Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 301/ШЦТ/95

 

 

 

 

 

          

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж,

Улсын яллагч Т.А,   

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ц,

Шүүгдэгч Д.Ө,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Д.Ө-ад холбогдох эрүүгийн ................. тоот хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

        Шүүгдэгчийн биеийн байцаалт:

        Монгол улсын иргэн, 19... оны 0... дугаар сарын 0....-ны өдөр А аймгийн Т.....суманд төрсөн, .... настай, э....., боловсролгүй, мэргэжилгүй, ....., ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн Т.... сумын М.... баг, И газарт оршин суух, аймаг, ...... урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д.Ө /РД:А377080814/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Ө нь 2024 оны 12 дугаар сарын эхээр А аймгийн Т.... сумын М.... багийн Ө..... гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд шинэс төрлийн босоо модыг огтлон 12 ширхэгт хувааж буюу 0,6962 метр куб буюу 76,414 төгрөгийн мод бэлтгэж, мөн газраас ....... маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслээр А аймгийн Т.... сумын М.... багийн И....  өөрийн оршин суух газар хүртэл тээвэрлэж, ойн санд нийт 0,6962 метр куб буюу 76,414 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Ө-ыг хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Т.А яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ц “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй, тусгайлан шинжлэн судлах нотлох баримт байхгүй...” гэсэн

Шүүгдэгч Д.Ө гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон болно.

 

Гэм буруугийн талаар: 

Д.Ө нь ганцаараа, 2024 оны 12 дугаар сарын эхээр А аймгийн Т сумын М багийн Өндөр-Уха гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд шинэс төрлийн босоо модыг огтлон 12 ширхэгт хувааж буюу 0,6962 метр куб буюу 76,414 төгрөгийн мод бэлтгэж, мөн газраас К маркийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгслээр А аймгийн Т сумын М багийн Ихэр гэх өөрийн оршин суух газар хүртэл тээвэрлэж, ойн санд нийт 0,6962 метр куб буюу 76,414 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Иргэний нэхэмжлэгч Р.Б. “...Байгаль орчинд учирсан хохирлыг хуульд зааснаар орон нутгийн 100010400945 тоот дансанд тушааж байгаль орчинд учирсан хохирлыг барагдуулчихвал өөр ямар нэгэн санал хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг,

 гэрч Г.Г. “...Би 2025 оны 01 сарын 15-ны өдөр Т сумын М баг руу худ Шаравнямынд очсон юм. Тэгээд тэр өдрөө Ш.д хонохдоо манайх модгүй болчихсон мод зарах хүн байвал галын түлээ ачаад явмаар байна гэж хэлсэн. Тэгтэл маргааш нь 01 сарын 16-ны өдөр Ш. намайг нэг айл руу дагуулж яваад гэрийнхээ гадна байсан модыг ачсан....Би мод ачсан айлаа танихгүй. Гэрт нь ороход нэг эмэгтэй хүн байсан. Шаравнямыг модоо ачих гэж байгаа юм уу гэж тэр эмэгтэй ярьж байсан. Тэгээд бид 2 гараад гэрийнх нь ард байсан модыг ачсан. Худалдаж авч мөнгө авсан асуудал байхгүй..... М багийн байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичиг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр авсан. Намайг Д гэдэг газраас модоо бэлтгэнэ шүү гэж хэлсэн. Тэгэхдээ би ой руу орж мод бэлтгэсэн зүйл байхгүй гэх мэдүүлэг,

гэрч Ц.Ж-ийн “...Би 2025 оны 01 сарын 15-ны өдөр нөхөр Г-н хамт М баг руу Ш-д очсон юм. Тэгээд Ш-д хоноод маргааш нь манай нөрөн Ш-тай хамт модтой газар байна уу модонд явъя гээд гарсан. Тэгээд орой мод ачиж ирээд Т сумын төв рүү орж ирэхэд цагдаа зогсоогоод саатуулсан.” гэх мэдүүлэг, гэрч С.Ш-ын “...Т.Г- Т сумын Ц  гэх газар байдаг. 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Т.Г эхнэр Ж-ийн хамт М багт манайд ирсэн юм. Тэгээд Г бид хуучилж байгаад хоосон буцаж байхаар мод ачаад яв гээд би байгаль хамгаалагч Д-ээс мод бэлтгэх эрхийн бичиг авхуулсан. Өмнө нь Өлзийбат гэх хүнтэй уулзахдаа би мод муутай байгаа танайхаас галын түлээ авна шүү гэж хэлтэл тухайн үедээ тэг тэг гэж хэлж байсан. Тэгээд би мод бэлтгэх эрхийн бичиг авхуулчихаад Т.Г-ыг дагуулаад Ө-д очиж гэрийнх нь гадна байгаа модноос ачаад явуулсан. Мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэхийг асуугаагүй. Мод ачих гэж очиход Өлзийбат байхгүй эхнэр нь ганцаараа байсан” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан "...А аймгийн Т сумын М багийн И гэх газраас иргэн Т.Г нь  ......... улсын дугаартай тээврийн хэрэгслээр хууль бусаар мод тээвэрлэсэн...” гэх тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэл болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн хамт,  Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн АРХ0325/054 дугаартай дүгнэлт, шинжээч А.Бямбажавын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. 

         Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Ойн тухай хуулийн

35.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэрээ зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн,

35.4.2 зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн,

35.4.3 засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн бол зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэсэн буюу “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт тооцохоор тус тус хуульчлан заасан байна.

Хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэдэгт гэдэгт эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас мод бэлтгэх зөвшөөрлийг аваагүй, олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр ойн санд халдаж, хүрээлэн буй орчноос салган авч мод бэлтгэж, уг үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглан зөөж ойн санг бүрдүүлэгч хүчин зүйлийн даац чадавхад хохирол учруулсан төлөв байдлыг доройтуулсан хувь хүний хийсэн аливаа сөрөг үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Ө нь эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг авалгүй, хууль бусаар ойгоос ургаа мод тайрч бэлтгэж, тээвэрлэсэн нь тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Ө-ын үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байх тул шүүгдэгч Д.Ө-ыг хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч Д.Ө нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Ө-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо түүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр хууль сануулж авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж үнэлээгүй ба шүүгдэгчээс хууль сануулж гэрчээр мэдүүлэг авсан нь шүүгдэгчийн мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх зэрэг эрхүүдийг зөрчсөн ноцтой зөрчил гаргасныг дурдах нь зүйтэй. 

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”  гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д ...” Иргэн аж ахуйн нэгж, байгууллага нь  байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол  учруулсан бол нөхөн төлбөр төлнө “ гэж хуульчлан заасан байна.

 

Иймд шүүгдэгч Д.Ө нь байгаль орчинд учруулсан хохирол, хор уршгийг хариуцан арилгах үүрэгтэй.

 

         Шүүгдэгч Д.Ө-ын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 76,414 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсоноор  /76,414х3=229,242 /хоёр зуун хорин есөн мянга хоёр зуун дөчин хоёр/ төгрөг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”  гэж заасан тул шүүгдэгчээс 229,242 /хоёр зуун хорин есөн мянга хоёр зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн ангийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх прокурорын саналын хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Ө-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий ....... улсын дугаартай К маркийн тээврийн хэрэгслийн үнээс байгаль орчин уур амьсгалын санд учирсан 229,242 /хоёр зуун хорин есөн мянга хоёр зуун дөчин хоёр/ төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, үлдэгдэл 1,270,758 /нэг сая хоёр зуун далан мянга долоон зуун тавин найм/ төгрөг, 195,600 /нэг зуун ерэн таван мянга зургаан зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий 2,7996 метр шинэс төрлийн мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөөний үнэ 50,000 /тавин мянга/  төгрөг зэргийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.   

 

Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Өад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Б овогт Д.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч Д.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Иргэний хуулийн 497 дугаар 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Ө-аас  229,242 /хоёр зуун хорин есөн мянга хоёр зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Ө-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий ..... улсын дугаартай К маркийн тээврийн хэрэгслийн үнээс байгаль орчин уур амьсгалын санд учирсан 229,242 /хоёр зуун хорин есөн мянга хоёр зуун дөчин хоёр/ төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, үлдэгдэл 1,270,758 /нэг сая хоёр зуун далан мянга долоон зуун тавин найм/ төгрөг, 195,600 /нэг зуун ерэн таван мянга зургаан зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий 2,7996 метр шинэс төрлийн мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөөний үнэ 50,000 /тавин мянга/  төгрөг зэргийг улсын орлогод оруулсугай

 

6. Шүүгдэгч Д.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

8.  Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ө-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ОРХОНТАМИР