| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2021/05089/И |
| Дугаар | 101/ШШ2022/00175 |
| Огноо | 2022-01-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2022/00175
2022 01 05 101/ШШ2022/00175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж,
Нэхэмжлэгч: хаягт байрлах, РД:, А ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, тоот хаягт оршин суух, РД: , Д овогтой Бд холбогдох 801,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г , хариуцагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь тоот буюу ХУД-ийн Цагдаагийн 2-р хэлтсийн зүүн талд Э гэх нэртэй хүнсний дэлгүүр түрээслэн ажиллуулдаг байсан ба манай байгууллагын харилцагч байсан. Манай байгууллагаас 2021.05.22-ны өдөр 112,870 төгрөг, 2021.06.03-ны өдөр 161,100 төгрөг, 2021.06.03-ны өдөр 49,420 төгрөг, 2021.06.11-ний өдөр 339,750 төгрөг, нийт 663,140 төгрөгийн шар айраг захиалж авч 63,140 төгрөгийн тооцоог хийн, үлдэгдэл 600,000 төгрөгийн төлбөр тооцоог хийгээгүй байна. Энэ мөнгийг яаралтай төлж барагдуул гэдэг шаардлагыг олон удаа хэлж мэдэгдсэн боловч төлж барагдуулах талаар ямар ч арга хэмжээ авахгүй байсан бөгөөд удаа дараа шаардлага тавьсны дараа 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулан төлөхөөр болсон. 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр бөгөөд энэ өдрийг хүртэл төлбөрөө төлж барагдуулаагүй тул гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т заасны дагуу алданги тооцож байна. 2021-08-13-ны өдрөөс 2020-10-19-ний өдрийг хүртэл 66 хоногийн алданги 198,000 төгрөг, үндсэн төлбөр 600,000 төгрөг, нийт 798,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Үндсэн төлбөр 600,000 төгрөгийг төлж биелүүлсэн нь үнэн, алдангийг оны өмнө төлбөрийг хийвэл татгалзана гэсэн тохиролцоо байсан. Гэвч төлбөрийг 2022-01-05-ны өдөр төлсөн тул алданги 198,000 төгрөгийг гаргуулах шаардлага хэвээрээ гэв.
Хариуцагч Д.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 621,000 төгрөгийн бараа авсан. Дэлгүүрийн хүмүүстэй асуудалтай байсан. 600,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа, алдангийн тухайд төлж барагдуулах хугацаа зааж өгөөгүй тул төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2021 онд төрсөн жаахан хүүхэдтэй учир ажил хийх боломжгүй болсон учир төлбөрийг төлж чадаагүй. Одоо хүүхдээ хараад гэртээ байгаа учир 201,000 төгрөгийг төлөх боломжгүй байна. Нэхэмжлэгч үндсэн төлөлтийг хийх юм бол алдангиас татгалзана гэж тохиролцсон байсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Д.Бд холбогдуулан 801,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч үндсэн төлбөр 600,000 төгрөгийг төлж биелүүлсэн тул алданги 198,000 төгрөг, нотариатын зардал 3000 төгрөг, нийт 201,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон.
Хариуцагч үндсэн төлбөр 600,000 төгрөгийг төлсөн тохиолдолд, алданги 198,000 төгрөгнөөс татгалзана гэсэн тайлбарыг гаргасан, нэхэмжлэгч 2021 ондоо багтааж үндсэн төлбөрийг төлсөн тохиолдолд алдангиас татгалзах байсан, 2022 он гарсан учир алданги 198,000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ гэсэн тайлбарыг гаргасан.
Зохигч 2021-08-03-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээг байгуулжээ. Гэрээний 3,3-т алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж заасантай нийцжээ. Алданги төлөхөөр тохиролцсон дээр хариуцагч Д.Б маргаагүй.
Гэхдээ хариуцагч Д.Бгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8. Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно зохицуулсан. Иймд дээрхи нөхцөл байдлыг харгалзан алданги 198,000 төгрөгийг багасгаж 99,000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан нотариатын зардал 3000 төгрөгийг хариуцагч Д.Б хариуцах үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлээс 102,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 99,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 23,774 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.Бгаас 4,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хувиарлан шийдвэрлэх.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Бгаас 102,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 99,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,774 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.Бгаас 4,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА