Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2022/01675

 

 

 

 

2022 04 13 101/ШШ2022/01675

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, шүүгч Б.Цолмонгэрэл, Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн   тоот, РД: , Б.Ж-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн  тоот, РД: Е.Б-д холбогдох

Гэм хорын хохиролд 85,551,550 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Ж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц,

Хариуцагч Е.Б,

Хриуцагчийн өмгөөлөгч Ц.А,

Иргэдийн төлөөлөгч Ж.Х,

Гэрч Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ж нь хариуцагч Е.Бөд холбогдуулан гэм хорын хохиролд 85,551,550 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: Б.Ж миний бие нь 2021 оны 09 сарын 23-ны шөнө 00 цаг 20 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 16-р хороо 33-ийн буудлын зам дээр 1-р эгнээгээр явж байхад Е.Б нь приус маркийн   УБХ улсын дугаартай автомашиныг согтуугаар жолоодож яваад   УНВ улсын дугаартай ландровер маркийн машиныг мөргөж гэмтээсэн. Түүний буруутай үйлдлийн улмаас миний машинд ихээхэн хэмжээний хохирол үүссэн. E.Бийн буруутай үйлдэл нь ЗЦГ-ын хэргийн газарт хийсэн хэргийн үзлэг хийсэн актаар тогтоогдож байгаа. Хохирлын хэмжээ их тул иргэний шүүхээр шийдвэрлүүлнэ үү гэсэн хэрэг бүртгэгч Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч цагдаагийн дэслэгч Б.Н хэрэг бүртгэгчийн шийдвэр ирсэн. Ашид билгүүн ХХК-аар үнэлгээ хийлгэхэд 28,471,357 төгрөгөөр үнэлсэн. Энэхүү үнэлгээ нь зах зээлийн үнэлгээнээс бодит бус, Starchase Automotive Limited LLC" ХХК-ийн үнэлгээ нь бодит тул 85,511,550 төгрөгийг Е.Бөөс гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү. Машиныг хэвийн байдалд оруулж, эвдрэл гэмтэлгүй болгуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Е.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч Б.Ж-ны авто машиныг эвдэж, гэмтэл хохирол учруулсан буруутай үйлдэл байгаа. Нэхэмжлэгч Б.Ж нь Starchase Automotive limited IIC ХХК-ийн үнэлгээ гэж 85,511,550 төгрөг шаардаж байгаааг зөвшөөрөхгүй. 2021-09-23-ны шөнө гарсан ослыг Ашид билгүүн ХХК-иас машины бодит хохирлыг 28,471,357 төгрөг гэж үнэлсэн байдаг. Энэхүү үнэлгээнүүд нь хоорондоо хэт зөрүүтэй, зах зээлийн үнэлгээнээс хэт өндрөөр үнэлсэн байгааг анхаарч үзнэ үү. Үүнд :

Нэг: 2012 оны Range rover авто машин нь одоогийн зах зээлийн дундаж ханшийн үнэлгээгээр 55.000.000 төгрөгийн үнэтэйгээр Да хүрээ зах зэрэг газруудад худалдаалагдаж байна. Гэтэл 2012 оны "Range rover авто машины үнэлгээг 65.000.000 төгрөгөөр үнэлсэн байна. Машины үнэлгээ өндөр байна.

Хоёр: Range rover авто машины техникийн эвдрэл хохирлын хувьд зарим эвдэрсэн эд ангийн үнэлгээ / хурдны хайрцаг / автомат/, гупур, гэрлүүд зэрэг/ нь зах зээлийн үнэлгээнээс өндөр байна. Ашид билгүүн ХХК-ийн гаргасан үнэлгээний хэмжээг зөвшөөрч байна, 28,471,357 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

Иргэдийн төлөөлөгч Ж.Х  Хариуцагч согтуугаар автомашинаараа нэхэмжлэгчийг мөргөж хохирол учруулсан гэм буруутай гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн гаргасан тохиролцох үнийн дүн болох 50 сая төгрөгийг хохиролд төлүүлэх саналтай байна гэсэн дүгнэлт гаргажээ.

Нэхэмжлэгчээс Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4 тал/, эрх бүхий албан тушаалтны магадлагаа /хх-ийн 5 тал/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 7 тал/, Шийтгэлийн хуудас /хх-ийн 8 тал/, 0513 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 9 тал/, Ашид билгүүн ХХК-ийн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 10 тал/, гэрэл зураг /хх-ийн 11-13 тал/, Starchase Automotive Limited LLC" ХХК-ийн үнэлгээ /хх-ийн 14-16, 24-37 тал/,   УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 23 тал/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн, хариуцагчаас бичгийн нотлох баримтыг гаргаж өгөөгүй, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Жы нэхэмжлэлийн шаардлага 85,551,550 төгрөгөөс 28,471,357 төгрөгийг хангаж, 57,080,193 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч Е.Б нь 85,551,550 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, 2021 оны 09 сарын 23-ны шөнө 00 цаг 20 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 16-р хороо 33-ийн буудлын зам дээр 1-р эгнээнд зорчиж байсан нэхэмжлэгч Б.Ж-ны жолоодож байсан   УНВ улсын дугаартай ландровер маркийн машиныг хариуцагч Е.Б нь приус маркийн   УБХ улсын дугаартай автомашиныг согтуугаар жолоодож явахдаа мөргөж эд ангиудыг эвдэж 27,861,357 төгрөгний хохирол учруулсан, засварын зардалд 610,000 төгрөг, нийт 28,471,357 төгрөгний хохирол учруулсан гэх үйл баримт дээр маргаагүй, 28,471,357 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.

Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1110 дугаартай Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланг  УНВ улсын дугаартай автомашины өмчлөгчийг байлцуулан гаргаж танилцуулсан байна. Тайлантай нэхэмжлэгч Б.Ж нь танилцаж зөвшөөрч гарын үсгийг зуржээ. Энэ үйл баримт дээр маргаагүй, гомдол гаргаагүй байна. /хх-ийн 10 тал/

Нэхэмжлэгч Б.Ж нь Монгол улсад Range Rover-Evoque маркийн автомашины албан ёсны борлуулагч нь Старчэйз автомотив лимитед ХХКомпани юм. Уг компаниас эвдэрсэн эд ангийг одоо засварлахад гарах зах зээлийн үнэ 85,511,500 төгрөг, шинэ сэлбэгийн үнэ гэж тайлбарлаж байх хэдий ч уг тайлбарт үндэслэн хариуцагчаас гаргуулах боломжгүй гэж үзэв.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Ж-ны  УНВ улсын дугаартай автомашинд учирсан хохирлыг Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1110 дугаартай Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар тогтоосон хэмжээгээр хариуцагч Е.Б-с 28,471,357 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ж-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 57,080,193 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.Х  Хариуцагч согтуугаар нэхэмжлэгчийн автомашиныг мөргөж хохирол учруулсан гэм буруутай тул нэхэмжлэгчийн гаргасан тохиролцох үнийн дүн болох 50 сая төгрөгийг хохиролд төлүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн  боловч шүүх бүрэлдэхүүн дээр дурдсан хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн болно..

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ж-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 585,505 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Е.Б-с 28,471,357 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 300,306 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Е.Б-с 28,471,357 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ж-д олгож, 57,080,193 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 585,505 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Е.Б-с улсын тэмдэгтийн хураамжид 300,306 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ж-д олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА

ШҮҮГЧИД Б.ЦОЛМОНГЭРЭЛ

Д.ЦЭРЭНДОЛГОР