Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2022/01543

 

 

 

 

 

    2022             05              09                                            184/ШШ2022/01543

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Б.Г

            Хариуцагч: С ТБ

            Нэг удаагийн буцалтгүй тусламж олгох, ажлаас хууль бусаар халсан 2019 оны 07 сарын 16-ны өдрийн Б/164 дүгээр тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн өмгөөлөгч Ш.У, нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Б.Г нь С ТБд холбогдуулан нэг удаагийн буцалтгүй тусламж олгох, ажлаас хууль бусаар халсан 2019 оны 07 сарын 16-ны өдрийн Б/164 дүгээр тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгохоор нэхэмжилж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

            Миний бие 2014 оны 11 сард С ТБд ажилд орж, ажил үүргээ гүйцэтгэж байгаад 2019 оны 03 сард гэнэт цус харвасны улмаас хагалгаанд орж, 2019 оны 07 сараас хөдөлмөрийн чадвараа алдаж 59 хувийн групп тогтоолгож хугацаа нь дуусаагүй байхад өндөр насны тэтгэвэр тогтоох эрх 2022 оны 01 сард үүссэн болно. Төрийн албан хаагчид тэтгэвэр тогтооход төрөөс нэг удаагийн буцалтгүй тусламж олгодог тухай хамт ажиллдаг хүмүүсээс сонсож судлан энэ тухай ажиллаж байсан Эрүүл мэндийн төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн яам, Төрийн албаны зөвлөлд хандсан боловч энэ асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж эцсийн хариу өгсөн. Ажлаас халсан тушаал гарсныг мэдээгүй, сүүлд 2022 оны 02 сард энэ тухай мэдсэн бөгөөд төрөөс нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход ажлаас хууль бусаар халсан тушаал хүчингүй болгуулах шаардлагатай болсон. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан гэв.

            Хариуцагч хариу тайлбартаа: Сувилагч Б.Г нь 2019 оны 06 сард групп тогтоолгосон бөгөөд 2019 оны 07 сарын 16-ны өдрийн 164 дүгээр тушаалаар эрүүл мэндийн шалтгаанаар ажилдаа тэнцэхгүй болсон үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Б.Г ажилдаа эргэн орох хүсэлт, өргөдөл албан ёсоор өгөөгүй, групп тогтоолгож, ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш ирж уулзаагүй байж байгаад тэтгэвэртээ гарна гэж ирж уулзсан. Манай байгууллага ажилтан өөрөө хүсвэл хөдөлмөрийн чадвар алдаж тэтгэмж тогтоолгосны дараа ажлын байранд нь эгүүлэн томилж ажиллуулдаг. Тухайн үед ажиллаж байсан Сувилахуйн албаны дарга нь түүнийг тархинд нь цус харваснаас биеийн байдал нь хүнд, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан учраас өөрт нь мэдэгдсэн эсэхийг сайн мэдэхгүй байна гэж хэлж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасны дагуу тушаалыг гаргасан. Ажил хийж цалин авдаг учраас хөдөлмөрийн чадвараа түр алдсан, ажил хийгээгүй хүнд цалин нөхөн олгох үндэслэлгүй гэв.

            Нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 02 сарын 07-ны өдрийн 01/298 дугаар өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, С ТБийн 2022 оны 01 сарын 24-ний өдрийн 01/30 дугаар албан бичиг, түүний хавсралт, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 06 сарын 08-ны өдрийн 1а/134.ө дүгээр хариу хүргүүлэх тухай албан бичиг, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 сарын 18-ны өдрийн 2/272-ө дүгээр, 2021 оны 12 сарын 06-ны өдрийн 2/282-ө дүгээр хариу хүргүүлэх тухай албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2019 оны 06 сарын 25,  2020 оны 06 сарын 30, 2021 оны 06 сарын 23-ны өдрийн шийдвэр /хэргийн 3-8, 22-24 тал/

            Хариуцагч нь Нийслэлийн С ТБийн даргын 2019 оны 07 сарын 16-ны өдрийн Б/164 дүгээр “С.Б-г ажлаас чөлөөлөх тухай” тушаал, /хэргийн 30 тал/

            Шүүх Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн улсын бүртгэлийн гэрчилгээ, С ТБийн даргын 2017 оны 02 сарын 07-ны өдрийн А/10 дугаар “Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах тухай” тушаал, Хөдөлмөрийн дотоод журам, Албан тушаалын тодорхойлолтын маягт, 2017 оны 01 сарын 20-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх гэрээ, Б.Гантулгын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2022 оны 04 сарын 25-ны өдрийн Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт, цалин олгох хүснэгт, С ТБийн даргын 2016 оны 04 сарын 14-ний өдрийн Б/116 дугаар, 2015 оны 12 сарын 25-ны өдрийн Б/259 дүгээр, 2015 оны 04 сарын 21-ний өдрийн Б/57 дугаар “Сэлгүүлэн ажиллуулах тухай” тушаал, 2014 оны 11 сарын 13-ны өдрийн Б/318 дугаар “Ажилд томилох тухай” тушаал тус тус бүрдүүлсэн. /хэргийн 45-50, 53-54, 68-70, 76-81/

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.Г нь С ТБд холбогдуулан нэг удаагийн буцалтгүй тусламж олгох, ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн 2019 оны 07 сарын 16-ны өдрийн Б/164 дүгээр тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж надад мэдэгдэлгүйгээр үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тул шаардах эрхтэй гэж,

            Хариуцагч татгалзлаа дэмжиж эрүүл мэндийн хувьд ажилдаа тэнцэхгүй улмаас ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж тус тус тайлбарлажээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо.

            Албан тушаалын тодорхойлолтын маягт, хөдөлмөрийн гэрээ, ажилд томилох, сэлгүүлэн ажиллуулах тушаалууд болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Б.Г нь хөтөч сувилагч, нүдний сувилагч буюу төрийн үйлчилгээний албан хаагчийн ажил, албан тушаалд ажиллаж байсан тул тэрээр ерөнхий харьяаллын шүүхэд /иргэний хэргийн шүүх/ гомдол гаргах эрхтэй.

            Нийслэлийн С ТБийн даргын 2019 оны 07 сарын 16-ны өдрийн Б/164 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар Б.Г-г нүдний сувилагчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

            1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заажээ.

            Нэхэмжлэгч Б.Г нь тархинд цус харвасны улмаас 2019 оны 06 сарын 25-ны өдрөөс 2022 оны 06 сарын 25-ны өдөр хүртэл хөдөлмөрийн чадвараа 59 хувиар алдаж ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон нь түүний тайлбар, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдсон.

            Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.-д “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж,

Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.-т “төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох бөгөөд нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуульд заасан журмыг баримтлан тогтооно” гэж,

Монгол улсын Засгийн газрын 2019 оны 01 сарын 09-ний өдрийн “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.1.-д “Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө” гэж тус тус заажээ.

Хууль, тогтоолоос үзэхэд тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэнээр төрийн албанаас чөлөөлөгдсөн иргэнд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх нь үүсдэг. Тодруулбал нэхэмжлэгч Б.Г нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр бус эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн тул нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхгүй байна.

1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан, ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон бол ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговор олгохоор зааснаар нэхэмжлэгч Б.Г нь шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д зааснаар ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана. Хэрэгт цугларсан баримт, талуудын тайлбарыг харьцуулан шинжлэн судлаад нэхэмжлэгч Б.Г нь 2019 оны 07 сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлсөн шийдвэрийг 2022 оны 01 сарын 24-ний өдөр мэдсэн, гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэхэд эргэлзээтэй гэж үзлээ.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Б.Гантулгын нэг удаагийн буцалтгүй тусламж олгох, 2019 оны 07 сарын 16-ны өдрийн Б/164 дүгээр тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Б.Гантулгын нэг удаагийн буцалтгүй тусламж олгох, 2019 оны 07 сарын 16-ны өдрийн Б/164 дүгээр тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Г нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.ЭНХТӨР