| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванчинсүрэн Амартүвшин |
| Хэргийн индекс | 184/2022/00782/И |
| Дугаар | 184/ШШ2022/01448 |
| Огноо | 2022-04-29 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 184/ШШ2022/01448
2022 04 29 184/ШШ2022/01448
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.П
Хариуцагч: Х ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2022 оноы 02 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Б.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даваадулам.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.П нь “Х” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Б.П миний бие “Х” ХХК-тай 2020 оны 8 дугаар сард хөдөлмөрийн гэрээ байгуулан жолоочоор ажилд орсон. Миний бие ажилд орсноос хойш ажлын дарамт шахалтад орсон. Энэ асуудлаар тус компанийн захирал болох Б.Бадмаад хандахад намайг ажлаа үргэлжлүүлээд хий, дахиж ийм асуудал гаргуулахгүй байх арга хэмжээ авна гэж хэлсэн. Гэсэн хэдий ч энэ ажлын байрны дарамт арилаагүй бөгөөд авто паркийн дарга Б, механик Т, харуул хамгаалалтын албаны дарга З, Ш нар ажилд гаргахгүй, хааж хорьдог, хэл амаар байнга доромжилдог, бүрэн бус техник хэрэгсэл унуулж борлуулалтад явуулдаг. Өглөө 6 цагаас орой 22 цаг хүртэл хууль бусаар илүү цагаар ажиллуулдаг мөртөө илүү цагийн мөнгө бодож олгодоггүй, илүү цагаар ажиллахгүй гэж хэлэхээр харуул хамгаалалтын ажилтнуудаар айлгаж, гарч орохыг хориглодог. Хөдөө мал бэлтгэхээр явуулахад /хөдөө томилолтоор/ илүү цаг, хоол, унаа, байрны мөнгө олгодоггүй, мөн хариуцаж явсан хүн нь хоол унааны мөнгө өгөхгүй архи уухаараа хэл амаар доромжилж, гуйлгачнаар дуудаж хөөдөг байсан. Мөн миний 13 дахь цалинг олгоогүй. Хүний нэр хүндэд халдаж хулгайн гэмт хэрэгт гүтгэсэн, албаны машин эвдсэн гэж байнга утсаар дарамталдаг, ажилд гарсан хойно Б дарга байнга утсаар айлгаж сүрдүүлж дарамталдаг. Ар гэрийн гачигдлын улмаас чөлөө хүсэхэд чөлөө олгоогүй. Мөн түүнчлэн хүний нөөцийн албаны өрөөн дотор захирал Б ямар ч шалтгаангүйгээр өрөөнөөс хөөж гаргасан. Энэ ажлын байрны дарамтаас болж Б, Т нартай хамт ажиллахгүй энэ хүмүүстэй битгий хамт ажиллуулаач гэж хүсэлт гаргасныг өөрийн хүсэлтээр ажлаас халагдах хүсэлт өгсөн мэтээр 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гаргаж намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан. Ажиллах хугацаандаа би ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ. Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч хариу тайлбартаа: Ээлжийн амралт болон илүү цагийн хөлс олгох ёстой хугацаандаа ороод явж байсан. Ажлын байрны дарамт үүссэн бол Б Т гэх хүмүүст нэхэмжлэл гаргасан нь зөв. Нэхэмжлэлийн утга агуулгатай тайлбар хийнэ биз. Нэхэмжлэгч өөрөө ажлаас гарах санал хүсэлт өгсөн байгаа. Ажлаас гарах хүсэлтэд Б даргад холбогдож тайлбар хийсэн байсан. 28 жолооч нар ажлын байрны дарамтаас болж ажлаас гарч байна, мөн ч харамсалтай байна гэж бичсэн байсан. Хүний нөөцөд өөрөө тайлбарлахдаа өөрөө ажлаас гарах санал хүсэлтээ өгсөн. Надад өгөх ёстой зүйлсээ өг, тооцооны акт авъя гэж хэлсэн байдаг. Хэрэв энэ хүн өргөдөл өгснөөс хойш нэг сарын дотор ажлаа үргэлжлүүлээд хийсэн боловч ажлын байрандаа үлдэх боломжтой байсан боловч буцаж ирээгүй. Одоо бол өөрөө Д ХХК-д ажилд орсон, танай байгууллагыг шүүх болон цагдаад өгнө гэж хэлсэн. Мэргэжлийн хяналт болон Тээврийн цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол өгсөн удахгүй шалгана гэж хэлсэн. Түүний дагуу хяналт ирсэн байгаа. Өөрийн гаргасан хүсэлтдээ Б болон Т нартай ажиллаж чадахгүй, надтай 28 жолооч ажлаас гарч байна, мөн ч их харамсалтай гэдэг утга санаанууд нь өөрийн хүсэлтээр ажлаас гарч байна гэдгийг илтгэнэ. Хүний нөөцөд өөрөө баримт бичгүүдээ цуглуулан хүсэлтээ өгсөн байдаг. Одоо харин нэхэмжлэгч маш их гуйвуулж ярьж байна. Харуул хамгаалалтын албаныхан танд ямар дарамт шахалт үзүүлсэн юм бэ? Ажил үүргээ биелүүлэхэд садаа болж, орох гарахыг чинь цагддаг байгаагүй гэв.
Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: нэхэмжлэгчээс Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 09/115 дугаар “Хүсэлт шийдвэрлэх боломжгүй тухай” албан бичиг /хавтаст хэргийн 2 дугаар тал/, Х ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 тоот тушаал /хавтаст хэргийн 3 дугаар тал/, Х ХХК-ийн удирдлагад гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн, 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрүүдийн хүсэлт, гомдол /хавтаст хэргийн 4-23 дугаар тал/, Б.П-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 74 дугаар тал/,
Гэрч Л.Б шүүхэд мэдүүлэхдээ: Би 8 дугаар сард Баянзүрх дүүрэгт борлуулалтанд явдаг байсан. Түүнээс хойш Сонгинохайрхан дүүрэгт шилжиж ирсэн. Түүнээс хойш 7-8 хоног Б.П гэдэг хүнтэй хамт борлуулалтанд явсан. Б.П нь над руу утсаар яриад намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан маргаан дээр чамайг гэрчээр оролцуулах гэж хүсэлт өгсөн байгаа гэж хэлсэн. Би 7-8 хоног хамт ажилласан. Би Б.Пийн ямар үндэслэлээр ажлаас халагдсан гэдгийг мэдэхгүй. Би ажилд ороод 3 жил явж байна. Сүхбаатар гэдэг хүнтэй 3 жил нэг машинаараа явж байна. Ямар нэгэн алдаа дутагдал гарж байгаагүй. Жолооч нар баазын дарга нартай ярилцаад асуудлаа шийдээд явдаг. Миний хувьд ямар нэгэн асуудал тулгарсан зүйл байхгүй. Бүх юм нээлттэй байдаг. Чөлөө өгөхгүй гэдэг зүйл байхгүй. 3 жилийн хугацаанд нэг удаа хос тросс тасарсан. Тэгэхэд өөр машин авчирж өгөөд би цаашаа ажлаа үргэлжлүүлсэн гэв.
Гэрч С.Г шүүхэд мэдүүлэхдээ: Би Х ХХК-д 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүний нөөцийн албанд 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл ажиллаж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш захиргааны хүний нөөцийн албаны даргаар ажиллаж байгаа. Б.П нь 2021 оны 12 дугаар сарын 20-доор өргөдөл өгсөн байгаа. Өргөдөл нь хурал хийгээд өгөөч, энэ ажлын байран дээрх дарамтаас болж ажлаас гарах хүсэлт өгсөн байгаа. 12 дугаар сарын 26-ны өдөр хурал зохион байгуулсан байгаа. Уг хурал дээр Б.П өөрөө ирээгүй. Тэр хурал дээр Авто паркын алба, борлуулалтын алба, гүйцэтгэх захирал, захирагаа хүний нөөцийн албаны дарга нар оролцож, ажлын байран дээрх дарамт шахалтын талаар жолооч нараас санал авахад жолооч нараас дарамт шахалт байхгүй гэж санал өгсөн байгаа. Хурал дээрээс ажлын байранд ямар нэгэн хурал болсоноос хойш Б.П холбогдох гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан. Өөрөө өргөдөл өгчихөөд ажилдаа ирээгүй. Ингэээд өөрийн хүсэлтээр ажлаас гарч байгаа юм байна гээд тушаал гарсан байгаа. Та яагаад ажилдаа ирэхгүй байгаа вэ өөртэй чинь холбогдох гээд холбогдож чадсангүй гэхэд Б.П нь би хөдөө явчихсан байсан. Тийм учраас холбогдож чадаагүй гэж хэлсэн. Б.П нь чөлөө авна гэж яриагүй. Хурал зохион байгуулагдах гэж байна гэхэд би 15 минутын дараа, 30 минутын дараа очно гэж хэлсэн боловч очоогүй. 9 дүгээр сард чөлөөг нь өгсөн. 9 сараас хойш над дээр албан ёсоор чөлөөний хуудас, өргөдөл бичээд орж ирсэн зүйл байхгүй. Манай дотоод журам дээр сахилгын шийтгэл хүлээлгэхээр зөрчил гаргасан бол холбогдох албаны дарга нь надад хүсэлт гаргах ёстой. Холбогдох албаны даргаас нь надад орж ирснэ хүсэлт байхгүй. Шаардлагатай бол Авто паркын жолооч нараас гэрчийн мэдүүлэг авч болно гэв.
