| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхүндэвийн Наранбаяр |
| Хэргийн индекс | 2021003570474 |
| Дугаар | 2021/ДШМ/08 |
| Огноо | 2021-03-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2021/ДШМ/08
*******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Н.Энхнаран
Прокурор Д.Ганчимэг
Өмгөөлөгч А.Мөнхбат
Өмгөөлөгч Б.Хүрэлсүх
Шүүгдэгч *******
Шүүгдэгч ******* нар оролцов.
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/20 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Ганчимэгийн бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч А.Мөнхбат нарын гаргасан давж заалдах гомдлоор *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2021003570474 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд 1967 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, ******* овогт *******ийн *******. Урьд:
- Дорнод аймгийн 6-р хэсгийн Ардын шүүхийн эрүүгийн шүүхийн 1991 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ялаар,
- Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 97 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ялаар,
- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 202 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 6 сарын хорих ялаар,
- Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1978 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 43 настай, эмэгтэй, ******* овогт *******гийн *******. Урьд:
- Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 639 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 1999 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 385 дугаар шүүгчийн захирамжаар 10 сар 14 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан.
Шүүгдэгч П.******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг “Өгөөмөр” гэх газарт 2020 оны 06 дугаар сарын 02-ны өглөө 05 цагийн үед согтуугаар Вангуард маркийн ******* УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд, хойд салхины шилийг хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 490,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг “Өгөөмөр” гэх газарт 2020 оны 06 дугаар сарын 02-ны өглөө 05 цагийн үед согтуугаар иргэн *******той “тээврийн хэрэгслийн шил хагалсан” гэх шалтгаанаар маргалдаж, нүүрэн тус газарт нь мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
шүүгдэгч *******г бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/20 дугаар шийтгэх тогтоолоор:
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******г цагаатгаж,
- Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ийн *******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
- Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******гийн тоот регистрийн дугаарай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч *******ын тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,
- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******оос бусдын эд хөрөнгөд учруулсан хохиролд 585,000 төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Бат-Уулын тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД: /-д олгож, хохирогч ******* нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэхийг дурдаж шийдвэрлэжээ.
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр бичсэн эсэргүүцэлдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. Учир нь:
1. Гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлын талаар:
Эрүүгийн 2021003570474 дугаартай хэрэгт Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020.06.04-ний өдрийн 415 дугаартай “*******ын биед хамрын хянга ясны цөмөрсөн хугарал, таславчийн муруйлт, баруун зүүн нүд, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, нүүрний зулгаралт, эрүүний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт, гэрч ийн “2020.06.01-ний өдөр найзууд голын эрэг дээр хүрээд ир гээд байхаар нь эхнэр *******гийн хамт 28 орчим голын эрэг дээр очсон. Очих үед ******* эхнэр гийн хамт гол дээр ирж байсан. Гол дээр , түүний эхнэр , , түүний эхнэр , хүүхдүүдтэйгээ, эхнэртэйгээ байсан. Тэгээд *******, , ******* бид 4 очиход тэдгээр хүмүүс нэлээн архи уусан байсан. Тэгээд бид 4 цуг уугаад суусан ба хүмүүс эхнээсээ гэрлүүгээ явсаар байгаад , *******, , ******* бид хэд уугаад суугаад , нар машиндаа унтаж байсан. Тэгээд би нэлээн согтоод машиндаа унтаж байсан чинь ******* машины цонхыг хагалсан. Тэгэхээр нь би сэрээд гараад “чи яаж байгаа юм бэ” гэсэн чинь “чи манай эхнэрийг цохисон биз дээ” гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр ******* “машины шил яах гэж хагалж байгаа юм” гээд *******ын нүүрэн хэсэг рүү цохиж байсан” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба дээрх хохирлыг хэн хэн учруулсан талаар шүүхийн шийтгэх тогтоолд дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 2.5 дахь заалтуудыг зөрчсөн байна.
Эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудаар *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч ******* нь эмчилгээний зардал 2,800,000 төгрөг /баримтаар 345,000 төгрөг/ нэхэмжилсэн байхад дээрх нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шүүхийн шийтгэх тогтоолд дурьдаагүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.
2. Шүүгдэгч *******гийн гэм бурууд хийсэн шүүхийн дүгнэлтийн талаар:
Эрүүгийн 2021003570474 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн *******гийн хохирогчоор өгсөн мэдүүлэгт “Тэгэхээр нь би болиулах гээд урдуур нь орсон чинь миний хоёр гарыг бариад байхаар нь нүүр хэсэг рүү толгойгоороо 2 удаа мөргөсөн. Би бие засаад машин дээрээ ирсэн чинь ******* машины хойд урд цонхыг хагалж байсан. Манай нөхөр , *******, нар л байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20х/, гэрч ийн “******* машины цонхыг хагалсан. Тэгэхээр нь би сэрээд гараад “чи яаж байгаа юм бэ” гэсэн чинь “чи манай эхнэрийг цохисон биз дээ” гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр ******* “машины шил яах гэж хагалж байгаа юм” гээд *******ын нүүрэн хэсэг рүү цохиж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37х/, хохирогч *******ын 2020.09.03-ны “Би машиных нь цонхыг хагалсан чинь ******* гүйж ирээд намайг цохих гэхэд нь хоёр гарыг нь барьж байхад толгойгоороо 2 удаа мөргөсөн. Ингээд миний хамраас цус гарсан. ******* мөргөснөөс болж миний хамар хугараад байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24х/ зэрэг баримтууд цугларсан байх ба шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэлийг шүүхийн шийдвэрт тус тус тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4, 2.5 дахь заалтуудыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.
Иймд шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч А.Мөнхбат нар 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт холбогдон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдож 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн. *******ын хувьд бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн хэргээ хүлээн зөвшөөрч зүйл ангийн талаар маргадаггүй.
Энэ хэргийн явцад *******ын биед хамрын хянга ясны цөмөрсөн хугарал, таславчийн муруйлт, баруун зүүн нүд, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, нүүрний зулгаралт, эрүүний цус хуралт гэмтэл тогтоогдсон. Энэ гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна гэж шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан.
Шүүхийн хэлэлцүүлгийн болон мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч ******* мэдүүлэхдээ эхнэр , *******, болон бусад хүмүүстэй гол дээр очиж архи ууцгаасан. эхнэр г нь цохиод унагачихсан. *******тай нийлж г сэргээх гэсэн боловч сэрэхгүй байхад ******* нөхөр дээ хандаж чи хүн алчихлаа шүү дээ гээд бургас руу гүйгээд явсан. машиндаа ороод хаалгаа түгжээд гарч ирэхгүй суугаад байсан. Бачимдсандаа болоод машиных нь цонхыг хагалсан. Түргэн дуудсан боловч удалгүй эхнэр сэргэж ухаан орсон. Гэтэл ******* бургаснаас гарч ирээд яагаад машины цонх хагалж байгаа юм гэхэд нь та нар өөрсдөө ирэхгүй байсан биз дээ гээд 2 гарнаас нь барихад ******* толгой руу 2 удаа мөргөсөн энэ үед машинаасаа гарч ирээд эхнэртэйгээ нийлж *******ыг зодсон гэдэг.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “******* ах миний 2 гарнаас бариад хөл рүү өшиглөхөд би дух хэсэг рүү нь 2 удаа мөргөсөн” гэж мэдүүлдэг. Шүүхээс ******* *******той маргалдаж нүүрэн тус газар нь мөргөсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх боломжгүй байх тул “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасан. *******ын биед учирсан хохирлыг *******гийн 2 удаагийн мөргөлтөөс үүссэн гэж үзэхэд эргэлзээтэй. ******* хохирогчийн хувьд *******гийн нөхөр д зодуулсан гэж мэдүүлж байгааг хэрэгт цугларсан баримт болон анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт зааж өгсөн. Иймээс *******ын биед учруулсан хохирлыг хэн учруулсан талаар тогтоох боломжгүй болж орхигдон буруутай этгээд нь завшихад хүрээд байна.
Иймд *******ын биед учирсан хохирлыг *******, нар бүлэглэн зодсоны улмаас учруулсан болон ийн оролцоог шалган тогтоох зорилгоор хэргийг мөрдөн байцаалтад буцааж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Б.Хүрэлсүх гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байгаа. Улсын яллагч анхнаасаа Эрүүгийн хуулийг буруу ойлгон хэрэглэж, хэргийн бодит байдалтай нийцэхгүй мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. *******гийн гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэдгээр зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж ирсэн. Түүнчлэн ******* мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны явцад зөрүүтэй, худал мэдүүлгүүдийг өгдөг. Хамар нь муруй байсан гэдгийг нуун дарагдуулж явсан. Бид *******ын 3, 4 жилийн өмнөх зургийг шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн. Үүнийг ******* хүлээн зөвшөөрсөн. Хуучин гэмтэлтэй байсан талаар бусад гэрчүүд ч хэлдэг. Түүнчлэн ******* руу халдсан гэдэг үйл баримт мөрдөн байцаалтын явцад огт тогтоогдоогүй.
Прокурорын эсэргүүцэлтэй холбоотойгоор нэгдүгээрт: *******г гэм буруугүй гэж үзээд цагаатгасан байхад ямар гэм буруугийн асуудлыг шийтгэх тогтоол дээр тусгах ёстой юм бэ.
Хоёрдугаарт, *******ын эмчилгээний зардал 2,800,000 төгрөг нэхэмжилсэн байхад энэ талаар шийтгэх тогтоол дээр дурдаагүй орхигдуулсан нь хууль зөрчсөн гэж байна. Тус хуульд “...шүүхийн цагаатгах тогтоол гаргахдаа дараах зүйлийг шийдвэрлэнэ...” гээд 2.2-т “шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүйгээс түүнийг цагаатгасан бол нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхино” гэж заасны дагуу хэлэлцэхгүй орхисон нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна.
Гуравдугаарт, *******г цагаатгасан учир энэ талаар заавал дурдах шаардлагагүй. Тогтоол дээрээ цагаатгасан үндэслэлээ тодорхой тусгасан байгаа. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх байр суурьтай байна. Хүнийг яллаж шийтгэх амархан. Яллахаас гадна цагаатгах гэж зүйл байгаа гэдгийг шүүх бүрэлдэхүүн ойлгоно гэж найдаж байна.” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* гаргасан тайлбартаа: “******* ахыг машины цонх хагалахад нь би үнэхээр цочирдсон. Цочирдсоныхоо улмаас ******* ахыг хоёр удаа мөргөсөн. Өөр зодолдож, тэмцэлдэж, зууралдсан зүйл огт байхгүй. Сүүлд бүгдээрээ тойроод сууж байхад хүртэл манай нөхрийн толгойг машины цонх хагалсан сандлын хугархай модоор 2 удаа хагалсан. Эхлээд хагалахад толгойноос нь маш их цус гарсан. Тэгэхэд “...та миний толгойг хагалчихлаа...” гээд цустай гараараа нүүрэнд нь хүрч байсан. Түүнээс биш ******* ахын хамарнаас огт цус гараагүй. Хамт явсан хүмүүс сэрчихсэн байсан учир үүнийг гэрчилж хэлнэ. Хоёр удаа мөргөснөөс өөр зүйл байхгүй.” гэв.
Шүүх хуралдаан оролцсон прокурор Д.Ганчимэг гаргасан дүгнэлтдээ: “*******, *******, , нар нь бусад хүмүүсийн хамт 2020 оны 06 сарын 01-02-нд шилжих шөнө Өгөөмөр гэх газарт голын эрэг дээр архидан согтуурсан байдаг. Энэ хүмүүсийн хохирогчоор, гэрчээр, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд нь маш тогтворгүй. Прокуророос бичсэн эсэргүүцлийн тухайд *******г цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзсэн. Хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хэргийг бүрэн шийдвэрлэх боломжтой. Мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж үзэж байгаа. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч А.Мөнхбат нарын гаргасан давж заалдах гомдол болон прокурор Д.Ганчимэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах дараах үндэслэл тогтоогдов.
Тухайлбал: Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны үр дүнгээр “тухайн үед буюу 2020 оны 06 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө болсон хэрэг учралын үед шүүгдэгч *******ын биед хамрын хянга ясны цөмөрсөн хугарал, таславчийн муруйлт, баруун зүүн нүд, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, нүүрний зулгаралт, эрүүний цус хуралт гэмтэл учирсан” гэх нөхцөл байдал тогтоогдсон байжээ. Гэвч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргаж өгсөн 5 ширхэг гэрэл зураг болон зургуудтай холбогдуулан шүүгдэгч *******гийн гаргасан “******* ахын хамар нь муруйлттай байдаг байсан” гэх мэдүүлэг, гэрч ийн шүүх хуралдаанд гаргасан “...******* угаасаа ийм л хамартай байдаг шүү дээ. Дорнодынхон бүгд мэднэ...” гэх мэдүүлэг, шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд гаргасан “...Би өмнө нь залуу байхад цагдаад ажиллаж байсан гэх хүн намайг өшиглөөд би хамартаа гэмтэл авч байсан. Харин одоо миний хамар хугарсан...” гэх мэдүүлгээр дээрх нөхцөл байдлын талаар үндэслэл бүхий эргэлзээ бий болсон байна. Хэдийгээр шинжээч эмч шүүх хуралдаанд оролцон, дээрх гэмтлийг шинэ гэмтэл хэмээн баталж байгаа боловч тухайн хэргээс өмнө *******ын авахуулсан гэрэл зураг дээрээс хамрын муруйлт тодорхой харагдаж байгаа учир шинжээчийн дүгнэлт ба дүгнэлтээ тайлбарласан мэдүүлгээр “хамрын муруйлт хэрэг болох үед үүссэн” хэмээн эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.
Энэхүү эргэлзээг арилгахын тулд нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, нарийн мэргэжлийн эмчээр эсхүл шинжээчдийн багаар дахин шинжилгээ хийлгэх, хэрэг учрал болохоос өмнө авхуулсан *******ын зургаас түүний хамрын хуучин гэмтэлтэй холбоотой ямар зүйлийг хэлж болохыг шинжээчээр тодорхойлуулах зэрэг ажиллагааг хийлгүүлсний дараа хэргийн үйл баримтыг үндэслэлтэйгээр дүгнэх боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана” гэж заасан ба мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах”-аар заасан тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
*******ын биед хөнгөн гэмтэл учирсан гэж дүгнэх үндэслэл болсон хамрын гэмтэл нь хэрэг учрал болсон үед үүссэн эсэх нь одоогоор эргэлзээгүй тогтоогдоогүй гэсэн дүгнэлтэд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хүрсэн тул уг гэмтлийг чухам хэн учруулсан, хохирлыг хэн хариуцах асуудлаарх шүүхийн дүгнэлт, түүнтэй холбогдуулан гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гомдол, прокурорын эсэргүүцлийн талаар эцэслэн дүгнэлт өгөх боломжгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/20 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, 2021003570474 дугаартай хэргийг прокурорт буцаасугай.
2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд заасан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДОЛГОРМАА
ШҮҮГЧИД З.ЭНХЦЭЦЭГ
Л.НАРАНБАЯР