2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1203

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Золзаяа

Улсын яллагч Х.Билгүүн

Шүүгдэгч М.Б************ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэйгээр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ овогт ************-ын ************-д холбогдох эрүүгийн 2411028350132 дугаар хэргийг шүүх 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19** оны 8 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн ************ суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “************” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, Сүхбаатар дүүргийн ************ тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,

************ овогт ************-ын ************ /РД:************/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ************ нь 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ************ төвийн караокед хохирогч ************ үл ялих зүйлээр шалтаглан улмаар түүний биед халдан зодож эрүүл мэндэд нь “хамар ясны баруун хана цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд зовхинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************ мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  талуудын хүсэлтээр гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар тал/, гэрч ************ мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/, хохирогч ************ мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офицер ахлах дэслэгч ************ илтгэх хуудас /хх-ийн 15 дугаар тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч ************ 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 14704 дүгээр дүгнэлт /хх-ийн 49-50 дугаар тал/, “Асралт мед” эмнэлгийн дунд чих болон хамар, хамрын дайвар хөндийн тодосгогчгүй компьютер томографийн шинжилгээ /хх-ийн 51-52 дугаар тал/, гэрч ************ мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр тал/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ************ нь 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ************ төвийн караокед хохирогч ************ үл ялих зүйлээр шалтаглан улмаар түүний биед халдан зодож эрүүл мэндэд нь “хамар ясны баруун хана цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд зовхинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар тал/,

2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” прокурорын тогтоол /хх-ийн 1 дүгээр тал/,

Хяналтын прокурор ************ 2024 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 219 дугаартай “Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан зөрчил шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” прокурорын тогтоол /хх-ийн 19 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ************ өгсөн: “Тухайн үед манай 10 гаран ажилчид цугласан байсан ба бид хэд хоол, цай болоод бүгд ууцгаасан. Зарим нэг нь явцгаасан ба ************ бид нар үлдсэн. Би ************ бид хэд өрөөнд юм яриад сууж байхад гаднаас ************ ууртай орж ирээд тавиур дээр байсан юмыг ************ ах руу авч шидсэн. Тэгээд тэр хоёр муудалцахаар нь салгасан. Би үүд рүү гарахад үүдэнд ************ ах хана түшсэн байдалтай хамраас нь цус гарсан зогсож байхаар нь би 00 өрөө рүү авч орон цусыг нь угаасан. ************ гэх хүн ************ хоёрыг салгасан гэж сонссон. ************ ах л цохиж хугалсан байх.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ************ өгсөн: “2024 оны 11 дүгээр сарын 01-ний орой 20 цагийн үед манай аж ахуйн хэлтсийн ажилчид нийлээд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах ************ нэртэй караокед ороод гаднаас захиалгын хоол захиалж идсэн. Манай ажилчид 12 орчим хүн байсан. Ихэнх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэр үед манай байгууллагын жолооч ажилтай ************ бид нарын сууж байсан караокед орж ирээд ************ нар хоорондоо муудалцаад байж байснаа тэр хэд 00 өрөө рүү гарсан. Эргэж орж ирэхээсээ өмнө коридорт ************ цохисон байсан ба ************ нь шууд өрөөнд орж ирээд ширээ нь дээгүүр давж орж ирээд миний хамар болон чамархай хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Хамраас цус гараад хамраа тэмтэрч үзэхэд хамар эвгүй байсан болохоор нь цагдаад дуудлага өгсөн. Бид хоёр өмнө нь маргалдаж байсан тэрнээс л болсон байх. Миний биед хамар ясны хугарал үүссэн ба гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдсон. ************ төвийн караокены өрөөнд болсон ба өрөөнд нь ямар нэгэн хяналтын камер байхгүй байсан. 13 жил нэг байгууллагад цуг ажиллаж байна. Урьд нь ажлын шаардлагаар хоорондоо муудалцаж байсан. Өмнө гарсан хохирол болон эргээд хамрын хагалгаанд орох зардлаа гаргуулж авмаар байна. Гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/,

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офицер ахлах дэслэгч ************ илтгэх хуудас /хх-ийн 15 дугаар тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч ************ 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 14704 дүгээр:

1. ************ биед хамар ясны баруун хана цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо”. гэх дүгнэлт /хх-ийн 49-50 дугаар тал/,

“Асралт мед” эмнэлгийн дунд чих болон хамар, хамрын дайвар хөндийн тодосгогчгүй компьютер томографын шинжилгээ /хх-ийн 51-52 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ************ өгсөн: “Би ************, ************ бид хэд өрөөнд юм яриад сууж байгаад би М.Баярсайхантай машинаас бол маргасан. Би ************ маргалдаад өрөөнөөс гарсан байсан ба нэг мэдэхэд коридорт нь унасан байсан. Дараа нь ************ цохисон гэж хэлж байсан. ************н л цохиж зодсон. ************ л хугалсан байх. Надад учирсан шарх байхгүй. ************ ямар нэгэн гомдол, санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр тал/,

Төрийн үйлчилгээний нэгдсэн системийн 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн ************ регистрийн дугаартай ************ 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд үйлчлүүлсэн 124.762 төгрөгийн зардлыг ЭМД сан хариуцсан гэх “Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл” /хх-ийн 93 дугаар тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.

Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд,

Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч ************ нь “************ биед хамар ясны баруун хана цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлтийг гаргасан байх бөгөөд прокуророос шүүгдэгч ************ үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Өөрөөр хэлбэл хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргээс харахад шүүгдэгч ************ нь хохирогч ************ биед халдаж, түүнийг цохисон үйлдэл гаргасан болох нь тогтоогдож байх бөгөөд дээрх үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна.

Иймд, шүүгдэгч ************ бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ************ нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “....Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж,

513.1 Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.”  гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ************ нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй

Хохирогч ************ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар 495.000 төгрөг нэхэмжилсэн бол түүний эрүүл мэндэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 124.762 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Шүүгдэгч ************ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ************ хохирол төлбөрт 500.000 төгрөг нөхөн төлсөн байх тул түүнээс 124.762 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлж шийдвэрлэлээ.

Хохирогч ************ нь өөрт учирсан гэм хорын болон хохиролтой холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэлээ.

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс: “Шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргасан бол шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

   мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 117 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 118 дугаар тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 119 дүгээр тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 120 дугаар тал/, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 121 дүгээр тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 122 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Энэ хэрэгт тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг баримтаар нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн зэргийг Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

Шүүх шүүгдэгч ************ эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

            Шүүхээс шүүгдэгч ************ ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ************ нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

Шүүгдэгч ************ нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг тэмдэглэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.  Шүүгдэгч ************ овогт ************ “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч ************ 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ нь шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч ************ нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар 124.762 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.

7. Хохирогч ************ нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч ************ урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч ************ урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                         Э.ЧИНГИС