| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2025/0038/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/35 |
| Огноо | 2025-04-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Алтангэрэл |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоогоор тэмдэглэл хөтлүүлэн, улсын яллагч М.Алтангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа, шүүгдэгч Б.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2524000040017 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн Асгат суманд төрсөн, халх, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, *************мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ************************************ багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, *********************************************, регистрийн дугаар: *************************,
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарч байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Л нь 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Асгат сумын Суварга багийн нутаг дэвсгэрт хохирогч А.О хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний биед халдаж, эрүүл мэндэд нь зүүн 5 дугаар хавирга ясны хөндлөн цуурал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь хуудас/, иргэн А.Он бичгээр гаргасан гомдол, хавсралт /хавтаст хэргийн 6-12 дахь хуудас/, мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн илтгэх хуудас /хавтаст хэргийн 13 дахь хуудас/, хохирогч А.Он 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь хуудас/, хохирогч А.Он 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29 дэх хуудас/, хохирогч Б.Лийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх хуудас/, гэрч Б.Лн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь хуудас/, гэрч Б.Лн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 46-48 дахь хуудас/, гэрч Ж.З 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 51-53 дахь хуудас/, шинжээч эмч Б.Сэргэлэнбаярын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дахь хуудас/, гэрч А.Эн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 дэх хуудас/, гэрч Э.Бн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дэх хуудас/, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А.Он цээжний рентген зураг, эмчийн тодорхойлолт /хавтаст хэргийн 68-70 дахь хуудас/, Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн АКТ №000000033 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 70-71 дэх хуудас/, Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хавтаст хэргийн 80-82 дахь хуудас/, мөрдөгчийн 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хохирогч А.О, гэрч Б.Л нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, гэрч Ж.З 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг, гэрч Р.С 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн ХОВ0525/017 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.Л нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч А.О учирсан 1,156,731 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.Л нь төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Мөн шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Б.Лг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
5. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх аргаж хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тэмдэглэсүгэй.
7. Хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж зүйлгүйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Лт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН