Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2022/01453

 

 

 

 

 

     2022            05              02                                            184/ШШ2022/01453

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т ХХК

Хариуцагч: О.Ж,

Хариуцагч: О.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийг 2022 оны 3-р сарын 04-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н.  

Хариуцагч О.Ж, О.Б нар нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч О.Ж, О.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүгээ зөрчснөөс учирсан хохиролд 18,872,009 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Зээлдэгч О.Ж, хамтран зээлдэгч О.Б нар нь 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Төрийн банкнаас 104800869234 тоот барьцаат зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулан, 20,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай автомашин лизингээр авсан.

Барьцаа хөрөнгө 2009 онд үйлдвэрлэсэн 41-90 УБА улсын дугаартай мөнгөлөг өнгийн мицубиши тритон маркийн суудлын автомашин юм. Зээлийн гэрээний дагуу 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зээлдэгч О.Жы Төрийн банк дахь .... тоот харилцах дансанд 20,000,000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж зээлийг бодитойгоор бүрэн олгосон.

Зээлдэгч О.Ж, О.Б нар нь зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт нэгийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг сар бүрийн 20-ны өдөр бүрэн төлөх үүрэгтэй боловч 2020 оны 5 дугаар сараас эхлэн төлөлт хийлгүй хугацаа хэтэрч өнөөдрийг хүртэл үндсэн зээл болон хүүгийн төлбөрөөс төлөлт хийгээгүй байна.

Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 13,990,105 төгрөг, үндсэн хүү 4,644,562 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 237,341 төгрөг, нийт 18,872,009 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Банкнаас удаа дараа зээлийн төлбөрийг төлөхийг зээлдэгч нарт мэдэгдэж, мөн удаа дараа утсаар холбогдон зээлийн төлбөрийн зөрчлөө арилгахыг шаардаж, 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрүүдэд зээл төлөх тухай мэдэгдэл, шаардлага хүргүүлж зээл төлөх тодорхой хугацаа өгсөн боловч зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бөгөөд 2020 оны 7 дугаар сараас эхлэн зээлийн төлөлтөө хийгээгүй.

Зээлийн гэрээг 2021 оны 11 дүгээр сарын 12-ний өдөр цуцалж байгаагаа хариуцагч О.Жд мэдэгдсэн, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээ хугацаанаас өмнө зээлдүүлэгч дангаар цуцласан.  

Иймд гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн үүрэг буюу О.Ж, О.Б нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 18,872,009 төгрөг гаргуулж, Т ХХК-д олгуулж, 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ... тоот Барьцаат зээлийн гэрээ болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу Т ХХК-ийн барьцаанд байгаа барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулан холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч О.Ж, О.Б нар шүүхэд өгсөн хариу тайлбартаа:

2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Төрийн банк 5 шар дах тооцооны төвөөс ... тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийг эд хөрөнгө худалдан авах зориулалтаар зээлсэн.

Уг зэээлээр КВ9Т-0001230 арлын дугаартай ... УБА улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Mitsubishi Triton маркийн автомашиныг лизингээр худалдан авч сар бүр 610,000 төгрөгийг зээлийн өргөн төлөлтөд 2020 оны 4 дүгээр сар хүртлэх хугацаанд нийт 12,159,160 төгрөгийг төлсөн байна.

2020 оны 4 дүгээр сараас коронавирус цар тахалтай холбогдуулан Засгийн газраас зээл хойшлуулах тухай шийдвэр гарсны дагуу төрийн банкинд зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлтээ өгсөн. Хүсэлт өгсөнөөс хойших хугацаанд зээл, зээлийн хүү төлөх талаар ямар ч мэдээлэл, мэдэгдэл өгөөгүй.

Тийм учраас зээлийн төлөлт хойшлуулсан гэж бодож байтал 2021 оны 12 дугаар сард надад хэлэхгүйгээр зээлийн гэрээг цуцалж, шүүхэд өгсөн. Зээлийн гэрээний хугацаа дуусах болоогүй. Энэ хугацаанд зээлийн гэрээг цуцлах мөн шүүхэд өгөх талаар урьдчилан мэдэгдэл өгөөгүй болно.

Энэ бүхнийг үндэслэж зээлийн үндсэн төлөлтийн үлдэгдэл 13,990,105 төгрөгийг төлнө, зээлийн хүү 4,644,262 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 237,341 төгрөгийг төлж чадахгүй. Мөн цуцлагдсан гэрээний үүргийг биелүүлэх шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.   

 

Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: нэхэмжлэгчээс Зээлдэгчийн анкет /хавтаст хэргийн 6-7 дугаар тал/, 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн №... тоот “Барьцаат зээлийн гэрээ” /хавтаст хэргийн 8-10 дугаар тал/, 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн №104800869234 тоот “үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ” /хавтаст хэргийн 11-12 дугаар тал/, О.Ж, О.Б нарын иргэний үнэмлэхний хуулбар /хавтаст хэргийн 13 дугаар тал/, О.Жы харилцах дансны харилцагчийн хуулга /хавтаст хэргийн 15-16 дугаар тал/, О.Жы зээлийн дансны харилцагчийн хуулга /хавтаст хэргийн 17-20 дугаар тал/, Төрийн банкны Эрдсдэлийн удирдлага, зээлийн бодлогын газрын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 10/13 тоот “байгууллагын банкны зээлийн судалгааны хэлтэс болон нийт нэгжид чиглэл хүргүүлэх тухай” албан бичиг /хавтаст хэргийн 54 дүгээр тал/, Төрийн банкны захиралын 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А/174 тоот тушаал /хавтаст хэргийн 55 дугаар тал/, Төрийн банкны Эрдсдэлийн удирдлага, зээлийн бодлогын газрын 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 10-04/94 тоот “нийт нэгжид чиглэл хүргүүлэх тухай” албан бичиг /хавтаст хэргийн 56 дугаар тал/, Төрийн банкны захиралын 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн А/347 тоот тушаал /хавтаст хэргийн 57 дугаар тал/, Төрийн бкнны зээлийн бодлого, хэрэг бүртгэлийн хэлтсийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 10-04/325 тоот “нийт нэгжид чиглэл хүргүүлэх тухай” албан бичиг /хавтаст хэргийн 58 дугаар тал/,

Хариуцагчаас Жаргалант тосгоны Эрүүл мэндийн төвийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 24 тоот албан бичиг /хавтаст хэргийн 66-67 дугаар тал/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, цуглуулсан.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлээс үндсэн зээл, зээлийн хүү нийт 18,634,668 төгрөгийг хангаж, нэмэгдүүлсэн хүү 237,341 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч О.Ж, хамтран зээлдэгч О.Б нар нь 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Төрийн банкнаас ... тоот барьцаат зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулан, 20,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай хэрэглээний зээл авсан. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 13,990,105 төгрөг, үндсэн хүү 4,644,562 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 237,341 төгрөг, нийт 18,872,009 төгрөгийн үлдэгдэлтэй, зээлдэгч нар 2019 оны 6 дугаар сараас хойш зээлээ хугацаанд нь төлөөгүй, удаа дараа мэдэгдэл өгсөн боловч үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээ цуцласан гэж,

Хариуцагч О.Ж, О.Б нар нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2020 оны 4 дүгээр сараас коронавирус цар тахалтай холбогдуулан Засгийн газраас зээл хойшлуулах тухай шийдвэр гарсны дагуу төрийн банкинд зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлтээ өгсөнөөс хойших хугацаанд зээл, зээлийн хүү төлөх талаар ямар ч мэдээлэл, мэдэгдэл өгөөгүй. 2021 оны 12 дугаар сард надад хэлэхгүйгээр зээлийн гэрээг цуцалж, шүүхэд өгсөн. Зээлийн үндсэн төлөлтийн үлдэгдэл 13,990,105 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Зэлийн хүү 4,644,262 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 237,341 төгрөгийг төлөхгүй, цуцлагдсан гэрээний үүргийг биелүүлэх шаардлагагүй гэж үзэж байна гэж.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Зээлдэгчийн анкет /хавтаст хэргийн 6-7 дугаар тал/, 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн №... тоот “Барьцаат зээлийн гэрээ” /хавтаст хэргийн 8-10 дугаар тал/, 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн №... тоот “үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ” /хавтаст хэргийн 11-12 дугаар тал/, О.Ж, О.Б нарын иргэний үнэмлэхний хуулбар /хавтаст хэргийн 13 дугаар тал/, О.Жы харилцах дансны харилцагчийн хуулга /хавтаст хэргийн 15-16 дугаар тал/, О.Жы зээлийн дансны харилцагчийн хуулга /хавтаст хэргийн 17-20 дугаар тал/, Төрийн банкны Эрдсдэлийн удирдлага, зээлийн бодлогын газрын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 10/13 тоот “байгууллагын банкны зээлийн судалгааны хэлтэс болон нийт нэгжид чиглэл хүргүүлэх тухай” албан бичиг /хавтаст хэргийн 54 дүгээр тал/, Төрийн банкны захиралын 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А/174 тоот тушаал /хавтаст хэргийн 55 дугаар тал/, Төрийн банкны Эрдсдэлийн удирдлага, зээлийн бодлогын газрын 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 10-04/94 тоот “нийт нэгжид чиглэл хүргүүлэх тухай” албан бичиг /хавтаст хэргийн 56 дугаар тал/, Төрийн банкны захиралын 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн А/347 тоот тушаал /хавтаст хэргийн 57 дугаар тал/, Төрийн бкнны зээлийн бодлого, хэрэг бүртгэлийн хэлтсийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 10-04/325 тоот “нийт нэгжид чиглэл хүргүүлэх тухай” албан бичиг /хавтаст хэргийн 58 дугаар тал/,  Жаргалант тосгоны Эрүүл мэндийн төвийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 24 тоот албан бичиг /хавтаст хэргийн 66-67 дугаар тал/ нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчийн хооронд 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “барьцаат зээлийн гэрээ”, “үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ” тус тус байгуулагдсан байна. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй боловч зээлдэгч нар эргэн төлөлтийн хуваарь 2019 оны 6 дугаар сараас хойш удаа дараа зөрчсөн, үүргээ биелүүлээгүй үндэслэлээр зээлдүүлэгч зээлийн гэрээг цуцлах мэдэгдлийг урьдчилан өгсөн, шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээг дангаар цуцласан байна.  

Нэхэмжлэгч Т ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн №... тоот “Барьцаат зээлийн гэрээ”, 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн №... тоот “үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-р зээлдэгч О.Ж, О.Б нарт 20,000,000 төгрөгийг зээлдэгч нарын өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд үүргээ биелүүлсэн,

-хариуцагч О.Ж, О.Б нар нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх хариу үүрэг хүлээсэн боловч үндсэн зээлийн үлдэгдэл 13,990,105 төгрөг, үндсэн хүү 4,644,562 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байна.

Зээлдэгч О.Ж, О.Б нар нь 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн №... тоот “Барьцаат зээлийн гэрээ”, 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн №... тоот “үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-нд заасан үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1-д заасан үндэслэлээр зээлдүүлэгч гэрээг дангаар цуцласан.

Өрх гэр, иргэдийн хувийн хэрэгцээнд зориулагдсан зээлийн бүтээгдэхүүнийг хэрэглээний зээл гэж ойлгож болно. Тодруулбал, цалингийн зээл, тэтгэврийн зээл, малчны зээл, автомашины зээл, лизинг, кредит картын зээл болон дээрхтэй төстэй бусад зээлийн гэрээ, хэлцлийг хэрэглээний зээлд хамруулдаг. Зээлдэгч нарын авсан зээлийн зориулалт нь автомашины зээл, тээврийн хэрэгсэл барьцаалсан зээл буюу хэрэглээний зээл байна.

Хэрэглээний зээлийг шинээр олгох, өмнө нь олгосон зээлийн нөхцөлийг өөрчлөхөд Монгол банкны Ерөнхийлөгчийн /2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн а120/ 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А-277 тоот тушаал, хавсралтаар зохицуулсан байна.

Хэрэглээний зээлийн нөхцлийг өөрчлөх гэдэгт зээлийн хугацаа сунгах, ...эрхийг нэмэгдүүлэх тохиолдлыг хамааруулна. Хамтран зээл авахад төрсөн ах, дүү хамтран үүрэг гүйцэтгэгчээр оруулж болно, хамааруулна гэж заасан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7, 20.8-д зааснаар хариуцагч О.Б нь “Барьцаат зээлийн” гэрээндээ хамтран зээлдэгч, “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх” гэрээндээ хамтран зээлдэгч, үүрэг гүйцэтгэгч байна.

Зээлдэгч нар нь орлого буурснаар зээлийн төлөлтийг цаг үеийн асуудлын улмаас төлөх боломжгүй болж, улмаар зээлдүүлэгчид хүсэлт өгсөн гэж тайлбарлах бөгөөд тухайн байгууллагын 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 24 тоот тодорхойлолт дээрх Монгол банкны Ерөнхийлөгчийн /2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн а120/ 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А-277 тоот тушаалаар батласан зээлийн төлөлтийг хойшлуулах үндэслэл болохгүй, нотлохгүй.

Өөрөөр хэлбэл, Тодорхойлолт нь зээлийн эргэн төлөлтийн хугацаа сунгах, ...үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг төлөх хугацааг хойшлуулах хүсэлтийг холбогдох Зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу шийдвэрлэсэн болохыг нотлохгүй, зээлдүүлэгч талаас тэрээр хүсэлт гаргаж өгөөгүй, байгууллагын тодорхойлолт, Хаан банкны дансыг нь шалгахад орлого буураагүй, цалингаа хэвийн авч байсан, Монгол банкнаас авсан арга хэмжээ, тушаал, Төрийн банкны журам, чиглэлд нийцэхгүй байсан тул аваагүй, буцаан өгсөн гэж тайлбарлаж байна.

Хариуцагч О.Ж эрүүл мэндийн шалтгааны улмаас цалин тасалдсан, орлого буусан, зээл хойшлуулах хүсэлтийг хангаж, хугацааг хойшлуулсан гэдгээ нотлоогүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбар, татгалзалаа өөрөө нотлох, нотлох баримтыг өөрөө цуглуулж, бүрдүүлж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Хавтас хэргийн 95-97 дугаар хуудсанд авагдсан Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаал, чиглэлд заасныг үндэслэн Төрийн банкны газар, хэлтэс, гүйцэтгэх захирлын тушаалаар нийт нэгжид чиглэл хүргүүлэхдээ ... хэрэглээний зээлийн төлөлтийг хойшлуулахдаа Коронавирусын тархалттай холбогдуулан санхүүгийн хүндрэлд орсныг орлого буурсан, тасалдсаныг нотлох, хүүний өр болон хуримтлагдсан хүүний төлбөрийг төлүүлэх, нэмэлт зээл олгохгүй байх, 2019 оноос өмнөх хэрэглээний зээлийн хувьд хугацааг сунгахгүй байхаар шийдвэрлэжээ.

Зээлийн гэрээний зориулалт нь хэрэглээний зээлд хамаарах ба Монгол Банкны болон Төрийн банкны чиглэл, Жаргалант тосгоны эрүүл мэндийн төвийн албан бичиг, хариуцагч нарын хүсэлтээр орлого буураагүй тул хойшлуулах боломжгүй, хариуцагч О.Жг зээл төлөлтийн хугацааг хойшлуулах, сунгах хүсэлтээ өгсөн, орлого буурсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Түүнчлэн О.Б хэрэгт татгалзалаа нотлосон баримтыг гаргаж өгөөгүй болно. 

Иймд хариуцагч нарын зээлийн буцаан төлөх хугацааг хойшлуулах хүсэлт хууль, журам, нийгмийн бодит байдалд нийцээгүй, өөрийн дотоод итгэлээрээ хойшлогдсон гэж бодсон, түүний хүсэлтээр зээлийн төлөлтийг хугацааг хойшлуулсан байдал тогтоогдохгүй байна.

Харин зээлдэгч нар нь цалин орлоготой, ажлаа хийж байсан байх ба орлого буурсан, тасалдсаныг нотлоогүй тул зээлийн хугацааны хүүг төлөхгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

Тиймээс зээлийн төлөлтийг хойшлуулсан гэж үзэхгүй, зээлдэгч гэрээгээр хүлээсэн удаа дараа, 2019 оны 6-р сараас хойш үүргээ зөрчсөн, үүргээ биелүүлээгүйгээс гэрээг нэхэмжлэгч дангаар цуцлаж, үндсэн зээл, зээлийн хүү шаардах эрхтэй.

Нэмэгдүүлсэн хүүг ... өр орлогын харьцаа тооцох аргачлал, ... нийт нэгжид чиглэл хүргүүлэх, эрх олгох тухай тушаал, албан бичигт зааснаас үзэхэд нийгмийн хариуцлагын хүрээнд бүх төрлийн зээлийн бүтээгдэхүүний нэмэгдүүлсэн хүүг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байх тул хариуцагч нараас нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтад буй нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол нь 2020 оны 05 дугаар сараас өмнөх нэмэгдүүлсэн хүү гэсэн тайлбар үндэслэлгүй байх тул үүнийг шаардах эрхгүй гэж үзэн хасч тооцов.

Талуудын маргааны зүйл нь “Барцаат зээлийн гэрээ”, “үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-ний зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргаж байна. Харин зээлдэгч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 13,990,105 төгрөгийг төлөхийг зөвшөөрч маргаагүй байна.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Нэхэмжлэгч нь “Барцаат зээлийн гэрээ”, “үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-ний үүрэгт 18,634,668 төгрөгийг шаардах эрхтэй.

Харин 237,341 төгрөгийг нэмэгдүүлсэн хүү  гэж нэхэмжлэгч тал тайлбарлах боловч 2020 оны 05 дугаар сараас хойш бодсон байна. Тиймээс Төрийн бакнны Эрдсдэлийн удирдлага, зээлийн бодлогын газраас гаргасан 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 10/13 тоот чиглэл журмын дагуу нэмэгдүүлсэн хүү шаардсан эрхгүй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”

Энэ хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-д “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно.”, “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй”,

Энэ хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “...Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасан.

Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 13,990,105 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 4,644,562 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 237,341 төгрөг нь Ковид-19 цар тахлын үеийнх байх тул Монгол банкны Ерөнхийлөгчийн /2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн а120/ 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А-277 тоот тушаалд зааснаар хасаж тооцов.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”-д зааснаар барьцааны зүйл болох Mitsubishi Triton маркийн ... УБА улсын дугаартай KB9T-0001230 арлын дугаартай 2009 онд үйлдвэрлэсэн 2018 онд Монгол улсад импортлогдсон автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

Хариуцагч нар нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 322,510 төгрөг /252,310+70,200 төг/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 321,323 төгрөгийг нөхөн төлүүлж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115,2,2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Т ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагч О.Ж, О.Б нараас 18,634,668 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх нэмэгдүүлсэн шаардлага 237,341 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар барьцааны зүйл болох Mitsubishi Triton маркийн ... УБА улсын дугаартай KB9T-0001230 арлын дугаартай 2009 онд үйлдвэрлэсэн 2018 онд Монгол улсад импортлогдсон автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322,510 төгрөгийн улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 321,323 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       В.АМАРТҮВШИН