| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2022/02078/И |
| Дугаар | 101/ШШ2022/02139 |
| Огноо | 2022-05-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2022/02139
2022 05 06 101/ШШ2022/02139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,
Нэхэмжлэгч: тоот, РД: , Я.И-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, тоот, РД: , Б овогт Г.А,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 5 тоот, Д.Б нарт холбогдох Баянзүрх дүүрэг, тоот улсын бүртгэлийн Ү- дугаар гэрчилгээтэй 44 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.И, хариуцагч Г.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Я.И шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүрэг, тоот, улсын бүртгэлийн Ү-220 гэрчилгээтэй 44 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Д.Б, Г.А нар 2020 оны 6-р сард барилгын компанид 10 сая төгрөг өгчихсөн, зээл бүтэхгүй байна танайх авах уу гэж саналыг тавьсан. Тэгээд хүү Г бид хоёр 8 хувийн зээл хөөцөлдөж, зээл авч байрыг худалдан авсан. Энэ байрыг хүү Я.Г бид хоёр худалдаж авсан, манай худ болох Д.Б, Г.А нар байранд амьдраад гарахгүй байгаа тул чөлөөлүүлж өгнө үү. 420,483 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна, төлж барагдуулсан гэж байгаа учир итгэж байна гэв.
Хариуцагч Г.А, Д.Б нараас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид орон сууцны зээл авах боломжгүй болж хүргэн Ггийн нэр дээр зээл гаргуулж авсан. Бид амьдрах гэр оронгүй болж байранд өөр айлд түрээслэж байсан болохоор нь бид нар орж амьдарч байгаа. Худ ураг хүмүүс учираа ярилцья гэхээр шүүх, цагдаагаар шийдүүлнэ гээд байдаг. Үгүй гэвэл бид анх зээлсэн 15,000,000 төгрөгийг буцаан өгч байраа авах хүсэлтэй байна. 15,000,000 төгрөгийг авахдаа байр хөөцөлдөнө бүтвэл та нар байраа ав, бүтэхгүй бол буцааж авна гэсэн нөхцөлтэйгээр авсан гэдгээ өөрсдөө мэдэж байгаа, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгчээс: 2020-08-19-ний өдрийн Орон сууцны зээлийн гэрээ, Р.Я-ын ХААН банкны дансны хуулга, 2020-06-10-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээ, Я.Ггээс олгосон 2022-02-14-ний өдрийн 0205 дугаар итгэмжлэл, улсын бүртгэлийн Ү- гэрчилгээний хуулбар, Б ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, Хаппи таун СӨХ-ийн нэхэмжлэх баримтуудыг, хариуцагчаас гэрэл зураг 6 ширхэг, Төрийн банкны 2020-09-16-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, Б ХХК-ийн орлогын баримт, харилцагчийн гүйлгээний баримтууд, Ү-220 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.И нь хариуцагч Д.Б, Г.А нарт холбогдуулан Баянзүрх дүүрэг, тоот, улсын бүртгэлийн Ү- дугаар гэрчилгээтэй 44 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
СӨХ болон ус дулааны төлбөрт 420,483 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан.
Нэхэмжлэгч Я.И нь Д.Б, Г.А нарын хүсэлт тавьсаны дагуу орон сууцыг хүү Я.Ггийн хамт 2020-08-19-ний өдөр 8 хувийн зээл авч худалдан авсан. Хүү Я.Г бид хоёрын өмч тул хууль бус эзэмшилээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.
Хариуцагч Д.Б, Г.А нар зээлсэн 15,000,000 төгрөгийг буцаан өгч болно, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Баянзүрх дүүрэг, тоот, улсын бүртгэлийн Ү-220 дугаар гэрчилгээтэй 44 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Я-н Г 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр бүртгэгдсэн байна. Зохигч орон сууцны өмчлөгч нь Я.Г болох дээр маргаагүй, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- гэрчилгээгээр РД:-тэй Б овогт Я-ын Г болох нь нотлогдож байна.
Нэхэмжлэгч Я.И дээрхи орон сууцыг худалдан авах зорилгоор 2020-08-19-ний өдөр Худалдаа хөгжлийн банкнаас Орон сууцны зээлийн гэрээ байгуулж авсныг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй.
Нэхэмжлэгч Я.И би өмчлөгч учир нэхэмжлэлийг гаргасан, 2022-02-14-ний өдөр хүү Я.Ггээс олгосон итгэмжлэлийн дагуу шүүхэд нэхэмжлэлийг гаргасан гэж тайлбарлаж байгаа хэдий ч Баянзүрх дүүрэг, тоот, улсын бүртгэлийн Ү-22 дугаар гэрчилгээтэй 44 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгч болох нь нотлогдоогүй, Я.Ггээс Я.И-д 2022 оны 02 сарын 14-ний өдөр олгогдсон итгэмжлэлээс үзэхэд шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй.
Иймд дээрх үндэслэлүүдээр Я.И нь нэхэмжлэл гаргах эрхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. /хх-ийн 22 тал/
Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 83,464 төгрөгийг улсын орлого болгох.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, тоот, улсын бүртгэлийн Ү-22 дугаар гэрчилгээтэй 44 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагч Д.Б, Г.А нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх Я.И-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар Я.И-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,464 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА