Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2022/00524

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, Р.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багт байрлах Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар баг Төв хороололд байрлах Загал Хайрхан ХХК-д холбогдох

4,400,000 (дөрвөн сая дөрвөн зуун мянга)  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургууль, захирал Т.Энхбаяр,

Хариуцагч Загал Хайрхан ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Баттогтох,

Хариуцагч Оргихнур ХХК -ний итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Түвшинтөгс,

Прокурор: Л.Отгончимэг,

Иргэдийн төлөөлөгч:С.Түвшинжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Л.Сувд.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургууль нь хариуцагч Загал Хайрхан ХХК-д холбогдуулан 4,400,000 (дөрвөн сая дөрвөн зуун мянга) төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Оргихнур ХХК-г татсан.

Нэхэмжлэгч  байгууллагын захирал Т.Энхбаяр нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургууль 1940 онд байгуулагдсан ба 320 хүүхдийн хичээлийн байр нь чанарын шаардлага хангахгүй болж, их засвар хийгдэхээр төсөвт суусан.

Байрны их засварын зураг төсөв хийлгэнэ хэмээн Хөвсгөл Хүрмэн ХХК -аас нэхэмжлэлийг манайд ирүүлсэн. Уг нэхэмжлэлийн дагуу байрны их засварын зураг, төсвийг Оргихнур ХХК хийж гүйцэтгэхээр болсон боловч зураг төсвийн үнэ нь төсөвт суугдаагүйгээс болж сургуулийн хүүхдийн хоолны зардлаас шилжүүлэхээр зохих газраас зөвшөөрөл авсан байдаг. Тухайн үед Загал Хайрхан ХХК нь манай байгууллагатай дотуур байрны хүүхдийн хоол, хүнс нийлүүлдэг гэрээтэй байсан тул 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн төлбөрийн хүсэлт, нэхэмжлэхээр Хүнсний урьдчилгаа хэмээн 4,400,000 (дөрвөн сая дөрвөн зуун мянга) төгрөгийг Загал Хайрхан ХХК руу шилжүүлсэн. Харин Загал Хайрхан ХХК цааш нь Оргихнур ХХК руу шилжүүлсэн. Гэвч Оргихнур ХХК нь байрны зураг төсвийг хийж өгөөгүй ба уг засварын ажлын зураг төсвийг Барилга архитектур-Барилга бүтээц ХХК-ийн инженер Г.Баасанжавын хийсэн зураг төсвөөр Хөвсгөл Жугнай ХХК гүйцэтгэсэн байдаг.Санхүүгийн хяналт, аудитын алба шалгалтынхаа хүрээнд дүгнэлт гаргаж, уг мөнгийг анх шилжүүлсэн Загал Хайрхан ХХК-аар төлүүл гэсэн шаардлага өгсөн.

Загал Хайрхан ХХК (захирал Г.Оюунгэрэл) нь уг мөнгийг Оргихнур ХХК-д шилжүүлсэн гэдэг тайлбар өгдөг. Оргих Нур ХХК-ийн захирал Ц.Намжилдорж хяналт шалгалтын байцаагч ирэх үед өөрөө дээрх компаниас 4,400,000 (дөрвөн сая дөрвөн зуун мянга) төгрөг авсан гэдгээ хүлээж, төлнө гэдгээ бичгээр илэрхийлсэн тул түүнд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл иргэнээр төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан нь буруу гэсэн шийдвэр гарсан.

Түүнээс хойш Оргихнур ХХК (захирал Ц.Намжилдорж)-аас өгсөн амлалтынх нь дагуу төлбөр тооцоог барагдуулах талаар шаарддаг боловч барилгын материал өгсөн мэтээр худал хэлэх, хойш тавих зэргээр төлбөрийг барагдуулахгүй байгаа.

Түүнчлэн Ц.Намжилдорж нь өмнөх хэргийн шүүх хуралдаанд Би барилгын материал сургуульд нийлүүлж байсан. Тэгээд чанарыг нь сайжруулж сольж өгч байсан гэх мэтээр худал мэдүүлэг өгсөн. Гэтэл энэ хүнээр сургуульд засвар хийлгэж байгаагүй. Засвар хийлгэх тухай гэрээ ч байгуулж байгаагүй.

Иймд мөнгө анх шилжүүлсэн компани болох Загал Хайрхан ХХК-аас 4,400,000 (дөрвөн сая дөрвөн зуун мянга) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэвч хариуцагч талаас уг мөнгийг Оргихнур ХХК-д шилжүүлсэн баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ирүүлсэн тул хамтран хариуцагчаар Оргихнур ХХК-г татсан.

Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны шалгалтаар Сургуулийн захирал, нягтлан бодогчийг байгууллагын өр авлагыг барагдуулахгүй байна гэж хариуцлага тооцуулах асуудал тавьж байгаа тул энэ асуудлыг яаралтай шийдвэрлүүлэх шаарлагатай болоод байгаа юм.

Энэ хоёр компаний аль буруутай этгээдээс нь тус мөнгийг гаргуулахаар шаардаж байна.

Оргихнур ХХК (захирал Ц.Намжилдорж) нь төлөхгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна. Мөн өмнөх шүүхийн шийдвэрт Загал Хайрхан ХХК-д шилжүүлсэн мөнгийг Оргихнур ХХК-ний захирал Ц.Намжилдоржоос нэхэмжилсэн нь буруу гэж гарсан зэрэг байдлыг харгалзан анх уг мөнгийг хүлээн авсан Загал Хайрхан ХХК-аар төлүүлэхээр нэхэмжилж байна.  Загал Хайрхан ХХК нь хохирлоо Оргихнур ХХК-аар төлж барагдуулах биз. Иймд хариуцагч Оргихнур ХХК-аас татгалзаж,  хариуцагч Загал Хайрхан ХХК-аас 4,400,000 (дөрвөн сая дөрвөн зуун мянга) төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Загал хайрхан ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Баттогтох нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгэж буй татгалзалаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд:

Загал хайрхан ХХК нь 2013-2014 оны хичээлийн жилд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын  ЕБС-ийн сургагчдын дотуур байрны хүүхдийн хоолны материалыг /гурил, будаа, элсэн чихэр, масло, ургамлын тос/ нийлүүлж бэлдсэн.

Тухайн үеийн захирал Ё.Пүрэвжал, нярав Ц.Намжилдорж нар нь танай аж ахуйн нэгж манай байгууллагатай гэрээтэй гал тогоонд хоолны материал нийлүүлж байгаа тул танай аж ахуйн нэгжийн дансаар сургуулийн засвар, зураг төслийн үнэ 4,400,000 төгрөгийг оруулаад, гаргуулж авъя гэхэд нь Загал хайрхан ХХК-ийн 5890450129 тоот дансыг өгсөн ба уг данс руу орсон 4,400,000 төгрөгийг буцаагаад Жаргалант сумын сургуулийн нярав Ц.Намжилдоржийн Оргихнур ХХК-ийн 5896121235 тоот данс руу шилжүүлсэн. 2021 оны 5 дугаар сард Аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны ээлжит шалгалтаар уг мөнгийг 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Загал Хайрхан ХХК-ийн данс руу шилжүүлсэн тул буцааж төлүүлэх талаар ерөнхий боловсролын сургуульд акт тавьсан байсан.

Манай байгууллага барилгын засвартай холбоотой үйл ажиллагаа явуулдаггүй, уг мөнгийг ЕБС-ийн нярав Ц.Намжилдоржийн Оргихнур ХХК-ийн данс руу дамжуулан шилжүүлж өгөөч гэж сургуулиас гуйсны дагуу шилжүүлж өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Оргихнур ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Түвшинтөгс нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгэж буй татгалзалаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд:...Оргихнур ХХК нь хэрэгт хамтран хариуцагчаар оролцож байна. Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургууль нь Загал Хайрхан ХХК-ийн дансанд 4,400,000 төгрөг шилжүүлсэн атлаа яагаад Оргихнур ХХК-иас 4,400,000 төгрөг нэхэмжилж байгааг миний хувьд ойлгохгүй байна. Мөн урьд нь 2019 онд энэ асуудлаар Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургууль нь шүүхэд хандаж байсан. Шүүхээс дээрх асуудлыг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаа учир энэ хэрэгт хариуцагчаар оролцох үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулахдаа аль буруутай этгээдээс нь тус мөнгийг гаргуулахаар шаардаж байна. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хариуцагчаа зөв тодорхойлох үүрэгтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох гэдэгт хамаарах асуудал гэж ойлгож байна. Хэд хэдэн байгууллагыг хариуцагчаар татаж аль буруутайгаас нь гаргуулна гэж тодорхойлж болохгүй байх. Уг хоёр байгууллага нь хоёулаа буруутай бол аль компаниас нь хэдэн төгрөг гаргуулах нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байна. Хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Санхүүгийн хяналт аудитын албаны нотлох баримтуудад Загал ХХК гэж бичсэн байгаа. Загал Хайрхан ХХК, Загал ХХК нь хоёр өөр хуулийн этгээд юм биш үү. Мөн нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн албан шаардлага юм уу, акт юм уу үүнд үндэслэж гэм хорын хохирол болох 4,400,000 төгрөгийг гаргуулж авах юм гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараас харахад Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургууль Загал Хайрхан ХХК хоёр нь тухайн үед хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээтэй байсан. Үүнтэй холбоотойгоор хүнсний урьдчилгаа гээд мөнгө шилжүүлсэн гэж тайлбарлаад байгаа юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулсан нь үндэслэлгүй байна. Учир нь гэрээтэй холбоотойгоор хүнсний бүртээгдэхүүний үлдэгдэл гэж мөнгө шилжүүлсэн.

Энэ нь гэрээний үүрэгтэй холбоотой маргаан юм биш үү. Хэрвээ гэрээний үүрэгтэй холбоотой маргаан гэж үзвэл 2013 онд болсон үйл явдал юм. Гэрээний үүрэгтэй холбоотой маргааны хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуульд зааснаар 3 жилийн хугацаатай. Иймд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн акттай холбоотой юм уу, эсхүл эрх бүхий албан бичигтэй холбоотой маргаан гэж үзэхгүй байна. Мөн Хөвсгөл Хүрмэн ХХК-ийн зураг төсвийн үнэ 4,400,000 төгрөгийг шилжүүлж өгөөч гэхэд нь шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Хөвсгөл Хүрмэн ХХК-иаас нэхэмжилж байгаа бол яагаад Загал Хайрхан ХХК-ийн дансанд шилжүүлээд байгаа юм бэ, яагаад нэхэмжлэхийн дагуу Хөвсгөл Хүрмэн ХХК-д шилжүүлээгүй юм. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотолж чадахгүй, мөн хариуцагчаа зөв тодорхойлж чадахгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодорхойлоогүй байна. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Загал хайрхан ХХК-аас 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Оргихнур ХХК-ийн дансанд 4,400,000 төгрөгийн шилжүүлсэнд маргах зүйл байхгүй. Гэхдээ дээрх мөнгөөр сургуулийн паркетан шалыг сольж сайжруулж өгсөн байдаг.

Нэхэмжлэгчид хариуцагчаа сонгох эрх хуулиар олгогдсон ба хамтран хариуцагч Оргихнур ХХК-аас нэхэмжлэгч нь татгалзаж байх тул өөр нэмж хэлэх зүйл байхгүй байна гэв.

Прокурор Л.Отгончимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:... Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсэг, 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 21.1.12 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгүүдэд заасны дагуу Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн нэхэмжлэлтэй, Загал хайрхан ХХК, хамтран хариуцагч Оргихнур ХХК-иудаас 4 400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт төрийг төлөөлж гуравдагч этгээдээр оролцож байна.

