| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2021/05821/И |
| Дугаар | 101/ШШ2022/00289 |
| Огноо | 2022-01-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2022/00289
2022 01 12 101/ШШ2022/00289
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: М.Ц-ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.Г-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 45,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч М.Ц,
Хариуцагч Г.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч Л.Г-тэй 2020-04-29-ний өдөр 1045 дугаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж СХД-ийн тоог хаягт байрлах 41.52 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авахаар харилцан тохиролцож, нотариатаар баталгаажуулсан. Миний зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлж гэрээ 2020-04-29-ний өдөр хариуцагчийн Төрийн банкин дахь дансанд 35,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч орон сууцны өмнөх өмчлөгч С.Э гэх эмээд орон сууцыг чөлөөлж өгдөггүй тул миний бие өнөөдрийг хүртэл худалдан авсан орон сууцандаа амьдарч, захиран зарцуулж чадахгүй байна. Үүнээс үүдэн миний бие гэр бүлийн хамт түрээсийн байранд амьдарч түрээсийн зардалд 10,200,000 төгрөгний зардал гаргасан. Орон сууцыг чөлөөлж өгөөгүйгээс байр түрээслэх болнсноо Л.Г-д мэдэгдсэн. Гэрээний 4.1-т Худалдагч нь эрхийн зөрчилгүй, гэрээнд заасан зориулалтаар бүрэн ашиглах боломжтой, гэрээ байгуулах үед өмчлөлийн ямар нэг маргаангүй үл хөдлөх эд хөрөнгийг шинжүүлэх үүрэгтэй, 5.1-т Үл хөдлөх эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан... гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол зардлыг хариуцна, түүнчлэн гэрээний 5.2 "Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг зөрчсөн тал хариуцна гэж заасны дагуу 2020 оны 04 сарын 29-ний өдрийн 1045 дугаар үл хөдлөх эд хөрөн худалдах, худалдан авах гэрээг цуцлаж гэрээний дагуу шилжүүлсэн 35,000,000 төгрөгийг буцаан авч, байрны өмчлөлийг буцаан шилжүүлж өгнө, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 10,200,000 төгрөг, нийт 45,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Г шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Сонгинохайрхан дүүрэг дэх 2 өрөө байрыг иргэн М.Цд уг байрны өмнөх эзэмшигч С.Э нь байрыг чөлөөлж өгнө гэдэг бодлоор зарсан боловч М.Ц нь одоог хүртэл худалдан авсан байрандаа ороогүй байгаад миний бие туйлын харамсаж ёс суртахууны хувьд хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийн хоёр шаардлага болох үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн 35,000,000 төгрөгийг буцааж өгнө гэдгийг хүлээн зөвшөөрч байна.
Уг байрны өмнөх эзэмшигч С.Э д миний бие 25,0 сая төгрөгийг зээлсэн байгаа бөгөөд уг мөнгийг одоог хүртэл хүү, алдангийн хамт олж авч чадаагүй. Үүнээс болж миний бие сэтгэл санаа болон эд материалын ихээхэн хохирол амсч байгаа. Түүнчлэн С.Э нь дээрх байрыг одоо хүртэл чөлөөлж өгөөгүй надад болон С.Цд хохирол учруулсаар байгаа. С.Ц байр хөлслөн сууж байгааг миний бие мэднэ, надад хэлсэн. Иймд миний бие гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 10,200,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхөд хүндрэлтэй байна, 8,200,000 төгрөгийг зөвшөөрч байна гэв.
Нэхэмжлэгчээс 2020-05-14-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээ, мөн өдрийн кассын орлогын ордер гэх баримт, 2020-04-29-ний өдрийн Хаан банк ХХК-ийн банк хоорондын шилжүүлгийн баримт, мөн өдрийн Улаанбаатар хотын банк ХХК-ийн мемориалын баримт, Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020-04-29-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2021-01-14-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээ, 2021-01-14-ний өдрийн тавилга бусад эд хогшил хүлээлцсэн акт, 2021-01-14-ний өдрийн Төрийн банк ХХК-ийн орлогын мэдүүлгийн баримт, 2021-06-14-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээ, 2021-01-14-ний өдрийн тавилга бусад эд хогшил хүлээлцсэн акт, 2021-06-14-ний өдрийн Төрийн банк ХХК-ийн орлогын мэдүүлгийн баримт зэргийг тус тус баримтаар гаргасан, хариуцагчаас шүүхэд бичгийн баримт ирүүлээгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Ц нь хариуцагч Г.Гд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн 35,000,000 төгрөг буцаан гаргуулах, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 10,200,000 төгрөг, нийт 45,200,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Г.Г худалдах, худалдан авах гэрээг цуцлах, гэрээний дагуу шилжүүлсэн 35,000,000 төгрөг, учирсан хохирол 10,200,000 төгрөгөөс 8,200,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.
Нэхэмжлэгч М.Ц болон хариуцагч Г.Г нарын хооронд 2020-04-29-ний өдөр Улсын бүртгэлийн Ү-2204041678 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, тоот хаягт байршилтай, 41,52 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 35,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар гэрээг байгуулсан, гэрээний үүрэгт 35,000,000 төгрөгийг төлөх үүргээ М.Ц биелүүлсэн, Г.Г худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч М.Ц орон сууц хөлслөн амьдарч зардал гаргасан зэрэг үйл баримт тогтоогдож байна, зохигч дээрхи үйл баримт дээр маргаагүй.
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Зохигч 2020-04-29-ний өдрийн 1045 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, тоот хаягт байршилтай, 41,52 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай, Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 35,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хариуцагч Г.Г 35,000,000 төгрөгийг М.Цд буцаан өгөх, нэхэмжлэгч өмчлөлийг өөрчлүүлж буцаан өгөхөөр үүргийг ойлгож байна, маргахгүй гэсэн тайлбарыг гаргасан.
Хариуцагч Г.Г нь Иргэний хуулийн болон 2020-04-29-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч М.Ц 2020-05-14-ний өдрөөс орон сууц хөлсөлж 9,600,000 төгрөгний хохирол учирсан болох нь тайлбар, баримтаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч М.Ц орон сууц хөлслөх гэрээг байгуулахдаа барьцаа болгож Б.А-д өгсөн 600,000 төгрөгийг бодит хохирол учирсан гэж үзэхээргүй байх тул хэрэгсэхгүй болгох, бодитоор 9,600,000 төгрөгний хохирол учирсан байна. Одоо ч уг орон сууцандаа амьдарч байгаа гэж тайлбарлаж байгаа боловч бичгийн нотлох баримтаар нотлогдоогүй.
Иймд 2020-04-29-ний өдрийн 1045 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, тоот хаягт байршилтай, 41,52 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай, Улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 35,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хариуцагч Г.Гээс 35,000,000 төгрөг, хохирол 9,600,000 төгрөг, нийт 44,600,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Цд олгож, нэхэмжлэлээс 600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч М.Цээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 454,150 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г.Гээс улсын тэмдэгтийн хураамжид 451,450 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 850 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгож, хуульд зааснаар хувиарлан шийдвэрлэх.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар 2020-04-29-ний өдрийн 1045 дугаартай худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хариуцагч Г.Гээс 44,600,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Цд олгож, нэхэмжлэлээс 600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 454,150 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г.Гээс улсын тэмдэгтийн хураамжид 451,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Цд олгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар 850 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч М.Цд олгосугай.
4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА