоо баримтаар нотлоогүй, харин хариуцагч нас барагч Б.****ыг оршуулахтай холбоотой зардал гаргасан болох нь хэрэгт авагдсан зардлын баримтуудаар тогтоогдож байна.

9. Дээрх үндэслэлээр хариуцагч Б.****аас 6,284,602 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.***ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

10. Хариуцагч Б.**** нь бусдын амь нас, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэж үзэх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-т заасан гэм хор учруулснаас үүсэх үүрэг нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болохгүй.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,504 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-т заасныг баримтлан хариуцагч Б.****аас 6,284,602 төгрөг гаргуулах тухай Т.***ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,504 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