| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2022/00585/И |
| Дугаар | 102/ШШ2022/01706 |
| Огноо | 2022-05-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2022/01706
| 2022 оны 05 сарын 05 өдөр | Дугаар 102/ШШ2022/01706 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч ................т байрлах РД:00000, "И" ХХК
Хариуцагч ................ байрлах РД:000000, "Б" ХХК
Хариуцагч .......... оршин суух РД:00000, Э.А
Хариуцагч ........ оршин суух РД:0000, Э.Б
Хариуцагч С........ оршин суух РД:00000, Э.З-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 61.013.124 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулан, улсын 00-00 дугаартай тусгай зориулалтын цемент цутгагч автомашиныг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, Д.Б
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "И" ХХК, хариуцагч "Б" ХХК, Э.А, Э.Б, Э.Зод холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 61.013.124 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, улсын 00-00 дугаартай тусгай зориулалтын цемент цутгагч автомашиныг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.
Нэхэмжлэгч "И" ХХК, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
"Б" ХХК болон хамтран зээлдэгч Э.А, Э.Б, Э.З нар ‘И’’ ХХК-тай 2020 оны 01 сарын 20-ны өдөр 00000 дугаартай “Зээлийн гэрээ”, 00000 дугаартай “Барьцааны гэрээ”, 0000 дугаартай “Фидуцийн гэрээг байгуулж, 35.000.000 төгрөгийг, сарын 3.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай бизнесийн зээлийн төрөлд ашигласан.
Тус зээлийн барьцаанд дараахь үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байдаг.
................ байрлах, Улсын бүртгэлийн Ү00000 дугаартай, 18 метр квадрат талбайтай, орон сууцны зориулалтай Б.А, Б.Б, Э.З нарын өмчлөлийн нэг өрөө байр мөн Улсын 00-00, гэрчилгээний 00000, арлын 00000 дугаартай “Deowoo Nows” цемент цутгагч машиныг барьцаалсан.
Зээлдэгч нар эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлээ хүүтэй хамт эргэн төлөх үүрэгтэй боловч зээлийн гэрээгээ удаа дараа зөрчиж, төлбөрийг төлөх хугацаа олгоход цаг тухайд төлөөгүй зөрчил гаргаж, зээлийн гэрээ дуусах хугацаа буюу 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар тасалбар болгож зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Гэрээний хугацаа дуусгавар болсон 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээл 35.000.000 төгрөг, хүү 24.575.622,71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.429.501 төгрөг, нотариатын зардал 8.000 төгрөг нийт 61.013.121 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан хуулийн этгээдийн төлбөр тооцооны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтаар талуудын хооронд байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 00000 дугаартай “Зээлийн гэрээ”-ний үүргийн биелэлтэд 61.013.121 төгрөгийг гаргуулан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг гаргуулж, Улсын 00-00 дугаартай цемент цутгагч машиныг нэхэмжлэгчийн эзэмшилд бодиттойгоор шилжүүлж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
Мөн хариуцагч нар нийт 4.987.000 төгрөг төлснийг зээлийн хүүгээс хасаж тооцсон, гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Үндсэн зээл хасах ёстой гэж байна.
Гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.3 дахь хэсэгт заасан байгаа. Зээлийн эргэн төлөлтийн хуваариас хугацаа хэтрүүлсэн эсхүл дутуу төлсөн тохиолдолд зээлийн төлбөр төлсөн хугацаа хүртэл тооцогдсон нэмэгдүүлсэн хүү уг хугацаанд тооцогдсон зээлийн хүүг төлнө.
Энэ журмаар явахаар зээлдэгч нарын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 4.987.000 төгрөг зээлийн хүүд төлөгдсөн гэж үзнэ.
Үндсэн зээлээс хасалт хийгдээгүй. Мөн нэхэмжлэгчийг шүүхэд хандаагүй гэж хэлж байна.
Манай зүгээс шүүхэд хандсан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 101ШЗ2021/00000 дугаартай хариуцагч "Б" ХХК, Э.А, Э.Б, Э.З нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч “хаяг дээрээ оршин суудаггүй” гэсэн үндэслэлээр “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Шүүгчийн захирамж байна.
Мөн хариуцагч нарын хаягийг тодорхойлж чадахгүй байсан учраас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, зээлдэгч нарыг “Эрэн сурвалжлуулах” хүсэлт гаргасныг хүлээн авахаас татгалзсан Шүүгчийн захирамж бас байна.
Эдгээр баримтыг бид шүүгчид нөлөөлөх гэж үзэх болов уу? гээд өгөөгүй.
Ийм байдлаар асуудлыг шивэрлүүлэхээр шүүхэд хандаж байсан.
Хариуцагч үндсэн зээл, хүү төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч үндсэн зээлээс хасаж тооцож байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү, гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчээс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зээл авсан.
Үндсэн зээл 35.000.000 төгрөг, хүү 24.575.622,71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.429.501 төгрөг, нотариатын зардал 8.000 төгрөг нийт 61.013.124 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй.
Хариуцагч нарын хувьд 35.000.000 төгрөг зээлсэн.
Зээлийг хуваарьт хугацаанд төлж чадаагүй ба тодорхой хэмжээний мөнгөн дүнг ‘И” ХХК-д төлсөн.
Нийт төлсөн дүн 4.987.000 төгрөг байна. Зээлийн гэрээний хуваарь зөрчигдсөн.
Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийн төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасан.
Зээлдэгч нарын хувьд сар бүр төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлж чадаагүй үнэн.
Төлсөн 4.987.000 төгрөг үндсэн зээл 35.000.000 төгрөгөөс хасагдаж тооцох ёстой байсан.
Гэтэл гэрээнд тодорхой заасан хоёр ба түүнээс дээш удаа төлөх үүргээ зөрчсөн бол гэрээг зээлдүүлэгч өөрөө шууд цуцлах гэсэн гэрээгээ хэрэгжүүлээгүй.
2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс хойш хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Зээлдүүлэгчийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт зааснаар гэрээгээ цуцалж болох байсан.
Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтэрсэн гэж үзнэ.
Сар бүрийн хуваариар зээлийн төлөлтөө төлөөгүй байхад хуульд заасан үүргээ биелүүлэхгүй нэмэгдүүлсэн хүү нэхэмжилснийг буруу гэж үзэж байна.
Энэ үндэслэлээр хүү нэмэгдүүлсэн хүү 19.483.684 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй.
Нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, автомашиныг шилжүүлэхийг даалгах, зээлийн төлбөрөөс 41.529.443 төгрөг төлөхийг зөвшөөрч байна, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, Д.Б нар нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “Хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлээгүйгээ зөвшөөрч байгаа тул маргах зүйлгүй. Бид зээлээ төлөхийг шаардаж байсан. Энэ талаар хариуцагчийн банкинд бичгээр гаргаж өгсөн баримт нотлоно. Хэрэгт байгаа ” гэж тайлбарлав.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа “Нэхэмжлэлийн шаардлагаас Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар банк бус мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байгаа тул 19.483.684 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй” гэж илэрхийлж байна.
Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.
Нэхэмжлэгч "И" ХХК, хариуцагч "Б" ХХК, Э.А, Э.Б, Э.З нартай 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр В/00000, С/00000, F/00000/2 дугаартай “Зээл болон Барьцаа, Фидуцийн гэрээ”-нүүдийг байгуулж, 35.000.000 төгрөгийг, сарын 3.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, "Б" ХХК-ийн “Хаан” банкны 0000-0000-00 дугаартай дансанд шилжүүлэхээр, төлбөрөө төлөөгүй тохиолдолд дүүрэг, 0 дугаар хороо, “Тээвэрчид”-ийн 0 дугаар байрны 0 тоот, Эрхийн улсын бүртгэлийн Ү-0000, гэрчилгээний 000000 дугаартай, 18 метр квадрат талбайтай, нэг өрөө орон сууцаар мөн Улсын 00-00 , тээврийн гэрчилгээний 00000, арлын 00000 дугаартай, “Daewoo Novus” маркийн цемент цутгагч автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, гэрээ, зээл эргэн төлөх хуваарь зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.
Талууд дээрх гэрээнүүдийг байгуулсан талаар маргаагүй хэдий ч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч зээл төлөлтөөс 19.483.680 төгрөгийг төлөхгүй гэж мэтгэлцэж байна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1,156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасанчлан “Барьцааны гэрээ” бичгээр байгуулагдаж, Улсын бүртгэлд бүртгүүлэх үндэслэл шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болох нь тогтоогдож, нэхэмжлэгч барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах эрхтэй.
Түүнчлэн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон ТЗ101/554 дугаартай “Тусгай зөвшөөрөл”-ийн гэрчилгээгээр тус банк бус санхүүгийн байгууллага зээлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй хуулийн этгээд болох нь батлагдаж байна.
Иймээс Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу хариуцагч нар 35.000.000 төгрөгийг авсан болон зээлийн мөнгөн дүнгээс тодорхой хэсгийг төлөхөө зөвшөөрч, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад маргах зүйлгүй гэх тайлбарыг гаргаж, гэрээний салшгүй хэсэг зээл төлөлтийн хуваарийг зөрчсөн нь нотлогдож байх тул зээлээ төлөх үүрэгтэй.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг хийхгүй эс үйлдэхийг гаргасан учраас зээлийн төлбөрт 19.483.684 төгрөгийг төлөхгүй, 41.529.443 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн нь боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлаа нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй буюу хэрэгт авагдсан хариуцагч Э.Аын "И" ХХК-д бичгээр гаргасан хүсэлтээр няцаагдаж байна.
Иймээс Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт “үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”,
235 дугаар зүйлийн 235.2 дахь хэсэгт “шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг хүлээгч ашиглах эрхтэй байхаар гэрээнд зааж болно” гэж заасны дагуу улсын 00-00 дугаартай, “Daewoo Novus” маркийн цемент цутгагч автомашин нэхэмжлэгчийн өмчлөлд 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шилжсэн нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож, хариуцагч нар автомашиныг нэхэмжлэгчид бодиттойгоор хүлээлгэн өгөөгүй талаараа маргахгүй байна.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П “банк зээлийн хүүг тооцохдоо гэрээнд сарын хүүг 3.9 хувиар төлөхөөр заасан боловч хүүг бодохдоо
-2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 3.9 хувиар
-2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 3.4 хувиар
-2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 3.9 хувиар тооцсон.
Харин 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн хоорондох нэмэгдүүлсэн хүүг тооцоогүй” гэх тайлбарыг үндэслэн хариуцагч нарын зээл төлөлтийн тооцоололыг бодоход:
А.
2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 10 сар, 13 хоног
35.000.000 төгрөгийн сарын хүү 3.9 хувь
35.000.000 төгрөг х 3.9 хувь = 1.365.000 төгрөг / нэг сарын хүү/
10 сар х 1.365.000 төгрөг / нэг сарын хүү/= 13.650.000 төгрөг
1.365.000 төгрөг / нэг сарын хүү : 30 хоног =45.500 төгрөг /нэг өдрийн хүү/
13 хоног х 45.500 төгрөг /нэг өдрийн хүү/= 591.500 төгрөг
13.650.000 төгрөг +591.500 төгрөг = 14.241.500 төгрөг
Б.
2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 8 сар
35.000.000 төгрөгийн сарын хүү 3.4 хувь
35.000.000 төгрөг х 3.4 хувь = 1.190.000 төгрөг / нэг сарын хүү/
8 сар х 1.190.000 төгрөг / нэг сарын хүү/= 9.520.000 төгрөг
В.
2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 5 сар 26 хоног
35.000.000 төгрөгийн сарын хүү 3.9 хувь
35.000.000 төгрөг х 3.9 хувь = 1.365.000 төгрөг / нэг сарын хүү/
5 сар х 1.365.000 төгрөг / нэг сарын хүү/= 6.825.000 төгрөг
1.365.000 төгрөг / нэг сарын хүү : 30 хоног =45.500 төгрөг /нэг өдрийн хүү/
26 хоног х 45.500 төгрөг /нэг өдрийн хүү/= 1.183.000 төгрөг
6.825.000 төгрөг +1.183.000 төгрөг = 8.008.000 төгрөг
14.241.500 төгрөг + 9.520.000 төгрөг + 8.008.000 төгрөг = 31.769.500 төгрөг /хүү/
31.769.500 төгрөг /хүү/ х 20%= 6.353.900 төгрөг /нэмэгдүүлсэн хүү/
35.000.000 төгрөг /үндсэн зээл/+31.769.500 төгрөг /хүү/+6.353.900 төгрөг /нэмэгдүүлсэн хүү/ = 73.123.400 төгрөг болж байна.
Үүнээс 73.123.400 төгрөг - 4.987.000 төгрөг / хариуцагч нарын төлсөн хүү/ = 68.136.400 төгрөг - 1.904.000 төгрөг /2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн хооронд тооцоогүй нэмэгдүүлсэн хүү/ = 66.232.400 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар байгаа боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд гэрээний үүргийн биелэлтэд 61.013.124 төгрөг гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, цемент цутгагч автомашиныг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 816.166 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 816.166 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 235 дугаар зүйлийн 235.4, 235.5, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "Б" ХХК, Э.А, Э.Б, Э.Зоос зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 61.013.124 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч "И" ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, улсын 00-00 , тээврийн гэрчилгээний 00000, арлын 00000 дугаартай, “Daewoo Novus” маркийн цемент цутгагч автомашиныг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Э.А, Э.Б, Э.З нарын өмчлөлийн дүүрэг, 0 дугаар хороо, “Тээвэрчид”-ийн 0 дугаар байрны 0 тоот, Эрхийн улсын бүртгэлийн Ү-000000, гэрчилгээний 0000 дугаартай, 18 метр квадрат талбайтай, нэг өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдаж, худалдаж борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 816.166 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 816.166 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА