Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 301/ШЦТ/107

 

 

 

 

 

 

 

2025       04          25                                          2025/ШЦТ/107

                                                                   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг,

Улсын яллагч М.Г,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А,

Шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Ц.Д /РД:......./-т холбогдох эрүүгийн ....... дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.... оны .... дугаар сарын .....-ны өдөр А аймгийн Х суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, 6666, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт А аймгийн Х сумын Ж багийн С гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ц.Д /РД:......./,

 

Холбогдсон  хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.Д нь 2025 оны 03 дугаар сарын 18-ны орой А аймгийн Х сумын Ж багийн нутаг С гэх газарт байрлах өөрийн гэртээ эхнэр Н... болон О.Ж...., Д.... нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, согтуурсан мансуурсан үедээ “чамайг ч гэсэн ална шүү” гэх шалтгаанаар хохирогч О.Ж-ийн баруун эгэм хэсэг рүү хутгаар хатгаж, түүний биед хүзүүнд хатгагдсан шарх гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд:

улсын яллагч “...яллах чиг үүргийг баримталж оролцоно....” гэж,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А “...шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Д-ын өмгөөлөгчөөр оролцож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх прокурорын саналтай санал нэг байна. Гэм буруу дээр маргахгүй. Эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх байр сууринаас оролцоно...” гэж,

шүүгдэгч Ц.Д нь “Мэдүүлэг өгөхгүй” гэж тус тус санал, дүгнэлт гаргаж оролцсон.

 

Гэм буруугийн талаар: 

  Шүүгдэгч Ц.Д нь 2025 оны 03 дугаар сарын 18-ны орой А аймгийн Х сумын Ж багийн нутаг С гэх газарт байрлах өөрийн гэртээ эхнэр Н  болон О.Ж  , Д   нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, согтуурсан мансуурсан үедээ “чамайг ч гэсэн ална шүү” гэх шалтгаанаар хохирогч О.Ж-ийн баруун эгэм хэсэг рүү хутгаар хатгаж, түүний биед хүзүүнд хатгагдсан шарх гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Хохирогч О.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн“...Би 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр А аймгийн Ж багийн нутагт байрлах өөрийн гэртээ байж байгаад Цэргийн баяр гээд найз болох Д-тэй хамт 2.5 литрийн хэмжээтэй “Сэнгүр” нэртэй пиво хувааж уугаад 21:00 цаг өнгөрч байхад Д ахынд очиж үлдсэн 0.5 гр хэмжээтэй “ногоон экс” нэртэй архийг Д, Д, Н эгч бид дөрөв хувааж уусан. Тэрний дараа Н эгч 0.75 гр хэмжээтэй “Хараа” нэртэй архийг гаргаж ирээд хувааж уучихаад бид дөрөв сумын төв орохоор машинд суусан. Машинд явж байхад эхнэртэйгээ маргалдаад бид дөрөв сумын төв орохгүйгээр буцаад Д ахын гэрт ирсэн. Тэгсэн Д ах манай найз Д рүү хандаад чацга минь зүгээр байгаарай ална шүү гэж хэлээд тогооны шүүгээ рүүгээ яваад байсан. Тэгсэн Д тэднийхээс гараад явахаар нь би Д ахад та яах гээд хүн ална гээд байгаа юм, бэ та алж чадахгүй шүү гэж хэлээд толгой руу нь нэг удаа гараараа алгадчихаад гэрээс нь гарахад араас Д ах араас гарч ирээд ална гээд хутга барьчихсан байхаар нь Д бид хоёр зугтаасан. Буцаад Д ах дээр очиж 2 гарыг нь барихад эхнэр нь хутгыг нь авсан. Дараа нь Д ах, Н эгч бид 3 гэрт нь орж ирэхэд бас л ална тална гээд байхаар нь та яасан сонин юм бэ би явлаа гэж хэлээд гэрээс нь гарахад араас Д ах гарч ирэх гээд эхнэр биеэрээ хаалгыг хаахаар нь би Д ахыг та яах гээд байгаа юм бэ гэж хэлээд эхнэрийг нь гэр лүү нь түлхээд орох гэтэл миний баруун эгэм хэсэг рүү хутгаар хатгах шиг болохоор нь би хойш ухарч гараараа дарж үзэхэд цус их гарч доош бүлээн зүйл урсаад байхаар нь би Дг дуудахад Д ирээгүй. Тэгэхээр нь би Н эгчийг дуудаад гэрт нь орж шархаа дараад орон дээр хэвтсэн. Харин Н эгчид түргэн хурдан дууд гэж хэлээд өөрийнхөө гар утсыг өгч явуулаад түргэн дуудуулсан. Тэгээд 2025 оны 03 дугаар сарын 19-ний 07:00 цаг өнгөрч байхад түргэн ирж сумын төв рүү хүргэж өгсөн. Суманд эмчилгээ хийлгэж байгаад 14:00 цаг өнгөрч байхад А аймаг руу хөдөлж орой 18:00 цагийн үед ирсэн. Би яг юунаас болж Д ахыг хутга барьсныг мэдэхгүй байна. Сумын төв рүү явах замдаа эхнэртэйгээ маргалдаж эхэлснээс хойш хүн болгонтой маргах гээд байсан. Миний биед Д ахаас өөр хүн гар хүрээгүй. Миний баруун эгэм хэсэгт 5-6 см гүнтэй зүсэгдсэн шархтай 2-3 оёдол тавиулсан..... Хутга бол Д ахын гэрийнх нь хутга байх гал тогооны шүүгээнээс авч байсан. Одоо гэрт нь байгаа байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 09-11 хуудас/,

- Гэрч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2025 оны 03 дугаар сарын 19-ний өглөө 07:00 цагийн үед Д ах нь өөрөө манайд согтуу орж ирээд , өчигдөр орой Ж танайхаас гараад манайд орж ирээд бид нар архи, пиво хувааж уугаад согтож хоорондоо маргалдаж би Ж-г хутгаар хатгачихлаа эмнэлэг дуудах шаардлагатай байна гэхээр нь би Ж-гийн төрсөн дүү Алтангэрэл рүү нь утсаар ярьж энэ талаар хэлсэн. Энэ үед би эмнэлгийн дугаар мэдэхгүй байсан учраас мэдэхээр Алтангэрэл рүү залгаж Д  ах нэг ийм юм яриад явна аа хутгаар дүүг чинь хатгачихлаа гээд яриад явна. Чи эмнэлэг дуудаж ирэх шаардлагатай юм шиг байна гэж хэлсэн. Тухайн үед мөн Д эхнэр утсаар төв рүү дуудлага өгчихсөн байсан юм шиг байна лээ. Эмнэлгийн машин их хурдан ирсэн. Тэгээд эмнэлгийн машин ирж Жг сумын эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 16-17 хуудас/,

- Гэрч А.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд "... Би А аймгийн Х сумын Эрүүл мэндийн төвд түргэний жолоочоор ажилладаг. Тухайн өглөө буюу 2025 оны 03 дугаар сарын 19-ний өглөө 07:00 цагийн үед А аймгийн Х сумын Ж багийн нутаг С гэх газарт оршин суух Ц.Д гэх айлаас хутгалуулсан хүний дуудлага ирсэн гэхээр нь би тухайн багийн эмч Д-ын хамт дуудлагад очиход тэр айлд А аймгийн Х сумын Ж багийн иргэн О.Ж нь баруун талын хүзүү хэсэгт хутгаар хатгуулсан гээд нойлын цаасаар хүзүүний орчимдоо гараараа дарчихсан цус алдсан бололтой ойр хавиар нь цус болчихсон хэвтэж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 20-21 хуудас/,

-  Гэрч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би одоо А аймгийн Х сумын Эрүүл мэндийн төвд Ж багийн эмчээр 8 жил ажиллаж байна. А аймгийн Х сумын Эрүүл мэндийн төвөөс 2025 оны 03 дугаар сарын 19-ний өглөө 07:20 минутын үед А аймгийн Х сумын Ж багийн нутаг С гэх газарт оршин суух Ц.Д гэх айлаас хутгалуулсан хүний дуудлага мэдээлэл ирсэн гэхээр нь би түргэний жолооч А.Э-ын хамт дуудлагад очиход Ц.Д-ын гэрт А аймгийн Х сумын Ж багийн иргэн О.Ж нь согтуу тухайн айлын зүүн талын орон дээр хэвтэж байсан. Очоод үзтэл даралт нь бага зэрэг унасан хүзүүний баруун талын хэсэгтээ нойлын цаас шархан дээрээ тавиад өөрөө гараараа шархаа дараад хэвтэж байсан. Юу болсон талаар асуухад О.Ж нь өөрөө хэлэхдээ Ц.Д ах намайг хутгаар ийшээ хатгачихлаа гэж байсан. Мөн ойр хавиар нь болон хувцас нь цус, шороо болчихсон байсан тул шархыг нь цэвэрлэж боогоод сумын төв рүү эмнэлэгт авч ирж цэвэрлэгээ хийж эмч нар зүсэгдсэн шарханд оёдол тавьж, даралттай боолт хийгээд цус тогтоох тариа хийж аймгийн төв рүү авч явсан байсан.Тэр үед О.Ж нь өөрийн ухаантай орчиндоо харьцаатай байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 24-25 хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч Ч.Мягмарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...О.Ж нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 5 удаа нийт 958,628 –төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байна. Дээрх 1 хүний нийт 58,628 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 30900020080 тоот дансанд төлбөрийг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 95 хуудас/,

- А аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “ О.Ж нь 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр зарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд гэмтлийн улмаас авсан эмнэлгийн тусламж үйлчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 958,628 төгрөг төлөгдсөн байна...” гэх албан бичиг, /хх-ийн 90 хуудас/,

- А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Батцэцэгийн гаргасан 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 0725/127 дугаартай

1. “Ю.Жгийн биед хүзүүнд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.   

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 42-43 хуудас/, болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. 

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

 

Шүүгдэгч Ц.Дын үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн байх ба энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байх тул гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч Ц.Д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаар: 

Хохирогч О.Ж нь “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж шүүхэд мэдэгдсэн байх тул энэ шүүх хуралдаанаас шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэж шийдвэрлэв.  

 

Хохирогч О.Ж энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 958.628 /есөн зуун тавин найман мянга зурган зуун хорин найм/ төгрөгийн эмчилгээ, тусламж үйлчилгээ авсан болох нь иргэний нэхэмжлэгчийн мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь уг эрүүл мэндийн даатгалын санд учирсан 958.628 /есөн зуун тавин найман мянга зурган зуун хорин найм/ төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 100900020080 тоот дансанд төлж барагдуулсан болох нь шүүх хуралдааны шатанд гаргаж өгсөн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

          Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

          5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

         Шүүх шүүгдэгч Ц.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, өмгөөлөгчийн санал дүгнэлтийг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж тус тус шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга нэг ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний  иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Дт  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ц.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Ц.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Ц.Д-т шүүхээс оногдуулсан 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Ц.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

 4. Шүүгдэгч Ц.Д нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхгийг шүүхийн шийтгэх тогтоод хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн баримт бичиг ирээгүй, түүнд хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ОРХОНТАМИР