| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 194/2025/0902/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1050 |
| Огноо | 2025-04-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Дөлгөөн |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1050
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,
Улсын яллагч Э.Дөлгөөн /томилолтоор/,
Шүүгдэгч П.Н , түүний өмгөөлөгч Д.Очирдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Н д холбогдох эрүүгийн 2506000000097 дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Н нь 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Энканто таун” хотхоны 4 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Дабль шот” нэртэй лоунжид Э.М той маргалдан улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, дээд баруун 1-р шүдний булгарал, доод уруулд шарх, дух, хамар, буйланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “...шүүгдэгч П.Н нь 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Энканто таун” хотхоны 4 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Дабль шот” нэртэй лоунжид Э.М той маргалдан улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, дээд баруун 1-р шүдний булгарал, доод уруулд шарх, дух, хамар, буйланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.
Үүнд:
Хохирогч Э.М ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 19-ний орой 20 цагийн үед өөрийн найз болох Б тай хамт Энканто моллын 4 дүгээр давхарт байрлах “Дабль” гэх нэртэй газарт хөгжим засахаар очсон. Тухайн газарт ороод Б бид хоёр шилтэй виски 1 ширхгийг аваад ууж сууж байгаад 40 орчим насны 2 ах байсан ба намайг ариун цэврийн өрөө орчхоод ирсэн чинь Б тэр хоёр ахтай нийлээд сууж байхаар нь би хажууд нь очоод хамт суусан. Тэгээд намайг ороход тамхины өрөөнд хүн байгаагүй ба тамхи татаад зогсож байтал 2 эмэгтэй хүн орж ирээд тамхи татаад гараад явсан. Удалгүй бид хоёртой хамт сууж байсан хоёр ахын нэг болох халимаг хар өнгийн үстэй, 175 см орчим өндөртэй, цайвар өнгийн цамцтай, хар өнгийн өмдтэй ах орж ирэхэд би тамхиа унтраагаад гарах гээд хажуугаар нь зөрөх гэж байсан чинь миний хамрыг духаараа мөргөсөн. Би хамраа дараад тонгойход миний зүүн ташаа руу 1 удаа өшиглөхөөр нь би дөрвөн хөллөөд унасан чинь цамцнаас бариад намайг сандал мөргүүлээд миний дээр гарч байгаад 2-3 минут намайг цохиж зодоод байсан. Удалгүй гаднаас хүмүүс орж ирээд салгаад тухайн “Дабль” гэх газрын ажилчин намайг 4 давхрын коридор хэсэгт буйдан дээр суулгасан ба ажилчид нь цагдаа дуудсан. Тэгээд 20 орчим минутын дараа цагдаа ирж байна гэхээр нь би гадуур хувцсаа авах гээд буцаад орсон чинь урдаас тамхины өрөөнд намайг цохисон ах миний хамар, ам хэсэг рүү гараа атгаж байгаад 1 удаа цохиход нь миний шүд унах шиг болсон. Би тонгойгоод амаа дараад гараа харахад цус болчихсон байсан ба намайг тонгойсны дараа намайг цохисны нөгөөдөх нь буюу шар үстэй нь миний мөрнөөс барьж байгаад цээж хэсэг рүү 2 удаа өшиглөөд, 1 удаа дух руу өвдөглөсөн ба тухайн үед цагдаа нар ирж таарсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр тал/,
Гэрч П.Э ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 19-ний орой 18 цаг 30 минутын үед Энканто моллын 4 дүгээр давхарт байрлах “Дабль шот” гэх газарт өөрийн найз болох Н тай уулзахаар болоод би түрүүлээд очоод, удалгүй Н ирсэн. Бид хоёр тухайн газарт их хэмжээний шар айраг ууж байтал 30 орчим насны 2 залуу манай ширээн дээр ирээд хамт суусан. Би тухайн залуучуудыг яагаад манай ширээнд суусныг мэдэхгүй гайхаад л өнгөрсөн. Тэгээд танилцаад хамт согтууруулах ундаа хэрэглэж байгаад тухайн 2 залуу хоорондоо ам зөрөөд байсан санагдаж байна. Би ариун цэврийн өрөө орчхоод буцаад ирэхэд ширээн дээр хүн байхгүй байхаар нь очоод суутал удалгүй Н ирээд суусан ба хамт сууж байсан хоёр залуугийн өндөр нь ирээд орилж чарлаад бид хоёр руу дайраад байх шиг байхаар нь би ер нь явъя гэж бодоод байж байтал цагдаа нар ороод ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар тал/,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1138 дугаартай: “...Э.М ийн биед хамар ясны хугарал, дээд баруун 1-р шүдний булгарал, доод уруулд шарх, дух, хамар, буйланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Нэг шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Э.М ийн биед учирсан хамар ясны хугарал, дээд баруун 1-р шүдний булгарал, доод уруулд шарх, хамар, буйлны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь нийлээд болон тус бүртээ хохирлын хөнгөн зэрэгт, харин духны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 567 дугаартай: “...Э.М -ийн сэтгэцэд 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшин илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр тал/,
Шүүгдэгч П.Н гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө өөрийн найз Э тай “Дабль шот” гэх газар шар айраг ууж байсан ба нэг залуу виски барьчихсан ирээд хамт нэг ширээнд сууя гэсэн ба бид хоёр зөвшөөрөхөд тухайн залуу М гэх найзыгаа дуудаад бид дөрөв хамт согтууруулах ундаа хэрэглээд юм яриад сууж байгаад анх виски барьж ирсэн залуу Э ын хүзүүн дээр гараа тавиад юм яриад байхаар нь би “чи наад гараа ав” гэхэд тоохгүй байгаад байсан. Би тухайн залууд хандаж хоёулаа тамхины өрөө ороод уулзъя гэхэд М д хандаж “чи наадхаа шаачаад ир” гэж хэлсэн. Тэгээд М бид хоёр тамхины өрөөнд ороход 2 эмэгтэй байсан ба бид хоёртой зөрж гараад явсны дараа М ширээн дээр нүдний шилээ тайлж тавиад бид хоёр маргалдаад зодолдсон. Ямартай ч тамхины өрөөнд бид хоёр зодолдсон. Хаашаа, яаж цохисон гэдгийг нь санахгүй байна. Учир нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэгээд тухайн газрын ажилчид ирээд бид хоёрыг салгасан ба намайг тамхины өрөөнөөс гарахад анх виски барьж ирсэн залуу ирээд намайг 1 удаа мөргөөд, 1 удаа цохихоор нь би зөрүүлээд 1 удаа мөргөхөд тухайн залуу хойд талынхаа баганыг мөргөсөн. Би үүдний хэсэгт очоод байж байтал М над руу гүйж ирээд нүүр хэсэг рүү 2 удаа цохихоор нь би зөрүүлээд нүүр болон гэдэс хэсэг рүү нь 1-2 удаа цохисон. Бид хоёр явах гэхэд ажилчид нь Э ын хувцсыг нуучихсан, цагдаа дуудчихсан байгаа, та нар байж бай гэхээр нь үүд хэсэгт очоод байж байтал М бас үүдний хэсэгт байж байгаад бид хоёр дахиад маргалдаж, би шүд ам хэсэгт нь 1 удаа цохиход Э нь М ийн хойноос нь татаж бид хоёрыг салгасан. Тэгээд дахиж зодоон болоогүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч П.Н нь 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Энканто таун” хотхоны 4 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Дабль шот” нэртэй лоунжид Э.М той маргалдан улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, дээд баруун 1-р шүдний булгарал, доод уруулд шарх, дух, хамар, буйланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Э.М ийн биед хөнгөн хохирол учирсан, баримтаар 450,000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн, сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээ 1-р зэрэглэлээр тогтоогдсон тул эдгээр хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Очирдоржоос: “...Хохирогчоос нөлөөлсөн, хэрүүл маргааныг хэн үүсгэсэн бэ гэдэг асуудал байна. Хохирогч үл хүндэтгэсэн хандлага гаргадаг хүн шиг санагддаг. Утсаар ярихад ойлголцоход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад П.Н хохирол төлье, дансаа өгөөч гэхэд дансны мэдээлэл ирүүлээгүй. Хэрэгт байх 450,000 төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна. Сэтгэцэд учирсан хохиролд нэгдүгээр зэрэглэл тогтоогдсон байна. Хамгийн доод хэмжээг тогтоож өгнө үү. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тооцооллоор шийдвэрлэж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Эрх зүйн дүгнэлт:
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1138 дугаартай дүгнэлтээр хохирогч Э.М ийн биед учирсан гэмтэл нь “хөнгөн” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд “хүний эрүүл мэндэд” хөнгөн хохирол учруулсан, эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг хөндсөн гэж үзнэ.
Шүүгдэгч П.Н нь хохирогч Э.М ийн биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, шинжээчийн дүгнэлтэд дурдсан хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Өөрөөр хэлбэл шүүхээс тогтоосон үйл баримт болох шүүгдэгч П.Н гийн хохирогч Э.М той маргалдаж, биед нь “...хамар ясны хугарал, дээд баруун 1-р шүдний булгарал, доод уруулд шарх, дух, хамар, буйланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байх тул түүнийг “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Э.М ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогчоос хэрэгт хохиролтой холбоотой 450,000 төгрөгийн баримтыг ирүүлсэн байна.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 567 дугаартай дүгнэлтээр Э.М -ийн сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна гэж дүгнэжээ.
Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн №25 дугаартай тогтоолоор “...нөхөн төлбөрийн жишиг аргачлал...”-ыг баталсан. Нэгдүгээр зэрэглэлд нөхөн төлбөрийн хэмжээг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл гэж тогтоож өгсөн байна.
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1138 дугаартай дүгнэлт, уг гэмт хэргийн улмаас үүсэх сөрөг үр дагавар, цаашид эмчилгээ хийлгэх биеийн байдал зэргийг харгалзан нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлж, сэтгэцэд учирсан хор уршигт 1,980,000 төгрөгөөр тооцон хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч П.Н гаас хохирол, хор уршигт нийт 2,430,000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.М д олгохоор шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч П.Н г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа хохирол нөхөн төлөх үндэслэлээр завсарлага авсан ба тус хугацаанд шүүгдэгч П.Н нь хохирогч Э.М д 2,430,000 төгрөг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Харин хохирогч Э.М нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Талуудын санал, дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч П.Н д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Очирдоржоос: “...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх ялаас чөлөөлөх нөхцөл байдал байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар 450 нэгжээр торгож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч П.Н г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч П.Н гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 47 дугаар тал/, Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 48 дугаар тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 50 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 52 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 53-55 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.
Шүүгдэгч П.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн...”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч П.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Бусад асуудлаар:
Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.Н г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н г 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н д оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 /ер/ хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.М нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Н д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН