Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2021/ДШМ/07

 

Л.Од холбогдох  эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                         Н.Энхнаран

Прокурор                                                             Ч.Мөнхзул

Хохирогч                                                               Б.Д

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                   С.З

Өмгөөлөгч                                                             Б.Мянган

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                        Д.Урансувд

Шүүгдэгч                                                               Л.О нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/21 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.З, түүний өмгөөлөгч Б.Мянган нарын гаргасан давж заалдах гомдлоор Л.Од холбогдох эрүүгийн _____ дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд 2000 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, Б овогт Л.О.

Шүүгдэгч Б.О нь 2020 оны 9 дүгээр сарын 01-ээс 02-нд шилжих шөнө 00 цагийн үед Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6 дугаар багт байрлах хүүхдийн тоглоомын талбай дээр хохирогч Б.Дгийн нүүр рүү гараараа цохиж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

хохирогч С.Б-ийн нүүр рүү гараагаа цохиж унагаасны улмаас С.Б нь газарт унаж, тархиндаа гэмтэл авч 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзул шүүгдэгч Л.Ог хохирогч Б.Дгийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

- хохирогч С.Б-ийн биед хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/21 дүгээр шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Б овогт Л.Ог Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Л.Од 6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Од оногдуулсан 6 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Огээс гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигт 2,786,940 /хоёр сая долоон зуун наян зургаан мянга есөн зуун дөч/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо _______ тоотод оршин суух ______ овогт С.З /РД:________/-д олгохоор тогтоож, хохирогч Б.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Л.Огээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.О нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Зод гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигт 5,748,000 /таван сая долоон зуун дөчин найман мянга/ төгрөг төлсөн, хохирогч Б.Дд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ________ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.З, түүний өмгөөлөгч Б.Мянган нар 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо:

“... Нэг. Хэргийн зүйлчлэлийн талаар:

Хавтаст хэргийн 44 дүгээр талд авагдсан хохирогч Б.Дгийн “00 цагийн үед О, Дөлгөөн, Буяндэлгэр гурав бид нар дээр ирцгээгээд бид нар луу асаагуурын гэрэл тусгаж хараад Б-ийг О нь үгийн зөрүүгүй нүүр рүү нь цохиж унагаасан. Тэгтэл Б газраас босохгүй сонин дугараад байхаар нь Л, О хоёр эмнэлэг рүү авч явсан. Харин би араас нь очиход Б ухаан ороогүй байсан” гэх мэдүүлэг, хавтаст хэргийн 39 дүгээр талд авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Зын “Дүү маань 2020.09.01-ээс 02-нд шилжих шөнө Л.О гэгчид зодуулснаас хойш нас барах хүртлээ нэг ч удаа ухаан ороогүй, юм ярихгүй байсаар байгаад өнгөрсөн” гэх мэдүүлэг, хавтаст хэргийн 76 дугаар талд авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1993 тоот

1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр их, бага тархины орой болон суурь хэсгийг тархмал хамарсан аалзан хальсны доорхи цус харвалт, 2 хажуу ховдлын цусан хураа гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой, үхэлд хүргэсэн болно.

3. Талийгаачийн цусанд спиртийн зүйл илрээгүй байна.

4. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин эмгэг тогтоогдсонгүй.

5. Талийгаач нь В (III) –р бүлгийн цустай байна.

6. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ.” гэх дүгнэлт зэргээс үзэхэд амь хохирогч С.Б нь шүүгдэгч Л.Огийн нэг удаагийн цохих үйлдлийн улмаас амь насанд аюултай, үхэлд хүргэх гэмтэл авч, уг гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан болох нь хангалттай тогтоогдсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл амь хохирогч гэмтлээс шалтгаалсан бусад хүндрэлээр бус гэмт хэрэг үйлдэгдэх үед үүссэн гэмтлийн улмаас үхэлд хүрсэн байна.

Иймд шүүгдэгч Л.Ог үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар яллагдагчаар татаж, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй, түүнийг үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэгт яллагдагчаар татаж, ял оногдуулах байсан.

Улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 550 дугаартай тогтоолд “Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно” гэж дүгнэснээс үзэхэд амь хохирогч С.Б үхэлд хүргэх гэмтэл авснаас хойш 22  хоног анхан шатны болон нарийн мэргэшлийн эмнэлгийн тусламж авсан боловч эмчилгээ авахгүй байсаар амь хохирч байгаа нь уг гэмтэл шууд үхэлд хүргэх гэмтэл байсан байх бөгөөд Л.Огийн үйлдэл хүнийг алах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Хоёр. Гэм хорын талаар:

Гэмт хэргийн улмаас буюу амь хохирогчийн эмчилгээний зардал, оршуулгын зардалд дараах зардал гарсан байдаг. Үүнд:

- Дорнод аймагт хийлгэсэн эмчилгээний зардал – 3,748,000 төгрөг

- Улаанбаатар хотод хийлгэсэн зардал – 2,328,300 төгрөг

- Оршуулга, буяны ажлын зардал – 6,206,640 төгрөг буюу нийт 12,282,940 төгрөгний хохирол учирснаас шүүгдэгч Л.О дансаар 5,748,000 төгрөгний хохирол төлж, үлдэгдэл 6,534,940 төгрөгний хохирол төлөгдөөгүй байхад шүүх гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирлыг 8,534,900 төгрөг буюу зөвхөн Улаанбаатар хотод хийгдсэн эмчилгээний зардал, оршуулгын зардлаас дансаар төлөгдсөн зардлыг хасч үлдэгдэл хохирлыг 2,786,940 төгрөг гэж буруу тооцоолсон нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Иймд шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон хохирогч Б.Д гаргасан тайлбартаа: “Би хохирлоо яаж барагдуулах вэ. Өөрөө яваад эмчлүүлье гэхээр эмчилгээний зардал төлбөр байхгүй болчихоод байна. Би гоо сайхан, эрүүл мэндээрээ хохирчихоод байна. Гэтэл энэ хүн эмчилгээний зардал гаргаж өгч чадахгүй гээд байдаг. Хохирлоо гаргуулж авмаар байна.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд гаргасан тайлбар саналдаа: “Миний хувьд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хууль ёсны байна гэж үзэж байгаа. Анхан шатны шүүх болон мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З гэмт хэргийн зүйлчлэл дээр маргадаггүй. Нас барсан шалтгаан нь гэмтлээс гадна шүүгдэгчийн гэмт үйлдэлдээ хандсан санаа зорилгыг чухалчлан авч үзэж хуулийг хэрэглэх ёстой гэж үзэж байгаа. Нас барсан шалтгаан нь зүрх судасны дутагдал гэж байгаа юм. Зүрх судасны дутагдал нь тархины гэмтэлтэй шууд холбоотой эсэх дээр хавтаст хэрэгт нотлох баримт байдаггүй. Эрүүгийн хуульд “...хүний биед хүнд гэмтэл учруулсан, үүний улмаас хохирогч нас барсан...” гэсэн зүйл анги байгаа учир анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхгүй байна.

Хоёрдугаар асуудлын тухайд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 8,153,940 төгрөг нэхэмжилсэн гэдгийг шүүх хуралдааны явцад нотлох баримтаар шинжлэн судалсан. Огийн ар гэрээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өгсөн мөнгөн дүнг аль аль тал нь хүлээн зөвшөөрч байсан. Тиймээс үлдсэн зардлыг тооцож гаргасан шүүхийн шийдвэрийг буруу гэж үзэхгүй байна. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор С.Алтай гаргасан дүгнэлтдээ: Хүнийг санаатай алах гэмт хэрэг, хүний биед хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогчийн амь нас хохирох гэмт хэргийг хооронд нь харьцуулж ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэдэлт, санаа зорилго, хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээсээ шалтгаалж буюу хүндрэл үүсч нас барсан зэрэг нөхцөлүүдийг нарийвчлан тогтоосны үндсэн дээр зүйлчлэх зайлшгүй шаардлагатай. Гэтэл Огийн хувьд нүүрэнд нь нэг удаа цохисон. Хохирогчийг унах үед дээрээс нь өшиглөх, толгой тархи руу нь цохих, бусад байдлаар биед нь гэмтэл учруулах ямар нэгэн үйлдэл хийсэн зүйл огт байдаггүй. Прокурор хохирогчийн эрх ашгийг хамгаалж улсын нэрийн өмнөөс оролцдог хэдий ч Огийн цохилтын улмаас хохирогчийн амь нас хохирсон гэдэг байдлаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүнийг алах гэмт хэргээр зүйлчлэх боломжгүй. Харин шүүгдэгчийн гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага, бусад байдлыг харгалзан үзэх шаардлагатай. Гэм хорын хохирлын тухайд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З 8,534,940 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс шүүгдэгч О 6,572,000 төгрөгийг төлсөн учир үлдэгдэл хохирол болох 2,776,640 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Харин хохирогч Дгийн хувьд баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхисон.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З, түүний өмгөөлөгч Мянган нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох санал дүгнэлттэй байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.З, түүний өмгөөлөгч Б.Мянган нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах дараах үндэслэлүүд тогтоогдов. Үүнд:

1/Амь хохирогч нь шүүгдэгч Л.Огийн цохилтын улмаас тархины хүнд гэмтэл авсан ба уг гэмтэл нь үхэлд хүргэх үр дагаварт хүргэсэн шууд шалтгаант холбоотой байгаа нь хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэргээр зүйлчлэх үндэслэл болно. Гэмт этгээд хохирогчийг цохихдоо түүнийг үхэлд хүргэхийг хүсээгүй  боловч үхэлд хүргэх гэмтэл учруулсан өөрийн үйлдэлдээ санаатай хандаж байгаа нь хүнийг алах гэмт хэргийн субъектив шинжтэй тохирно. Хэрвээ өөр бусад шалтгааны улмаас гэмтэл нь хүндэрч үхэлд хүргэсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан зэргээр хохирогчийн үхэл ба гэм буруутай этгээдийн үйлдэл хоорондын шалтгаант холбоо харьцангуй холдсон нөхцөл байдалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар зүйлчлэх нь Эрүүгийн хуулийн жинхэнэ агуулгатай нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн. Иймд энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авч, хэргийг зөв зүйлчлүүлэхээр прокурорт буцаах үндэслэлтэй байна. 

2/ Амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтэл нь шүүгдэгчийн нэг удаагийн цохилтоос үүссэн үү, эсхүл уг гэмтэл нь өөр олон удаагийн үйлчлэлээр үүссэн үү гэдгийг дүгнэхэд эргэлзэх үндэслэл тогтоогдлоо. Тухайлбал, хавтаст хэргийн 83 дугаар талд авагдсан, 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 679 дүгээр шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт “С.Бат-Эрдэнийн биед хоёр хажуугийн ховдлын арын эвэрт аалзан хальсны доорх цус хуралт, тархины хаван, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Хэзээ үүсгэгдсэнийг нарийн тогтоох боломжгүй байна...” гэжээ. Мөн уг дүгнэлтэд шинжилгээ хийсэн материалуудын талаар тодорхойлон бичихдээ “...2020.09.04-ний Толгойн тодосгогчтой КТГ-д: ...хамрын таславч баруун тийш муруйсан,...” гэж тэмдэглэгдсэн байна. Хавтаст хэргийн 76-р талд авагдсан 2020 оны 10 дугаар сарын  13-ны өдрийн 1993 дугаар шинжээчийн дүгнэлтэд “Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр их, бага тархины орой болон суурь хэсгийг тархмал хамарсан аалзан хальсны доор цус харвалт, 2 хажуу ховдлын цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, үхэлд хүргэсэн болно” гэжээ. Энэхүү дүгнэлтэд тэмдэглэгдсэнээр бол 2020 оны 09 сарын 21-ний өдрийн “Лазер Мед” эмнэлгийн толгойн КТГ-ийн шинжилгээнд: “...хамар яс хуучин хугаралтай, хамрын таславч муруйлттай” гэсэн байна. Эдгээр баримтууд нь “амь хохирогчийг шүүгдэгч нэг удаа цохисон” гэх дүгнэлт ба уг дүгнэлтийг үндэслэл болсон мэдүүлгүүдийн эсрэг нотолгоо болж байна. Иймд  “...мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна” гэх дүгнэлт гаргахдаа ямар баримт, нотолгоо, шинжлэх ухааны мэдлэгт үндэслэн гаргасныг шинжээчээр тайлбарлуулах, шаардлагатай бол энэ талаар дахин шинжилгээ хийлгэх, “хамрын гэмтэл” нь тархины гэмтэлтэй нэг цаг хугацаанд, нэг цохилтоор үүссэн эсэх, “хуучин гэмтэл” гэх хэллэг нь хэдий хугацааны өмнөх асуудлыг хэлж байгааг тайлбарлуулах зэрэг ажиллагааг хийсний  дараа хэргийн үйл баримтыг эргэлзээгүй дүгнэх боломж бүрдэнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан ба мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол; дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол; анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэн, шүүхийн тогтоолыг хүчингүй болгох эсхүл өөрчлөх үндэслэл болохоор заасан байна.

Харин хэргийг прокурорт буцааж байгаа учраас, шүүгдэгчээр нөхөн төлүүлбэл зохих хохирлын мөнгөн дүнтэй холбоотой гомдлын үндэслэлд давж заалдах шатны шүүх  эцэслэн дүгнэлт өгөх боломжгүй юм.

Хэргийн зүйлчлэлийн талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлттэй холбогдуулан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, хэргийг прокурорт очтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.3, 39.7 дугаар зүйлийн 1.1,  39.9 дүгээр зүйлийн 1.3, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/21 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, _________ дугаартай хэргийг прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Л.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ДОЛГОРМАА                         ШҮҮГЧИД                                                       З.ЭНХЦЭЦЭГ

                                                                         Л.НАРАНБАЯР