1 .Нэхэмжпэлийн агуулга: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байранд 2013 онд хийгдсэн их засварын зураг төсөл хийлгэх зорилгоор Загал хайрхан ХХК-д 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 4,400,000 (дөрвөн сая дөрвөн зуун мянга) төгрөгийг хүнсний урьдчилгаа гэх утгатайгаар шилжүүлсэн ба тухайн аж ахуйн нэгж нь засварын ажлын зураг төсвийг хийж гүйцэтгээгүй, тухайн мөнгийг 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Оргихнур ХХК-ийн дансанд шилжүүлсэн байх тул Загал Хайрхан ХХК-аас дээрхи 4,400,000 төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн төрийн сангийн нэмэлт дансанд төвлөрүүлж өгнө үү гэжээ.

2.Прокурорын тайлбар Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байранд 2013 онд хийгдсэн их засварын зураг төсөл хийлгэх зорилгоор Загал хайрхан ХХК-д 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 4,400,000 (дөрвөн сая дөрвөн зуун мянга) төгрөгийг хүнсний урьдчилгаа гэх утгатайгаар шилжүүлсэн боловч тухайн аж ахуйн нэгж нь засварын ажлын зураг төсвийг хийж гүйцэтгээгүй, тухайн мөнгийг 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Оргихнур ХХК-ийн дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. Оргихнур ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Түвшинтөгс шүүхийн хэлэлцүүлэгт манай компанийн дансаар Загал хайрхан ХХК-аас 4,400,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн, түүнийг захиран зарцуулсан болохоо хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

Харин Оргихнур ХХК-ийн захирал Ц.Намжилдорж нь дээрх 4,400,000 төгрөгөөр сургуулийн их засвар хийгдэж байх үед авсан паркетан шал нь чанарын шаардлага хангаагүй учир чанар байдлыг сайжруулахад зарцуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй ба Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрх үүсэж, мөн хуулийн 494 дүгээр зүйлийн 494.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр олж авсан хөрөнгөө буцаан шилжүүлэх үүрэгтэй байна.

Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт Аудитын албаны удаа дараагийн шалгалт хийсэн тухай танилцуулга, 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн улсын байцаагчийн албан шаардлага зэрэгт улсын төсвөөс Загал хайрхан" ХХК-д шилжүүлсэн учраас дээрх аж ахуй нэгжээр төлүүлэхээр заасан боловч Оргихнур ХХК тухайн мөнгийг авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шинжлэн судлах нотлох баримт: Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албанаас ирүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуульд хийсэн Санхүүгийн хяналт шалгалтын танилцуулга 10 хуудас, Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 36-05-31 дугаартай албан шаардлага 2 хуудас, мөн сургуулийн 2017, 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тайлан 9 хуудас, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 195 дугаартай шийдвэр 3 хуудас, Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулиас Загал Хайрхан ХХК-ийн 5890450129 дугаартай дансанд 4,400,000 төгрөг шилжүүлсэн төлбөрийн баримт 1 хуудас /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/

Дүгнэлт, санал: Энэ хэргийн тухайд төрийн өмчинд хохирол учирсан гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүүхдийн хоолны мөнгөнөөс хууль бусаар Загал Хайрхан ХХК-ийн дансаар дамжуулан Оргихнур ХХК нь дансандаа шилжүүлэн авч захиран зарцуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хамтран хариуцагчаар татагдсан Оргих нур хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 4,400,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн Төрийн сангийн нэмэлт дансанд төвлөрүүлэх нь зүйтэй гэх дүгнэлт,

Иргэдийн төлөөлөгч С.Түвшинжаргал...данснаас шилжсэн учир Загал Хайрхан ХХК-д ямар ч хамааралгүй, Оргих нур ХХК-ийн данс руу шилжүүлсэн нь нотлогдсон тул мөнгийг Оргихнур төлөх нь зүйтэй...гэх дүгнэлт тус тус  гаргажээ.

Нотлох баримт:

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх болон прокурор оролцуулах тухай хүсэлт 2 хуудас, нэхэмжлэх гэх баримт нотариатчаар баталгаажуулсан хуулбар хувь 2 хуудас, Хөвсгөл аймгийн Санхүү хяналт аудитын албаны 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 36-05-31 дугаар албан шаардлага  нотариатчаар баталгаажуулсан хуулбар хувь 2 хуудас, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 6-ны  өдрийн 195 дугаар шийдвэр  нотариатчаар  баталгаажуулсан хуулбар хувь 5 хуудас, төлбөрийн хүсэлт нотариатчаар баталгаажуулсан хуулбар хувь 1 хуудас, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 83 дугаар Загал Хайрхан ХХК-д Мэдэгдэл хүргүүлэх тухай эх хувь 1 хуудас, Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл нотариатчаар баталгаажуулсан хуулбар хувь 1 хуудас, Хөвсгөл Хүрмэн ХХК-ийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиргаанд гаргасан хүсэлт нотариатчаар баталгаажуулсан хуулбар хувь 1 хуудас, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2013 он 06-06 дугаар Төрийн санд гаргасан хүсэлт  нотариатчаар баталгаажуулсан хуулбар хувь 1 хуудас, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/08 дугаар захирамж эх хувь 1 хуудас, № 000153027 дугаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар баталгаажуулсан хуулбар хувь 1 хуудас, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 54, 55 дугаар Хамтран хариуцагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох оролцуулах тухай хүсэлт, итгэмжлэл эх хувь 2  хуудас, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзах тухай хүсэлт эх хувь 1 хуудас, Санхүүгийн хяналт, Аудитын албаны 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн №38 дугаар Хөвсгөл аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн санхүүгийн хяналт шалгалтын танилцуулга нотариатчаар баталгаажуулсан хуулбар хувь 21 хуудас, Санхүүгийн хяналт, Аудитын албаны 2021 оны 4 дүгээр  сарын 03-ны өдрийн  Хөвсгөл аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн санхүүгийн хяналт шалгалтын танилцуулга нотариатчаар баталгаажуулсан хуулбар хувь 10 хуудас, Хөвсгөл аймаг дахь Төрийн Аудитын газрын 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 01/213 дугаар Дүгнэлт хуулбар 1 хуудас, Хөвсгөл аймаг дахь Төрийн Аудитын газрын Санхүүгийн тайлангийн аудит хуулбар хувь 20 хуудас, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл  нотариатчаар  баталгаажуулсан хуулбар хувь 2 хуудас,  Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 1833 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж нотариатчаар баталгаажуулсан хуулбар хувь 4 хуудас, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3126 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж нотариатчаар баталгаажуулсан хуулбар хувь 2 хуудас, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн 2021 оны 12, 2022 оны 1 дүгээр саруудын авлага, өглөгийн дэлгэрэнгүй мэдээ эх хувь 3 хуудас,  нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодруулсан нэхэмжлэл 3 хуудас, Хариуцагч Загал Хайрхан ХХК-аас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар баталгаажуулсан хуулбар хувь 1 хуудас, Г.Оюунгэрэлийн иргэний үнэмлэхийн хуулбар хувь 1 хуудас,  итгэмжлэл 1 хуудас, тайлбар 1 хуудас, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга хуулбар 2 хуудас, иргэн Ц.Намжилдоржийн Дотоод хяналт Аудитын албанд гаргасан өргөдлийн хуулбар хувь 1 хуудас, Хариуцагч Оргихнур ХХК-иас Ц.Намжилдоржийн иргэний үнэмлэхийн хуулбар хувь 1 хуудас, итгэмжлэл 1 хуудас, тайлбар 1 хуудас, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний Улсын бүртгэлийн ерөнхий газар хуубар үнэн дарагдсан  хуулбар хувь 2 хуудас, Прокуророос Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын алба 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 1/105 дугаар Аймгийн Прокурорын газарт гэх албан бичиг эх хувь 1 хуудас, Санхүүгийн хяналт, Аудитын албаны 2015 оны 4 дүгээр  сарын 10-ны өдрийн  Хөвсгөл аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн санхүүгийн хяналт шалгалтын танилцуулга Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын алба хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар хувь 10 хуудас, Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын алба 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 36-05-34 дугаар Улсын байцаагчийн албан шаардлага Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын алба хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар  хувь 2 хуудас, 2017, 2018 оны Дотоод аудитын ажлын тайлан Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын алба хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар  хувь 9 хуудас зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.

Шүүх прокурор Л.Отгончимэгийн хүсэлтээр шүүх хуралдаанд О.Амарсайханаас гэрчийн мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад                                       

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургууль нь хариуцагч Загал Хайрхан ХХК-д холбогдуулан 4,400,000 (дөрвөн сая дөрвөн зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Оргихнур ХХК-г татсан.

Гэвч нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд хариуцагч Загал Хайрхан ХХК-аас 4,400,000 (дөрвөн сая дөрвөн зуун мянга) төгрөг гаргуулна хэмээн хариуцагчаа тодорхойлж, хамтран хариуцагч Оргихнур ХХК-аас татгалзсан.

Шүүх нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

Загал хайрхан ХХК-д 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 4,400,000 (дөрвөн сая дөрвөн зуун мянга) төгрөгийг хүнсний урьдчилгаа гэх утгатайгаар шилжүүлсэн боловч тухайн аж ахуйн нэгж нь засварын ажлын зураг төсвийг хийж гүйцэтгээгүй, тухайн мөнгийг 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Оргихнур ХХК-ийн дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургууль нь хариуцагч Загал Хайрхан ХХК-д холбогдуулан 4,400,000 (дөрвөн сая дөрвөн зуун мянга) төгрөг  гаргуулах тухай  нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Оргихнур ХХК-ийг  татан оролцуулсан.

Гэвч шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагыг төлөөлөн  захирал Т.Энхбаяр оролцсон ба тэрээр  хамтран хариуцагч Оргихнур ХХК-аас  татгалзаж,  хариуцагч Загал Хайрхан ХХК-аас 4,400,000 (дөрвөн сая дөрвөн зуун мянга) төгрөг гаргуулна хэмээн хариуцагчаа тодорхойлсон.

      Хариуцагч  Загал Хайрхан ХХК  нэхэмжлэлийг үл зөвшөөрч, марган итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцлоо.

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

Нэхэмжлэгч, хариуцагч нараас нотлох баримтаар гаргаж өгсөн төлбөрийн хүсэлт, дансны хуулга болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс дүгнэхэд 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн  Төрийн сан банк 170615101 дугаар данснаас Загал Хайрхан ХХК-ийн 5890450129 дугаар данс руу 4,400,000 (дөрвөн сая дөрвөн зуун мянга) төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

Хэргийн зохигчид  дээрх үйл баримтад хэн аль нь маргаагүй.

  Харин хариуцагч тал  Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулиас танай данс руу сургуулийн засвар, зураг төслийн үнэ 4,400,000 (дөрвөн сая дөрвөн зуун мянга) төгрөгийг шилжүүлье, буцаагаад Оргихнур ХХК-ийн данс  руу  шилжүүлж өгөөч гэсний дагуу манайх өөрийн 5890450129 дугаартай дансыг өгсөн.

Ингээд Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулиас манай данс руу 4,400,000(дөрвөн сая дөрвөн зуун мянга) төгрөг хийсэн ба манайх уг мөнгийг Оргихнур ХХК-ийн 5896121235 дугаар данс руу шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.  

Нэхэмжлэгч талаас...сургуулийн байрны их засварын зураг, төсвийг Оргихнур ХХК хийж гүйцэтгэхээр болж Загал Хайрхан ХХК-ийн дансаар дамжуулан зураг төсвийн мөнгө 4,400,000 (дөрвөн сая дөрвөн зуун мянга) төгрөгийг Оргихнур ХХК руу шилжүүлсэн. Гэвч Оргихнур ХХК нь байрны зураг төсвийг хийж өгөөгүй ба уг засврын ажлын зураг төсвийг Барилга архитектур-Барилга бүтээц ХХК-ийн инженер Г.Баасанжавын хийсэн зураг төсвөөр Хөвсгөл Жугнай ХХК гүйцэтгэсэн.

Оргихнур ХХК (захирал Ц.Намжилдорж) нь дээрх авсан мөнгөө төлөхгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна. Мөн өмнөх шүүхийн шийдвэрт Загал Хайрхан ХХК-д шилжүүлсэн мөнгийг Оргихнур ХХК-ний захирал Ц.Намжилдоржоос нэхэмжилсэн нь буруу гэж гарсан зэрэг байдлыг харгалзан анх уг мөнгийг хүлээн авсан Загал Хайрхан ХХК-аар төлүүлэхээр нэхэмжилж байна.  Загал Хайрхан ХХК-ийн хохирлыг Оргихнур ХХК төлж барагдуулах биз....хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/ эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр, хариуцагч Загал Хайрхан ХХК нь нэхэмжлэгч Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуульд өөрийн хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр гэм хор  учруулсан  гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг эд хөрөнгийг буцаан шаардах эрхтэйг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд хуульчилсан.

Гэтэл талуудын  хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч байгууллага нь Оргихнур ХХК-д засвар, зураг төслийн үнэ 4,400,000 (дөрвөн сая дөрвөн зуун мянга) төгрөгийг шилжүүлэхдээ Загал Хайрхан ХХК-ийн дансаар дамжуулан шилжүүлснийг Загал Хайрхан ХХК авч ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн байдал  хэргийн материалд авагдсан баримтуудаар тогтоогдоогүй болно.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн гаргаж, цуглуулж өгсөн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй эсэх талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гаргадаг.

Харин нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38 дугаар зүйл заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа баримтаар нотолж чадаагүй.

Иймд хариуцагч Загал Хайрхан ХХК-ийн үйлдлээр Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургууль хохирсон болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Прокурор болон иргэдийн төлөөлөгч нарын...Оргихнур ХХК-иас хохирол болох 4,400,000 (дөрвөн сая дөрвөн зуун мянга) төгрөгийг гаргуулах нь зүйтэй... гэх дүгнэлтийн тухайд :

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд  нэхэмжлэгч  хэнээс  юу шаардахыг өөрөө шийдвэрлэх, өөрийнх нь эрхийг зөрчсөн гэж үзэн хариуцагчаар тодорхойлсон этгээдийг шүүх иргэний хэрэгт хариуцагчаар оруулахаар хуульчилсан.

Тодруулбал нэхэмжлэгч  хэнээс  юу шаардахыг өөрөө шийдвэрлэх эрхтэй ба тухайн этгээд хариуцлага хүлээх эсэхийг хэрэг хэлэлцсэний эцэст шүүх шийдвэрлэдэг.

Нэхэмжлэгч байгууллагын  захирал Т.Энхбаяр нь шүүх хуралдаанд хариуцагч Загал Хайрхан ХХК-аас 4,400,000 (дөрвөн сая дөрвөн зуун мянга) төгрөг гаргуулна гэж хариуцагчаа тодорхойлж, хамтран хариуцагч Оргихнур ХХК-аас татгалзсан тул шүүх Оргихнур ХХК-аас нэхэмжлэлийн шаардлага болох 4,400,000 (дөрвөн сая дөрвөн зуун мянга) төгрөгийг  гаргуулах хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч байгууллага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Загал Хайрхан ХХК-д холбогдох байгууллагад учруулсан гэм хорын хохирол 4,400,000 (дөрвөн сая дөрвөн зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургууль нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны

шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ДАВААХҮҮ

                                ШҮҮГЧИД                       Б.МӨНХТУЯА

                                                                        Р.САРАНТУЯА