Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 85

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:  180/2017/0089/Э                    

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг  шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн “А” танхимд  хаалттай хийсэн хуралдаанд

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг,

Улсын яллагч   Я.Сансар,

Насанд хүрээгүй шүүгдэгчийн 

өмгөөлөгч Д.Оюунцэцэг,

Насанд хүрээгүй шүүгдэгчийн 

хууль ёсны төлөөлөгч Л.Мэндсайхан,

Насанд хүрээгүй шүүгдэгч М.Энхтөгөлдөр нарыг оролцуулан

 

Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ониг овгийн Мэндсайханы Энхтөгөлдөрт холбогдох эрүүгийн 201623000328 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч нарын  биеийн байцаалт

 Монгол улсын иргэн, эрэгтэй, яс үндэс халх, 2002 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 15 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, Хэнтий аймгийн Биндэр сумын ерөнхий боловсролын сургуулийн 9А ангийн сурагч, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Хэнтий аймгийн Биндэр суманд оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх Ониг овгийн Мэндсайханы Энхтөгөлдөр /РД:СЖ02282911/,

 

  Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: (Яллах дүгнэлтэнд дурдсанаар)

Яллагдагч М.Энхтөгөлдөр нь Б.Маргад- Эрдэнэтэй бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг сумын төвд оршин суух Г.Баасанцэндийн гэрийн хашаан дотроос түүний унадаг дугуйг хулгайлж бага бус хэмжээний буюу 220.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч М.Энхтөгөлдөр нь давтан үйлдлээр Б Маргад-Эрдэнэ, Г.Алтанзаяа нартай бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн хашаан дотроос Б.Мөнхсүлд, Б.Баярхүү нарын унадаг дугуйг хулгайлж Б.Мөнхсүлдэд бага бус хэмжээний буюу 220.000 төгрөгийн хохирол, Б.Баярхүүд бага бус хэмжээний буюу 220.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг судлав. Үүнд: 

Насанд хүрээгүй хохирогч Б.Баярхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ойролцоогоор 13 цагийн үед би сургууль руугаа өөрийн саарал өнгийн том хүний унадаг дугуйгаа унаж яваад сургуулийнхаа хашаан дотор оруулан байрлуулж тавьчихаад сургууль руугаа орсон юм, тэгээд би хичээлээ тараад сургуулиасаа гарч өөрийн унадаг дугуйгаа байрлуулан тавьсан газраа пчиход миний унадаг алдагдсан байсан, тэгэхээр нь би өөрийн унадаг дугуйгаа ойр хавиар нилээн хайж явсан боловч ямар нэгэн сураг чимээ гараагүй, тухайн үед нэг ийм асуудал болсон юм. Миний алдагдсан унадаг дугуй маань саарал өнгийн том хүний дугуй байсан. өөр онцлог содон шинж тэмдэг гэх зүйл байхгүй ... би алдсан унадаг дугуйгаа 250.000 төгрөгөөр үнэлж байна. ... Хэрвээ миний хохирлыг барагдуулсан тохиолдолд надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг / хх-ийн 19 хуудас/,

 Насанд хүрээгүй хохирогч Г.Баасанцэндийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2017 оны 04 дүгээр с.арын 10-ны өдөр алдсан цаг хугацааг сайн мэдэхгүй байна би өөрийн улаан шаргал өнгийн том хүний унадаг дугуйг тухайн үед ойролцоогоор 19 цагийн үе байсан юм гадуур унаж яваад ирээд гэрийнхээ гадаа тавиад ойролцоогоор 21 цагийн үед байсан байх гэж бодож байна, цагийг нь яг тодорхой сайн санахгүй байна. унтаад өглөө харсан чинь дугуй маань байрлуулан тавьсан газраа байхгүй унадаг дугуй алдагдсан байсан. ... миний алдагдсан унадаг дугуй маань улаан шаргал өнгийн том хүн унадаг дугуй байсан, өөр ямар нэгэн онцлог содон шинж тэмдэг гэх зүйл байхгүй ... 220.000 төгрөгөөр үнэлж байна гэсэн мэдүүлэг / хх-ийн 22 хуудас/,

Гэрч О.Билгүүнтөрийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр намайг гадуур явж байхад ойролцоогоор 16 цагийн үед байсан байх гэж бодож байна, цагийг нь яг тодорхой бол сайн санахгүй байна, манай сургуулийн Энхтөгөлдөр, Алтанзаяа, Маргад-Эрдэнэ нар нь саарал болон улаан өнгийн том хүний хоёр унадаг дугуйг уначихсан явж байсан, би тухайн үед уг унадаг дугуйнуудыг Энхтөгөлдөр, Алтанзаяа, Маргад-Эрдэнэ нарын өөрсдийнх нь л унадаг дугуйнууд юм байх гэж бодож байсан юм, тэгээд сүүлд нь сонсоход уг унадаг дугуйнууд нь хулгайн унадаг дугуйнууд гэж дуулдаж байсан гэсэн мэдүүлэг / хх-ийн 24 хуудас/,

         Насанд хүрээгүй шүүгдэгч М.Энхтөгөлдөрийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ойролцоогоор 21 цагийн үед байсан байх гэж бодож байна, цагийг нь яг тодорхой бол сайн санахгүй байна. найз Маргад- Эрдэний хамт гадуур явж байгаад нэг айлын хашаан дотор том хүний шаргалдуу өнгийн унадаг дугуй байж байхаар нь Маргад-Эрдэнэ хоёр хоорондоо ярилцаад уг унадаг дугуйг хулгайлахаар болоод уг унадаг дугуйг уг айлын хашаан дотроос нь хулгайлж аваад өөр унадаг дугуйнуудад сэлбээд дуусгасан, одоо уг унадаг дугуйнаас юу ч үлдээгүй, сүүлд нь сонсоход уг унадаг дугуй нь манай сургуулийн Баасанцэнд гэх хүүхдийн унадаг дугуй байсан. ... 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ойролцоогоор 15 цагийн үед байсан байх гэж бодож байна, цагийг нь яг тодорхой бол сайн санахгүй байна, найз Алтанзаяа, Энхтөгөлдөр нарын хамт гадуур явж байгаад сургуулийн хашаан дотор нилээн олон тооны унадаг дугуйнууд харагдахаар нь бид гурав хоорондоо ярилцаад уг унадаг дугуйнаас хулгай хийхээр шийдээд уг унадаг дугуйнуудаас саарал болон улаан өнгийн хоёр тооны унадаг дугуйг нь хулгайлж аваад уг унадаг дугуйнуудыг өөр унадаг дугуйнуудад сэлбээд дуусгасан, одоо уг унадаг дугуйнаас юу ч үлдээгүй, сүүлд нь сонсоход уг хоёр тооны унадаг дугуй нь манай сургуулийн Мөнхсүлд, Баярхүү нарын унадаг дугуйнууд байсан. ... би зүгээр л найзуудтайгаа явж байгаад хулгай хийчихлээ, ийм асуудал гаргасандаа харамсаж байна. Дахиж алдаа гаргахгүй байж чадна гэсэн мэдүулэг /хх-ийн 48- 49 хуудас/,

Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мэндсайхан шүүхийн хэлэлцүүлэгт: Миний төрсөн хүү хулгайн гэмт хэрэгт холбогдсонд маш их харамсаж байна. Бидний анхаарал халамж дутуугаас боллоо. Хамт гэмт хэрэгт холбогдсон 2 хүүхэдтэй хурдны морь унахаар айлд байж байгаад танилцсан байсан. Цаашид хүүхэддээ илүү анхаарал тавьж сайн хүмүүжүүлнэ. Дахиж ийм хэрэг хийж болохгүй гэдгийг нь ч сайн ойлгуулсан. Иймээс хүүд маань хорих ял оногдуулахгүйгээр шийдвэр гаргаж өгнө үү гэжээ. 

Прокурорын тогтоол 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 5/18, 5/19. Зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай /сэжигтэн Г.Алтанзаяа, Б.Маргад-Эрдэнэ нар нь  Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлд заасан насанд хүрээгүй тул тэдгээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай/,

Эд зүйлийн үнэлгээ /алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээ /хх-ийн тал/, 

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн тал/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болох хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд, насанд хүрээгүй шүүгдэгч М.Энхтөгөлдөрийг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 13 настай Б.Маргад- Эрдэнэтэй бүлэглэн Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг сумын төвд оршин суух Г.Баасанцэндийн гэрийн хашаан дотроос түүний унадаг дугуйг хулгайлж бага бус хэмжээний буюу 220.000 төгрөгийн хохирол учруулсан, давтан үйлдлээр 13 настай Б Маргад-Эрдэнэ, Г.Алтанзаяа нартай бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн хашаан дотроос Б.Мөнхсүлд, Б.Баярхүү нарын унадаг дугуйг хулгайлж Б.Мөнхсүлдэд бага бус хэмжээний буюу 220.000 төгрөгийн хохирол, Б.Баярхүүд бага бус хэмжээний буюу 220.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Хохирогч нар нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүх шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна. 

Насанд хүрээгүй шүүгдэгч нь эцэг эхийн анхаарал халамж сул, хүмүүжил төлөвшил муугаас хулгайн гэмт хэрэг үйлдсэн байна. Гэвч шүүх насанд хүрээгүй шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан нийгмээс тусгаарлаж  хорих ял эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн гэм хэрэгтээ чин санаанаас гэмшснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзав.  

Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298, 374, 377 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон     

ТОГТООХ НЬ:

1. Насанд хүрээгүй шүүгдэгч Ониг овгийн Мэндсайханы Энхтөгөлдөрийг  давтан үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус, тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Энхтөгөлдөрийг 01 жилийн хугацаагаар засарч хүмүүжихийг даалгах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.3 дахь хэсэгт  зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч М.Энхтөгөлдөрийн засрал хүмүүжилд анхаарал тавьж ажиллахыг эцэг Л. Мэндсайханд даалгасугай. 

4. Насанд хүрээгүй шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.  

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Энхтөгөлдөрт  авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                            

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.УЯНГА