Гэрч Г.Н шүүхэд мэдүүлэхдээ: Би энэ байгууллагад 10 жил ажиллаж байна. Намайг ажиллаж байх хугацаанд тээврийн хэрэгслийн гэмтэл, ажил цалгардуулсан, засвар үйлчилгээ хийхгүй байсан зүйл гарч байгаагүй. Бүх юм нээлттэй чөлөө өгөхгүй гэсэн зүйл байхгүй гэв.
Гэрч М.М шүүхэд мэдүүлэхдээ: Жолооч нарыг сайн мэдэхгүй. Тусдаа байдаг болохоор. Жолооч нар Авто паркаас аваад зарлага дээр ачаагаа ачих гэж ирдэг. Тэнд нь бид нар хүлээж байдаг. Би чөлөө нээх авдаггүй. Би уг байгууллагад 2 жил ажиллаж байна. Бид өөрсдийнхөө ачааллаас хамаарч ажилладаг. Илүү цагаар ажилладаггүй. Би Б.П-той 1 сар гаран хамт явсан. Б.П-ийг жолооч гэдгээс илүүг би мэдэхгүй. Сүүлд нэг өргөдөл гаргасан гэж сонссон илүү зүйл мэдэхгүй гэв.
Хариуцагчаас Х-ийн удирдлагад гаргаж байсан хүсэлт гомдол /хавтаст хэргийн 33-37 дугаар тал/, Хөдөлмөрийн гэрээ цуцлагдсадтай хийх тооцооны хуудас /хавтаст хэргийн 38 дугаар тал/, Х ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам /хавтаст хэргийн 39-56 дугаар тал/, Цагдаагийн ерөнхий газар Тээврийн цагдаагийн албаны 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 175 тоот албан бичиг /хавтаст хэргийн 57 дугаар тал/, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02-02/471 тоот албан бичиг /хавтаст хэргийн 58 дугаар тал/, Нийтийн тээврийн газрын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 4/145 тоот албан бичиг /хавтаст хэргийн 59 дүгээр тал/, цалингийн задаргаа /хавтаст хэргийн 69 дүгээр тал/, Х ХХК-ийн ажлын байрны тодорхойлолт /хавтаст хэргийн 70-71 дүгээр тал/, Х ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 412 тоот тушаал /хавтаст хэргийн 72 дугаар тал/, Х ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 300 тоот тушаал /хавтаст хэргийн 73 дугаар тал/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, цуглуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
Нэхэмжлэгч Б.Пийн “Х” ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ажлын байрны дарамт шахалт, авто паркийн дарга Б, механик Т, харуул хамгаалалтын албаны дарга З, Ш нар ажилд гаргахгүй, хааж хорьдог, хэл амаар байнга доромжилдог, бүрэн бус техник хэрэгсэл унуулж борлуулалтад явуулдаг, илүү цагаар ажиллуулдаг, 13 дахь сарын цалин олгогдоогүй, өөрийн хүсэлтээр ажлаас гараагүй гэж.
Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч өөрийн гаргасан хүсэлтдээ Б болон Т нартай ажиллаж чадахгүй, надтай 28 жолооч ажлаас гарч байна, мөн ч их харамсалтай гэдэг утга санаанууд нь өөрийн хүсэлтээр ажлаас гарч байна гэдгийг илтгэнэ. Хүний нөөцөд өөрөө баримт бичгүүдээ цуглуулан хүсэлтээ өгч, тооцооны хуудсыг авч бөглөж өгсөн гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчээс Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 09/115 дугаар “Хүсэлт шийдвэрлэх боломжгүй тухай” албан бичиг /хавтаст хэргийн 2 дугаар тал/, Х ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 тоот тушаал /хавтаст хэргийн 3 дугаар тал/, Х ХХК-ийн удирдлагад гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн, 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрүүдийн хүсэлт, гомдол /хавтаст хэргийн 4-23 дугаар тал/, Б.Пийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 74 дугаар тал/, Х-ийн удирдлагад гаргаж байсан хүсэлт гомдол /хавтаст хэргийн 33-37 дугаар тал/, Хөдөлмөрийн гэрээ цуцлагдсадтай хийх тооцооний хуудас /хавтаст хэргийн 38 дугаар тал/, Х ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам /хавтаст хэргийн 39-56 дугаар тал/, Цагдаагийн ерөнхий газар Тээврийн цагдаагийн албаны 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 175 тоот албан бичиг /хавтаст хэргийн 57 дугаар тал/, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02-02/471 тоот албан бичиг /хавтаст хэргийн 58 дугаар тал/, Нийтийн тээврийн газрын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 4/145 тоот албан бичиг /хавтаст хэргийн 59 дүгээр тал/, цалингийн задаргаа /хавтаст хэргийн 69 дүгээр тал/, Х ХХК-ийн ажлын байрны тодорхойлолт /хавтаст хэргийн 70-71 дүгээр тал/, Х ХХК-ийн гүйцэтгэх захиралын 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 412 тоот тушаал /хавтаст хэргийн 72 дугаар тал/, Х ХХК-ийн гүйцэтгэх захиралын 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 300 тоот тушаал /хавтаст хэргийн 73 дугаар тал/ нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.П нь хариуцагч “Х” ХХК-д 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 300 тоот тушаалаар жолоочийн ажилд туршилтын хугацаагаар ажилл орсон, 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 412 тоот тушаалаар үргэлжлүүлэн хугацаагүйгээр ажиллуулж, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 тоот тушаалаар 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгон ажлаас халагдсан байна.
Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 21 дугаар зүйлийн 21.1-д “Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулна.”, зохигч хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуульд зааснаар 800,000 төгрөгийн цалинтай, хугацаагүйгээр, бичгээр байгуулсан гэж тайлбарлавч хэн аль нь гаргаж өгөх боломжгүй, хөдөлмөрийн гэрээ байхгүй, олдохгүй байна гэсэн тул хэрэгт авагдаагүй, энэ талаар маргаагүй, талуудын хооронд 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс хөдөлмөрийн харилцаа үүссэн байна.
Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “дагалднаар ажиллуулах, туршилтын хугацаагаар ажиллуулах, улирлын шинжтэй ажил гүйцэтгүүлэх, ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллуулах, түр ажлын байранд ажиллуулах, санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэх”-с бусад тохиолдолд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэж заасан.
Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 154-р зүйлийн 154.2-т “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй” боловч хавтаст хэргийн 2 дугаар талд Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 09/155 тоот “хүсэлт шийдвэрлэх боломжгүй тухай” баримтаар хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах боломжгүй болсноор Б.П нь шүүхэд хандсан нь Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуульд заасныг зөрчөөгүй, урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэгжүүлэх боломжгүй байна.
Энэ хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан” хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүх шууд хянан шийдвэрлэнэ.
Нэхэмжлэгч Б.П нь “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 тоот “Б.Пийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалд гомдож, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэг гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан 30 хоногийн хугацааны дотор нэхэмжлэл гаргасан гэж үзнэ.
Талуудын маргааны зүйл нь Б.П нь өөрийн хүсэлтээр ажлаас гарсан эсэх талаар байна. Харин талууд хөдөлмөрийн харилцаа үүссэн, хөдөлмөрийн хөлс, цалингийн талаар маргаагүй байна.
Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “...Ажил олгогч хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсондараах үндэслэлээр хүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй:” гэж,
-энэ хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй.” гэж,
-энэ хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж,
-энэ хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасан “...хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч Б.П нь илүү цагаар ажиллуулсан, харуулаар айлгасан, ажлын байрны дарамт шахалтаар ажлаас үндэслэлгүй халсан, ажлаас хөөсөн гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа байдлын талаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, тэрээр уг үндэслэлийн холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй, баримтаар нотлоогүй, хэргийн баримтаар маргааны зүйл болж байгаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөөгүй гэсэн байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.Пийг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Б.Пийн шүүх хуралдаанд гаргасан “... 2022 оны 01 дүгээр сарын 18-нд Дүүхээ төвд жолоочийн ажилд орсон” гэх тайлбар, хавтас хэргийн 38 дугаар талд авагдсан 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ цуцлагсадтай хийх тооцооны хуудсыг нэхэмжлэгч өөрийн урьдах албан тушаалтан санхүүгийн менежер С.Б, нягтлан бодогч М.Б, автопаркийн албаны дарга Д.Б, цалингийн нягтлан Ч.Н, үндсэн хөрөнгийн нягтлан Л.Б нараар тооцоогүй гэж тэмдэглүүлснээс үзэхэд түүнийг өөрийн хүсэлтээрээ гараагүй, ажлаас үндэслэлгүйгээр халсан гэх нэхэмжлэлийн үндэслэлийг няцааж байна.
“Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 тоот “Б.Пийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалын тушаах нь хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 4.18.2 дахь хэсэгт заасныг баримтлан ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн, гомдол гаргагчийн хүсэл зоригт нийцсэн байна.
Иймд Х ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Б.Пийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Пийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 61 дүгээр зүйлийн 61.1, 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар “Х” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Б.Пийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Х ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Б.Пийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардах авах үүрэгтэй, өөрөө гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН