Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2022/00001

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч ...... оршин суух РД:0000000, Тэргүүн овогт Д.Э нэхэмжлэлтэй

 

Хариуцагч ........ оршин суух РД:000000, Б.Б холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 11.350.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

         Нэхэмжлэгч Д.Э нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа:

         2020 онд миний хүү Э.О, Б.Бтай хамтарч Зүүнбаянаас “Тавантолгой” чиглэлийн төмөр зам, Дорнодоос Зүүнбаяны хооронд тээвэр зуучлалын үүрэг гүйцэтгэсэн.

         Энэхүү үүргийг гүйцэтгэхдээ жолооч нараар төмөр замын хооронд бетон зөөлгөх ажил хийлгэсэн боловч санхүүжилт орж ирэхгүй удсан учир надаас болон ахаасаа мөнгө авч жолооч нарын цалинг олгосон. Учир нь:

        Жолооч нар манай гэрт ирээд мөнгө өгөхгүй удлаа, хугацаа хойшлууллаа гээд байсан тул надаас болон ахаасаа мөнгө авсан.

        Уг мөнгийг Б.Б санхүүжилт орж ирэхээр төлөх ёстой байсан боловч санхүүжилт орж ирэхгүй байна, ирэхээр нь буцааж өгнө” гэж хэлж аваад өнөөдрийг хүртэл өгөөгүй.

         Нийт 25.581.000 төгрөг авснаас түүний аав надад 5.000.000 төгрөг өгсөн.

         Миний хүү Э.О 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Япон улс руу явахдаа Б.Бгаас 20.581.000 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дотор авахаар өр барагдуулах баталгаа хийлгэж нотариатаар батлуулсан.

        Ингэхдээ Б.Бтай уулзаад “үлдэх төлбөрийг миний аавтай хийгээрэй” гэж тохиролцоод бид гэрээ хийсэн.

        Гэтэл Б.Б төлнө гэж гэрээ байгуулчхаад залгахаар утсаа авахгүй тасалдаг.

            Саяхан Б.Бтай уулзахад би таны өрийг маш хурдан барагдуулна гэж хэлсэн боловч  барагдуулаагүй.

            Эдний тохиролцоогоор Э.О жолооч нарыг гардан хариуцаж, Б.Б цэргийн ангиас санхүүжилт орж ирэхээр жолооч нарын цалинг олгох ёстой байсан ч ажлаа хийгээгүй.

           Бид тооцоо хийхэд 2 автомашины зөрүү гарсан тул 20.581.000 төгрөгийг 13.350.000 төгрөг болгож үүнээс 2.000.000 төгрөгийг Б.Б, Э.О руу шилжүүлсэн тул үлдсэн 11.350.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан тайлбартаа:

              Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Миний эзгүйд “шүүх хуралдааныг хийж өгнө үү” гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн байна, гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Б.Бд холбогдуулан гэрээний үүргийн биелэлтэд 11.350.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

            Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

            Анх иргэн Э.О, хариуцагч Б.Б нарын хооронд Зүүнбаянаас “Тавантолгой” чиглэлийн төмөр зам,  Дорнодоос Зүүнбаяны хооронд бетон зөөх ажлыг хийж гүйцэтгэхээр хамтран ажилласан талаар талууд маргахгүй байна.

 

            Э.О, Б.Б нар ажлаа гүйцэтгэх явцад санхүүжилт орж ирээгүйн улмаас тэдэнд ажиллаж байсан жолооч нар ажлынхаа хөлсийг нэхэмжилсний улмаас маргаан үүсэж, Э.О жолооч нарын хөдөлмөрийн хөлсийг олгохын тулд эцэг Д.Э, төрсөн ах хоёроо эх үүсвэрээ болгон мөнгө авч, ажилчдын цалинг өгсөнд зохигчид маргаагүй.

        

            Хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд, Э.Ог Япон улс руу ажиллаж амьдрахаар явахаас өмнө буюу 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр талууд тооцоо нийлж “Баталгаа” гэсэн гарчигтай “хариуцагч төлбөрөө төлөхөө илэрхийлсэн баримтыг бичгээр үйлдэн мөн өдрөө 0000 дугаартай “Төлбөр барагдуулах гэрээ”-г Э.Огийн эцэг Д.Э, Б.Б нар байгуулсан нь тогтоогдож байна.

 

            Дээрх гэрээний зорилго зохигчдын хооронд байгуулагдсан гэрээнээс үүссэн шаардлагыг тооцоо нийлэх замаар хааж, төлбөр төлөгч хэлэлцэн тохирсон төлбөрийг төлбөр авагчид төлөх үүргийг хүлээж, 20.581.742 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр буюу 11 хоногийн дотор төлөхөөр харилцан тохиролцож гэрээг байгуулсан ба хариуцагч гэрээний үүргээ зөрчиж улмаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ нотлох баримтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар няцааж чадахгүй байна.

      

            Иймээс Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Өөрөөр хэлбэл, хамтран ажиллах гэрээг хуулийн этгээд байгуулахгүйгээр  ашиг олох болон тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хоёр буюу түүнээс дээш этгээд хамтран ажиллах тохиролцоо хийж, харилцан үүрэг хүлээх тэгш эрхийн зарчим үйлчилж, зорилгодоо хүрэх байдаг.

 

            Зохигчид хамтран ажилласан ажлынхаа гүйцэтгэлийн талаар мэтгэлцээгүй, нэхэмжлэгчийн тайлбараар хариуцагч санхүүжилтийг хариуцах үүргээ биелүүлээгүйгээс түүний өмнөөс нэхэмжлэгч гэрээгээр хүлээгээгүй үүрэг болох жолооч нарын цалингийн зардалд төлсөн төлбөрийн үлдэгдэл 11.350.000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч баримтаар үгүйсгэх, өөрөө нотлох, цуглуулж гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

         

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196.550 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 196.550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      

            1.Иргэний хуулийн 476 дугаар дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Бгаас хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлтэд 11.350.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Эд олгосугай.

       

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196.550 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 196.550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

          

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

        

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.АРИУНАА