Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 301/ШЦТ/117

 

 

 

 

                                                                                                                                                          

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж,

Улсын яллагч М.Г,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.П,

Шүүгдэгч Б.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Б.Г холбогдох эрүүгийн ............  тоот хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.... оны .... дугаар сарын ....-ны өдөр А аймгийн И.... суманд төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт А аймгийн Э.... сумын ..... дугаар баг, Н... хорооллын ..... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б.Г /РД:....../

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Г нь А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ЗШ/...  дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ согтууруулах ундаа хэрэглэн 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр А аймгийн Э..... сумын 7 дугаар баг Т.... хороололд өөрийн эзэмшлийн ..... улсын дугаартай “.....” маркийн тээврийн хэрэгслийг дахин жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Г-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүхийн хуралдаанд:

Улсын яллагч М.Г “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хүсэлтийг хүлээн авч 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ 2 /хоёр/ сарын хугацаагаар хасахыг санал болгоход зөвшөөрсөн” гэж,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.П “гэм буруу, зүйлчлэл дээр маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэж,

шүүгдэгч Б.Г нь “сайн дураараа гэм буруугаа хүлээсэн, эрүүгийн хариуцлагын агуулгыг ойлгож хүлээн зөвшөөрсөн, өөр саналгүй” гэж тус тус санал, дүгнэлт гаргаж оролцсон.

 

Гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Б.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь:

1. А аймгийн Цагдаагийн газрын цагдаа зохицуулагч, дэд ахлагч Б.Баттулгын 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан А аймгийн Э.... сумын .... дугаар багт замын хөдөлгөөнд оролцож явсан ..... улсын дугаартай “....." маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Г-ийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах /Alcolest 7510/ драгер багажаар үлээлгэхэд согтуурлын хэмжээ 4.06% зааж байсан” тэмдэглэл, шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламжийг шалгах төхөөрөмжөөр шалгаж, тогтоосон талаарх гэрэл зураг түүний үзүүлэлт, /хх-ийн 5-7 хуудас, хх-ийн 28 хуудас/,

 - Б.Гийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ЗШ/.... дугаартай шийтгэврийн хуулбар, /хх-ийн 29-30 хуудас/,

- Зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн тухай эрх бүхий албан тушаалтны 24 оны 12 сарын 04-ний өдрийн 00 цаг 50 минутын тэмдэглэл, хавсралт гэрэл хэргийн үзүүлэлтүүд /хх-н 4-5 хуудас/,

- Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн тэмдэглэл “...Би 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан томилгооны дагуу А аймгийн Э... сумын нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэх явцад Т. хороололд ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуу хүн жолоодоод явж байна гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу очиж ..... улсын дугаартай “......” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Г-ийг согтуурал шалгах багажаар шалгахад 4.06 хувийн согтолттой байсан. Жолооч Б.Г хэлэхдээ Б.... сумын сангийн толгойн гүүр гэх газраас согтуугаар жолоодоод Эрдэнэбулган сумын Тамир хороолол ирсэн гэж хэлж байсан. Шалгалтын явцад Б.Г нь 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 10-11 хуудас/,

- Гэрч Б.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "... Би 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 15:00 цагийн үед хоёр хүүхдийн хамт сүрьеэгийн амны голын эрэг дээр салхилж байхад сүрьеэгийн ам талаас цэнхэр өнгийн приус маркийн .......... улсын дугаартай, дээрээ такси гэсэн шар бичиглэлтэй машин миний хажуугаар өнгөрөхөд нь харахад манай нөхөр жолоочийн хажуугийн суудалд суусан их согтуу бололтой сууж явахыг хараад гэртээ харъя гээд араас нь хөдөлсөн. Араас нь дагаад явсан боловч гүйцээгүй алдчихсан. Тэр хавиар нэлээн хайгаад олоогүй...” “...Бид 3 тамирын гол руу салхилах гэж яваад гол дээр байж байгаад 18:00 цаг өнгөрч байхад харихаар болоод хөдлөөд явж байхад манай нөхөр Н-ын сууж явсан ....... улсын дугаартай машин сангийн толгой гүүрний баруун талаас чингэлтэй гарч ирээд аймгийн төвийн зүг явж байсан. Тэр машин миний нөгөө талын салаа замаар явж байгаад зогсчихоор нь би дөхөж очиж зогсоод машинаас буугаад яваад очиход хөндлөн судаг руу /замын хагархай/ гүпер нь тулаад зогссон байсан...” “...Тэр үед манай нөхөр сэргээд машин дотроос гуйваад бууж ирээд миний машинд суух гэхээр нь би суулгаагүй тэгээд шууд цагдаад дуудлага өгсөн. Тэгээд машинаа унаад аймгийн төв рүү хөдөлсөн манай нөхөр гуйваад газарт унаад аймгийн төв рүү зам дагаад алхсан. Би шууд гэртээ хариад буцаад аавыгаа Т хороололд айлд хүргэж өгөх гээд явж байхад Т.... хорооллын Б..... дэлгүүрийн хойд талд замын хажууд .... улсын дугаартай машин зогсож байсан дотор талд жолооны хүрдэн дээр Г.... гэх эмэгтэй тамхи татчихсан сууж байхаар нь дахин цагдаа руу залгаж хэлсэн цагдаа ирж шалгасан...” “... Б.Г-ийг цагдаа согтуурал шалгах багажаар шалгаад үлээлгээд байсан. Хэдэн хувийн согтолттой байсныг би санахгүй байна. Миний бодлоор Б.Г нь сүрьеэгийн амнаас тамирын голын сангийн толгойн гүүрний баруун талд буцаад аймгийн төв рүү явсан гэж бодохоор ойролцоогоор 5-6 км газар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байх...” гэх мэдүүлэг, /хх-ийн 14-16 хуудас/,

- Гэрч А.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... Би 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн өглөө 11:00 цагийн үед гэрээсээ гараад Ирээдүй сургуулийн орчим алхаад явж байхдаа машинтайгаа явж байсан Б.Г-тэй таарсан. Өмнө нь таньдаг байсан учир машинд нь суугаад дэлгүүр орж пиво аваад сүрьеэгийн ам гэх газар очиж Г.... бид хоёр хамт пиво уусан. Тэгээд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ сүрьеэгийн амнаас тамирын голын сангийн толгойн гүүр хүртэл жолоо бариад буцах замдаа манай эхнэртэй таарсан юм. Гантөмөр нь ойролцоогоор 10 км орчим газар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байх...” “...Би тэр өдөр огт тээврийн хэрэгсэл жолоодоогүй. Г... жолоогоо бариад би жолоочийн хажуугийн суудалд сууж байсан. Г-ийн жолоодсон тээврийн хэрэгсэл нь ..... улсын дугаартай цэнхэр өнгийн “.....” маркийн машин байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 19-20 хуудас/,

- Яллагдагч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 хуудас/ болон болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Г нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. 

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилж, “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг, “тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан  хүнийг ойлгоно гэж тус тус тайлбарлажээ.

 

Хавтаст хэрэг дэх жолоочийн лавлагаа мэдээлэл, шийтгэвэр зэргээр шүүгдэгч Б.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 1 жилийн хугацаагаар хасуулсан нь тогтоогдож байна. Иймд Б.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэх ойлголтод хамаарна.

 

Шүүгдэгч Б.Г-ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон,...бол... ял шийтгэнэ” гэж заасан хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа хүсэж үйлдсэн үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. 

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон, шүүгдэгч Б.Г “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Энэ хэргийн улмаас бусдад хохирол учраагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

  Эрүүгийн хариуцлагын талаар:

  Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

     5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 1 жил, 2 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон байна гэж шүүхээс үзлээ.

 

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

  Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Б овогт Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хасаж, 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Г-т шүүхээс оногдуулсан 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,  шүүгдэгч Б.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1/нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

5. Шүүгдэгч Б.Г-т хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ОРХОНТАМИР