Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2021/ДШМ/06

 

М.Мд холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                               Н.Энхнаран   

Прокурор                                                   Д.Нямдэлэг

Өмгөөлөгч                                                 Г.Цэрэндолгор нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/17 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өмгөөлөгч Г.Цэрэндолгорын гаргасан давж заалдах гомдлоор М.Мд холбогдох эрүүгийн _______дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 05ы өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, Б овогт М.М.

Шүүгдэгч М.М нь 2019 оны 12 дугаар сард Дорнод аймгийн Матад сумын 3 дугаар багийн нутаг “Овоотын гол” гэх газарт бэлчээрт байсан иргэн Б.Б-ын эзэмшлийн үхэр сүргээс ухаа хүрэн зүсмийн сүүл цагаан бяруу буюу 1 тооны үхэр хулгайлж 400,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын 3 дугаар багийн нутаг “Ганганы гол” гэх газарт бэлчээрт байсан иргэн З.Э-ын эзэмшлийн үхэр сүргээс хар халзан зүсмийн эр шүдлэн буюу 1 тооны үхэр хулгайлж 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболд шүүгдэгч М.Мыг бусдын малыг хулгайлсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/17 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Б овогт М.М-ыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мыг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Маас бусдад учруулсан эд хөрөнгийн хохиролд 400,000 төгрөгийг гаргуулж Дорнод аймгийн Матад сумын 3 дугаар багт оршин суух, Х овогт Б.Б /РД:______/-д олгож,

- Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч З.Э-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.Мын _______ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “М.М нь өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ их гэмшиж байгаа. Хохирогч З.Э-ын хохирлыг анхан шатны шүүхийн өмнө төлж барагдуулсан бөгөөд хохирогч Б.Б-ын хохирлыг засварын газар ажиллаж машин зассан хөлсөөрөө барагдуулах гэж байсан боловч хөлс мөнгөө авч чадалгүй удсанаас болж хохирлоо төлж чадалгүй анхан шатны шүүх хуралд орсон. Дараа нь хохирлын 400,000 төгрөгийг төлж барагдуулсан.

Иймд М.Мыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж хор уршгийг арилгасан, анх удаа хэрэгт холбогдож байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэжээ.  

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Нямдэлэг гаргасан дүгнэлтдээ: М-н хувьд 2019 оны 12 дугаар сард хоёр удаагийн үйлдлээр Б, Э нарын 2 тооны үхрийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэж байгаа. Шүүх хуралдаан болох үед М бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй байсан. Ингээд шүүх хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Гэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсэх, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх асуудлууд дээр дүгнэлт хийх байх гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгорын давж заалдах гомдлыг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч М.М нь 2019 оны 12 дугаар сард Дорнод аймгийн Матад сумын 3 дугаар багийн нутаг, “Овоотын гол” гэх газарт бэлчээрээс, хохирогч Б.Б-ын 1 үхрийг хулгайлж 400,000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын 3 дугаар багийн нутаг “Ганганы гол” гэх газарт бэлчээрээс хохирогч З.Э-ын 1 үхрийг хулгайлж 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт, 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн үйлдлийг “2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр” гэж буруу бичсэнийг үүгээр зөвтгөн залруулж тэмдэглэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй, хэргийг зөв зүйлчилсэн байна. 

Шүүгдэгч М.Мд оногдуулсан ял шийтгэл   нь түүний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тохирсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/17 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгорын  давж  заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч М.Мын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 53 /тавин гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтаар, шүүгдэгч М.Маас гаргуулж хохирогч Б.Баттулгад олгохоор шийдвэрлэсэн 400,000 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр, Б.Б-ын эхнэр Г.С-н эзэмшлийн ХААН банк дахь ______ дансанд шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтыг давж заалдах заалдах шатны шүүхэд  гаргаж өгсөн болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ж.ДОЛГОРМАА                         

                  ШҮҮГЧИД                                          З.ЭНХЦЭЦЭГ

                                                                             Л.НАРАНБАЯР