| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 197/2025/0022/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1096 |
| Огноо | 2025-04-29 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1096
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,
Улсын яллагч П.Даваасүрэн,
Хохирогч Ф.М ,
Шүүгдэгч Т.Х , түүний өмгөөлөгч Б.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Х д холбогдох эрүүгийн 2409000002140 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Х нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” их сургуулийн спорт заалны сандал дээрээс иргэн Ф.М ын өмчлөлийн “Iphone 14 pro max” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 2,625,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч Т.Х нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” их сургуулийн спорт заалны сандал дээрээс иргэн Ф.М ын өмчлөлийн “Iphone 14 pro max” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 2,625,000 төгрөгийн хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Үүнд:
Хохирогч Ф.М ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 13 цагийн орчимд сургуулийнхаа спорт зааланд бүжгийн бэлтгэлдээ ирсэн. Бэлтгэлээ хийж байгаад 15 цаг 01 минутын үед сандал дээр өөрийн гар утсаа оролдож байгаад үлдээгээд бэлтгэлээ үргэлжлүүлсэн. Тэгээд бэлтгэлээ дуусгаад хувцсаа сольчхоод гар утсаа хайтал миний гар утас олдохгүй байсан ба өөрийн дугаар луу залгахад холбогдох боломжгүй байсан. Сургуулийн хяналтын камер шүүж үзэхэд манай сургуульд суралцаж байсан охин болох Х гэх охин миний гар утсаа үлдээсэн газраас нэг зүйл аваад заалнаас гарч байсан ба удалгүй орж ирсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. ...Бүжгийн хамтлагийн гишүүн Х авсан гэж үзэж байна. Яагаад тэгж үзэж байна вэ гэвэл миний гар утсаа үлдээсэн сандал дээрээс Х гар утас аваад халаасандаа хийсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 5, 16, 61 дүгээр тал/,
-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Бэлтгэл тарчхаад утсаа олохгүй болохоор нь камер шүүхэд Х гэх хүүхэд аваад гарсан байсан бөгөөд цагдаа дуудаад хэрэг үүссэн. 2 долоо хоногийн дараа утас маань асчихсан нь харагдаад, тэр талаараа цагдаад хэлээд цагдаатай очиж олсон бөгөөд олсон учир хохиролгүй гэж хэлсэн. Location заасан газар очиход айлд нь хүн байхгүй байсан бөгөөд хажуу талын эмийн сангийн хүнээс айлын эзнийх нь дугаарыг аваад залгаад асуутал сургуулийн цэвэрлэгч аваад явчихсан байсан. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
Гэрч М.А ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 13 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ... их сургуулийн спорт зааланд гудамжны бүжгийн бэлтгэл хийсэн ба орой бэлтгэл тарах гэж байсан чинь бүжгийн гишүүн болох М гар утсаа олохгүй цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би сандал дээр хувцсаа солиод сууж байсан чинь М гар утсаа энд үлдээсэн гээд хайгаад ирсэн. Тэгээд тухайн гар утсыг хамт хайгаад олоогүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар тал/,
Гэрч Б.Н гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ... Их сургуулийн спорт зааланд гудамжны бүжгийн бэлтгэл хийсэн ба орой бэлтгэл тарах гэж байсан чинь бүжгийн гишүүн болох М ын гар утас олдохгүй цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр тал/,
Гэрч С.С гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 13 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ... их сургуулийн спорт зааланд гудамжны бүжгийн бэлтгэл хийсэн ба орой бэлтгэл тарах гэж байсан чинь бүжгийн гишүүн болох М ын гар утас олдохгүй цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би гар утсаа үлдээсэн гэх сандал дээр суугаад хувцсаа сольж байсан. Би гар утсаа алдсан гэх цүнх болон бусад эд зүйлсээ шалгуулж хамт камер шүүсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар тал/,
Гэрч П.О ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 09 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ... их сургуулийн 2 дугаар давхрын эмэгтэй ариун цэврийн өрөөнд цэвэрлэгээ хийж явж байгаад зэрэгцээ эмэгтэй ариун цэврийн тасалгааны хамгийн наад захын буюу 1 дүгээр тасалгааны суултуурын доод хэсэгт налуулаад хүн харагдахааргүй хар өнгийн Iphone гар утсыг үлдээсэн байсан. Тэгэхээр нь аваад шүүгээндээ хийгээд цэвэрлэгээ хийж байгаад орой нь гэр лүүгээ аваад харьсан ба өнөөдөр цагдаагийн байгууллагын албан хаагчид хүлээлгэн өгч байна. ...... Их сургуулийн 2 дугаар давхрын эмэгтэй ариун цэврийн өрөөний почконы доод хэсэгт налуулаад үлдээсэн байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/,
Хохирогч Ф.М аас хэргийн материалд тусгуулахаар гаргаж өгсөн 1 ширхэг сидиг хүлээн авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 34-35 дугаар тал/,
Сидинд үзлэг хийсэн: “...2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 15 цаг 36 минут 20 секундэд гэрч Т.Х нь цаад талын цэнхэр сандлын урд зогсоод өөрийн гар утсыг оролдож байгаад өөрийн гар утсыг цэнхэр жинсэн өмднийхөө зүүн гар талын халаасанд хийж байгаа нь хяналтын камерт бичигдсэн байна /зураг 14/. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн явуулахад 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 15 цаг 37 минут 41 секундэд гэрч Т.Х нь наад талын урт цэнхэр сандал дээрээс хохирогч Ф.М ын утсаа үлдээсэн гэх газраас цагаан хүрээтэй гар утсыг авч /зураг 15/, 15 цаг 37 минут 51 секундэд цэнхэр жинсэн өмднийхөө баруун гар талын халаасанд хийгээд /зураг 16/15 цаг 38 минут 17 секундэд спорт заалны хаалгаар гараад явж байгаа нь хяналтын камерт бичигдсэн байна...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 37-41 дүгээр тал/,
“Дамно” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн СБ1-24-1450 дугаартай: “Iphone 14 pro max загварын гар утсыг 2,650,000 төгрөгөөр үнэлсэн...” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-26 дугаар тал/,
Гэрч П.О ээс 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Эд зүйл хураан авсан тэмдэглэл” /хх-ийн 31 дүгээр тал/,
Хохирогч Ф.М ад 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 32 дугаар тал/,
Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.Х нь иргэн П.О ээс Iphone 14 pro max загварын 1 ширхэг гар утсыг 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр прокурорт холбоо мэдээллийн хэрэгслээр урьдчилан мэдэгдэж, хураан авах мөрдөн шалгах ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүй явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон тухай 50 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 30 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Х аас: “...Тэр өдөр бэлтгэлээ дуусгаад хувцсаа солиод найзыгаа хүлээх хооронд нойл орчхоод ирэхэд М гэх хүүхдийн утас алга болсон байсан. Бүгдээрээ 4 давхарт камерын өрөөнд орж бичлэг, цүнх зэргийг шалгасан бөгөөд М тэнд үлдээд, би 3 охинтой хоол идэхээр явсан. Сургуулийн 6 дугаар байранд байхад намайг авсан байна гэж ээжтэйгээ орж ирээд намайг гүтгэсэн. Тэр орой Х гэх мөрдөгч сургууль дээр ирээд намайг дагуулж бууж нойл ороод одоо гаргаад өгчих гэж хулгайч юм шиг харьцсан. Нойл руу бууж Х гэх мөрдөгч нойлын гэрэл унтарсан байсан учир өөрийн утасны гэрлийг асааж нойлыг мөлхөж бүх газраар нь үзсэн бөгөөд утас байгаагүй. Би аль нойл руу орсноо зааж өгсөн, мөн аваагүй гэдгээ хэлсэн. Тэндээс гараад мэдүүлэг өгөхөөр цагдаагийн газар очоод мэдүүлэг өгсөн. Утас нэг дэх өдрийн өглөө олдсон гэсэн бөгөөд би нэг дэх өдөр хүртэл сургууль дээр нэг ч удаа очоогүй...” гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй.
Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Бичлэг үзүүлж өөрийг нь ярьж буй зүйлд дүгнэлт хийхэд хохирогчийн утсыг авахдаа би утсаа хайж байгаа гэсэн бөгөөд утсаа хайж байгаа хүн гараа халаасандаа хийчхээд хувцсаа өмсөж байгаа хүн тэндээс хайхгүйгээр хоёр хүний голоор авна гэж байхгүй. Нэг гараараа цүнхээ авч байхад хүний утсыг аваад нэг утас үлдсэн бол өөр утас аваад цаашаа гарсан гэдгийг мэдэж байгаа энэ үйлдэл нь мэдүүлгүүд нь зөрүүтэй, үгүйсгэгдэж байна гэж үзэж байна. Хулгайлах гэмт хэрэг нь хохирогчийн эд зүйлийг авч захиран зарцуулах боломж үүссэнээр гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцогдоно. Утсыг аваад өөрийн болгож, тэрийг ашиглах боломж бүрдсэнээр гэмт хэрэг төгсдөг тул хэзээ буцааж өгөх үйлдэл хийсэн нь хамаагүй. Тухайн үед буруугаа ойлгож хийсэн бол үйлдлээсээ татгалзсан, гэмт хэрэг үйлдээгүй гэж үзнэ. Гэрчүүдийн мэдүүлгээр тухайн үйл ажиллагаа дуусаад хохирогч утсаа алдаад хайсан гэж гэрчүүд мэдүүлээд байдаг. Камерын бичлэг үзсэний дараа шүүгдэгч гарч явсан үйл баримт байна. Энэ хүн утсыг аваад нойл ороод, нойлоос буцаж ирээд утас алдсан гэдгийг мэдээд камерын бичлэг үзчихээд гараад явсан. Утсыг буцааж өгөх ямар ч сэдэл байгаагүй, буцааж өгөх үйлдэл болоогүй байна. Хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг эргэлзээтэй байна. Хэрэгт авагдсан баримтаар хэргийн газарт дуудлага өгөөгүй, цагдаа очиж хэргийн газрын үзлэг хийгээгүй. Хохирогч өөрөө гомдол гаргаад хэрэг шалгагдсан. Х ы мэдүүлж байгаа шиг мөрдөгч ирээд хэргийн газрын үзлэг хийж нойлыг үзсэн зүйл биш, хэргийг шалгах үед нойлын бичлэгийг хэрэгт хавсаргаж шалгасан байгаа. Хохирогч байршил заагчаар хайгаад хаяг дээр очиж мөрдөгчтэй очиж авсан гэдэг. Хэргийн материалаас харахаар мөрдөгч Цагдаагийн газар О гэх хүнээс утсыг авч байна. Мөрдөгчийн тэмдэглэл худал, эсхүл хохирогч хуурамч мэдүүлсэн гэх зүйл харагдаж байх бөгөөд энэ асуудлыг шаардлагатай бол шалгуулах нь зүйтэй байна. Гэрчүүдийн мэдүүлэг болон камерын бичлэгээс харвал шүүгдэгч энэ утсыг болон өөрийн утсыг авчхаад халаасандаа хийсэн. Өөр утас авсан бол цүнхээ ухаж хайх зэрэг үйлдэл хийх ёстой байхад наана нь сууж байсан хоёр хүний хажуу талаас хүний утсыг авчхаад нэг гараараа цүнхээ авчхаад, нэг гараараа түрийвч хийсэн гэж байна. Түрийвч хийхэд утас чинь халаасандаа байгаа, утас авч гарсан гэдгээ мэдэж байгаа. Чиний утас өөрт нь байсан гэдгийг мэдэж байсан тул энэ үйлдлүүдийг харахад хулгайлах гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн тул шүүгдэгч Т.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Буянжаргалаас: “...Эрүүгийн хариуцлагын зорилго гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоох. Мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруутай гэж үзээд ажиллагаа хийж байвал яллах болон цагаатгах талын бүх баримтыг нотлох баримтын шаардлага хангасан хэмжээнд бүрдүүлдэг. Цагдаагийн байгууллагад анх гомдол очиход тухайн гомдлыг ямар мөрдөгч шалгах ёстой вэ, мөрдөн шалгах ажиллагаанд хэн ажиллах ёстой эсэхийг мөрдөн байцаах тасгийн дарга тухайн хэрэг дээр ажиллах мөрдөгчийг томилдог. Гомдол анх очиход Н гэх мөрдөгч дээр очсон бөгөөд хуульд хэд хэдэн мөрдөгч хуваарилж болно гэж заасан ч хэнийг хуваарилсан нь тодорхойгүй. Н г хуваарилсан гэж бодоход дундаас ямар шалтгааны улмаас Х гэх мөрдөгч орж ирсэн бэ, Х тэр газрын мөрдөгч мөн үү, ямар эрх хэмжээтэй, ямар чиг үүрэгтэй хүн бэ, яагаад орж ирээд ажиллагаа хийгээд нотлох баримт бүрдүүлээд байна вэ? Гэрчээс, хохирогчоос мэдүүлэг авч хууль сануулж явсан. Х гэх мөрдөгч явж байх шатанд мэдүүлэг авч явж байгаад утас нь олдчихлоо гээд байршил заагч зааснаар хохирогчийг дагуулаад тухайн хаяг дээр очсон гэж хохирогч мэдүүлсэн. Тухайн хаяг дээр очоод О гэх хүний дугаар бүхий утас руу холбогдож яриад тэр хүн утсыг авч ирж өгсөн байна. Тэр утас яаж О дээр очсон бэ? О утсыг нойлын өрөөнөөс олсон гэж мэдүүлдэг. О олсон уу? хулгайлж авсан уу? эсхүл сандал дээр үлдсэн байсныг очоод авсан уу? гэдгийг яагаад тогтоогоогүй вэ? Х гэх хүн хэрэгт сэжиглэгдэж шалгагдаж байгаа ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тэнцүү эрхтэй оролцох ёстой. Яллах болон цагаатгах талын баримтыг яагаад тэнцүү хэмжээнд бүрдүүлэхгүй байна вэ? О би олсон гэж мэдүүлснээр тэрийг олсон гэж яаж итгэх вэ? Х ыг нойлын өрөөнд өөрийн утсыг оролдож байна гэж мөрдөгч бичсэн байна. Яаж өөрийнх нь утас гэж мэдэж байна вэ? Өөрийнх нь утас гэж мэдсэн бол хүний утас аваад нойл орсон эсхүл Х нойлд нуусан бол О нойлоос олсон эсэхийг яагаад тогтоохгүй байна вэ? Энэ утсыг О олчихсон уу? эсхүл Х аваад О т дамжуулсан уу? Хэргийн бодит байдлыг тогтоогоогүй. Эрүүгийн хариуцлагын зорилго хэргийн бодит байдлыг тогтоож, гэмт хэрэг үйлдсэн хүнийг яаралтай олж тогтоох зүйл байгаа. Тал бүрээс бүрэн бодитой эргэлзээгүй байдлаас нотлох баримтыг бүрдүүлэх ёстой боловч эргэлзээтэй байна. Гэмт хэрэг үйлдээгүй байхад эргэлзээтэй баримтын хүрээнд гэм буруутайд тооцож болохгүй. Энэ хүн мөрдөн шалгах ажиллагаанаас, гомдол гаргахаас өмнө би аваагүй, өөрийн утсыг авсан гэж эргэлзээгүйгээр тогтвортой мэдүүлсэн. Энэ эргэлзээгүй мэдүүлэг юуг хэлж байна вэ? Нотлох баримт шинжлэн судлахад О өөрөө авч ирж өгсөн юм шиг хэн нь мэдэгдэхгүй хүн утсыг хүлээж авч хохирогчид өгсөн. Хохирогчийн мэдүүлгээр би байршил заагчаар олоод цагдаад хэлсэн гэж байгаа ч байж болно. Гэвч үүнтэй холбоотой яагаад ажиллагаа хийгээгүй вэ? Х бол би сургуулиас огт гараагүй байхад тэр камерын бичлэг шүүсний дараа нойлд ахиад үзлэг хийсэн. Нойлд үзлэг хийчхээд яагаад тэмдэглэл үйлдээгүй вэ? баримт хаана байна вэ? үзлэг хийхэд нойлд яагаад хийгээгүй вэ? өвдөглөж хайхад олохоор хэмжээний байсан буюу О гэх хүн байсан гэж заасан байна. Энэ ажиллагааг яагаад хийгээгүй вэ? Яагаад цагдаа нар камерын бичлэгийг оюутнууд шүүж байхад цагдаа нар устгачхаж магадгүй гээд камерын бичлэгийг аваагүй яагаад М авч ирж өгч байна вэ? Магадгүй аваачиж өгөөд нотлох баримтын шаардлага хангуулаад авсан байх. Д гэдэг хүн 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээж авсан, 10 дугаар сарын 10-ны өдөр гээд хоёр бичлэг хүлээж аваад байна уу? 10 дугаар сарын 08-ны өдөр Х гэх хүн мөрдөн шалгах ажиллагаанд ороод нотлох баримтын шаардлага хангуулаад баримт бүрдүүлээд байна. 10 дугаар сарын 07-ны өдөр Х гэх хүн яваад утсыг байгаа газрыг олчихсон, 10 дугаар сарын 08-ны өдөр О ээс хүлээж аваад 10-ны өдөр М ад өгч, Х , Д гэх хүмүүс холилдоод яваад байна. Явж байгаа шинжээчийн дүгнэлтийг гаргуулахаар Х гэх хүн шинжээч томилж тогтоол үйлдсэн. Шинжээчийн дүгнэлт гараад ирэхэд М гэх хүн танилцуулаад байна. Шинжээч томилсон, ажиллагаа хийсэн мөрдөгч шинжээчийн дүгнэлтийг талуудад танилцуулах ёстой боловч яагаад М гэх хүн танилцуулж байна вэ? М гэж хэн юм бол? Хэн энэ хүмүүсийг зөвшөөрөл өгч мөрдөн шалгах ажиллагаанд оруулж байна вэ? Яагаад нэг талд давуу байдал үүсгэсэн юм шиг нөхцөл байдал харагдаж байна вэ? Мөн хувийн байдалтай холбоотой баримтууд хэрэгт байхгүй байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгоно.
Хэрэгт авагдсан баримтуудыг хооронд нь харьцуулан дүгнэхэд “...шүүгдэгч Т.Х нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” их сургуулийн спорт заалны сандал дээрээс иргэн Ф.М ын өмчлөлийн “Iphone 14 pro max” загварын гар утсыг авсан болох нь:
Хохирогч Ф.М аас хэргийн материалд тусгуулахаар гаргаж өгсөн 1 ширхэг сидиг хүлээн авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 34-35 дугаар тал/,
Сидинд үзлэг хийсэн: “...2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 15 цаг 36 минут 20 секундэд гэрч Т.Х нь цаад талын цэнхэр сандлын урд зогсоод өөрийн гар утсыг оролдож байгаад өөрийн гар утсыг цэнхэр жинсэн өмднийхөө зүүн гар талын халаасанд хийж байгаа нь хяналтын камерт бичигдсэн байна /зураг 14/. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн явуулахад 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 15 цаг 37 минут 41 секундэд гэрч Т.Х нь наад талын урт цэнхэр сандал дээрээс хохирогч Ф.М ын утсаа үлдээсэн гэх газраас цагаан хүрээтэй гар утсыг авч /зураг 15/, 15 цаг 37 минут 51 секундэд цэнхэр жинсэн өмднийхөө баруун гар талын халаасанд хийгээд /зураг 16/15 цаг 38 минут 17 секундэд спорт заалны хаалгаар гараад явж байгаа нь хяналтын камерт бичигдсэн байна...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 37-41 дүгээр тал/,
Гэрч П.О ээс 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Эд зүйл хураан авсан тэмдэглэл” /хх-ийн 31 дүгээр тал/,
Хохирогч Ф.М ад 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 32 дугаар тал/,
Гэрч П.О ийн: “...2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 09 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ... их сургуулийн 2 дугаар давхрын эмэгтэй ариун цэврийн өрөөнд цэвэрлэгээ хийж явж байгаад зэрэгцээ эмэгтэй ариун цэврийн тасалгааны хамгийн наад захын буюу 1 дүгээр тасалгааны суултуурын доод хэсэгт налуулаад хүн харагдахааргүй хар өнгийн Iphone гар утсыг үлдээсэн байсан. Тэгэхээр нь аваад шүүгээндээ хийгээд цэвэрлэгээ хийж байгаад орой нь гэр лүүгээ аваад харьсан ба өнөөдөр цагдаагийн байгууллагын албан хаагчид хүлээлгэн өгч байна. ...... Их сургуулийн 2 дугаар давхрын эмэгтэй ариун цэврийн өрөөний почконы доод хэсэгт налуулаад үлдээсэн байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Х нь “...спорт заалны сандал дээрээс иргэн Ф.М ын өмчлөлийн “Iphone 14 pro max” загварын гар утсыг авсан ...аваад өөр газарт тавьсан, би заалнаас авч гараагүй...” гэж мэдүүлсэн ба хяналтын камерын бичлэг болон гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч нь ариун цэврийн “1” тоот өрөөнд орсон, уг өрөөнөөс гар утсыг олж авсан талаар мэдүүлсэн гэрчийн мэдүүлгээр няцаагдаж байна.
“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу, захиран зарцуулснаар төгсдөг.
Шүүгдэгч Т.Х нь иргэн Ф.М ын өмчлөлийн “Iphone 14 pro max” загварын гар утсыг сандал дээрээс авсан үйлдэл хийснээр хулгайлах гэмт хэрэг төгссөн ба гар утсыг хаясан, нуусан эсэх нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.
Түүнчлэн шүүгдэгч нь бусдын гар утсыг өөрийн гар утастай андуурч авсан гэж мэтгэлцсэн ба хэрэгт авагдсан баримт, бичлэг бүхий сиди, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр уг үйл баримт үгүйсгэгдэж байна.
Шүүгдэгч Т.Х нь хохирогч Ф.М ын 2,625,000 төгрөгийн үнэ бүхий “Iphone 14 pro max” загварын гар утсыг хулгайлсан байх бөгөөд энэ нь хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангажээ.
Шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Т.Х ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...хэргийн бодит байдлыг тогтоогоогүй. ...нотлох баримтыг бүрдүүлэх ёстой боловч эргэлзээтэй байна. Гэмт хэрэг үйлдээгүй байхад эргэлзээтэй баримтын хүрээнд гэм буруутайд тооцож болохгүй, нэмэлт ажиллагаа хийлгэх, буцааж өгнө үү...” гэх агуулгатай хүсэлт гаргасан.
Гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах боломжгүй ба талуудаас урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргаагүй бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно...” гэж зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Мөн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хохирол, хор уршиг:
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Ф.М ад 2,625,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд П.О ээс “Iphone 14 pro max” загварын гар утсыг хураан авч, хохирогч Ф.М ад хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч Т.Х ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Талуудын санал, дүгнэлт:
Улсын яллагчаас: “…Шүүгдэгч Т.Х д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна... ” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Буянжаргалаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн ялын доод хэмжээ буюу 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Т.Х ы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 70 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 дугаар тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 69 дүгээр тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 71 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Т.Х д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Т.Х д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж;
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Х нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Х ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х ыг 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Х нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 /гурав/ ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Х д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН