| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Чанцалням |
| Хэргийн индекс | 194/2025/0822/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/948 |
| Огноо | 2025-04-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.С |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/948
2025 04 15 2025/ШЦТ/948
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарантуяа,
улсын яллагч Ц.Сайнхүү,
шүүгдэгч Ц.Ц нарыг оролцуулан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц-ын Ц-д холбогдох эрүүгийн ....................... дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “В” танхимд 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Холбогдсон хэргийн товч утга:
Шүүгдэгч Ц.Ц нь 2025 оны 02 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Цайз” захын гадаа хохирогч Н.Н-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдан нүүр хэсэгт нь гараараа цохиж зодон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 302 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн талаар:
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэдүүлэг, тайлбар, гэм буруугийн дүгнэлтийг дүгнэн үзэхэд шүүгдэгч Ц.Ц нь 2025 оны 02 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Цайз” захын гадаа хохирогч Н.Н-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж маажих зэргээр эрүүл мэндэд нь дух, хамар, баруун хацар, завж зүүн шүдний доод зовхи, завжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо. Энэ нь:
Хохирогч Н.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 6-ны өдөх 15 цагийн орчимд ажил дээрээ байхдаа хоорондоо хөзөр тоглоод байж байтал Ц гэх эмэгтэйтэй тоглоомоос болж муудалцаад байж байтал Ц гараад явсан. Тэгээд би араас нь гараад очтол мөн цуг ажилладаг эмэгтэйн машинаас Ц бууж ирээд нүүр хэсэгт цохиод миний нүүрийг маажаад явсан.Тэгээд бид хоёрыг хүмүүс салгасан. Тэгээд байж байтал Ц хүнсний мухлагт сууж байхаар нь би гараад ир гэхэд гарч ирэхгүй байсан учраас би ороод бид үргэлжлүүлэн маргалдаад барьцалдаж авсан. Тэр үед хүмүүс бид хоёрыг салгасан. Хүмүүс миний нүүр чинь аймар болчихож чи цагдаа дуудааж гээд байсан. Тэгээд нүүрээ хартал миний нүүр хэсэгт аймар болчихсон байхаар нь цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх 8-9/,
Хохирогч Н.Н-ийн дахин өгсөн: “...хүмүүс цайны газарт хоорондоо хөзөр тоглоод байж байхад нь би хараад зогсож байсан чинь намайг “наанаасаа холдоод модыг чинь хэллээ” гэсэн чинь “чи ч гэсэн зогсож байж чи өөрөө холдоод” гээд муудалцаж байсан. Ц түрүүлээд цайны газраас гараад С-гийн машинд ороод суусан. Би цайны газраас гараад явган хүний гарцаар явж байсан чинь С-гийн машинаас бууж ирээд миний үснээс зулгаагаад шууд нүүр маажчихсан, миний үснээс зулгаагаад байхаар нь би зөрүүлээд хамар луу нь 2,3 удаа цохисон тэр үед хүмүүс бид хоёрыг салгасан. Надад сэтгэцэд учирсан хохирол байхгүй. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ аваагүй, нэхэмжлэх зүйл байхгүй...”гэх мэдүүлэг /хх 12-13/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмчийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 3067 дугаартай “Н.Н-ийн биед дух, хамар, баруун хацар, завж, зүүн нүдний доод зовхи, завжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх 18-19/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
3. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр гараараа нүүрэн тус газар цохих маажих зэрэг халдсан үйлдлийн улмаас үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдсон байна.
4. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ц.Ц нь хэрэг хариуцах чадвартай, өөрийн үйлдлийн хууль бус болохыг мэдсээр байж хохирогчийн биед халдсан байх тул гэм буруугийн хувьд шууд санаатай гэж дүгнэлээ.
5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ц.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, төлбөрийн талаар:
6. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Н-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Н.Н-ийн “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх 12-13/ талд авагдсан байх тул шүүгдэгч Ц.Ц-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
7. Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан болно.
8. Шүүгдэгч Ц.Ц-д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
9. Шүүхээс шүүгдэгч Ц.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал, хохирогчийн гомдол саналгүй гэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, үйлдлийн шинж, гэм буруутай үйлдэл болон үр дагаварт хандаж буй хандлага зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
10. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ц-ын Ц /РД:......................./-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧАНЦАЛНЯМ